| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 172/2018/0122/Э |
| Дугаар | 55 |
| Огноо | 2018-09-25 |
| Зүйл хэсэг | 21.2.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 55
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч П.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Ц.Ариунжаргал
Нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нарыг оролцуулан,
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 132 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр У.Б , Д.М , Б.У нарт холбогдох 1828000340065 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Өмнөговь аймаг, Сэврэй сум, ......................гэх газар оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Аравтан овгийн У.Б , /регистрийн дугаар ............./
Монгол улсын иргэн, 1968 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Сэврэй суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Өмнөговь аймаг, Сэврэй сум, ......................... оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ямаат овгийн Д.М , /регистрийн дугаар ........................./
Монгол улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Өмнөговь аймаг, Сэврэй сум, ............................ оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Аравтан овгийн Б.У , /регистрийн дугаар .................... /
Шүүгдэгч У.Б нь 2018 оны 02 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хоолт багийн нутаг дэвсгэр Шар дэн гэх газар Б.Б нь өөрийгөө хутгалж нас барсан гэх хэрэгт 2018 оны 02 дугаар сарын 22, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн,
Шүүгдэгч Д.М нь 2018 оны 02 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хоолт багийн нутаг дэвсгэр Шар дэн гэх газар Б.Б нь өөрийгөө хутгалж нас барсан гэх хэрэгт 2018 оны 02 дугаар сарын 22, 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн,
Шүүгдэгч Б.У нь 2018 оны 02 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хоолт багийн нутаг дэвсгэр Шар дэн гэх газар Б.Б нь өөрийгөө хутгалж нас барсан гэх хэрэгт 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргал нь У.Б , Д.М , Б.У нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1-д зааснаар Аравтан овгийн У.Б , Ямаат овгийн Д.М , Аравтан овгийн Б.У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч У.Б , Л.Мөнхбаатар, Б.У нарыг цагаатгаж, шүүгдэгч У.Б , Д.М , Б.У нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосныг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Л.Солонго эсэргүүцэлдээ: “...Өмнөговь аймгийн Прокурорын газраас У.Б , Д.М , Б.У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 102 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд “...Мөрдөгч. цагдаагийн ахмад
Г.Б гэрчид тавьсан асуултдаа: Та эрх үүрэгтэйгээ танилцсан уу?, эрх, үүргээ ойлгосон уу?, танд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6.6-д заасан эрхийг тайлбарлаж өглөө, ойлгосон уу?, өмгөөлөгч оролцуулах уу? гэж асуужээ.
Гэрч: Би таны надад тайлбарлаж өгсөн эрх, үүргийг ойлгосон, өмгөөлөгч оролцуулахгүй гэж гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан эрх, үүрэг бичигдсэн байх ба түүний 6 дахь хэсэгт гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг танилцуулж мэдүүлэг авсан байна гэж үзэхээр байна. ...Яллах үндэслэл болсон нотлох баримтаар хуульд заасан мэдүүлэг авах журмын дагуу өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг" тайлбарлаж өгсөн, гэрч эрхээ эдлэхээс татгалзаж мэдүүлэг өгсөн гэх үндэслэл тогтоогдохгүй ...яллах үндэслэл болсон шүүгдэгч нарын гэрчээр өгсөн мэдүүлэг нь Эрүүгийн хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримтат мэдээлэл гэж үзэн У.Б Д.М , Б.У нарыг гэм буруугүйд тооцон
...шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгах нь зүйтэй” гэсэн дүгнэлт хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1-д зааснаар У.Б , Д.М , Б.У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч У.Б , Д.М , Б.У нарыг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь дараах нотлох баримтуудаас үгүйсгэгдэж байна. Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан эрх, үүргийг мөрдөгч Г.Б нь У.Б , Д.М , Б.У нараас хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахаар 2018 оны 02 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд гэрчээр мэдүүлэг авахдаа бүхэлд нь танилцуулж, тайлбарласан болох нь хавтаст хэргийн 19-21, 22-23, 27-28, 29-30 дугаар хуудсанд авагдсан гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна.
Мөн У.Б , Д.М , Б.У нар нь 2018 оны 03 дугаар сарын 19, 20, 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрүүдэд гэрчээр дахин мэдүүлэг өгөхдөө мөн дээрх хуульд заасан эрх, үүрэгтэйгээ танилцаж ойлгосны үндсэн дээр үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн нөхцөл байдал тогтоогдож байна.
Дээрх байдлаар мэдүүлэг авсан тохиолдол бүрт У.Б , Д.М , Б.У нар нь эрх, үүрэгтэйгээ танилцаж ойлгосон, татгалзах зүйл байхгүй гэдгээ илэрхийлж гарын үсэг зурж баталгаажуулжээ.
Түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт эрх, үүргээ танилцаж ойлгосны үндсэн дээр ямар нэг үндэслэлээр татгалзах саналгүйгээр мэдүүлэг өгсөн, санаатайгаар худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх, прокурор. мөрдөгч мэдүүлэг авахаас өмнө гэрчид энэ хуульд заасан гэрчийн эрх, үүргийг тайлбарлаж өгнө” гэж заасны дагуу мөрдөгч хуульд заасан эрх үүргийг тайлбарлаж өгсөн байх бөгөөд заавал асуулт асууж, хариулт авна гэсэн хуулийн зохицуулалт байхгүй байна.
Гэтэл шүүх “...Гэрч: Би таны надад тайлбарлаж өгсөн эрх, үүргийг ойлгосон...” гэсэн гэрчээр өгсөн мэдүүлгийн нотлох баримтуудыг үнэлсэн атлаа “...Яллах үндэслэл болсон нотлох баримтаар хуульд заасан мэдүүлэг авах журмын дагуу өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлаж өгсөн, гэрч эрхээ эдлэхээс татгалзаж мэдүүлэг өгсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж хавтас хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтыг үгүйсгэж, дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй байна.
Шүүх цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1-д зааснаар У.Б , Д.М , Б.У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч У.Б , Д.М , Б.У нарыг цагаатгасугай” гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэргийг хэрэгсэхгүй болгох 8 үндэслэл байх бөгөөд шүүх яг аль үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж байгаа нь цагаатгах тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт ойлгомжгүй, хууль ёсны болж чадаагүй байна.
Мөн тогтоох хэсгийн 7 дахь заалтад ...цагаатгах тогтоол гаргасан атлаа “шийтгэх тогтоол” уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд... гэж заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан шаардлагуудыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
Иймд У.Б , Д.М , Б.У нарт холбогдох Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 132 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
Прокурор Ц.Ариунжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6-д зааснаар Яллагдагч Д.М , У.Б , Б.У нарыг урьд нь гэрчээр байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6-д заасныг танилцуулсан. Гэрчээр мэдүүлэг авахдаа дээрх хуульд заасан хуулийн заалт тайлбарлахаас гадна заавал асуулт асууж хариулт
авах хэлбэрээр тодруулах журмын зохицуулалтгүй. Тэмдэглэлд тусгагдсан гэрчүүд хуульд заасан эрх, үүргээ ойлголоо гэсэн байдлаар тусгагдсан. Мөрдөгч хуульд заасан эрх үүргийг нь гэрчээр асууж тэмдэглэлд тусгахын зэрэгцээ аман хэлбэрээр тайлбарлаж өгсний үндсэн дээр гэрчүүд энэ хуульд заасан эрх үүргээ ойлголоо гэснийг тэмдэглэлд тусгагдсан. Дээрх хуулийн заалтуудыг ойлгосон боловч санаатай хэлбэрээр худал мэдүүлэг өгсөн. Мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлэг авч шүүх хуралдааны явцад ч тэр шүүх хуралдаан дээр шүүгч, прокурорын асуусан асуултад хариулсан. Санаатайгаар ийм худал мэдүүлэг өгснөө хүлээн зөвшөөрч байна гэдгийг яллагдагч нар шүүх хуралдаанд оролцохдоо мэдүүлсэн. Тийм учраас гэрч нарт хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж өгөлгүйгээр мэдүүлэг авч, хууль зөрчсөн гэх асуудал байхгүй. Тэгэхээр шүүхийн заасан үндэслэл нь хууль бус гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдээгүй байна. Энэ хуулийн 5 дахь хэсэгт шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг шүүхийн цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт дараах зүйлийг тусгана гээд 2.1-д зааснаар шүүхийн цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан 8 үндэслэл байна. Үүнд гэмт хэргийн шинжгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, шүүгдэгч нь нас барсан, урьдын шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа, тухайн үйлдэл, эс үйлдэхүй гэмт хэрэгт тооцохгүй болсон, эрүүгийн хуульд заасан ял оногдуулалт нь насанд хүрээгүй, гэмт хэрэг үйлдэхдээ хэрэг хариуцах чадваргүй байсан, гэмт хэргийн үгүйсгэх нөхцөлд байдал тогтоогдсон бол гэсэн 8 үндэслэл байна. Гэтэл шүүхийн цагаатгах тогтоолд эдгээр 8 үндэслэлээс яг ямар үндэслэлээр Д.М , У.Б , Б.У нарт холбогдох хэргийг цагаатгаж байгаа хэрэг тодорхой бус байгаа. Иймд цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн “1.6- д шүүхийн шийдвэр энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 23-ны өдрийн 132 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын
прокурор Л.Солонгын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 5/21 дугаартай эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянахад шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн”, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн заалтыг биелүүлээгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж үзлээ.
Анхан шатны шүүх У.Б , Д.М , Б.У нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэсэн шийдвэртээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-1.8 дахь хэсэгт заасан үндэслэлүүдийн аль үндэслэлээр шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, мөн цагаатгах тогтоол гаргасан гэх атлаа цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад “шийтгэх тогтоол” гэж бичсэн нь шүүхээс гарсан шийдвэр нь тодорхойгүй бичигдсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн болно.
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Солонгын “цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай” эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй байна.
Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 132 дугаар цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.8 дүгээр зүйлийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 132 дугаар цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.
2. У.Б , Д.М , Б.У нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлд зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол У.Б , Д.М , Б.У нарт урьд хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ
ШҮҮГЧИД П.ДОЛГОРМАА
Х.ГЭРЭЛМАА