| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2021/0159/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/171 |
| Огноо | 2021-12-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2021/ШЦТ/171
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Энхмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Ариунболд,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Оорцогтонхан овогт Баастын Бд холбогдох эрүүгийн 2119001870175 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Булган суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Данзанваанчигийн 7-51 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Оорцогтонхан овогт Баастын Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Тамхи со” хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс хохирогч Ж.Орхоны Redmi A-9 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 360,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мэдүүлэг өгөхгүй ...” гэв.
Хохирогч Ж.Орхоны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 12-13 цагийн орчим би өөрийн ажилладаг “Тамхи со” хүнсний дэлгүүрт ажиллаж байхдаа лангууны арын тавиур дээр өөрийн Redmi A-9 маркийн цэнхэр өнгийн гар утсаа тавиад орхисон байсан. Манай дэлгүүр хүн их үйлчлүүлдэг учир би утсаа анзаарч хараагүй. 13 цаг өнгөрч байх үед цагийн хязгаарлалтын дагуу хүмүүсээ гаргачихаад дэлгүүрийн гадна хаалгыг хааж утсаа авах гэхэд миний утас байхгүй болчихсон байсан. Би уг утсыг 7 хоногийн өмнө 360,000 төгрөгөөр худалдаж авсан ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/;
Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 12-13 цагийн орчимд Сайншанд сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Тамхи со” хүнсний дэлгүүр рүү ганцаараа архи авахаар орсон. Намайг уг дэлгүүрт ороход худалдагч эмэгтэй лангууны ард сууж байсан. Би дэлгүүрийн худалдагчийн ард байрлах архины тавиураас 1 шил 0,75 литрийн Хараа нэртэй архи авсан. Архи авч байх үед худалдагчийн ард талын тавиур дээр цэнхэр өнгийн маркийг нь мэдэхгүй гар утас байхаар нь би авчихсан. Тэгээд тэр өдрөө цагдаад баригдаж, гар утсыг буцаан өгсөн ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19, 22-23, 54-55 дугаар хуудас/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ТХҮ-921/1603 дугаартай “... Redmi А-9 маркийн гар утасны үнэ 360,000 төгрөг ...” гэсэн үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 25-27 дугаар хуудас/;
Эд зүйл хураан авсан тухай “... 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 17 цаг 10 минутад РД:БД79121515 дугаарын бичиг баримттай Баастын Баас цэнхэр өнгийн Redmi A-9 загварын гар утсыг Цагдаагийн газрын 210 тоот өрөөнд хураан авав” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/;
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “... 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 17 цаг 10 минутад РД:БД79121515 дугаарын бичиг баримттай Баастын Баас цэнхэр өнгийн Redmi A-9 загварын гар утсыг Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Аюушийн 3-20 тоотод оршин суух хохирогч Жаргал овогтой Орхонд 17 цаг 20 минутад хүлээлгэн өгөв” гэсэн тэмдэглэлд /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/;
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 30, 136 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Тамхи со” хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс хохирогч Ж.Орхоны Redmi A-9 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, түүнд 360,000 төгрөгийн хохирол учруулсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, бусдад бага хэмжээнээс /300,000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Иймд шүүгдэгч Б.Б нь шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогч Ж.Орхоны эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш буюу 360,000 төгрөгийн хохирол учруулж, эд хөрөнгийг өөрийн эзэмшилд бүрмөсөн авч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Хохирол, төлбөрийн талаар:
Хохирогч Ж.Орхон нь хэрэг болсон өдөр буюу 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Redmi A-9 загварын гар утсыг хүлээн авсан тул шүүгдэгч Б.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.
Шүүгдэгч Б.Бын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь 4 хоног цагдан хоригдсон байх тул нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг цагдан хоригдсон хоногийн 1 хоногтой дүйцүүлэн 32 цагийг эдлэх ялаас хасаж тооцох нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Оорцогтонхан овогт Баастын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүдэгч Б.Бын цагдан хоригдсон 4 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг цагдан хоригдсон хоногийн 1 хоногтой дүйцүүлэн 32 цагийг эдлэх ялаас хасаж, биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 268 цагаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь 268 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1 дэх хэсэг, 162.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлсүгэй.
7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА