Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 421

 

“Эм Эм Ар энд Эм” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаяр нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 367 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 608 дугаар магадлалтай, “Эм Эм Ар энд Эм” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын /хуучнаар/ Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 367 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-н “к”, 20 дугаар зүйлийн 20.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.2.3-т заасныг тус тус баримтлан “Өмнөговь аймгийн Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаар тогтоолоор тусгай хэрэгцээний газрын солбицлыг залруулсныг бүртгэн авахгүй байгаа Кадастрын хэлтсийн даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, энэхүү тогтоолыг бүртгэн авахыг даалгах, ХА-018760-001-NE тоот өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хуулийн дагуу хүлээн авч шийдвэрлэхийг даалгах” шаардлага бүхий “Эм Эм Ар энд Эм” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд 608 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 367 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Нэхэмжлэгч “Эм Эм Ар энд Эм” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал Б.Энхжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Бидний хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь Өмнөговь аймгийн Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 11/2 тоот тогтоолоор тусгай хэрэгцээнд авсныг Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасныг үндэслэн 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Өмнөговь аймгийн Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 13 дугаар тогтоолоор тусгай хэрэгцээний газрын солбицлыг залруулснаар тусгай хэрэгцээний газартай давхцалгүй болсон.

Өмнөговь аймгийн Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 13 тоот тогтоол нь 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хүргэгдсэн байдаг. Гэвч Кадастрын хэлтэс нь өдийг хүртэл энэхүү тогтоолыг үндэслэлгүйгээр бүртгэж аваагүй 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 416 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тухай мэдэгдсэн болно.

Манай компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-д “геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх” гэж заасан болон Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолыг үндэслэн зөвшөөрөгдсөн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргасан болно.

Гэтэл энэхүү хэрэгт ач холбогдол бүхий Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоол, түүний хавсралт хэрэгт авагдаагүй, шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан нотлох баримт цуглуулах үүргээ хангалттай биелүүлээгүй, мөн дээрх хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар хэргийн оролцогчид шүүх хурлын товыг мэдэгдээгүй нь нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаанд оролцож зөрчигдсөн эрхээ хамгаалах боломжийг олголгүйгээр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 367 дугаар шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 608 дугаар магадлалаар тус тус нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д зааснаар “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн..”, мөн хуулийн 123.2.2-т зааснаар “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн...” гэж үзэж байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, манай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хянавал:

Нэхэмжлэгч “Эм Эм Ар энд Эм” ХХК нь Өмнөговь аймгийн Ноён сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 13 дугаар тогтоолыг бүртгэж авахгүй байгаа Кадастрын хэлтсийн даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, бүртгэж авахыг даалгуулах, мөн ХА-018760-001-NE дугаартай өргөдлийг сэргээж, тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулах “шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, тусгай зөвшөөрөл хүссэн хайгуулын талбай нь дээрх тогтоолоор тусгай хэрэгцээний газартай давхцалгүй болсон гэж маргажээ.

Нэхэмжлэгч “Эм Эм Ар энд Эм” компани нь хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Ноён сумын “Ноён” нэртэй газрын 10000 га талбайд өргөдөл гаргасныг “тусгай хамгаалалтад авсан газарт бүхэлдээ давхацсан” гэж, дараа нь 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр дахин тус газрын 4550 га-д өргөдөл гаргасныг “тусгай хэрэгцээнд авсан болон түрүүлж ирүүлсэн өргөдөлтэй бүхэлдээ давхцалтай байна” гэж хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос төрийн захиргааны байгууллага татгалзсан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, Өмнөговь аймгийн Ноён сумын ИТХ-ын 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 11/2 дугаар тогтоолоор тус сумын газрын зарим хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байх ба уг тогтоолоор тусгай хамгаалалтад оруулсан “Гэнгэтийн гол-Хөх аараг” орчмын газрын эргэлтийн цэг дээр “техникийн алдаа” гаргасан гэх үндэслэлээр сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр “...зарим газрын солбицлыг хянан засах тухай” 13 дугаар тогтоолыг гаргаж, солбицлыг хавсралтаар баталж, Ашигт малтмалын газарт хүргүүлснийг тус газар нь “...Тэргүүлэгчдийн тогтоолоор залруулга хийснийг бүртгэх боломжгүй” гэж хариу мэдэгджээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “...“эс үйлдэхүй” гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага, албан тушаалтнаас хуульд заасан хугацаанд биелүүлээгүй буюу шийдвэрлэхгүй орхигдуулсныг” ойлгох гэж томьёолсон ба “эс үйлдэхүй”-н улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар иргэн, хуулийн этгээд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Харин Өмнөговь аймгийн Ноён сумын ИТХ-ын тэргүүлэгчид нь тухайн Хурлын хэрэгжүүлэх онцгой бүрэн эрхэд хамаарах асуудлаар шийдвэр гаргасныг төрийн захиргааны байгууллага бүртгэж аваагүй нь хууль ёсны ба нэхэмжлэгчид хамааралгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй учир уг шаардлагыг 2 шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гаргасан өргөдөлд тусгасан талбай нь Ноён сумын ИТХ-ын тогтоолоор тусгай хамгаалалтад авсан газарт бүхэлдээ давхцалтай  нь тогтоогдсон, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-т заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуцагчийн шийдвэр хүчин төгөлдөр, уг шийдвэртэй нэхэмжлэгч маргаагүй болно.

Иймээс, нэхэмжлэгчийн гаргасан “ХА-018760-001-NE өргөдлийг сэргээж, тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.

Нэхэмжлэгч хяналтын гомдолдоо “шүүх Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолыг хэрэгт авалгүй нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, ...хуулийн 71.1-д зааснаар хэргийн оролцогчид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй” гэсэн нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хамааралгүй баримтыг бүрдүүлэхийг шаардсан, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг мөрдөж эхлээгүй байсан учир уг хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасан “...шүүх хуралдааныг хэзээ, хаана болохыг урьдчилсан хэлэлцүүлгийн журмаар товлож, долоо, түүнээс доошгүй хоногийн өмнө зарлаж, хэргийн оролцогч, бусад оролцогчид хурлын товыг мэдэгдэнэ” гэсэн зохицуулалтыг зөрчөөгүй, анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Энхтөрд мэдэгдсэн, тэрээр хуралдаанд биечлэн оролцсон байх тул уг гомдлыг хүлээн авах боломжгүй.

Дээрх байдалд үндэслэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 367 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 608 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ           

ШҮҮГЧ                                                               Ч.ТУНГАЛАГ