Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 588

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Гомдол гаргагч: “Э И И Э” ХХК,

Хариуцагч: Б д Т х т у б Д.Б, О.Э

Гомдлын шаардлага: “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 242018044 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, хариуцагч Д.Б, О.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ариунтамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “Э И И Э” ХХК-ийн захирал Ж.С, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан гомдлын үндэслэлдээ: “Э И И Э” ХХК-ийг 2013 онд Г.А нь үүсгэн байгуулж байсан бөгөөд 2018 оны 04 сарын 02-ны өдрөөс Ж.С миний бие тус хуулийн этгээдийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан болно.

Гэтэл Баянзүрх дүүргийн татварын хэлтэс 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 24180300228 дугаар томилолтын дагуу “Э И И Э” ХХК-д татварын хяналт шалгалт хийсэн байна.

Тус шалгалтын хүрээнд 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр “Э И И Э” ХХК-ийн хуучин захирал Г.А-ыг дуудан “хуурамч падааны асуудлаар” ярилцлага хийж, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 242018044 дугаар шийтгэлийн хуудас гаргажээ.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-т “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэсний дагуу тус хяналт шалгалттай холбоотой асуудлаар Ж.С надад мэдэгдэж тайлбар гаргах боломжийг хангах байсан.

Өөрөөр хэлбэл гомдол гаргагч 2016 оны 8 дугаар сард 44-ын зах буюу Гурвалжингийн захаас барилгын материалын худалдан авалт хийсэн. Үүнээс хойш 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр татварын улсын байцаагч Д.Б хүн надтай утсаар холбогдож “...ирж уулзана уу...” гэсэн шаардлагын дагуу тэр өдөртөө түүнтэй уулзсан. Уулзалтаар ийм компаниас худалдан авалт хийсэн байна. Үүнийгээ хүлээн зөвшөөрч байна уу? Энэ нь бодиттой юу? Таньж мэдэх үү? хэмээн ярилцлагын тэмдэглэл үйлдсэн.

Уг компанитай холбоотой баримт бичгүүдийг шалгана. Материалуудаа бэлдэж бай, дуудна гэж хэлсэн. Ингээд би хүлээж байсан боловч 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэрийн хаягаар шийтгэлийн хуудас ирүүлсэн бөгөөд уг шийтгэлийн хуудас хариуцагчтай уулзсанаас хоёр хоногийн дараа буюу 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан байсан. Үүнийг нь бариад Д.Б байцаагчтай очиж уулзахад явдаг газраараа яв, эхнээсээ хүчингүй болгож байгаа гэж хэлсэн.

Тухайн үед 2 өдөрт нийт 30 орчим сая төгрөгийн худалдан авалт хийсэн. Бараа, материал авсан газраас нэмэгдсэн өртгийн албан татварын баримт шаардаж, UBH center-ийн 9 давхраас нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаа авсан.

Байнгын бэлэн мөнгөөр худалдан авалт хийдэг. Учир нь жижиг жижиг олон төрлийн бараа цуглуулж авсан. Хуурамч падаантай холбоотой асуудлыг Цагдаагийн байгууллага болон Тагнуулын байгууллагаас илрүүлж, шалгаж тогтоох чиглэл өгснийг улсын байцаагч нар шалгаж үзэлгүй, манай компанид шийтгэлийн хуудас ногдуулсанд гомдолтой байна.

Манай компанийг “М э и” ХХК-тай үгсэн хуйвалдаж нэмэгдсэн өртгийн албан татварын хувийг бууруулах үүднээс хуурамч худалдан авалт хийж тайландаа тусгасан гэдэг үндэслэлээр шалгасан.

Мөн түүнчлэн 2016 оны худалдан авалтын тухайд “М*******” ХХК-аас бодит худалдан авалт хийсэн байдаг бөгөөд энэ талаар анхан шатны баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгөх боломжтой байхад бидний эрхийг хангалгүй, “Э И И Э” ХХК-д шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч О.Э, Д.Б нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус компанийн 2015-2017 оны нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт, төлөлтөд хийсэн хэсэгчилсэн шалгалтаар 26,537,727.27 төгрөгийн зөрчил илрүүлэн, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйл 74.1 “дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.1.4. “тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх”, 74.3 “Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна”, мөн Татварын ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т “алдангийн хэмжээг Засгийн газар жил бүр тогтооно” гэж заасныг үндэслэн 2018 оны 04 сарын 18-ны өдрийн Татварын улсын байцаагчийн 242018044 тоот шийтгэлийн хуудсаар захиргааны хариуцлага ногдуулсан.

 

“Э И И Э” ХХК-ийг 2018 оны 03 сарын 27-ны өдрийн Татварын хяналт шалгалтын тасгийн даргын 24180300228 тоот татварын хяналт шалгалт хийх томилолтын дагуу 2018 оны 03 сарын 27-ны өдрөөс 2018 оны 04 сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд шалгасан бөгөөд тус компанийн захирал Ж.С нь өөрийн нэр дээр шилжүүлэн авсан компани нь татварын хяналт шалгалтаар орж байхад мэдсэн мөртлөө санаатайгаар татварын албанаас дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, Татварын албанд мэдэгдэж, бүртгэл, хувийн хэрэгтээ өөрчлөлт хийлгээгүй, шаардлагатай нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын мэдээ, холбогдох баримт бичгийг гаргаж өгөөгүй нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 7.2-т “хуулийн этгээдийн мэдээлэл, хувийн хэрэгт тусгагдсан зүйл өөрчлөгдөх бүрд өөрчлөлт орсноос хойш хуульд заасан хугацаанд татварын албанд мэдэгдэж, бүртгэл, хувийн хэрэгтээ өөрчлөлт хийлгэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, 8.2-т “татварын албанаас дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирэхгүй бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” 10.1-т “шаардлагатай нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын мэдээ, холбогдох баримт бичгийг гаргаж өгөөгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалтуудыг зөрчсөн нь тус шүүхэд өөрийнх нь гаргасан гомдлоор батлагдаж байна.

 Татварын хяналт шалгалтыг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс томилолт үүсээд 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хяналт шалгалт хийгдсэн бөгөөд цахимаар болон биечлэн хийсэн.

Бид томилолтын хугацаанд хяналт шалгалтын ажлыг дуусгах ёстой. “Э И И Э” ХХК нь “М э и” ХХК-аас 2016 онд худалдан авалт хийж, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд худалдан авалтаар шивж төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулан тооцсон зөрчил байсан. Үүнд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу хялбаршуулсан журмаар шийтгэлийн хуудас бичиж, захиргааны арга хэмжээ авсан.

Нийслэлийн Прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 58 тоот тогтоолд “М э и” ХХК нь импортоор бараа оруулж ирээгүй байж оруулсан мэтээр тайландаа тусгаж тайлагнасныг 2017 онд Татварын алба мэдээд Сүхбаатар дүүргийн Татварын улсын байцаагч дүгнэлт бичиж, эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр холбогдох байгууллагад хандсан. Уг дүгнэлтийг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Нийт 640 аж ахуй нэгж худалдан авалт хийснээс 484 аж ахуй нэгж эрүүгийн хэргийн буюу 500 сая төгрөгийн татварт ногдох орлогоос бага хүртэлх 438 аж ахуйн нэгжид Эрүүгийн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.5.1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд захиргааны арга хэмжээ авах шаардлагатай гэсэн прокурорын тогтоол гарсны дагуу Эрүүгийн цагдаагийн газар, Татварын ерөнхий газраас албан шаардлага ирж, хяналт шалгалтыг явуулсан. Тухайн үед мэдэх боломжгүй бөгөөд 2016 оны үйлдлийг 2016 оны жилийн эцсээр тайланд эрсдэлийн шинжилгээ хийснээр хуурамч нэмэгдсэн өртгийн албан татварын баримт үйлдсэн гэдгийг 2017 онд илрүүлж, татварын хяналт шалгалт оруулж дүгнэлт бичсэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч О.Э, Д.Б нар нь “Э И И Э”  ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт, төлөлтийг хэсэгчилэн шалгаж, тус компанийг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил гаргасан гэж үзэж, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 242018044 дугаар шийтгэлийн хуудсаар[1] Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3, 1.5 дугаар зүйлийн 8, Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 2,653,772,70 төгрөгийн нөхөн татвар, 796,131880 төгрөгийн торгууль, 4218949,90 төгрөгийн алданги, нийт 3,871,854,40 төгрөгийн төлбөр ногдуулах шийтгэл оногдуулжээ.

Нэхэмжлэгч “Э И И Э” ХХК нь дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргаж байх ба гомдлын үндэслэлээ” Э И И Э” ХХК-ийг Г.А үүсгэн байгуулж байсан бөгөөд 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс Ж.С миний бие тус хуулийн этгээдийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан.  Гэтэл ... шалгалтын хүрээнд 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ... хуучин захирал Г.А-ыг дуудан хуурамч падааны асуудлаар ярилцлага хийж, шийтгэл оногдуулжээ. Хяналт шалгалттай холбоотой асуудлаар Ж.С надад мэдэгдэж, тайлбар гаргах боломжоор хангаагүй. ...  Улсын байцаагч нар зөрчлийг шалгаж, үзэлгүй шийтгэл ногдуулсан.  2016 оны худалдан авалтын талаар анхан шатны баримтуудыг нотлох баримтуудаар гаргаж өгөх боломжтой байхад бидний эрхийг хангаагүй “ гэж тайлбарлан маргажээ.

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч О.Э, Д.Б нар нь татварын хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу “Э И И Э” ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт, төлөлтийг хэсэгчилэн шалгаж, шалгалтаар  “М э и” ХХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 487838626 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 26,537,727,27 төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр хуурамч бичилт хийлгэн авч, НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийн тайлангийн “Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тусган, албан татвар ногдох орлогоос хасч, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг зөрчсөн нь нотлогдсон гэж үзэж, тус компанид  2,653,772,70 төгрөгийн нөхөн татвар, 796,131,80 төгрөгийн торгууль , 421,949,90 төгрөгийн алданги,  нийт 3,871,854,40 төгрөгийн төлбөрийн шийтгэл оногдуулсан нь хууль бус болжээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд тус компанийн үүсгэн байгуулагчийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийн 1 дүгээр хавсралтаар “Э И И Э” ХХК-ийн дүрмийг баталж, компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр Ж.С-г сонгож, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000160524 дугаар гэрчилгээнд[2] Ж.С-г захиралаар томилсныг 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр бүртгэж, нэмэлт өөрчлөлт оруулсан үйл баримт тогтоогдож байна.

Гэтэл татварын улсын байцаагч нар нь компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх  захирал өөрчлөгдсөнийг нягтлан үзэхгүйгээр 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр  өмнөх захирал Г.А-той уулзан ярилцлагын тэмдэглэл үйлдэж, түүнд Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн 3.1-д заасан холбогдогчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан, түүнчлэн эрх бүхий албан тушаалтан нь хяналт шалгалтыг явуулахдаа мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх, мөн хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д зааснаар гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэгтэй атал  дээрх ажиллагааг явуулахгүйгээр зөрчлийг хялбаршуулан журмаар шалган шийдвэрлж шийтгэл ногдуулсан нь хууль бус болжээ.

Зүй нь татварын улсын байцаагч нар нь Татварын ерөнхий газрын 2010 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 07/778 дугаар албан бичгээр өгсөн чиглэлийн дагуу Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 32 дугаар зүйлийн 32.1.4-д зааснаар татвар ногдуулах, төлөх татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийж, улмаар зөрчилд холбогдогчоос тайлбар, лавлагааг бичгээр гаргуулан авч, хяналт шалгалтыг явуулах ёстой байжээ.

Эрх бүхий албан тушаалтан болох  татварын улсын байцаагч нар нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан гэх зөрчлийг нотлох нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг гаргуулан авалгүйгээр дан ганц Эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10и-3/827 дугаар албан бичиг, Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “ Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай” 58 дугаар тогтоолоор хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзэж, хяналт шалгалтыг хуульд заасан журмын дагуу явуулаагүй болох нь тогтоогдож байх ба үүнийг ч шүүх хуралдааны мэтгэлцээний явцад хариуцагч нар бүрэн дүүрэн үгүйсгэж чадахгүй байна.

Үүний зэрэгцээ Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5,17.1.7-д зааснаар татвар төлөгч нь татварын хяналт шалгалтад биечлэн оролцох, татвар ногдуулалт, төлөлтийн талаар тайлбар өгөх эрхтэй байна.

Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар тухайн хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн тохиолдолд эрх бүхий албан тушаалтан шийтгэл ногдуулах ёстой.

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэн үзэхэд маргаан захиргааны акт нь Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.3, 74 дүгээр зүйлийн 74.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “ зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” , 4.2.6-д заасан “ бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Гүйцэтгэх захирлыг улсын бүртгэлд бүртгүүлснээр түүний бүрэн эрх үүсч, компанийг дотоод гадаад харилцаанд төлөөлөх бүрэн эрхтэй болно гэж үзнэ.

Иймд дээрх үндэслэлээр эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудас нь холбогдох хуулийн заалтыг болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 242018044 дугаар шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “ Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл ногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 3.1 дүгээр зүйлийн 2-д “ Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу шийтгэл ногдуулна” гэж тус тус заасан нь Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “ татварын улсын байцаагч нь энэ хуулийн 47.1, 48.1,74 дүгээр зүйлд заасан үндэслэлээр акт бичнэ” гэж заасантай зөрчилдөж байгааг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтад  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Э И И Э ” ХХК-ийн  гаргасан гомдлыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 242018044 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагч болон эрх бүхий албан тушаалтан, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.БАТСҮРЭН


[1] Хавтаст хэргийн 9-10 дугаар хуудсанд

[2] Хавтаст хэргийн 4 дүгээр хуудсанд