| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2021/0166/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/170 |
| Огноо | 2021-12-13 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2021/ШЦТ/170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Энхмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Л.Мөнхбаяр,
Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Чойжамцын Бд холбогдох эрүүгийн 2119001570206 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2002 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Улаанбаатар хотын Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 22-5 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овогт Чойжамцын Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Б нь 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Цагаан дөрвөлж, замчин гудамжны 5-1 тоотод оршин суух Х.Маржангүлийн Ард койн худалдаж авна гэж цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилан мэхэлж, 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мэдүүлэг өгөхгүй ...” гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Маржангүлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр манай нөхөр О.Оюунбаатар фэйсбүүк ашиглаж, Ard app хэрэглэгчдийн групп гэсэн группт ороход “Чимэг гэрэл” гэсэн хаягаас “койн авна” гэсэн зар тавьсан байсныг хараад коммент хэсэгт нь “хэдэд авах вэ” гэж бичихэд манай нөхөр рүү найзын хүсэлт явуулаад чаталсан. Чатандаа эхлээд 300 төгрөгөөр бодоод авч байна гэхэд манай нөхөр хариуд нь 450 төгрөгөөр зарна гээд Чимэг гэрэл 450 төгрөгөөр авахаар боллоо гэж манай нөхөр надад хэлэхэд би охин О.Маралааг дуудаад “энэ хүнтэй чат бичээдэх, койноо заръя” гээд Чимэг гэрэл гэдэг хүнтэй чаталсан. Чимэг гэрэл чатандаа “dax.mn-д бүртгэлтэй юу, койн чинь dax-даа байгаа юу” гээд асуугаад байсан. Би нөхөр охинтойгоо ярилцаад “50 хувийн төлбөрөө хийсний дараа 50 хувь койн шилжүүлье” гэж бичихэд Чимэг гэрэл “эхний ээлжинд таны хоосон Ard app-ыг барьцаанд аваад 100 хувь мөнгө шилжүүлье” гэсэн. Би “утасны дугаараа өгчих, яриад тохиролцъё” гэхэд Чимэг гэрэл “би олон улсын сурвалжлагч хийдэг, утсаар ярих боломжгүй, ажилгүй болно” гэсэн. Тэгээд утсаа өгөхгүй байхаар нь үргэлжлүүлээд чаталсан. Миний дансанд 19300 койн байсан ба 1 койныг 450 төгрөгөөр бодож зарахаар чатаар тохиролцоход нийт 8,650,000 төгрөг болж байсан. Тухайн үед Ард койн 1 ширхэг нь 205 төгрөгийн ханштай байсан. Чимэг гэрэл гэдэг хүнд хоосон Ard app-ын нэвтрэх кодоо би барьцаанд гээд чатаар явуулсан. Чимэг гэрэл миний Ard app-ын нэвтрэх кодыг аваад мөнгөө 100 хувь шилжүүлье та дараа нь кодоо солиорой гэсэн. Миний Ard app хоосон байсан ба 19300 койн болон койн худалдаж авах гэж байсан 899,000 төгрөг dax.mn-д байсан. Dax.mn орохдоо өөр нэвтрэх кодоор ордог учир би Ard app-ын кодоо Чимэг гэрэлд өгсөн. Миний dax.mn-д орж, миний койныг авч чадахгүй гэж бодож байсан. Чимэг гэрэл гэдэг хүнд миний Ard app руу кодоор минь нэвтэрч ороод dax.mn-ын хаяг руу дамжиж ороод миний бүх мэдээллийг хаагаад, намайг орж чадахгүй болгосон. Би Ard app-ын лавлах руу ярихад “өнөөдөр 24 цагийн дотор таны мэдээллийг сэргээх боломжгүй” гээд би маргааш нь яриад хаягаа зүгээр болгоод dax.mn-ийн хаяг руу нэвтэрч ороход Dax.mn-ын данснаас койныг маань төгрөгт шилжүүл, 990,000 төгрөгөөр 3 удаа, 1,773,288 төгрөгөөр 1 удаа Ard app руу шилжүүлээд, өөрийнхөө данс руугаа 3 удаа, 1,000,000 төгрөгөөр татаж, нийт 3,000,000 төгрөгийн гүйлгээ хийсэн байсан. Ямар данс руу гүйлгээ хийснийг мэдэхгүй байгаа, надад харагдахгүй. Гүйлгээний утга дээр эхний удаа battula гэсэн, 2 дахь гүйлгээг Bilguun, 3 дахь гүйлгээг Bilguun гэж шилжүүлсэн байсан ... Ч.Б нь хохирол 3,000,000 төгрөгийг манай нөхөр Оюунбаатарын 5361026318 тоот дансанд шилжүүлсэн ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16, 47 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ч.Бий мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... Би 2021 оны 07 дугаар сард фэйсбүүк цахим хуудсанд Чимэг гэрэл гэсэн нэртэй хуурамч хаяг нээгээд Ard app хэрэглэгчдийн групп дээр “Ард койн худалдаж авна” гэсэн зар тавьсан. Тэгээд доор нь койн байна, зарна хэдээр авах уу гэх мэт коммент бичиж байсан. Би тэр хүмүүс рүү найзын хүсэлт явуулаад чат бичсэн. 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн үдээс хойш О.Оюунбаатар гэсэн хүнтэй чатлаад 1 ширхэг койныг 300 төгрөгөөр бодож авах талаар хэлэхэд нөгөө хүн 450 төгрөгөөр зарна гээд тэр хүнээс 19,300 ширхэг ард койныг 1 ширхгийг нь 450 төгрөгөөр бодож, 8,685,000 төгрөгөөр авахаар болсон. Тухайн хүнд ард апп-ын чинь барьцаалж аваад би мөнгөө хийгээд өгье та нэвтрэх нэр, нууц үгээ өгчих гээд нэвтрэх нэр, нууц үгийг нь аваад нэвтэрч орсон. Нэвтэрч ороход тухайн ард апп-ийн эзэмшигчийн нэр нь Х.Маржангүл гэсэн нэртэй байсан. Тэгээд dax.mn-ийн кодыг нь сольж ороод, 19,300 койныг тухайн үеийн ханш болох 205 төгрөгөөр бодож биржид зарсан. Dax.mn-ээс 990,000 төгрөгөөр 3 удаа 1,773,000 төгрөгөөр 1 удаа Х.Маржангүлийн ард апп руу таталт хийсэн. Миний санаж байгаагаар нийт 4,743,000 төгрөг болж байсан. Үүнээс 1,000,000 төгрөгөөр 2 удаа, 2,000,000 төгрөгийг өөрийн 5758121777 тоот данс руу шилжүүлж аваад, дахиад 1,000,000 төгрөгийг шилжүүлж авах гэтэл гүйлгээ давхардсан байна гээд алдаа заагаад байхаар нь Ring покерын данс руу буюу 5756102008 баттулга гэсэн данс руу шилжүүлсэн. Ring покерын данс руу smikey666 гэсэн утгаар шилжүүлсэн. Баттулга гэх хүнийг танихгүй, би Ring покерыг хааяа нэг тоглодог. Тэгээд нөгөө чаталж байсан хүний фэйсбүүкийг блоклоод дахин чат бичээгүй, холбоо бариагүй ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18, 42 дугаар хуудас/,
Хохирогч Х.Маржангүлийн “Ард кредит” ББСБ дахь 110027592766 тоот дансны хуулга /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ч.Бий Хаан банк дахь 5758121777 тоот дансны хуулга /хавтаст хэргийн 22-26 дугаар хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.
Шүүгдэгч Ч.Б нь 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Цагаан дөрвөлж, замчин гудамжны 5-1 тоотод оршин суух Х.Маржангүлийн Ард койн худалдаж авна гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглан 3,000,000 төгрөгийн хохирол учруулан залилсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, худал хэлэх, хуурч мэхлэх, сүсэг бишрэлийг далимдуулах зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бол үйлдлийн арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах, худал амлах, хуурамч бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх, цахим хэрэгсэл ашиглах замаар өмчлөгч, эзэмшигчийг эд хөрөнгөө өөрөө өгөхөд хүргэж, шилжүүлэн авах хэлбэрээр үйлдэгддэг.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Ч.Б нь цахим хэрэгсэл ашиглаж, хуурч мэхлэн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, хохирогч Х.Маржангүлийн 3,000,000 төгрөгийг шилжүүлэн авч бусдад бага бус хэмжээний хохирол учруулан залилсан нөхцөл байдал хангалттай тогтоогдож байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Б нь залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргаагүй, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас төлөх төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн зэрэг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “цахим хэрэгсэл ашиглаж, хуурч мэхлэн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй болон прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ч.Бд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Чойжамцын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “цахим хэрэгсэл ашиглаж, хуурч мэхлэн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ч.Бд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4.Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ч.Бд сануулсугай.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ч.Бд тэнссэн хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА