| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2021/0126/э |
| Дугаар | 2021/ШЦТ/136 |
| Огноо | 2021-12-21 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж, шүүгч Ч.Мөнхтуяа, Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
иргэдийн төлөөлөгч Б.Лхамдулам,
улсын яллагч А.Оргилбаяр,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа
шүүгдэгч Г.Э,
шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх санал гарган ирүүлсэн шүүгдэгч Хавхчин овогт Гийн Эд холбогдох 2116000000144 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2003 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Чандмань суманд төрсөн, 17 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамтаар Говь-Алтай аймаг, Чандмань сум, 5-р баг, Алаг хайрхан 3-300 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ЙО0000 регистрийн дугаартай, Х овогт Гийн Э
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Э 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 11 цагийн орчим Говь-Алтай аймгийн Чандмань сумын төвд байх гэртээ төрсөн эх хохирогч Ц.Ныг “сэтгэцийн эмээ уугаарай” гэж хэлэхэд нь “энэ эмийг чинь би уухгүй, чамайг хутгалж ална” гэж хэлээд хэвлийн тус газарт хутгалж биед нь “...хүйсний баруун талд хэвлийн хөндийд нэвтэрч сэмж хавчигдсан шарх, баруун гарын дунд хуруу, зүүн гар, зүүн бугалга, зүүн гуянд шарх” бүхий хүнд гэмтэл учруулан алахыг завдсан үйлдлийг нь Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх санал гарган шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримтын талаар:
Хохирогч Ц.Нын мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн өглөө 10 цагийн үед охиндоо цай шөлийг нь өгчихөөд охиноо “...сэтгэцийн эмээ уугаарай...” гэж хэлсэн. Тэгсэн чинь би эмээ уухгүй гээд уух ёстой байсан эмээ зажилчхаад тургисан. Хоол цайгаа цацаад шидчихсэн, “...утсыг чинь өгөхгүй дандаа яахаараа надад эм цутгаад байдаг юм бэ, би энэ эмийг чинь уухгүй, таныг хутгалж ална...” гээд шууд гал тогооны өрөө чиглээд явахаар нь би зугтааж гараад 2 дүү нь гэртээ үлдчихээр нь зугтаарай гээд хэлтэл 2 дүү нь нүцгэн гараад зугтсан. Би хаалгаа дарж байхдаа дийлэхгүй байшингийн хаалга онгойтол дотроос нь бор өнгийн иштэй, хүнсэнд хэрэглэдэг байсан хутга бариад гараад ирсэн. 2 хүүхэд холдоогүй байхаар нь тэр 2-г хутгалчхаж магадгүй гээд хутгыг нь авах гээд ноцолдож байгаад 2 гарын ар хэсэгт, зүүн гарын булчин, зүүн хөлийн зузаан гуя, хэвлийн баруун хэсэгт хутгалуулсан. Тэгээд миний гарнаас маш их цус гарч байсан учраас тэрийг харчхаад “...би юу хийчих вэ...” гээд ухаан нь орж байх шиг байсан. Тэр үед нь туслаарай гээд орилтол хажуугаар явж байсан 2 мотоцикльтой хүн ирж бид 2-г салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-37-рт/,
Гэрч Б.Мийн мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 10 сарын 02-ны өдөр 11 цагийн үед би Б гэж ахаар гэртээ хүргүүлэхээр явж байтал Гансүх гэх айлын үүдэнд түүний охин Э нь ээж Нхаа дээр нь гарч мордож суугаад хутгалж байсан. Бид хоёр очиж орилж хутгыг нь аваад би хутгыг нь урд хашааг давуулан хол шидээд болиулаад гэртээ харьсан. На 2 гартаа хутгалагдсан хэвлийн хэсэгт хутгалагдсан байдалтай цус их гарч байсан юм. Э нь би юу хийчих вэ гэж орилоод гэр лүүгээ орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 40-рт/,
Гэрч Ё.Бын мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 10 сарын 02-ны өдөр 11 цагийн үед би Мөн гэх залууг гэрт нь хүргэж өгөхөөр сумын гудмаар явж байтал Гансүх гэх айлын үүдэнд түүний охин Э нь ээж Нхаа дээр гарч мордож суугаад хутгалж байсан. Бид хоёр очиж, орилж хутгыг нь аваад Мөн хол шидээд, болиулаад хажууд нь байсан бага насны хоёр хүүхдийг нь Эрхэмээ эмчийн гадаа хүргэж өгөөд, буцаж эргэж ирээд Наыг эмнэлэгт мотоциклынхоо араар суулган хүргэж өгсөн. ” гэх мэдүүлэг /хх-ийн 41-рт/,
Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 344 дугаартай “...3. Ц.Нын биед учирсан хүйсний баруун талд хэвлийн хөндийд нэвтэрч сэмж хавчигдсан шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 49-50-рт/,
Нэгдсэн эмнэлгийн Сэтгэц мэдрэлийн их эмч Ш.Юмжирмаагийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Шүүх, сэтгэц, эмгэг судлалын дүгнэлтэд “...Г.Э нь 2019 оноос эхлэн сэтгэцийн эмчид үзүүлж, сэтгэцийн эмчийн хяналтад орж, сэтгэцийн эмгэгийн улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээг одоо хүртэл авсаар байна. Г.Э нь сэтгэцийн өвчнөөр өвчилсөн ба сэтгэцийн өвчин нь одоогийн байдлаар түр зуурын намжмал байдалд байна. Энэ нь одоогоор сэтгэцэд нөлөөт эм хэрэглэж байгаатай холбоотой. Сэтгэцийн өвчин нь 2019 оноос эхэлсэн ба өвчин нь жил ирэх тусам гүнзгийрч, өөртөө болон орчиндоо эрсдэлтэй үйлдэл хийх магадлал ихсэж байна. Өвчний улмаас байнгын сэтгэцэд нөлөөт эмийг хэрэглэх ёстой ба Г.Э нь эмээ уух дургүй, эм өгсөн хүнд дургүйцлээ илэрхийлэх, эрүүл мэндэд нь аюул учруулах магадлал өндөртэй байгаа нь өөрийн ярьсан ярианаас нь ажиглагдав. Гийн Эийн өвчин сэдрээгүй үед өмнө болсон зүйлийг санаж, үнэн зөв бодитоор мэдүүлэг өгөх чадвартай. Гийн Э нь хий үзэгдэлт дэмийрлийн шизофрений өвчнөөр өвчилсөн ба энэ өвчний шинж тэмдэг нь өөртөө ба бусдад аюул учруулж болохуйц үйлдэл хийх магадлалтай эрсдэлтэй өвчин юм. Г.Эд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг авч, цаашид СЭМҮТ-ийн Хуулийн тасагт цаашдын эмнэлгийн тусламж үйлчилгээг авах шаардлагатай байна.
Гийн Эийн үндсэн онош:
Хий үзэгдэлт дэмийрлийн шизофрени /Р20.0/
Явцын статус нь: Сэтгэл цочрол ба хилэн гэж заасан байна...” гэх дүгнэлт/хх-ийн /,
Гэрч С.Гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Эхийгээ хэд хэдэн удаа барьж зодсон. Хамгийн бага дүү нь болох С нь одоо 5 настай. Тэр дүүгээ 2021 оны 09 дүгээр сарын 28-ны үед байхаа утасны цэнэглэгчээр ороолгосон байсан. Сая ээжийгээ хутгалаад Говь-Алтай аймгаас Улаанбаатар хот руу эмчилгээнд аваад явахад ээж одоо тэсэхгүй байх, би шорондоо явчихна. Би гэрийнхээ хүмүүсийг нэг нэгээр нь хутгалж ална. Хамгийн сүүлд таныг хутгалж ална гэж хэлж байна лээ...” гэх мэдүүлэг /хх45-46/,
Шүүгдэгч Г.Э нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөр үйлчлүүлсэн мэдээлэл “... 2018 оны 01 дүгээр сарын 31-нээс 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 24 хоног, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 51 хоног, 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 33 хоног, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 75 хоног, 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 10 хоног, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 90 хоног, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл 27 хоног Р20.0 /Шизофренийн хий үзэгдэлт дэмийрлийн хэлбэр/ гэх оноштойгоор нийт 7 удаа 310 хоногийн эмчилгээ хийлгэж байсан...” /хх-ийн 83-рт/ зэрэг яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Э нь 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 11 цагийн орчим Говь-Алтай аймгийн Чандмань сумын төвд байх гэртээ төрсөн эх хохирогч Ц.Ныг “сэтгэцийн эмээ уугаарай” гэж хэлэхэд нь “энэ эмийг чинь би уухгүй, чамайг хутгалж ална” гэж хэлээд хэвлийн тус газарт хутгалж биед нь “...хүйсний баруун талд хэвлийн хөндийд нэвтэрч сэмж хавчигдсан шарх, баруун гарын дунд хуруу, зүүн гар, зүүн бугалга, зүүн гуянд шарх” бүхий амь насанд нь аюултай хүнд гэмтэл учруулсан болох нь хөдөлбөргүй тогтоогдож байна.
1.2 Хэргийн үйл баримтад хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Г.Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй, өөрийн үйлдлийн нийгмийн хор, аюулыг ухамсарлан ойлгох, жолоодох хянах чадваргүй түүнчлэн сэтгэцийн эмчийн байнгын хяналтад байдаг нь хэрэгт авагдсан Нэгдсэн эмнэлгийн Сэтгэц мэдрэлийн их эмч Ш.Юмжирмаагийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Шүүх, сэтгэц, эмгэг судлалын дүгнэлт, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөр үйлчлүүлсэн мэдээлэл, гэрч С.Г, хохирогч Ц.На нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлсон бөгөөд “гэм буруу” гэх ойлголтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт санаатай болон болгоомжгүй хэлбэртэй байхаар тусгасан түүнчлэн өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус гэдгийг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн бол санаатай, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан, хайхрамжгүй хандсан бол болгоомжгүй гэмт хэрэг үзэх нь хууль хэрэглээний онолын болон практикт тогтсон ойлголт билээ.
Харин Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг хийсэн этгээд сэтгэцийн эмгэг, оюун ухааны хомсдол зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан өөрийн үйлдлийн аюултай шинж чанарыг ухамсарлалгүйгээр Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг хийсэн тохиолдолд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, ял оногдуулах хууль зүйн боломж байхгүй болдог. Гэсэн хэдий ч шүүгдэгч нь цаашид нийгэмд аюултай гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийх боломжтой тохиолдолд гарч болох хор уршгаас сэргийлэх зорилгоор эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг тогтоох хууль зүйн зохицуулалт Эрүүгийн хуульд тусгагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн хохирогч, хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн нөхцөл байдлын талаар дүгнэлт хийх боломжтой байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд “...Сэтгэцийн эмгэг, оюун ухааны хомсдолын улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй болсныг хэрэг хариуцах чадваргүйд тооцох бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан албадлагын арга хэмжээ хэрэглэнэ...” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Г.Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан тул прокуророос “...шүүгдэгч Г.Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй, өөрийн үйлдлийн нийгмийн хор, аюулыг ухамсарлан ойлгох, өөрийн үйлдлийг жолоодох, хянах чадваргүй, сэтгэцийн эмчийн байнгын хяналтад хэвтэн эмчлүүлж байгаа, түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг авах шаардлагатай талаар Шүүх, сэтгэц, эмгэг судлалын дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг үндэслэн шүүгдэгчид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх санал...” гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд заасан журам, зохицуулалтад нийцсэн, хуулийн үндэслэл бүхий байна гэж шүүх дүгнэлээ. Тодруулбал “...Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан...” тохиолдолд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шийдвэр гаргах, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний төрөл, дэглэм, хугацааг шинжээчийн дүгнэлтийг харгалзан шүүх тогтоохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсгүүдэд зохицуулсан байна.
Иймээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авхуулах саналыг прокурор шүүхэд гаргасан нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн болно.
Харин шүүгдэгчийн сэтгэцийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг харгалзан үзээд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Сэтгэцийн эмгэг судлалын хуулийн тасгийн энгийн зэрэглэлд 2 жилийн хугацаагаар хэрэгжүүлэх нь Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх зохицуулалттай нийцэхээр байна.
Шүүгдэгчид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахдаа иргэдийн төлөөлөгчийн “...эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байх...” гэсэн санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “... Өмгөөлөгчийн зүгээс 2 жилийн хугацаагаар сэтгэцийн эрүүл мэндэд эмчлүүлэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж өгнө үү...” гэх дүгнэлтүүдийг харгалзан үзсэн болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.4 дүгээр зүйлийн 1, 9 дэх хэсгийн тус тус баримтлан шүүгдэгч Х овогт Гийн Эд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Г.Эд авсан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн Сэтгэцийн эмгэг судлалын хуулийн тасгийн энгийн зэрэглэлд 2 жилийн хугацаатай хэрэгжүүлсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2-д зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авсан шүүгдэгч Г.Эийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвд хүргэхийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.САРАНТУЯА
ШҮҮГЧИД Г.МӨНХТУЛГА
Ч.МӨНХТУЯА