Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 766

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.М

Хариуцагч: З х х з ц к,

Нэхэмжлэлийн шаардлага: “З х х з ц к-ийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “ Томилох тухай”  Б/226 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Ар талын даргын орлогч, албаны даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, үндэслэлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлсний улмаас 2019 оны 6 сарын буурсан цалингийн зөрүү 159.000 төгрөгийг гаргуулах, буурсан цалин хөлсний зөрүүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ариунтамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.М нь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Ар талын даргын орлогч албаны даргын ажлыг эрхэлж байсан. Одоогоор Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн ар талын тасгийн шатахууны офицероор ажиллаж байна.

З х х з ц к-ийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/226 дугаар тушаалаар Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Ар талын даргын орлогч, албаны дарга Д.М-ийг шилжүүлж, Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн ар талын тасгийн шатахууны офицероор томилсон.

Уг захиргааны акт төрийн жинхэнэ албан хаагч Д.М-ийн цалин хөлс, ажиллах нөхцөл баталгаа, эрх зүйн байдлыг дордуулсан тул Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.5-т “Өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүх болон холбогдох бусад байгууллагаар хамгаалуулах" нийтлэг эрхийнхээ дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Нэхэмжлэгч Д.М нь энэхүү нэхэмжлэлийг гаргахын өмнө З х ц к-ийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/226 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Ар талын даргын орлогч албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсний улмаас буурсан цол, цалин хөлсний зөрүүг нөхөн гаргуулах гомдлыг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Төрийн албаны зөвлөл болон Зэвсэгт хүчний Жанжин Штабын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд тус тус гаргасан.

Төрийн Албаны Зөвлөлийн даргаас 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 847 дугаар албан бичгээр гомдлыг хүлээн авч шийдвэрлэхгүй гэсэн хариуг Д.М-т өгсөн бол Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс Д.М-ийн гомдолд хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй болно.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэжээ.

Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Цэргийн жинхэнэ алба хаагчийг албан ажлын шаардлага, эсхүл эрүүл мэндийн байдал, өөрийн хүсэлтийг харгалзан өөр албан тушаалд шилжүүлэн томилж болно”,Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно” гэжээ.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд төрийн жинхэнэ албан хаагч /цэргийн жинхэнэ албан хаагч/-ийг албан ажлын шаардлага, эсхүл эрүүл мэндийн байдал, өөрийн хүсэлт гэсэн 3 үндэслэлээр л өөр албан тушаалд шилжүүлэн томилохоор байна.

Гэтэл З х ц к-ийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/226 дугаар тушаалд Д.М-ийг өөр албан тушаалд шилжүүлсэн үндэслэлээ заагаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл төрийн жинхэнэ албан хаагч /цэргийн жинхэнэ албан хаагч/ Д.М-ийг эрх зүйн үндэслэл заагаагүй тушаалаар өөр албан тушаалд шилжүүлснийг Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Төрийн жинхэнэ албан хаагч Д.М нь өөр албан тушаалд шилжихээр З х х з ц к-тай тохироогүй, хүсэлт гаргаагүй.

Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална” гэжээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 34/31 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлж, сэлгэн ажиллуулах журам"-ыг баталжээ.

“Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлж, сэлгэн ажиллуулах журам”-ын 1.2-т “Төрийн байгууллагын ажлын ачааллыг зохицуулах, төрийн албанд ажиллаж туршлага хуримтлуулсан албан хаагчийн мэдлэг, ур чадварыг үр өгөөжтэй ашиглах, дадлага, туршлагыг нь бусдад эзэмшүүлэх, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахад энэ журмыг баримтална”, 1.4-т “Энэ журамд бусад заасан зорилгоор төрийн жинхэнэ албан хаагчийг өөр байгууллага, албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулахыг хориглоно” гэж төрийн жинхэнэ албан хаагчийн ажиллах нөхцөл баталгааг тусгажээ.

Гэтэл З х х з ц к-ын штабын дарга, хурандаа С.Дашзэвэгийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2/337 дугаар албан бичигт заасан “ажлын байрны тодорхойлолт заагдсан шаардлагыг хангахгүй, мэргэжлийн бус, тус ангид олон жил алба хааж байгаа” гэх шалтгаанаар нэхэмжлэгч Д.М-ийг дуудаж, улмаар Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Ар талын даргын орлогч-албаны даргаас Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн ар талын тасгийн шатахууны офицероор шилжүүлсэн нь журмын дээрх заалтуудтай нийцэхгүй байна.

Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар Д.М-ийг Зэвсэгт хүчний 123 дугаар ангид шатахууны даргаар 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн томилсон. Үүнээс хойш Зэвсэгт хүчний 123 дугаар ангид 7 жил гаруй хугацаанд ажилласан.

З х х з ц к-ийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/99 дүгээр тушаалаар төрийн жинхэнэ албан хаагч/цэргийн жинхэнэ албан хаагч / Д.М-ийг 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Ар талын даргын орлогч албаны даргаар томилсон.

Үүнээс хойш 1 жил 9 сарын дараа буюу 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/226 дугаар тушаалаар төрийн жинхэнэ албан хаагч Д.М-ийг Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн ар талын тасгийн шатахууны офицероор шилжүүлсэн нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т заасан “тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар шилжүүлэн ажиллуулах” шаардлагад нийцэхгүй байна. Энэ хуулийн тайлбарт заасан албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл байдлыг ойлгоно гэжээ.

Д.М нь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Ар талын даргын орлогч албаны даргаар ажиллах хугацаандаа албаны чиг үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, үр дүнгийн гэрээгээ маш сайн, сайн үнэлүүлж ирсэн, ажлын алдаа, дутагдал гаргаагүй.

Эрх зүйн үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсний улмаас Д.М нь ажлын хариуцлага алдаж, ар талын даргын орлогч, албаны даргаас тасгийн шатахууны офицероор буурсан мэт буруу ойлголт ажил хүлээлцүүлсэн болон томилогдсон анги, байгууллагын бие бүрэлдэхүүнд тарж, нэр төр, алдар хүнд гутаагдаж байна.

Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “...төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй” гэж, “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлж, сэлгэн ажиллуулах журам”-ын 1.6-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахад эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй” гэж төрийн жинхэнэ албан хаагчийн цалин хөлс, ажиллах нөхцөл баталгааг тусгажээ.

Гэтэл З х х з ц к-ийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/226 дугаар тушаалаар Д.М-ийг Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Ар талын даргын орлогч-албаны даргаас Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн ар талын тасгийн шатахууны офицероор шилжүүлсэн нь хууль, журмын дээрх заалтыг зөрчиж байна.

Учир нь өөр ажилд үндэслэлгүйгээр шилжүүлсний улмаас нэхэмжлэгч Д.М-ийн эрхэлж байсан албан тушаалын ангилал Ар талын даргын орлогч-албаны даргаас ар талын тасгийн шатахууны офицер болж, албан тушаалын ангилал, зэрэглэл ТТ-12-аас ТТ-10 болж, цалингийн шатлал ТТ-12-5-аас ТТ-10-5 болж, албан тушаалын цол хошуучаас ахмад болж тус тус буурсан.

Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.3-т зааснаар төрийн албан хаагчийн цалин хөлс нь тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцлийн, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын, мэргэшлийн зэргийн болон хуульд заасан бусад нэмэгдлээс бүрддэг.

Д.М-ийн эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн шатлал, цол буурсны улмаас төрийн тусгай албан тушаалын хувьд олгогдох нэмэгдэл давхар буурч байна

Нэхэмжлэгч Д.М нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Монгол Улсын Төрийн албаны зөвлөл болон Зэвсэгт хүчний Жанжин Штабын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд тус тус гомдол гаргасны дараагаар Зэвсэгт хүчний х з ц коман-аас 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/308 дугаар “Цалинжуулах тухай” тушаал гаргасан байдаг.

Уг тушаалаар нэхэмжлэгч Д.М-ийн төрийн тусгай албан хаагчийн ангилал, зэрэглэлийг ТТ-12-оор тогтоож, хошууч цолыг буцаан олгохоор заасан хэдий боловч хууль бусаар өөр ажилд шилжүүлсний улмаас буурсан цалин хөлсний зөрүү нөхөн олгогдоогүй, уг зөрүүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн тооцогдоогүй хэвээр байсаар байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “З х ц к-ийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/226 дугаар тушаалаар Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ар талын даргын орлогч албаны дарга хошууч Д.М-ийг Зэвсэгт хүчний 331 дүгээр ангид ар талын тасгийн шатахууны офицероор томилсон нь Зэвсэгт хүчний тухай, Цэргийн албаны тухай хуулиуд, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2017 оны А/11 дүгээр тушаалаар батлагдсан “Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлалын дүрэм”-д заасан чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд гаргасан тушаал тул хүчингүй болгох үндэслэлгүй.

Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Цэргийн жинхэнэ алба хаагчийг албан ажлын шаардлага, эсхүл эрүүл мэндийн байдал, өөрийн хүсэлтийг харгалзан өөр албан тушаалд шилжүүлэн томилж болно” 21.2 дахь хэсэгт “Ажлын шаардлагыг харгалзан офицерыг захиргааны санаачилгаар нэг албан тушаалаас нөгөө албан тушаалд сэлгэх болон шилжүүлэн томилно” гэж хуульчлан зааж өгсөн.

Цэргийн алба хаагч нь Төрийн албаны хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6 дахь заалтад заасны дагуу Төрийн жинхэнэ алба хаагч боловч 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “...төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж заасны дагуу салбарын нарийвчлан зохицуулсан хууль болох “Цэргийн албаны тухай хууль”, “Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 17 дугаар зарлигаар батлагдсан “Монгол Улсын цэргийн нийтлэг дүрэм”-ээр зохицуулагддаг.

Ажлын шаардлага гэдэгт Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр “...анги, байгууллагуудад ажиллаж байгаа мэргэжлийн бус, шалгуур үзүүлэлт хангахгүй байгаа цэргийн алба хаагчдын судалгааг гаргаж танилцуул” гэсэн үүргийн дагуу судалгааг танилцуулж, Зэвсэгт хүчний анги байгууллагын албан тушаалуудад тухайн мэргэжлийн бус хүн ажиллаж байгаа зөрчлийг арилгах арга хэмжээг Зэвсэгт хүчний хэмжээнд хэрэгжүүлж, цэргийн алба хаагчдыг эзэмшсэн мэргэжлийн нь албан тушаалд томилох арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн.

Д.М нь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ар талын даргын орлогч албаны даргын ажлын байрны тодорхойлолтод заасан “Цэргийн ар талын командын мэргэжилтэй, цэргийн ухааны бакалавр зэрэгтэй байх” гэсэн мэргэжлийн шаардлагыг хангаагүй. Тухайн ажлын шаардлагаар Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь заалтыг баримтлан бүрэн эрхийн хүрээнд шилжүүлэн томилсон тул хууль зөрчөөгүй болно.

Д.М нэхэмжлэлдээ "... Зэвсэгт хүчний Жанжин штаб Төрийн албаны салбар зөвлөлд гаргасан гомдлын хариуг өгөөгүй гэжээ...”, Зэвсэгт хүчний жанжин штабын Төрийн албаны салбар зөвлөлд гаргасан гомдлын дагуу хошууч Д.М-ийн албан тушаалын цалинг ТТ-12 зэрэглэлээр, Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас 331 дүгээр ангид шилжүүлсэн өдрөөс бодож олгох тухай тушаал гарган гомдлыг шийдвэрлэн, цалин хөлсийг тооцон олгосон байна. Мөн гомдолд урьд эрхэлж байсан Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ар талын даргын орлогч албаны даргын албан тушаалд томилуулах хүсэлтийг биелүүлэх боломжгүй.

Учир нь Цэргийн алба хаагч нь Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Захирагч даргын гаргасан тушаал шийдвэрийг үг дуугүй биелүүлэх” үүрэгтэй, 8 дугаар зүйлийн 8.1.3-д “...захирагч даргын тушаалыг эсэргүүцэх, биелүүлэхээс татгалзах”-ыг хориглож, хуулиар эрхээ хязгаарлуулсан төрийн тусгай алба хаагч, тусгай чиг үүрэгтэй байдаг тул цэргийн алба хаагчид захирагч даргын тушаалыг биелүүлэн дайны болон онц байдал тогтоосон үед, энгийн тайван цагт ч захирагч даргын тушаал, шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй онцгой алба хаагч юм. Тиймээс цэргийн алба хаагчид даргын тушаалаар томилсон албан тушаалд, гүйцэтгэхийг үүрэг болгосон ажил, үүргийг гүйцэтгэдэг.

Ажлын шаардлагаар цэргийн алба хаагчийг хаана, ямар албан тушаалд томилох нь цэргийн удирдлагын бодлого, шийдвэр, эрх мэдлийн асуудал тул цэргийн алба хаагчийн гомдлоор томилгоо хийх боломжгүй, цэргийн алба хаагчид томилсон газар оронд үүрэг гүйцэтгэдэг онцлогтой” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.М нь З х х з ц к-д холбогдуулан “Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагчийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “ Томилох тухай”  Б/226 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Ар талын даргын орлогч, албаны даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, үндэслэлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлсний улмаас 2019 оны 6 сарын буурсан цалингийн зөрүү 159.000 төгрөгийг гаргуулах, буурсан цалин хөлсний зөрүүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ “...төрийн жинхэнэ албан хаагч Д.М-ийг эрх зүйн үндэслэл заагаагүй тушаалаар өөр албан тушаалд шилжүүлсэн нь  Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасныг зөрчсөн ...,  Төрийн жинхэнэ албан хаагч Д.М нь өөр албан тушаалд шилжихээр З х х з ц к-тай тохироогүй, хүсэлт гаргаагүй... өөр ажилд үндэслэлгүйгээр шилжүүлсний улмаас ... эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэл ТТ-12-аас ТТ-10 болж, цалингийн шатлал ТТ-12-5 -аас Т-10-5 болж, албан тушаалын цол хошуучаас ахмад болж тус тус буурсан. ... Д.М-ийн ... эрх зүйн байдлыг дордуулсан” гэж тодорхойлон  маргажээ.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт  авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

    Нэг: Нэхэмжлэгчийн “З х х з ц к-ийн  2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “ Томилох тухай”  Б/226 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Ар талын даргын орлогч, албаны даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Маргаан бүхий З х х з ц к-ийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн В/226 дугаар тушаалаар[1] Зэвсэгт хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, дахь хэсэг, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2017 оны А/11 дүгээр тушаалаар батлагдсан “Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлалын дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.2.1, 4 дүгээр зүйлийн 4.6.1, 4.6.6, 4.7.2 дахь заалт, мөн даргын 2017 оны А/116 дугаар тушаалыг тус тус үндэслэн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ар талын даргын орлогч, албаны дарга хошууч Д.М-ийг шилжүүлж, Зэвсэгт хүчний 331 дүгээр ангид ар талын тасгийн шатахууны офицероор 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн  томилжээ.

 Нэхэмжлэгч  Д.М нь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Ар талын даргын орлогч, албаны даргын ажил, албан тушаалаас Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн ар талын шатахууны офицерын ажил, албан тушаалд үндэслэлгүйгээр шилжүүлж, эрх зүйн байдлыг дордуулсан  гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Д.М нь цэргийн тангараг өргөсөн, цэргийн албан хаагч буюу төрийн тусгай албан хаагч байх тул түүний эрх зүйн байдал нь Төрийн албаны тухай хуулиас гадна Цэргийн албаны тухай хуулиар зохицуулагдана. 

Тодруулбал Цэргийн албаны тухай хуулиар цэргийн жинхэнэ алба хаах болзол, цэргийн албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, албан тушаалаас чөлөөлөх, албан тушаал бууруулан томилох, цэргийн жинхэнэ албанаас халах үндэслэл, журмыг илүү нарийвчлан зохицуулсан байх тул энэхүү маргаантай харилцаанд Цэргийн албаны тухай хуулийг баримтлах ёстой гэж үзнэ.

Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “ Цэргийн жинхэнэ алба хаагчийг албан ажлын шаардлага, эсхүл эрүүл мэндийн байдал, өөрийн хүсэлтийг харгалзан өөр албан тушаалд шилжүүлэн томилж болно”, 21.2-т “ Ажлын шаардлагыг харгалзан офицерийг захиргааны санаачлагаар нэг албан тушаалаас нөгөө албан тушаалд сэлгэх болон шилжүүлэн томилно” гэж тус тус заасан байх бөгөөд хариуцагч нь энэ заалтыг үндэслэж маргаан бүхий актыг гаргасан байна.  

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2012 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн “Томилох тухай”  б/16 дугаар тушаалаар[2] Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн цэрэг, цагдаагийн ротын хуулийн зөвлөх, дэслэгч Д.М-ийг шилжүүлж, Зэвсэгт хүчний 123 дугаар ангид шатахууны даргаар 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн томилсон, Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагчийн 2017 оны 08 дугаар сарын 28-ний өдрийн  “Томилох, сэлгэн ажиллуулах тухай” Б/99 дүгээр тушаалаар[3] Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн шатахууны дарга, хошууч Д.М-ийг дэвшүүлж, ангид нь Ар талын даргын орлогч, албаны даргаар 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн томилсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч нь цэргийн жинхэнэ албан хаагч Д.М-ийг тухайн албан тушаалд тавигдах мэргэжлийн шаардлагыг хангаагүй, ийм ч учраас “албан ажлын шаардлагыг хангаагүй “ гэж үзэж, өөр ажил, албан тушаалд шилжүүлэн томилсон гэж тайлбарлан маргаж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.М нь 2005 онд Ховд Эрдэм дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр, бакалавар зэрэгтэй төгссөн, улмаар 2017 онд Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Батлан хамгаалахын удирдлагын академийн “Академийн дамжаа”-нд суралцаж төгссөн болох нь хэрэгт авагдсан Бакалаврын диплом [4], “Академийн дамжаа”-ны гэрчилгээ [5] зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

 Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга нь Төрлийн цэргийн командлагч нарт 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 12/948 дугаар албан бичгээр [6] “ ... Зэвсэгт хүчний анги байгууллагуудад ажиллаж байгаа мэргэжлийн бус, шалгуур үзүүлэлт хангахгүй цэргийн албан хаагчдын судалгааг гаргаж танилцуулахыг... “ үүрэг болгосон байх бөгөөд дээрх өгсөн үүргийн дагуу судалгааг [7] гаргахад  хошууч Д.М-ийн нэр 20 дугаарт бичигдсэн, улмаар Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн  командлалын 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 02/337 дугаар албан бичгээр [8] “ Тус ангийн ар талын даргын орлогч, албаны дарга хошууч Д.М нь “ ... шалгуур үзүүлэлт болон ажлын байрны тодорхойлолтод заагдсан шалгуур үзүүлэлтийг хангаагүй, мэргэжлийн бус,  ... цаашид  бусад Зэвсэгт хүчний ангид сэлгэн ажиллуулах болсныг албан ёсоор мэдэгдэхийг Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагчид үүрэг болгож байжээ.

Нэхэмжлэгч Д.М нь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ар талын даргын орлогч, албаны даргын ажлын байрны тодорхойлолт[9] болон Цэргийн албан хаагчийн албан тушаалын шалгуур, үзүүлэлтэд  заагдсан  “цэргийн ар талын командын офицер мэргэжилтэй, цэргийн ухааны бакалаврын зэрэгтэй байх“ мэргэжлийн шаардлагыг хангаагүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэгэнт тогтоогдож байх тул  хариуцагч Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагч нь ажлын шаардлагыг харгалзан, Д.М-ийг захиргааны санаачлагаар Зэвсэгт хүчний 331 дүгээр ангид ар талын тасгийн шатахууны офицероор шилжүүлэн томилсныг буруутгах үндэслэлгүй байна.

Учир нь  Зэвсэгт хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д зааснаар Төрлийн цэргийн командлагч нь тухайн цэргийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд командлалын хэмжээнд хүний нөөцийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлалын дүрэм”-ийн 4.6.6-д зааснаар хуурай замын цэргийн командлагч нь Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн нэгтгэл, ангийн офицер, ахлагчийг хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах бүрэн эрхтэй байх тул хариуцагч нь  командлалын хэмжээнд хүний нөөцийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэгчийн хувьд мэргэжлийн шаардлага хангахгүй цэргийн албан хаагчийг шилжүүлэн томилсон нь Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “ Офицерийн алба хаагч нь боловсрол, мэргэжил, ур чадварын .... зохих шалгуур үзүүлэлтийг хангасан байна”, 19 дүгээр зүйлийн 19.1-д “ Офицер ахлагчийг цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагаас тогтоосон шалгуур үзүүлэлтийг баримтлан албан тушаалд томилно”, 19.2-т “ Офицер, ахлагч нь дараахь шалгуур үзүүлэлтийг хангасан байна”, 19.2.2-т “ мэргэжил, мэргэшил, ур чадварын түвшин нь томилогдох албан тушаалын ажлын байрны шаардлагыг хангасан байх”, 21 дүгээр зүйлийн 21.2-т “ Ажлын шаардлагыг харгалзан офицерийг захиргааны санаачлагаар нэг албан тушаалаас нөгөө албан тушаалд ... шилжүүлэн томилно” гэж  заасантай нийцсэн байна.

Нэхэмжлэгч нь “ ... Төрийн жинхэнэ албан хаагч Д.М нь өөр албан тушаалд шилжихээр Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагчтай тохироогүй, хүсэлт гаргаагүй” гэж тайлбарлан маргаж байх боловч цэргийн алба хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах харилцааг илүү нарийвчлан зохицуулсан Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “ Ажлын шаардлагыг харгалзан офицерийг захиргааны санааачлагаар нэг албан тушаалаас нөгөө албан тушаалд сэлгэх болон шилжүүлэн томилох”-оор заасан байх тул нэхэмжлэгчийн дээрх үндэслэл, тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

Үүний зэрэгцээ Цэргийн алба хаагчийн эрх зүйн  байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар цэргийн албан хаагчийн эрх зүйн байдал нь “ захирах, захирагдах” зарчимд тулгуурлах бөгөөд  мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т зааснаар цэргийн албан хаагч нь төрийн бодлого, хууль тогтоомж, захирагч, даргын тушаалыг эсэргүүцэх, биелүүлэхээс татгалзахыг хориглосон тодруулбал цэргийн албаны үүргийн онцлог, түүнд тавигдах шаардлагыг үндэслэн  цэргийн алба хаагчийн эрхийн зарим хязгаарлалтыг хуульчлан тогтоожээ.

Иймд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Д.М-ийг урьд эрхэлж байсан Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Ар талын даргын орлогч, албаны даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох хууль зүйн боломжгүй байна.

Дээрхээс дүгнэн үзвэл маргаан бүхий захиргааны акт нь Цэргийн албаны болон Зэвсэгт хүчний тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй, түүнчлэн маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хоёр: Нэхэмжлэгчийн “ ... 2019 оны 06 дугаар сарын цалингийн зөрүү 159,000 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Д.М нь анх тус шүүхэд “Үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсний улмаас 2019 оны 4,5,6 дугаар саруудын буурсан цалин, хөлсний зөрүүг гаргуулах, 4,5,6 дугаар саруудын буурсан цалин, хөлсний зөрүүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах “ нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар шүүх хуралдааны явцад энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж, нэхэмжлэлийн шаардлагаа “ 2019 оны 06 дугаар сарын цалингийн зөрүү 159,000 төгрөгийг гаргуулах, 6 дугаар сарын цалин хөлсний зөрүүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах” гэж тодорхойлон маргаж байна.

Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагчийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/308 дугаар тушаалаар [10] Зэвсэгт хүчний 331 дүгээр ангид ар талын тасгийн шатахууны офицероор  томилогдсон хошууч Д.М-ийг төрийн тусгай албан тушаалын цалингийн сүлжээний ТТ-12 дугаар зэрэглэлээр, цолны зэрэглэлийг хошуучаар 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тус тус цалинжуулахыг Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн захирагч хурандаа Ц.Б-д зөвшөөрсөн байх бөгөөд дээрх тушаалын дагуу нэхэмжлэгч Б.М-т 6 дугаар сарын цалингийн зөрүү 115,434 төгрөгийг олгосон,  хариуцагч захиргааны байгууллага нь түүний буурсан цалин хөлсний зөрүүд ногдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр тооцож төлсөн болох нь шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн тайлбар, Д.М-ийн цалингийн тодорхойлолт[11] зэрэг  нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

          Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Цэргийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2.2 , 21 дүгээр үйлийн 21.1, 21.2, Зэвсэгт хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.М-ийн “Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагчийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Томилох тухай”  Б/226 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Ар талын даргын орлогч, албаны даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, үндэслэлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлсний улмаас 2019 оны 6 сарын буурсан цалингийн зөрүү 159.000 төгрөгийг гаргуулах, буурсан цалин хөлсний зөрүүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.М-ээс нэхэмжлэл гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй

4. Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.БАТСҮРЭН

 


[1]  Хэргийн 13, 14, 36 дугаар хуудсанд

[2] Хэргийн 12 дугаар хуудсанд

[3] Хэргийн 35 дугаар хуудсанд

[4] Хэргийн 75 дугаар хуудсанд

[5] Хэргийн 59 дүгээр хуудсанд

[6] Хэргийн 53-54 дүгээр хуудсанд  

[7] Хэргийн 70 дугаар хуудсанд

[8] Хэргийн 15,42 дугаар хуудсанд

[9] Хэргийн 38-41 дүгээр хуудсанд

[10] Хэргийн 18,37 дугаар хуудсанд

[11] Хэргийн 25, 43 дугаар хуудсанд