Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар     2021/ШЦТ/02

 

 

 

 

 

  2021        12         22                                      2021/ШЦТ/02

 

                                     

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ,  улсын яллагч Д.Ундармаа, шүүгдэгч О.Г, Б.А /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Г, Б.А нарт холбогдох эрүүгийн “2111 00000 1320” дугаартай, 186/2022/0002/Э индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         1.Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Алтан бор нуур ХХК-д мужаан ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 50-335 тоотод оршин суух, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын          21-ний өдөр 281 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 96.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг тус тус зааснаар 6 жилийн хорих ял шийтгүүлсэн, О

        2.Монгол Улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хамгаалалтын ажил хийдэг, ам бүл 2 найз охины хамт, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 72-9826 тоотод оршин суух, урьд Хэнтий аймаг дахь Сум дундын шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 2020/ШЦТ/265 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4.000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Б.А,

         Холбогдсон хэргийн талаар;

         Шүүгдэгч О.Г нь 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 31-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ш.Цэрэндондовыг гараараа цохиж түүний биед хамрын нуруу, 2 нүдний доод зовхинд цус хуралт, дээд үүдэн зүүн 1-р шүдний хугарал, дээд уруул дотор салсад цус хуралт, язрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

           Шүүгдэгч Б.А нь 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 31-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Мөнхдалайг зодож түүний биед тархи доргилт, баруун чамархайн хуйх, хамар, зүүн бугалга, баруун шуунд цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус холбогджээ.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч О.Г хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...“мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн тул мэдүүлэг өгөхгүй ” гэв.

 Шүүгдэгч Б.А хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...“мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэгээ үнэн зөв өгсөн тул мэдүүлэг өгөхгүй ” гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ш.Цэрэндондовын:...2021 оны 10 сарын 30-ны орой би гэртээ манай эхнэрийн эгчийн хүүхэд болох Амгаланбаяр, түүний эхнэр Цэцэгсүрэн, манай эхнэрийн 2 дүү, манай хүүхэд бид нар байсан. Амгаланбаяртай бид 2 пиво уугаад байж байтал гаднаас манай эхнэртэй хамт Ганбаа, түүний эхнэр, Лхагваа гээд дүү нь Энхмаа гээд дүү нь найз залуу Анужингийн хамтаар манай гэрт орж ирсэн. Эргээд гэрлүү бид нар ортол Ганбаагийн эхнэр манай эхнэр 2 маргалдаад үсдэлцээд авсан. Бид нар 2 тийш салгасан. Гэрт ороод Ганбаа эхнэрээ өмөөрөөд Амгаа руу дайраад хажуугаар нь дүү нь болох Лхагвасүрэн бас дайрсан. Би салгасан ба Ганбаа хажуу талаас миний нүүрлүү гараараа 1 удаа цохьсон. Цохиулаад миний шүд хугараад хамраас цус гарсан гэх мэдүүлэг. /хх 17-18/,

2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Мөнхдалайгийн:...Манай нөхөр Ганбаатар түрүүлж орж ирээд явья гээд байсан. Би босоод хувцсаа өмсөөд байж байтал Ууганзаяа манай нөхөрлүү уурлаад байхаар нь яагаад манай нөхөрлүү уурлаад байгаа юм гэж хэлтэл Ууганзаяа намайг ирээд үсдээд авсан. Би зөрүүлээд үсдсэн. Бид хоёр үсдэлцээд 20 минут хэртэй болсон манай нөхөр болон Ууганзаяагийн нөхөр бид хоёрыг салгасан. Амгаагийн байгаа өрөөнд нь ороод чи одоо юу гээд байгаа юм гээд хажууд нь очтол намайг үсдээд доош нь дарсан. Амгаа намайг үсдсэн чигээрээ толгойны баруун талын хэсгээр хана мөргүүлсэн гэх мэдүүлэг. /хх-21/,

        2.3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Цэцэгсүрэнгийн:...Би Амгаланбаярыг салгах гэж байтал намайг буйдан луу бүгд унагаагаад тэр хэд намайг байж байх үед хэн цохисныг мэдэхгүй олуулаа намайг өшиглөж, гараар цохьсон. Тэгээд Ш.Цэрэндондов, Амгаланбаяр бид хоёрыг өмөөрөөд нөгөө хэдээс салгах үед Ганбаа хажуунаас нь орж ирээд Цэрэндондовын хамар болон уруул хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиод хамарнаас нь цус гараад нэг шүд нь хугараад унасан гэх мэдүүлэг. /хх-24/,

         2.4.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Анужингийн:...Ууганзаяа, Мөнхдалай 2 муудалцаад хоорондоо үсдэлцээд 10-15 минут үсдэлцсэн. Дөк биднийг явуулахгүй гээд байсан. Ганбаатар, Дөкийн нүүрлүү нь гараараа нэг удаа цохьсон. Тэр үедээ хамар амнаас нь цус гараад шүд нь уначихсан юм шиг байсан гэх мэдүүлэг. /хх-26/,

        2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Энхмаагийн:..2021 оны 10 дугаар сарын 30-ний өдрөөс  31-нд шилжих шөнө өөрийн ах Ганбаатар түүний эхнэр Мөнхдалай эгч нартай гэрт нь байж байтал орой Ууганзаяа аниа руу залгаад  Энхмаагийн төрсөн өдөр болж байна гээд дуудсан. Бид гурав гэрээсээ гараад гадуур явж байгаад орох газар байхгүй болохоор нь Ууганзаяагийн гэр лүү нь явсан. Гэрт нь очиход Ууганзаяагийн нөхөр пиво ууж байсан бас 2 дүү нь байж байсан. Бид нар авч ирсэн архи, пиво уугаад байж байтал Ганбаатар, Анужин, Амгаа, Цэрэндондов нар тамхи татахаар гарсан. Удалгүй орж ирээд манай ах Ганбаатар манай аниаг явъя гэхэд байж бай  юу болсон юм бэ гээд маргалдсан. Би Анужигийн найз охинд ус өгч байхад Амгаа гэх залуу нь манай эгчийг үсдээд чирээд байхаар нь би очиж  салгасан. Энэ үед Ганбаатар эхнэрлүүгээ явах гэтэл Цэрэндондов хориод байсан. Ганбаатар нь Цэрэндондовыг цохьсон. Яг хашаа цохьсон талаар нь би хараагүй. Ингээд бид нар гарцгаасан. Цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг. /хх-33/,

        2.6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 10654 дугаартай:..

        1. Ш.Цэрэндондовын биед хамрын нуруу, 2 нүдний доод зовхинд цус хуралт, дээд үүдэн зүүн 1-р шүдний хугарал, дээд уруул дотор салсад цус хуралт, язрал гэмтэл тогтоогдлоо.

        2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

        3. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

        4. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Г.Энхбаатар гэх дүгнэлт. /хх 37-38/,

      2.7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10693 дугаартай:..

       1. М.Мөнхдалайн биед тархи доргилт, баруун чамархайн хуйх, хамар, зүүн бугалга, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

       2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

       3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

       4.Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч М.Аригуунтөгс гэх дүгнэлт. /хх 43-44/,

   Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-55, 84/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-78, 86/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2021 оны 12 дугаар сарын         08-ны өдрийн 207 дугаар тогтоол /хх-120/, шүүгдэгч, хохирогчийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 106-109/, шүүх хуралд өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.  

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

 

Шүүгдэгч О.Г нь 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 31-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ш.Цэрэндондовыг гараараа цохиж түүний биед хамрын нуруу, 2 нүдний доод зовхинд цус хуралт, дээд үүдэн зүүн 1-р шүдний хугарал, дээд уруул дотор салсад цус хуралт, язрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.А нь 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 31-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Мөнхдалайг зодож түүний биед тархи доргилт, баруун чамархайн хуйх, хамар, зүүн бугалга, баруун шуунд цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч  Ш.Цэрэндондовын..би салгасан ба Ганбаа хажуу талаас миний нүүрлүү гараараа 1 удаа цохьсон. Цохиулаад миний шүд хугараад хамраас цус гарсан гэх мэдүүлэг. /хх 17-18/, хохирогч М.Мөнхдалайгийн:... Амгаа намайг үсдсэн чигээрээ толгойны баруун талын хэсгээр хана мөргүүлсэн гэх мэдүүлэг. /хх-21/, гэрч Г.Цэцэгсүрэнгийн:...тэгээд Ш.Цэрэндондов, Амгаланбаяр бид хоёрыг өмөөрөөд нөгөө хэдээс салгах үед Ганбаа хажуунаас нь орж ирээд Цэрэндондовын хамар болон уруул хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиод хамарнаас нь цус гараад нэг шүд нь хугараад унасан гэх мэдүүлэг. /хх-24/, гэрч Г.Анужингийн:...Ууганзаяа, Мөнхдалай 2 муудалцаад хоорондоо үсдэлцээд 10-15 минут үсдэлцсэн. Дөк биднийг явуулахгүй гээд байсан. Ганбаатар, Дөкийн нүүрлүү нь гараараа нэг удаа цохьсон. Тэр үедээ хамар амнаас нь цус гараад шүд нь уначихсан юм шиг байсан гэх мэдүүлэг. /хх-26/, гэрч А.Энхмаагийн:.. Ганбаатар нь Цэрэндондовыг цохьсон. Яг хашаа цохьсон талаар нь би хараагүй. Ингээд бид нар гарцгаасан. Цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг. /хх-33/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 10654 дугаартай дүгнэлт. /хх 37-38/,  шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10693 дугаартай дүгнэлт. /хх 43-44/, зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд  бүрэн хангагдсан байна гэж  шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч О.Г, Б.А нарыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Ш.Цэрэндондов, М.Мөнхдалай нар нь шүүгдэгч О.Г, Б.А нартай эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад  бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

 

Шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн  хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгч нарын гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүгдэгч Б.А нь урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн  анхан шатны  шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/265 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4000 /дөрвөн мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлснээс хэсэгчлэн төлөлт хийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 2.462.000 / хоёр сая дөрвөн зуун жаран хоёр мянган/ төгрөгийн үлдэгдэлтэй болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 05а/1440 дугаартай  албан бичгээр нотлогдож байх тул  Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар Б.Аын эдлээгүй үлдсэн 2462000 төгрөгийн ял дээр нэмж энэ шийтгэх тогтоолоор  оногдуулсан 600000 төгрөгийн ялыг нэмж  нэгтгэн нийт эдлэх ялыг 3.062,000 /гурван сая жаран хоёр мянган/ төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж  шүүх үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч .Б.А, О.Г нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 90 хоногийн дотор төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн  баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус  тус дурдаж  шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                         ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч О.Г, Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г, Б.А нарыг тус бүр 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар Б.Аын эдлээгүй үлдсэн 2.462.000 төгрөгийн ял дээр энэ шийтгэх тогтоолоор  оногдуулсан 600000 төгрөгийн ялыг нэмж  нэгтгэн нийт эдлэх ялыг 3.062,000 /гурван сая жаран хоёр мянган/ төгрөгөөр  тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г, Б.А нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г, Б.А  нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

6. Шүүгдэгч О.Г, Б.А нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

           8.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Г, Б.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.БАТЖАРГАЛ