| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/0793/и |
| Дугаар | 00793 |
| Огноо | 2017-07-26 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Эцэг тогтоосон, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 00793
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Тариалан суманд 1975 онд төрсөн, 43 настай, эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт амьдрах, одоо тусдаа Мөрөн сумын 1 дүгээр багийн 28-14 тоотод оршин суух “Гөрөөчин” овогт Очирбатын Юмжирдулам /РЙ-75051809/-ын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Шүүхэд төлөөлөх 2282 дугаарын эрхийн үнэмлэхтэй “Адуучин” овогт Пүрэвгончигийн Эрдэнэтуяа /РП-85031304/,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1973 онд төрсөн, 45 настай, эрэгтэй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Мөрөн сумын 1 дүгээр багийн 28-14 тоотод оршин суух “Хатгин” овогт Мягмарын Эрдэнэбилэг /РЭ-73091711/-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, дундын эд хөрөнгөөс ногдох хувиа гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сумъяажав, нэхэмжлэгч О.Юмжирдулам, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Эрдэнэтуяа, хариуцагч М.Эрдэнэбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Юмжирдулам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нөхөртэйгөө 2003 онд гэр бүл болж хурим найр хийж нэг гэрт хамт амьдрах хугацаандаа хүү Э.Билгүүндалайг 2002 оны 01 дүгээр сарын 23-нд төрүүлсэн. Салах болсон шалгаан бол нөхөр Эрдэнэбилэг нь архи ууж агсам тавьж хөөж туудаг болон өөр эмэгтэй хүнтэй болсон зэргээс шалтгаалан салах болсон. 2017 оны 4 дүгээр сараас хойш тусдаа амьдрах болсон ба цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандсан юм.
Иймд гэр бүлээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид авч, хүүхдэдээ эцгээс нь тэтгэлэг гаргуулж, дундын эд хөрөнгөөс Соёолон шар нэг 800.000 төгрөг, үнээ 4 толгой нэг бүрийн үнэ 500.000 төгрөг буюу 2.000.000 төгрөг, эр бяруу нэг 200.000 төгрөг, эм бяруу нэг 200.000 төгрөг, шүдлэн үхэр нэг 300.000 төгрөг, эр хонь 20 толгой нэг бүрийн үнэ 90.000 төгрөг буюу 1.800.000 төгрөг, эм хонь 10 толгой нэг бүрийн үнэ 80.000 төгрөг буюу 800.000 төгрөг, эр ямаа 10 толгой нэг бүрийн үнэ 70.000 төгрөг буюу 700.000 төгрөг, эм ямаа 30 толгой нэг бүрийн үнэ 60.000 төгрөг буюу 1.800.000 төгрөгийн нийт 8.600.000 төгрөгийн мал авна. Өөр хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэв.
Хариуцагч М.Эрдэнэбилэг шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Эхнэр Юмжирдуламтай 2003 оны 10 дугаар сарын 17-нд буюу сайн өдөр шинийн арван таванд хурим найраа хийж нэг гэрт хамт амьдрах хугацаанд хүү Билгүүндалай 2002 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн ба миний хүүхэд мөн тул хүүхдийн асуудал дээр маргаангүй. Салах болсон шалтгаан надаас болоогүй эхнэр маань нэг залуутай явалдаж гэр оронд хонж өнжүүлээд л яваад л байснаас салах болсон тэрнээс надад салах шалтгаан алга гэхдээ одоо сална гээд байгаа тул би яах билээ. Одоо гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна хүүхэд маань хэнтэй байхаа өөрөө шийднэ биз хүүхдийн хүслийг яалтай билээ.
Иймд гэр бүлээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдээ эхийн асрамжид өгөхөд татгалзах зүйлгүй. Эд хөрөнгийн хувьд 8.600.000 төгрөгийн доорх малыг өгөхөд татгалзах зүйлгүй Үүнд: Соёолон шар 800.000 төгрөг, үнээ 4 толгой нэг бүрийн үнэ 500.000 төгрөг буюу 2.000.000 төгрөг, эр бяруу нэг 200.000 төгрөг, эм бяруу нэг 200.000 төгрөг, шүдлэн үхэр 300.000 төгрөг, эр хонь 20 толгой нэг бүрийн үнэ 90.000 төгрөг буюу 1.800.000 төгрөг, эм хонь 10 толгой нэг бүрийн үнэ 80.000 төгрөг буюу 800.000 төгрөг, эр ямаа 10 толгой нэг бүрийн үнэ 70.000 төгрөг буюу 700.000 төгрөг, эм ямаа 30 толгой нэг бүрийн үнэ 60.000 төгрөг буюу 1.800.000 төгрөгийн малыг тоо ёсоор нь өгнө үүнээс өөр өгөх хөрөнгө байхгүй эцэг хүний хувьд цаашид үр хүүхдээ харж хандаж явах болно. Харин хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй би өөрөө хөдөлмөр эрхлэх чадваргүй нүдний хараа муу тул гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон гэрлэгчдийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч О.Юмжирдулам нь хариуцагч М.Эрдэнэбилэгт холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, дундын эд хөрөнгөөс ногдох хувийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч О.Юмжирдулам нь хариуцагч М.Эрдэнэбилэгт нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас хүү Э.Билгүүндалай төрсөн болох нь.
Тухайлбал; Гэрлэгчдийг 2003 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болсныг 2005 оны 6 дугаар сарын 08-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын улсын бүртгэл № 104 дугаарын гэрлэлтийн бүртгэлд бүртгэж гэрлэлтийн гэрчилгээний хуулбар,
Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 7 дугаар сарын 05-ний өдрийн 00/003898 дугаартай Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 2002 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүү “Хатгин” Эрдэнэбилэгийн Билгүүндалай /РЮ-02212318/-г төрүүлсэн түүнд олгосон төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 7 дугаар сарын 05-ний өдрийн 00/003897 дугаартай Э.Билгүүндалайн Төрсний бүртгэлийн лавлагаа болон гэрлэгчдийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан байхгүй хэдий ч гэр бүлийг дараах үндэслэлээр Үүнд:
Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2017 оны 4 дүгээр сараас хойш тус тусдаа амьдарч байгаа, гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй харилцан тохиролцсон байгаа зэргийг харгалзан үзээд шүүхээс гэрлэгчид эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй байна гэж үзлээ.
Шүүхээс хүүхдийн нас, эцгийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, хүү Э.Билгүүндалайгийн шүүхэд өгсөн санал зэргийг харгалзан хүү Э.Билгүүндалайг эхийн асрамжинд үлдээлээ.
Иймд О.Юмжирдулам, М.Эрдэнэбилэг нарын гэрлэлтийг цуцлаж, насанд хүрээгүй бага хүү Э.Билгүүндалайг, эхийн асрамжинд үлдээж,
Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар: Хариуцагч М.Эрдэнэбилэгээс 1/ Соёолон шар нэг 800.000 төгрөг, 2/ үнээ 4 толгой нэг бүрийн үнэ 500.000 төгрөг буюу 2.000.000 төгрөг, 3/ эр бяруу нэг 200.000 төгрөг, 4/ эм бяруу нэг 200.000 төгрөг, 5/ шүдлэн үхэр нэг 300.000 төгрөг, 6/ эр хонь 20 толгой нэг бүрийн үнэ 90.000 төгрөг буюу 1.800.000 төгрөг, 7/ эм хонь 10 толгой нэг бүрийн үнэ 80.000 төгрөг буюу 800.000 төгрөг, 8/ эр ямаа 10 толгой нэг бүрийн үнэ 70.000 төгрөг буюу 700.000 төгрөг, 9/ эм ямаа 30 толгой нэг бүрийн үнэ 60.000 төгрөг буюу 1.800.000 төгрөг, нийт 8.600.000 төгрөгийн мал гаргаж нэхэмжлэгч О.Юмжирдулам, насанд хүрээгүй хүү Э.Билгүүндалай нарын өмчлөлд шилжүүлэх,
Харин хариуцагч нь хүүхдийн тэтгэлэгийн хувьд: “....хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй би өөрөө хөдөлмөр эрхлэх чадваргүй нүдний хараа муу тул....” гэх тайлбар мэдүүлэг өгч байх хэдий ч түүнийг хүүхдийн тэтгэлэг төлөхөөс чөлөөлөх боломжгүй байна.
Учир нь; Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “...эцэг, эх нь хүүхдээ...хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй....”, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “….эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй….” гэж хуульд тус тус заасан байх тул хариуцагчийг хүүхдийн тэтгэлэг төлөхөөс чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй ба хариуцагч нь “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй “хүүхдийн тэтгэлэг төлөх”-гүй гэдгээ нотлож чадахгүй байх тул түүнээс хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгчийн шүүхээр гэр бүл цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Хөвсгөл аймагт мөрдөгдөж байгаа хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээ 173.500 төгрөг байгаагаас 2002 оны 01 дүгээр сарын 23-ний өдөр төрсөн 15 настай хүү Э.Билгүүндалай /РЮ-02212318/-д 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 1 хүүхдэд жилд тооцоход 2.082.000 төгрөг болох ба нэг жилийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 48.262 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс хамтран өмчлөх дундын эд хөрөнгө 8.600.000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамжинд 152.550 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч М.Эрдэнэбилгээс 271.012 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Юмжирдуламд олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар “Хатгин” овогт Мягмарын Эрдэнэбилэг /РЭ-73091711/, “Гөрөөчин” овогт Очирбатын Юмжирдулам /РЙ-75051809/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2002 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү “Хатгин” Эрдэнэбилэгийн Билгүүндалай /РЮ-02212318/-г эх О.Юмжирдуламын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40.1.2-д зааснаар насанд хүрээгүй хүү Э.Билгүүндалайд 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан хариуцагч М.Эрдэнэбилэгээр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-д зааснаар хариуцагч М.Эрдэнэбилэгээс: Үүнд 1/ Соёолон шар нэг 800.000 төгрөг, 2/ үнээ 4 толгой нэг бүрийн үнэ 500.000 төгрөг буюу 2.000.000 төгрөг, 3/ эр бяруу нэг 200.000 төгрөг, 4/ эм бяруу нэг 200.000 төгрөг, 5/ шүдлэн үхэр нэг 300.000 төгрөг, 6/ эр хонь 20 толгой нэг бүрийн үнэ 90.000 төгрөг буюу 1.800.000 төгрөг, 7/ эм хонь 10 толгой нэг бүрийн үнэ 80.000 төгрөг буюу 800.000 төгрөг, 8/ эр ямаа 10 толгой нэг бүрийн үнэ 70.000 төгрөг буюу 700.000 төгрөг, 9/ эм ямаа 30 толгой нэг бүрийн үнэ 60.000 төгрөг буюу 1.800.000 төгрөг, нийт 8.600.000 төгрөгийн мал гаргаж нэхэмжлэгч О.Юмжирдулам, насанд хүрээгүй хүү Э.Билгүүндалай нарын өмчлөлд шилжүүлж, олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118.462 /нэг зуун арван найман мянга дөрвөн зуун жаран хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч О.Юмжирдуламаас улсын тэмдэгтийн хураамжинд 152.550 /нэг зуун тавин хоёр мянга таван зуун тавь/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч М.Эрдэнэбилэгээс 271.012 /хоёр зуун далан нэгэн мянга арван хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Юмжирдуламд олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ