Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 00149

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              Т.Аманжулын нэхэмжлэлтэй

                                     иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2017/00668 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Т.Аманжулын нэхэмжлэлтэй

Хариуцагч А.Нургульд холбогдох,

“Зээлийн төлбөр 10.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан давж заалдсан гомдлоор 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Аманжул нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 06 сард Нургуль миний гар утас руу залгаад яаралтай 10,000,000 төгрөнгий хэрэг байна, 7 хоногийн дараа буцаагаад төлнө гэж хэлсэн. Тухайн үед би ажил дээрээ байсан учир бэлэн мөнгө байхгүй болохоо хэлсэн. Гэтэл байн байн залгаад байхаар нь би Мишээл тавилгын дэлгүүрийн эзэн өөрийн хуурай эгч Даваажаргал руу залгаад дүүд маань яаралтай 10,000,000 төгрөг хэрэг болоод байна, та өгчих би таньд өөрөө төлнө гээд Нургульд хэлж Нургуль Даваажаргал эгчээс 10,000,000 төгрөг очиж авсан. Энэ 10,000,000 төгрөгийг би Даваажаргал эгчид өөрөө төлсөн. Би мөнгөө нэхсэн чинь Нургуль маргааш нөгөөдөр гэсээр эцэст нь надаас цааш нь хүнд дамжуулж өгсөн учир тэр хүн маань өгөхгүй байна гээд байхаар нь би 2016 оны 04-р сард Орхон аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан боловч шалгаад иргэд хоорондын маргаан байна гээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол өгсөн. Энэ өдрөөс хойш мөнгийг маань өгөх байх гэж хараад өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн тооцоо хийхгүй байгаа учир би шүүхэд хандаж байна. Энэ 10,000,000 төгрөгийг надаас Нургуль авсан учир би Нургулиас л мөнгөө гаргуулна. Энэ цаашаа хэндээ мөнгө өгсөн байх нь надад хамаа байхгүй гэжээ.

Хариуцагч А.Нургуль шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т.Аманжул надад холбогдуулан тус шүүхэд 10 сая төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбар гаргаж байна. Үүнд: Миний бие А.Нургуль нь Т.Аманжулаас ямар нэгэн байдлаар 10 сая төгрөг зээлж аваагүй бөгөөд харин Т.Аманжул нь өөр хүнд /Одгэрэлд/ мөнгө зээлж, тэр тухайгаа гэрээ байгуулж байсныг мэднэ. Тэр Одгэрэл эгчид мөнгө зээлсэн гэж гэрээ байгуулсныхаа дараа намайг уг зээлийн гэрээнд гарын үсэг зурахыг шаардаж олон удаа хандсан боловч миний бие Т.Аманжулаас мөнгө зээлж аваагүй тул зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй юм. Харин нэхэмжлэлд дурьдсан Даваажаргал гэдэг хүнээс Марзима, Одгэрэл нар 10 сая төгрөгийг зээлж авч байсан нь үнэн. Түүнээс би зээлээгүй. Тухайн үедээ Даваажаргал нь Марзима, Одгэрэл нартай зээлийн гэрээ байгуулаагүй байж байгаад хожим нь Т.Аманжул Одгэрэлтэй гэрээ байгуулж байсныг миний бие харж байсан. Тухайн мөнгө зээлсэн, зээлийн гэрээ байгуулсан, зээлийн үүрэг хүлээсэн иргэдээс энэхүү мөнгөө нэхэмжилж авах хэрэгтэй. Миний бие тэдний өмнөөс төлбөр төлөхийг зөвшөөрөхгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Энэ асуудал А.Нургульд хамааралгүй. А.Нургуль Л.Даваажаргалаас очиж мөнгө авсан асуудал үнэн боловч тухайн мөнгөний 900.000 төгрөгийг С.Одгэрэл өгсөн. 10.000.000 төгрөгийг Даваажаргалаас авсан. Эдгээр хүмүүсийн хооронд хийгдсэн зээлийн гэрээ, Т.Аманжул Л.Даваажаргалын хооронд хийгдсэн зээлийн гэрээ нь тусдаа, Л.Даваажаргал А.Нургулийн хооронд хийгдсэн 10.000.000 төгрөг мөн тусдаа асуудал. Нэхэмжлэгч нэхэмжлэлд дурдсан шигээ өөрөө хүлээж авсан, өгсөн асуудал байхгүй. Энэ Л.Даваажаргалтай холбоотой зээлийн гэрээний асуудал болохоос Т.Нургультай холбоотой асуудал огт хамааралгүй. Орхон аймгийн Цагдаагийн байгууллагад өгсөн тайлбарыг шууд 100 хувь үнэн гэж үзэх үндэслэл байхгүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06 өдрийн 142/ШШ2017/00668 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1, 282-р зүйлийн 282.4-т зааснаар Т.Аманжулын А.Нургульд холбогдуулан гаргасан 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Орхон аймгийн прокурорын газрын прокурорын 2016-04-28-ны өдрийн 5/184 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолыг хариуцагчид 10.0 сая төгрөг өгсөн болохоо нотолсон баримт гэж өгсөн.

Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардаж аваад нэхэмжлэгчээс огт мөнгө аваагүй иргэн Даваажаргалаас 10.0 сая төгрөг авсан тухайгаа тайлбарладаг.бөгөөд хариуцагч болон гэрч Даваажаргал нарын 2016-04-12-ны өдөр Орхон аймгийн цагдаагийн газарт өгсөн тайлбаруудыг аймгийн прокурорын газрын архиваас гаргуулан хэрэгт хавсаргасан. Энэ тайлбартаа хариуцагч А.Нургуль "10.0 сая төгрөг хэрэгтэй байна гэж нэхэмжлэгч Т.Аманжулруу утсаар ярьж Аманжул ажил дээрээ байгаа учир "МИШЭЭЛ дэлгүүрийн худалдагч Л.Даваажаргалаас очоод авчих гэснээр Даваажаргалаас 10.0 сая төгрөг авсан болохоо тайлбарладаг бөгөөд дээрх 10.0 сая төгрөг нэхэмжлэгч Т.Аманжулын мөнгө мөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг.

Дээрх прокурорын тогтоолын ОЛСОН НЬ: хэсэгт:..Нургуль Марзиймаа нар Т.Аманжулаас 10.0 сая төгрөг зээлсэн үйлдэл огтоогдож байна гэжээ.2014 оны 6-р сард мөнгө зээлдэж авсан зээлдүүлсэн тухай үйл явдал болсон бөгөөд энэ өдрөөс хойш бүхэл бүтэн гурван жил болох гэж байхад Л.Даваажаргал үл таних эмэгтэйд 10.0 сая төгрөгөө өгчихөөд чимээгүй явах уу.

Мөнгө зээлдүүлсэн тухай зээлийн гэрээг заавал бичгээр байгуулах тухай хуулийн зүйл заалт байхгүй байхад шүүх гээлийн гэрээ байхгүй гэжээ. Хуульд зааснаар хариуцагч А.Нургуль өөрт нь 10.0 сая төгрөг 7 хоногийн хугацаатай маш яаралтай хэрэгтэй байгаа тухайгаа нэхэмжпэгчид хэлсэн нэхэмжлэгч түүний саналыг хүлээн авч 10.0 сая төгрөг өгсөн болох нь нотлогдож байна.Харин гэрч Даваажаргал дээр хариуцагч А.Нургуль очоод Аманжуль эгчийн явуулсан хүн байна гэж хэлээд л 10.0 сая төгрөг аваад явсан байдаг.Энэ 2-ын хооронд мөнгө өгч авалцах тухай болон мөнгөний дүнгийн тухай огт яригдаагүй байхад гэрч болон хариуцагч нарын хооронд зээлийн гэрээ хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй.

Иргэний хуулийн 43-р зуйлийн 43.1.1-д:"хэлцэлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохирсон"бол хэлцэлийг хийсэнд тооцно гэжээ.Энэ үйл явдлаас харахад хариуцагчид 10.0 сая төгрөг хэрэг болсон.энэ 10.0 сая төгрөгийг 7 хоногийн хугацаатай авч байгаа.мөнгийг хугацаандаа найдвартай өгөх талаар нэхэмжлэгч хариуцагч нар л тохиролцсон. Энэ тохироо бол гэрээний гол нөхцөлүүд юм.

Нэхэмжлэгч тал ИХШХШТХ-ийн 38-р зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтуудаа хангалттай гаргаж өгсөний зэрэгцээ гэрчийг хүртэл шүүх хуралд оролцуулсан.Гэрчээр оролцсон Л.Даваажаргал өөрийнхөө 10.0 сая төгрөгийг хариуцагч А.Нургульд өгөөд өнөөдрийг хүртэл мөнгөө буцааж аваагүй бол энэ талаараа ярина шүү дээ.нэхэмжлэгчтэй тохирсон ёсоороо түүний өмнөөс хариуцагчид 10.0 сая төгрөг өгч даалгаварыг нь биелүүлсэн болохоо мэдүүлдэг.

Иймд:Шүүх дээрх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн,ИХШХШТХ-ийн 40-р зүйлийн 40.1,40.2-т заасан хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь нарийн хянан үзэж шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Т.Аманжул нь хариуцагч А.Нургулиас 10.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч А.Нургуль шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч Т.Аманжул нь 2014 оны 06 дугаар сард хариуцагч А.Нургульд Даваажаргалааас 10.000.000 төгрөг зээлж авч өгсөн Даваажаргалд би 10.000.000 төгрөгийг төлсөн учир А.Нургулиас 10.000.000 төгрөг гаргуулна гэсэн шаардлага гаргасан ба хариуцагч А.Нургуль Т.Аманжулаас ямар нэг байдлаар 10.000.000 төгрөг зээлж аваагүй харин өөр хүнд /Одгэрэлд/ мөнгө зээлж тэр тухай гэрээ байгуулж байсныг мэднэ. Нэхэмжлэлд дурдсан Даваажаргал гэдэг хүнээс Марзима, Одгэрэл нар 10.000.000 төгрөг зээлж авч байсан нь үнэн зээлийн үүрэг хүлээсэн иргэдээс мөнгөө нэхэмжилж авах хэрэгтэй тэдний өмнөөс төлбөр төлөхийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргаж мэтгэлцжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд нэхэмжлэгч Т.Аманжул нь хариуцагч А.Нургульд 10.000.000 төгрөг зээлүүлэн Даваажаргалд Т.Аманжул 10.000.000 төгрөгийг буцаан төлсөн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх ба Т.Аманжул, А.Нургуль хоёрын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй байна.

Иргэд хоорондын зээлийн гэрээ хэлбэрийн хувьд амаар болон бичгээр үйлдэгдэж болох ч мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцох учиртай төдийгүй ингэснээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д нийцсэн байх ёстой.

Анхан шатны шүүхийн А.Нургуль нь нэхэмжлэгч Т.Аманжулаас 10.000.000 төгрөг зээлж авсан талаар нотлох баримт байхгүй, нэхэмжлэгч нь зээлийн гэрээгээр 10.000.000 төгрөгийг хариуцагч А.Нургульд өгсөн талаар шаардлагаа нотолж чадаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй, хариуцагчийн хариу тайлбарыг няцаасан баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулах үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2017/00668 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Ж.Аманжулын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                  М.ХҮРЭЛБААТАР

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ