Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/88

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

          Улсын яллагч Г.Э

          Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т

          Шүүгдэгч П.Ц нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Ц-т холбогдох эрүүгийн 2122000900097 дугаартай  хэргийг 2021 оны  07 дугаар сарын 20-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

     Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч П.Ц нь согтуурсан үедээ буюу 2021 оны 04 сарын 22-ны орой Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг 12б байрны гадна талд иргэн Д.Б-ыг үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

             Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүгдэгч П.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдөр 22 цагийн үед 17а болон 17б байрны голд иргэн Мтай хамт байсан. Гэтэл иргэн Б согтуу ирээд М-ыг өргөдлөө өгч ажлаа өгөхийг шаардсан. Би хариуд нь Хөдөө аж ахуйн газрын даргыг халж солих нь Дундговь аймгийн засаг даргын эрх хэмжээний асуудал. Дундговь аймгийн засаг даргын жолоочийн асуудал биш гэж хэлсэн. Тэгтэл Б миний хамар луу цохисон. Миний хамраас цус гарсан. Намайг боогоод чирэхээр нь миний гар нүүр рүү нь явсан. Боолтыг нь тавиулаад гэр лүү орсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

          Хохирогч Д.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 04 сарын 22-ны орой 22 цаг 30 минутын үед таксигаар гэрийнхээ гадаа очоод байр руугаа орох гэж байтал байрны гадна талд М, Ц 2 тамхи татаад зогсож байсан. Би тэр хоёртой уулзаад М-ыг тоглоомоор “архи уучихсан юм уу? хөгшөөн, ажлаа өгөх гэж байгаа юм уу” гэж хэлээд М-тай маргалдаж байтал Ц “чи юу мэддэг юм, жолооч юм байж гэж хэлээд над руу дайрсан. Намайг цохих гээд гараа савах үед нь би хойш бултаад Ц-ыг бариад автал Ц миний гар руу цохиод тавиулсан. Тэгтэл М миний араас тэврээд Ц миний баруун нүд хэсэгт гараараа цохисон. Тухайн үед миний баруун хөмсөгнөөс цус гарч эхэлсэн. Миний биеийн нүүр толгой хэсэгт цохиж байсан. П.Ц-т зодуулсны улмаас миний баруун нүд хөхөрсөн, баруун хөмсөг задарч 4 оёдол тавиулсан. Одоо хааяа толгой дүүрч өвдөх зовиуртай байна. Ц-тай зодолдож байх үед миний өмсөж явсан улаан хүрэн өнгийн дугуй захтай цамц, хөх өнгийн юүдэнтэй урд хэсэгтээ цахилгаантай цамц урагдсан. Эдгээр цамцнуудыг аваад бараг шинээрээ байсан тул авсан үнээр нь үнэлнэ. Гомдолтой байна. Анх эмнэлэгт үзүүлж оёдол тавиулсны төлбөр, шүүхийн шинжилгээний албанд үзүүлэхэд төлсөн төлбөр зэргийг нэхэмжилнэ ” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/

Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 04 сарын 22-ны орой танил дүү Ц-ын хамт Ц-ын эзэмшлийн 0404 ДУЭ улсын дугаартай машинд сууж байгаад 1 литрийн савлагаатай “Эдэн” нэртэй архи уусан. Тухайн архийг 22 цаг 30 минутын үед дуусаад гэр рүүгээ орох гээд Ц намайг оруулж өгөхөөр байрны орцны үүдээр ортол өөдөөс Б гарч ирсэн. Тэгэхээр нь би “юу байна хөгшөөн” гэхэд Б “чи өргөдлөө өгөхгүй юу хийж яваа юм” гэж хариулсан. Тэгтэл Ц “та өргөдөл авдаг болсон юм уу” гэж хэлэхэд Б нь Ц-ын нүүр хэсэгт нэг удаа гараараа цохисон. Б-д цохиулсны улмаас Ц-ын хамраас цус гарч эхэлсэн. Тэгээд Ц, Б хоёр зууралдаад орцноос гарсан. Би араас нь гартал нөгөө 2 зууралдаад хэрэлдэж маргалдаж байсан. Тэгж зууралдаж байх үед Ц, Б хоёрын дээгүүр өмссөн хувцас тайлагдаж биеийн дээд хэсгээрээ хувцасгүй болсон. Би тэр хоёрыг болиулах оролдлого хийхэд болихгүй зууралдаад байсан. Тэгж байгаад салтал Ц газар унасан нүдний шил хувцсаа аваад гэр рүүгээ орсон. Тухайн үед Б “та 2 намайг нийлж зодлоо гээд орилж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26 хуудас/

           Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 120 дугаартай шинжээчийн:

         “ 1. Д.Б-ын биед гэмтэл тогтоогдлоо.

         2.Д.Б-ын биед тархи доргилт, хөмсөгт шарх, зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт, шуунд зулгаралт тухайн хэсгийн зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.

         3. Дээрх гэмтлүүд нь хязгаарлагдмал гадаргуутай зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

         4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархи доргилт, хөмсөгт шарх, зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт  гэмтлүүд тус тусдаа болон нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  Шуунд үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

        5. Дээрх гэмтэл нь  бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32-34 хуудас/

 

        Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комиссын 2021 оны 06 сарын 21-ны өдрийн 28 дугаартай: “Дугуй захтай даавуун эрэгтэй хүний цамц 40.000 төгрөг, Эрэгтэй хүний юүдэнтэй урд хэсгээрээ цахилгаантай цамц 20.000 төгрөг” гэх эд зүйлд үнэлгээ хийсэн акт /хх-ийн 54 хуудас/

 

         Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комиссын 2021 оны 06 сарын 21-ны өдрийн 30 дугаартай: “даавуун фудволк 80.000 төгрөг” гэх эд зүйлд үнэлгээ хийсэн акт /хх-ийн 57 хуудас/

 

         Гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 хуудас/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

1.Үйл баримтын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч П.Ц нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр 12б байрны гадна талд 2021 оны 04 дүгээр сарын 22-ны орой хохирогч Д.Б-тай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Б.М-ыг өргөдлөө өгөхгүй юу хийж яваа юм гэж хэллээ” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний баруун нүд хэсэгт гараараа цохиж, тархи доргилт, хөмсөгт шарх, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна. 

2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Шүүгдэгч П.Ц нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр 12б байрны гадна талд 2021 оны 04 дүгээр сарын 22-ны орой хохирогч Д.Б-тай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Б.М-ыг өргөдлөө өгөхгүй юу хийж яваа юм гэж хэллээ” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний баруун нүд хэсэгт гараараа цохиж, тархи доргилт, хөмсөгт шарх, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Ц-ын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Д.Б-ын “...М, Ц 2 тамхи татаад зогсож байсан. Би тэр хоёртой уулзаад М-ыг тоглоомоор “архи уучихсан юм уу? хөгшөөн, ажлаа өгөх гэж байгаа юм уу” гэж хэлээд М-тай маргалдаж байтал Ц “чи юу мэддэг юм, жолооч юм байж гэж хэлээд над руу дайрсан. Намайг цохих гээд гараа савах үед нь би хойш бултаад Ц-ыг бариад автал Ц миний гар руу цохиод тавиулсан. Тэгтэл М миний араас тэврээд Ц миний баруун нүд хэсэгт гараараа цохисон. Тухайн үед миний баруун хөмсөгнөөс цус гарч эхэлсэн. Миний биеийн нүүр толгой хэсэгт цохиж байсан. П.Ц-т зодуулсны улмаас миний баруун нүд хөхөрсөн, баруун хөмсөг задарч 4 оёдол тавиулсан” гэх,

гэрч Б.М-ынЦ намайг оруулж өгөхөөр байрны орцны үүдээр ортол өөдөөс Б гарч ирсэн. Тэгэхээр нь би “юу байна хөгшөөн” гэхэд Б “чи өргөдлөө өгөхгүй юу хийж яваа юм” гэж хариулсан. Тэгтэл Ц “та өргөдөл авдаг болсон юм уу” гэж хэлэхэд Б нь Ц-ын нүүр хэсэгт нэг удаа гараараа цохисон. Б-д цохиулсны улмаас Ц-ын хамраас цус гарч эхэлсэн. Тэгээд Ц, Б 2 зууралдаад орцноос гарсан. Би араас нь гартал нөгөө 2 зууралдаад хэрэлдэж маргалдаж байсан.” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч М.Б-ийн2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 120 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч П.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч П.Ц-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч П.Ц-ыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

           3.Эрүүгийн хариуцлагын талаар:

       Шүүгдэгч П.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлснийг Эрүүгийн хуулийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “...шүүгдэгч П.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчээс 60.000 төгрөг гаргуулан хохирогчид олгох, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг шийтгэх тогтоолд дурдуулах ”,

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч С.Т: “...П.Ц-т улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял халдааж байгаад маргах зүйлгүй. П.Ц нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг анх удаа үйлдсэн. Хохирогчид учирсан болон цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан үзэж улсын яллагчийн зүгээс оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хамруулж өгнө үү” гэх саналуудыг тус тус гаргажээ.

 

Шүүгдэгч П.Ц-ын  2021 оны 04 сарын 22-ны өдөр үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байгаа бөгөөд өмнө нь мөн хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлээгүй, 6 дугаар зүйлд заасан ялаас өршөөн хасах, 7 дугаар зүйлд заасан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих, 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулахгүй нөхцөлүүдэд хамаарахгүй тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох” нөхцөл, шаардлагыг хангаж байна.

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлага хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж өршөөлд хамрагдах гэмт хэргийн төрөлд оруулан хуульчилсан байх тул П.Ц-т холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч П.Ц-т Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

           4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

          Шүүгдэгч П.Ц ын үйлдлийн улмаас хохирогч Д.Б ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд эмнэлэгт үзүүлж оёдол тавиулсны төлбөр, шүүхийн шинжилгээний албанд төлсөн төлбөр зэргийг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн боловч шүүхэд хохирол төлбөртэй холбоотой ямар нэгэн баримт ирүүлээгүй тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ. Харин хохирогчийн  тухайн үед өмсөж явсан цамц, фудволкны үнэ 140.000 төгрөгийг шүүгдэгч П.Цаас гаргуулж, хохирогч Д.Б-д олгохоор шийдвэрлэлээ.

          5.  Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч П.Ц нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдлаа.

Хохирогч Д.Б-д шүүх хуралдааны товыг 2021 оны 09 сарын 01-ний өдөр мэдэгдсэн байх боловч хохирогч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, мөн шүүх хуралдаанд оролцох талаар шүүхэд хүсэлт ирүүлээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд оролцох тухай бичгээр хүсэлт гаргасан нөхцөлд хохирогчийг оролцуулна”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан байх тул түүнийг оролцуулахгүйгээр шүүгдэгч П.Ц-т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

   1. Шүүгдэгч Ж овогт П-ийн Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

     2. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ц-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

     3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заасугай.

           5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ц-аас 140.000 /нэг зуун дөчин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Д.Б-д олгосугай.  

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ц-т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.УУГАНБАЯР