Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/168

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

         Нарийн бичгийн дарга Э.Энхмаа, 

         Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Анх-Ирээдүй,

         Шүүгдэгч У.З нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

  Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анх-Ирээдүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг адуун овогт Ууганцэцэгийн Зд холбогдох эрүүгийн 2119000000199 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, аврагч мэргэжилтэй, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 23 дугаар ангид аврагч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр баг, Онцгой байдлын ажилчдын байрны 7 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Алаг адуун овогт Ууганцэцэгийн З

         Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

   Шүүгдэгч У.З нь 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Айраг сумын төвд Приус-10 маркийн автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7.а, 12 дугаар бүлгийн 12.2-д заасан заалтыг зөрчиж, явган зорчигч Л.Батзоригтыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч У.З шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мэдүүлэг өгөхгүй ...” гэв.

          Хохирогч Л.Батзоригтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 20 цагийн орчим Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багт байрлах Оргил мини маркет хүнсний дэлгүүрийн урд засмал зам дээр согтуу сууж байгаад машинд мөргүүлсэн. Тэр өдөр бүтэн согтуу байсан ба хаана юу хийж явснаа санахгүй байна ... Эмчилгээний зардал 1,500,000 төгрөг нэхэмжилнэ ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12, 48 дугаар хуудас/,

          Шүүгдэгч У.Згийн мөрдөн шалгах ажиллагаанд холбогдогч болон яллагдагчаар өгсөн: “ ... 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 18 цагийн үед найз Тамиртай гэрт нь 0,5 литрийн нэг, нэг пиво уусан. Тэгээд гэртээ орж ирээд байж байтал найз Болдсайхан утсаар залгаад “Айраг сумын урд замын дагуу байрлах “Ивээл тулга” ШТС дээр олс авч ирээд өгөөч” гэж гуйгаад байхаар нь өөрийн эзэмшлийн Тоёота приус маркийн 03-91 ДГС улсын дугаартай автомашинаа жолоодоод олсыг нь хүргэж өгөөд буцаж явж байхад Оргил мини маркет дэлгүүрийн зогсоолын харалдаа очтол урдаас явж байсан Приус маркийн автомашин Оргил дэлгүүрийн зогсоол руу орох гэж буюу зүүн гар тийш эргэх дохио өгөөд зогсож байсан. Би чигээрээ явж байсан болохоор зөрөөд өнгөртөл замын голд гэрлийн гялбаанд буруу хараад суусан хүн харагдсан. Тэгээд шууд тоормоз гишгээд зогсож амжилгүй мөргөөд зогссон. Тэгээд би машинаасаа буугаад түргэн дуудсан  ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10, 45 дугаар хуудас/,

          Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 02/0295 дугаартай “... Л.Батзоригтын биед сээрний 12 дугаар нугалмын их биеийн хугарал, тархи доргилт, дух, хөмсөг, хацарт зулгаралт, нуруу, өгзгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба тухайн гэмтэл нь асуултад тусгагдсанаар зам тээврийн ослын улмаас үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7 дугаар хуудас/,

          Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 8 дугаар хуудас/,

          Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 26 дугаар хуудас/,

          Тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 27 дугаар хуудас/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн,  хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

           Шүүгдэгч У.З нь 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Айраг сумын төвд Приус-10 маркийн автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7.а, 12 дугаар бүлгийн 12.2-д заасан заалтыг зөрчиж, явган зорчигч Л.Батзоригтыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.     

“Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг гэм буруутайгаар зөрчсөнийг ойлгоно.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг зөрчсөний улмаас хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан гэмтэл учирсан байх объектив болон субъектив талын шинжийг хангахыг шаарддаг.

Харин уг гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэжээ.

 Шүүгдэгч У.З нь Дорноговь аймгийн Айраг сумын төвд Приус-10 маркийн автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7.а-д заасан “жолоочид дараах зүйлийг хориглоно: а/... согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12 дугаар бүлгийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөн ба автомашин жолоодож байгаа жолооч замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстойг мэдсэн хэдий ч осол гаргахгүй байна гэж хөнгөмсгөөр найдаж автомашиныг согтуугаар жолооджээ.

Ийнхүү тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зам тээврийн осол гаргаж, явган зорчигч Л.Батзоригтыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан тул шүүгдэгч У.Зг дээрх гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч У.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Батзоригтын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчоос 1,500,000 төгрөг эмчилгээний зардалд нэхэмжилснийг шүүгдэгч У.З төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 61 дүгээр талд хохирогчийн гаргасан хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоол гарах үеийн байдлаар бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

         Шүүгдэгч У.З нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргаагүй, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас төлөх төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн зэрэг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч У.З нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, өөрийгөө илчилж Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсоноос гадна хохирогч нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 дугаар зүйлийн  а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах; б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглосон заалтыг зөрчсөн хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэв.

       Иймд шүүгдэгч У.Зд прокурорын саналын хүрээнд, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

         Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч У.Згийн гэмт үйлдлийг Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг үүсгэн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа хууль бусаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ЗШ/248 дугаарт шийтгэврээр хүчингүй болгосныг дурдах нь зүйтэй.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Алаг адуун овогт Ууганцэцэгийн Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч У.Зг ялаас чөлөөлсүгэй.

        3.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

         4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч У.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

        6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА