Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2016/0400

 

Иргэн Ц.Ганзоригийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Ц.Ганзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунчимэг, Ё.Ринзаан, хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхцэцэг нарыг оролцуулан, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 41 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Ц.Ганзоригийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаар тогтоолын өөрт хамрах хэсгийг хүчингүй болгуулж, нэр дэвших эрхээ сэргээх, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд Ц.Ганзоригийг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд бие даан нэр дэвшигч Цэвэлмаагийн Ганзоригийн сонгуулийн хороонд ирүүлсэн сонгогчдын гарын үсэг зуруулсан маягт дээрх сонгогчдын гарын үсэг үнэн зөв эсэхийг нягтлах ажлыг Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.8-д заасны дагуу аймгийн Сонгуулийн хорооны гишүүд болон Шарын гол сумын Сонгуулийн хорооны гишүүдээр гүйцэтгүүлсэн.

Дэмжигч сонгогчдын гарын үсэг зурсан маягт дээр гарын үсэг тулгах шаардлагатай байгаа иргэд сонгогчдын нэр, хаяг, утсыг тодорхой бичсэн жагсаалтыг Шарын гол сумын Сонгуулийн хорооны гишүүдэд цахим хаягаар илгээсэн. Шарын гол сумын Сонгуулийн хорооны гишүүд нэр бүхий 26 сонгогчийн хаягийн дагуу гарын үсгийг нь цуглуулж, аймгийн Сонгуулийн хороонд ирүүлсэн юм. Ирүүлсэн гарын үсгийг нэр дэвшигчийн ирүүлсэн гарын үсэгтэй тулгахад Муратын Хабыболотын, Рахманы Муратын, Карл Манарбекын, Муратын Алилбагатын, Мешитканы Алмаагийн гарын үсгүүд зөрүүтэй байсан. Мөн дэмжигч сонгогчийн бүртгэл дээрх 30 дугаар хуудасны Ядам овогтой Лхагвацэнд, Бумба Цэндоо, Цэнддоржийн Содбаяр, Цэнддоогийн Баттулга нарын гарын үсэг нэг хүний бичиг байгааг нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэхдээ бид сонгогчдын хаягийн зөрчлийг зөрчил гэж үзэж хасаагүй, хуудас бүрт зөрчил байсан. 300 хүний гарын үсгийг зуруулсан дээр маргах зүйлгүй, эцэслэн нягталж шалгаснаар 10 хүний гарын үсэг хуурамч болох нь тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 41 дүгээр шийдвэрээр: “Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.5, 156 дугаар зүйлийн 156.2.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Ганзоригийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаар тогтоолын Ц.Ганзоригт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн сонгогдох эрхийг сэргээж, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд Ц.Ганзоригийг бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг даалгаж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо нь 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаар тогтоолд Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.1-д заасан 201-ээс доошгүй хүний гарын үсэг цуглуулах тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, миний бие нь Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэрээ дэвшүүлэхдээ 300 хүний гарын үсгийг цуглуулсан байхад хуулиар олгогдсон миний сонгогдох эрхийг зөрчсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ.

Анхан шатны шүүх миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэрийн “тогтоох” хэсэгт Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд бие даан нэр дэвшигч Ц.Ганзориг миний биеийг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгахдаа шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх арга, хэлбэр, хугацааг тодорхой заагаагүй орхигдуулсан байх тул эдгээрийг шүүхийн шийдвэрийн “тогтоох” хэсгийн заалтуудыг нэмж оруулах, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд үүрэг болгосон нэмэлт заалт оруулж үүрэг болгуулах хүсэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн 41 дүгээр шийдвэрийг дахин хянаж үзнэ үү” гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “1. Анхан шатны шүүх хуулийг буруу ойлгож хэрэглэсэн. Шүүх “... Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгогдох эрхийг зөрчсөн” гэж дүгнэсэн нь хэт нэг талыг баримталсан дүгнэлт болжээ. Учир нь “сонгогдох” эрх нь цаг ямагт бусад этгээдээс хамааралтай байдаг эрх бөгөөд “Абсолют” буюу “туйлын, хязгааргүй эрх” биш юм.

Сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигч холбогдох баримтыг хуулийн хугацаанд, үнэн зөв, бүрэн гүйцэт бүрдүүлэх өгөх үүрэгтэй.

Хуульд заасан шаардлагыг хангасан нөхцөлд л нэр дэвшигчээр бүртгэгдэж сонгогдох эрхээ эдлэх боломжтой.

Гэтэл Ц.Ганзориг нь “Үнэн зөв” баримтыг аймгийн Сонгуулийн хороонд ирүүлээгүй болох нь хангалттай тогтоогдсон. Шүүх ч энэ байдлыг үгүйсгэж чадаагүй. Ингэснээрээ шүүх Сонгуулийн тухай хуулийг буруу ойлгож хэрэглэсэн.

Мөн анхан шатны шүүх “зөрчилтэй 10 иргэнийг хасаж тооцоход 290 нэр дэвшигч үлдэж байгаа нь хуулийн шаардлага хангасан” мэт агуулгатай хууль бус дүгнэлт хийсэн. Сонгуулийн хуулийн үзэл баримтлал бол “шударга өрсөлдөөн”-ийг хангах, сонгогдох эрхээс гадны нийт ард түмний сонгох эрхийг хамгаалж байгаа болохыг ойлгохыг хүссэнгүй. Хуульд хуурамч, өөр этгээдийн зурсан, насанд хүрээгүй этгээдээр зуруулсан гарын үсгийг хасаж тооцох зохицуулалт огт байхгүй, ийм агуулгатай зохицуулалт өмнөх хуулиудад байсан юм билээ. 2015 оны Сонгуулийн тухай хуулиар ямар нэг байдлаар хуурамч нотлох баримт байвал нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах, бүртгэхээс татгалзах зохицуулалттай болсныг шүүх анхаарсангүй. Энэхүү зохицуулалтыг бататган нэр дэвшигчийг шууд бүртгэх бус харин баримт бичгийг нягтлан шалгахыг Сонгуулийн хороонд хариуцуулсан байгаа болно.

Энэ үүргийнхээ дагуу нягтлан шалгаад зөрчил илрүүлээд зохих шийдвэрийг гаргасан байхад хуульд байхгүй зохицуулалт хэрэглэж аймгийн Сонгуулийн хорооны тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгож байгааг эс зөвшөөрч байна.

2. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримт, хуульд үндэслэсэн байх ёстой. Гэтэл нотлох баримтыг шинжлэн судлаагүй, зөвхөн тоочиж хэлсэн. Үүнийг нотлох баримтыг шинжлэн судалсан гэж үзэх боломжгүй. Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Ц.Ганзоригийн нэхэмжлэлийг ханган, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 08 дугаар тогтоолын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгасан анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийг давж заалдах гомдол гаргаагүйд тооцож шийдвэрлэлээ.

Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т “Бие даан нэр дэвшигч нь дараах тооны сонгогчдын гарын үсгийг сонгуулийн төв байгууллагаас баталсан маягтын дагуу зуруулсан байна: 156.2.1. аймгийн хурлын сонгуульд нэр дэвшигчийн хувьд 201-ээс доошгүй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ц.Ганзориг нь Дархан-Уул аймгийн хурлын сонгуульд бие даан нэр дэвшигчээр бүртгүүлэх хүсэлтдээ 300 хүний гарын үсэг бүхий маятыг хүргүүлжээ. Хариуцагч тус аймгийн Сонгуулийн хороо нь дээрх маягтад зурагдсан “10 хүний гарын үс,эг хуурамчаар үйлдсэн” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Ганзоригийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан гэх боловч хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагчийн тайлбарт дурдсан үндэслэл тогтоогдохгүй байна.

Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д “гарын үсэг хуурамчаар үйлдэх” гэж бүх төрлийн арга хэрэглэн /өөрөө, эсхүл өөр этгээдээр үйлдүүлэх, техник хэрэгсэл ашиглах гэх мэт/ бусдын гарын үсгийг дуурайлгаж буюу хуулбарлаж, эсхүл зохиож зурах, сонгуулийн эрхгүй хүмүүсээр гарын үсэг зуруулахыг ойлгохоор, 158 дугаар зүйлийн 158.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо дараах тохиолдолд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзана: ... 158.1.4.бие даан нэр дэвшигч нь сонгогчдын гарын үсгийг цуглуулахдаа дор дурдсан зөрчлийг гаргасан бол: ... 158.1.4.а.гарын үсэг хуурамчаар үйлдэх;” гэж тус тус заажээ.

Хариуцагчаас “... сумын сонгуулийн хорооны гишүүд иргэдийн гарын үсгийг цуглуулж ирүүлснийг нэр дэвшигчийн цуглуулсан гарын үсэгтэй тулгахад гарын үсэг нэг байгааг нотолсон, 10 хүний гарын үсэг хуурамч болох нь тогтоогдсон ...” гэж тайлбарлан зөрчлийн жагсаалт (хэргийн 64 дүгээр хуудас), Шарын гол сумын сонгуулийн хорооны дарга Д.Батцэнгэлийн гарын үсэг бүхий (хэргийн 65, 66-р хуудас) хүснэгт (цаашид хүснэгт гэх) ирүүлжээ. Уг зөрчлийн жагсаалтад “гэр бүлийн гишүүн гарын үсэг зурсан” гэж тэмдэглэсэн боловч хэрхэн тогтоосон нь тодорхойгүй, зөрчилтэй гэх Цэнддоогийн Баттулгын гарын үсгийг сумын сонгуулийн хороо аваагүй (хүснэгтэд байхгүй), нэр дэвшигчийн цуглуулсан гарын үсгийн маягтын 16-р хуудасны 1-д Муратын Хавылболатын өөрийн нэрээ бичсэн байдал нь сумын сонгуулийн хорооны хүснэгтэд зурсан гарын үсэгтэй адил  байгаа зэргээс үзэхэд нэр дэвшигч Ц.Ганзориг нь дээрх хуульд заасан гарын үсгийг дуурайлгаж, хуулбарлаж, зохиож хуурамчаар зурсан зөрчил гаргасан гэдэг нь эргэлзээтэй, шууд тогтоогдоогүй байна. Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.8-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо бие даан нэрээ дэвшүүлэгчийн цуглуулсан сонгогчдын гарын үсэг үнэн зөв эсэхийг түүвэрлэн тулгах, тухайн иргэнтэй уулзаж нягтлан шалгаж болох бөгөөд шаардлагатай гэж үзвэл уул ажлыг санал авах байраар гүйцэтгүүлж болно” гэж заасан бөгөөд хариуцагчийн түүвэрлэн тулгасан баримт нь дээрх байдлаар эргэлзээтэй байхад уг хуулийн дагуу тухайн иргэнтэй уулзаж гарын үсэг нь мөн эсэхийг нягтлан шалгаж тогтоогоогүй байна.

Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдоогүй байхад “10 хүний гарын үсэг хуурамч болох нь тогтоогдсон” гэж үндэслэл муутай дүгнэлт хийжээ.

            Нэхэмжлэгч Ц.Ганзориг нь  201-ээс дээш буюу 300 хүний гарын үсэг цуглуулж Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар шаардлага хангасан байх бөгөөд түүнийг гарын үсэг хуурамчаар үйлдсэн зөрчил гаргасныг хуульд заасан үүргийнхээ хүрээнд хангалттай тогтоогоогүй атлаа хариуцагч Дархан-Уул аймгийн сонгуулийн хороо нь уг үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь Сонгуулийн тухай хуулийн 157.8, 158.1.4 а-д заасныг зөрчсөн байх бөгөөд уг хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн сонгуульд бие даан нэрээ дэвшүүлж оролцох эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн байна.

            Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн “... нэр дэвшигч нь үнэн зөв баримтыг бүрдүүлж өгөөгүй болох нь хангалттай тогтоогдсон, ... шүүгч сонгуулийн тухай хуулиар ямар нэг байдлаар хуурамч нотлох баримт байвал нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах зохицуулалттай болсныг шүүх анхаарсангүй ...” гэх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Мөн хариуцагч нь шүүх хуралдаанд нотлох баримтыг уншуулж судлуулах эрх нь нээлттэй байсан бөгөөд анхан шатны шүүх шүүх хуралдаанд нотлох баримтыг тоочиж хэлснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь давж заалдах гомдлоосоо татгалзаж байгаагаа илэрхийлсэн тул түүнийг гомдол гаргаагүйд тооцож, давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцэх ажиллагааг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 41 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн сонгуулийн хорооны өмгөөлөгч Д.Мөнхцэцэгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-д зааснаар нэхэмжлэгч Ц.Ганзоригийг давж заалдах гомдол гаргаагүйд тооцож, түүний гомдолд холбогдох давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцэх ажиллагааг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 83 дугаар зүйлийн 83.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгож, хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ