Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2023/0634

 

Э.Гэрэлмаагийн нэхэмжлэлтэй

  захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч  шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Э.Гэрэлмаа

Нэхэмжлэгч Э.Гэрэлмаа

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар

Гуравдагч этгээд: Э.Баярдалай

Гуравдагч этгээд Д.Хунцэнгэл

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 500 дугаар шийдвэр.

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Э.Гэрэлмаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунцэцэг, гуравдагч этгээд Д.Хунцэнгэл, түүний өмгөөлөгч Ж.Батзориг, гуравдагч этгээд Э.Баярдалайгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:

Хэргийн индекс: 128/2022/0197/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э.Гэрэлмаагаас Улсын бүтгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Э.Баярдалайд олгогдсон 18637315181597 нэгж талбартай, 700 метр квадрат газар бүхий Г-2204007498 улсын бүртгэлтэй 000390067 тоот гэрчилгээтэй газар Өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгуулах, Д.Хунцэнгэлд олгогдсон 18637315181597 нэгж талбартай, 700 метр квадрат газар бүхий Г-2204007498 улсын бүртгэлтэй 000533870 тоот гэрчилгээтэй газар өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгуулах, Э.Баярдалайд олгогдсон 000458533 дугаартай гэрчилгээтэй Ү- 2201044711 дугаартайгаар улсын бүртгэлд бүртгэгдсэн 116 метр квадрат хувийн сууцны бүртгэл, Э.Баярдалайд олгогдсон 000458532 дугаартай гэрчилгээтэй Ү- 2201044710 дугаартайгаар улсын бүртгэлд бүртгэгдсэн 70 метр квадрат гаражийн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулж, 18637315181597 нэгж талбарын дугаартай 700 метр квадрат газар бүхий Г-2204007498 дугаартайгаар улсын бүртгэлд бүртгэгдсэн газар өмчлөх эрхийг Э.Гэрэлмаагийн нэр дээр бүртгэхийг даалгуулах"- аар маргажээ. 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 500 дугаар шийдвэрээр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийг  тус тус баримтлан Э.Гэрэлмаагаас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан ““Э.Баярдалайд олгогдсон 18637315181597 нэгж талбартай, 700 метр квадрат газар бүхий Г-2204007498 улсын бүртгэлтэй 000390067 тоот гэрчилгээтэй газар Өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгуулах, Д.Хунцэнгэлд олгогдсон 18637315181597 нэгж талбартай, 700 метр квадрат газар бүхий Г-2204007498 улсын бүртгэлтэй 000533870 тоот гэрчилгээтэй газар өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгуулах, Э.Баярдалайд олгогдсон 000458533 дугаартай гэрчилгээтэй Ү-2201044711 дугаартайгаар улсын бүртгэлд бүртгэгдсэн 116 метр квадрат хувийн сууцны бүртгэл, Э.Баярдалайд олгогдсон 000458532 дугаартай гэрчилгээтэй Ү-2201044710 дугаартайгаар улсын бүртгэлд бүртгэгдсэн 70 метр квадрат гаражийн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулж, 18637315181597 нэгж талбарын дугаартай 700 метр квадрат газар бүхий Г-2204007498 дугаартайгаар улсын бүртгэлд бүртгэгдсэн газар өмчлөх эрхийг Э.Гэрэлмаагийн нэр дээр бүртгэхийг даалгуулах" тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Э.Гэрэлмаа дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Э.Баярдалай гэгч луйварчин этгээд, хуурамч материалаар өвлөх эрхийн гэрчилгээ авч улсын бүртгэлд өргөдөл гарган өвлөх эрхийн гэрчилгээ авсан байх ба уг үл хөдлөх хөрөнгийг цааш нь Д.Хунцэнгэлийн нэр дээр шилжүүлсэн байна.

3.2. Э.Гэрэлмаа нь өвлөх эрхийн гэрчилгээтэй холбоотой нотариатын үйлдлийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгуулсан. Нэгэнт бүртгэл хийсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгосон нь бүртгэл хүчингүй болохоос гадна бусдад шилжүүлсэн дараагийн бүртгэлийг хүчингүй болгох нь шударга ёсны зарчим.

3.3. Бүртгэлүүд хүчингүй болсноор Д.Хунцэнгэл, Э.Баярдалай нар авсан өгснөө буцаах иргэний маргаан үүснэ. Энэ нь захиргааны шүүх болон Э.Гэрэлмаад хамаагүй юм.

3.4. Гэтэл шүүгч луйварчин Э.Баярдалайгийн хуурамч материалаар хийлгэсэн бүртгэлийг хүчингүй болгохгүй, харин өмчлөгчөөр тогтоолго гээд байгааг ойлгохгүй байна.

3.5. Иймд бүртгэл хийлгэсэн материал нь хуурамч болох нь шүүхээр тогтоогдсон учир хуурамч баримтаар хийгдсэн бүртгэлийг захиргааны шүүх хүчингүй болгох эрхгүй гэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2023/0500 тоот шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянуулахаар буцаах юм уу эсхүл шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгчээс

-Э.Баярдалайд олгогдсон 18637315181597 нэгж талбартай, 700 метр квадрат газар бүхий Г-2204007498 улсын бүртгэлтэй 000390067 тоот гэрчилгээтэй газар өмчлөх эрхийн бүртгэлийг,

-Д.Хунцэнгэлд олгогдсон 18637315181597 нэгж талбартай, 700 метр квадрат газар бүхий Г-2204007498 улсын бүртгэлтэй 000533870 тоот гэрчилгээтэй газар өмчлөх эрхийн бүртгэлийг,

-Э.Баярдалайд олгогдсон 000458533 дугаартай гэрчилгээтэй Ү-2201044711 дугаартайгаар улсын бүртгэлд бүртгэгдсэн 116 метр квадрат хувийн сууцны бүртгэл, Э.Баярдалайд олгогдсон 000458532 дугаартай гэрчилгээтэй Ү-2201044710 дугаартайгаар улсын бүртгэлд бүртгэгдсэн 70 метр квадрат гаражийн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулж, 18637315181597 нэгж талбарын дугаартай 700 метр квадрат газар бүхий Г-2204007498 дугаартайгаар улсын бүртгэлд бүртгэгдсэн газар өмчлөх эрхийг Э.Гэрэлмаагийн нэр дээр бүртгэхийг даалгуулах” нэхэмжлэлийг гаргасан.  

2.1. Нэхэмжлэгчийн зүгээс “маргаан бүхий газрыг өмчилдөг байсан ээж Г.Бадам нас барж, улмаар ээжийнхээ өвийг хуульд зааснаар өвлөн авч, энэ газартаа тасралтгүй амьдарсан бөгөөд өргөмөл дүү Э.Баярдалай нь хуурамч бичиг баримт ашиглан нотариатч О.Жаргалсайхантай хамтарч өмчлөлийн газрыг 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлж 000390067 дугаартай гэрчилгээ авсан үйл баримт нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон, ... гуравдагч этгээд Д.Хунцэнгэл нь бусдын өмчлөлд хууль бусаар шилжсэн гэдгийг мэдсээр байж өргөмөл дүү Э.Баярдалайгаас худалдан авсан тул тэдгээрт олгогдсон 000390067, 000533870 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэл, Ү-2201044711 дугаарын бүртгэлтэй хувийн сууц болон Ү-2201044710 дугаартай улсын бүртгэлд бүртгэгдсэн гаражийн бүртгэлүүдийг хүчингүй болгуулж, өөрийн нэр дээр бүртгэхийг даалгах”-аар маргасан бол,

2.2. Гуравдагч этгээд Э.Баярдалайгийн зүгээс “... ээж Г.Бадамыг нас барснаас хойш Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатын баталсан 99 дугаар өвлөх эрхийн гэрчилгээгээр газрыг өвлөж авсан, ... нэхэмжлэгч тухайн үед өөрийн саналаар өвлөх эрхээсээ татгалзсан тул Э.Баярдалайд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйл баримттай, ... Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Өвлөх эрхийн гэрчилгээ, газар бэлэглэх гэрээг тус тус хүчингүй болгуулах" тухай нэхэмжлэлийг Э.Гэрэлмаа гаргаж, тус шүүхийн 2019.03.04-ний өдрийн 102/ШШ2019\00644 дүгээр захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон, уг захирамжийн хүрээнд гуравдагч этгээд Э.Баярдалай нь газрыг Э.Гэрэлмаагийн өмчлөлд шилжүүлсэн ба өвтэй холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн тул өмнө Д.Хунцэнгэлтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээг 99 дүгээр өвлөх эрхийн гэрчилгээ хүчинтэй байсан цаг хугацаанд байгуулсан тул улсын бүртгэлийн үйлдэл хууль ёсны гэж үзэж байна” гэж,

2.3. Гуравдагч этгээд Д.Хунцэнгэлийн зүгээс “... худалдан авагч би худалдагч Э.Баярдалайтай 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр харилцан тохиролцож Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, гэрчилгээний дугаар 000458533, улсын бүртгэлийн дугаар Ү-2201044711, дугаартай 116 метр квадрат хувийн сууцыг Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, гэрчилгээний дугаар 000390067 улсын бүртгэлийн дугаар Г-2201007498 нэгж талбайн дугаар 18637315181597 тоот 700 метр квадрат газрыг нийт 42.000.000 /дөчин хоёр сая /төгрөг төлж шударгаар худалдан авч хууль ёсны өмчлөгч нь болж улсын бүртгэлд бүртгүүлсэн” гэж тус тус маргаж байна.

3. Хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр:

-Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 644 дүгээр захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Баярдалайд холбогдуулан гаргасан “газар бэлэглэх гэрээ болон өвлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгч Э.Гэрэлмаагийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон,

-Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1319 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.4, 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1, 531 дүгээр зүйлийн 531.2, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан Э.Гэрэлмаагийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатч О.Жаргалсайханд холбогдох 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 99 дугаартай “Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгож, мөн өдрийн бэлэглэлийн гэрээ, өвлөхөөс татгалзсан хүсэлт зэргийг тус тус төгөлдөр бус байх хэлцэлд тооцож шийдвэрлэсэн,

-Мөн Монголын нотариатчдын танхимын дэргэдэх сахилгын зөвлөлийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 20 дугаар хуралдааны тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатч О.Жаргалсайханы нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 3 сарын хугацаагаар түр зогсоох сахилгын шийтгэл оногдуулах саналыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд гаргаж шийдвэрлэсэн,

-Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2890 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 9 дүгээр зүйлийн 9.4.1-д заасан үндэслэлгүй тул Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруунбаян уул 6 дугаар гудамж, 25 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2201007498 дугаарт бүртгэгдсэн 700 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201044711 дугаарт бүртгэгдсэн 116 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201044710 дугаарт бүртгэгдсэн 70 м.кв талбайтай гаражийн өмчлөх эрхийг тус тус буцаан шилжүүлэхийг шаардсан Д.Хунцэнгэлд холбогдох Э.Гэрэлмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

4. Маргаж буй Сонгинохайрхан дүүрэг, 9-р хороолол, Баруунбаян уулын 6-25 тоот хаягт байрлах 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, газрын 350 м.кв талбай нь нэхэмжлэгч Э.Гэрэлмаагийн өмч, 350 м.кв талбай нь талийгаач эх Г.Бадамын өмч, харин нэхэмжлэгч Э.Гэрэлмаа, гуравдагч этгээд Э.Баярдалай нар бэлэглэлийн гэрээг байгуулахдаа бүхэлдээ 700 м.кв талбайг бүгдийг бэлэглэсэн эсэхэд оршиж байсан бөгөөд тухайн бэлэглэлийн гэрээг үндэслэн хийсэн нотариатын үйлдэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хүчингүй болжээ.

4.1. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ талуудын маргааны гол үндэслэл болсон үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, нотариатын үйлдэл, хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрүүдэд үндэслэж, өмчлөх эрхийн шилжилтийг бүртгэхтэй холбоотой Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтуудыг маргааны үйл баримтад холбогдуулж хэрэглээгүй, ямар нэг дүгнэлт хийгээгүй нь буруу байна.

4.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Э.Гэрэлмаа нь өвлөх эрхийн гэрчилгээтэй холбоотой нотариатын үйлдлийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон, ... нэгэнт нотариатын үйлдэл хүчингүй болсон тул дараа дараагийн бүртгэлүүд хүчингүй болно” гэх зэргээр маргасан байхад шүүхээс “... хэдийгээр өвлөх эрхийн гэрчилгээтэй холбоотой нотариатын үйлдлийг хүчингүй болгосон ч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр зөвхөн түүнийг өмчлөгч этгээдийг бүртгэх зохицуулалттай” гэж дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй. Энэ талаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулалгүйгээр иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулж, улмаар тухайн үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгосон тохиолдолд энэ бүртгэлүүдийг хүчингүй болгуулахаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй байдлаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

4.3. Тодруулбал, хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрүүдээр нэхэмжлэгч Э.Гэрэлмаа, гуравдагч этгээд Э.Баярдалай нарыг хууль ёсны өвлөгчид болох талаар дүгнэсэн байх бөгөөд маргаж буй үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотойгоор гуравдагч этгээд нар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдах, худалдан авах гэрээ байгуулах замаар өмчийн харилцаа үүсгэх боломжтой байсан эсэх талаар дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэхээр байна.

5. Түүнчлэн иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүдээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотойгоор гарсан, шийдвэрт дурдсан нэхэмжлэлийн шаардлага, түүний үйл баримт, цаг хугацааны хувьд шүүхээр маргаж байх хугацаанд аливаа ямар бүртгэл хийгдсэн талаар холбогдох баримтыг цуглуулж түүнтэй холбоотойгоор нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулж хэргийг нэг мөр шийдвэрлэхээр байна.

5.1. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий 700 м.кв газар, 70 м.кв гараж, 116 м.кв хувийн сууцыг нэхэмжлэгч Э.Гэрэлмаа бусдад худалдан борлуулах хүсэл зоригтой байсан эсэх, түүний зорилго нь маргаж буй үл хөдлөх эд хөрөнгүүдийн бүртгэлийг хүчингүй болгож, улмаар бүхэлд нь эзэмших, эрх хууль ёсны ашиг сонирхол хэрхэн яаж сэргэх эсэх нь тухайн хэрэгт чухал ач холбогдолтой гэж шүүх үзэв.

6. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хэргийг дахин хэлэлцүүлэх”-ээр гаргасан давж заалдах гомдлыг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 500 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                               О.ОЮУНГЭРЭЛ

 

 

            ШҮҮГЧ                                               Т.ЭНХМАА

               

 

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН