Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/75

 

  

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

          Улсын яллагч Б.С

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А

          Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Б-д холбогдох эрүүгийн 2122000000077 тоот  хэргийг 2021 оны  06 дугаар сарын 16-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

   Шүүгдэгч П.Б нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Hybrid” авто засварын газарт 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хохирогч Ж.Э-тай машины салхины шил муу нааж өгсөн гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, хамар ясны хугарал, зовхинд зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 Шүүгдэгч П.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:  “2020 оны 08 сард машиныхаа салхины шилийг солиулах гэж засварын газар очсон. Миний машины шилийг сольж байгаад өөрийн хариуцлагагүй, аюулгүй байдлаа хангаагүйгээс болж нүд рүүгээ тороос хатгаж гэмтээсэн. Машины шил дутуу наачхаад хот явсан. Тэр хойгуур нь ажилчин нь гээд 2 залуу машины шил нааж өгсөн. 2-3 хоногийн дараа бороо ортол ус гоожсон. Тэгэхээр нь тэр залуу руу утсаар ярьсан. Дүү нь хотод эмчлүүлж явна гэсэн. Эмчилгээгээ дуусгачхаад очиж янзалж өгнө гэсэн. Хавар 2021 оны 4 сард бороо ороод салоноор нэвт ус гоожсон. Засварын газарт нь очоод мэнд усаа мэдэлцээд шилээ яах вэ? гэхэд миний нүдний машин байна гэсэн. Машиндаа жаахан сууж байгаад гараад засварын газар руу нь ортол машины тос солиод сууж байсан. Дүү ямар арга байна гэтэл наад машинаас чинь болоод олон сая төгрөгөөрөө хохирсон гэж хэл амаар доромжилсон.  Машин дороос гарч ирээд намайг заамдаад цамц фудволк ураад нэг цохисон. Би зөрүүлээд нэг л цохисон. Тэрний дараа лоом барьж ална гэж дайрсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Харилцаанаас харилцаа үүснэ гэж тийм л зүйл болсон гэв.

 

Иргэний нэхэмжлэгч П.Б-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би ноосон цамц фудволкны үнэ болох 25.000 төгрөгийг Ж.Эаас нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг

 

            Шүүгдэгч П.Б мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “ 2021 оны 04 сарын 28-ны өдөр 11 цагийн орчимд Боржигонд байдаг авто засварын газарт өмнө засуулж байсан машины шилнээс ус  гоожоод байхаар нь шилээ засуулахаар очсон.  Тэгээд засварчин залуутай уулзаад ус гоожоод байна яах вэ гэсэн. Нэг залуу хүрч ирж машиныг маань үзчихээд өө миний нүдний машин байна шүү дээ гэж хэлчихээд цаашаа яваад өгсөн. Тэгээд би машиндаа хэсэг сууж байгаад араас нь очтол нөгөө залуу машины тос солиод байж байсан. Дүү одоо би яах вэ? ямар арга байна гэсэн чинь нөгөө залуу муу хөгшин төгцөг чинь юм хийлгэчихээд гоншигоноод байдаг гэхээр нь би чамд мөнгийг чинь өгч танай засвараар хийлгэсэн гэж хэлсэн. Тэгтэл яасан олон юм хуцдаг муу пизда вэ? гээд намайг заамдаж авч миний цамц, фудволкыг ураад миний толгойны ар дагзны орчимд гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би тэр залуугийн нүүр рүү нь баруун гараараа нэг удаа цохисон. Тэр залуугийн хамраас нь цус гарсан. Би машинаасаа энэ резин хийх ёстой байсан гээд шилний жийргэвч резинийг гаргаж ирээд нөгөө залууд өгтөл тэр залуу барьж авснаа шидчихсэн. Би шидсэн газраас нь резинээ автал тэр залуу нохой шиг зуугаад яв өвгөн төгцөг минь гээд миний өөдөөс хүрээд ирэхээр нь би барьсан резинээрээ нуруу руу нь нэг удаа шавхуурдсан. Тэгээд тэр залуу цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 44 хуудас/

          Хохирогч Ж.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 11 цагийн орчимд би Боржигоны 29-1 тоотод байх Hybrid засварын газарт ажлаа хийгээд байж байтал гаднаас үл таних хүн орж ирсэн. Тэр хүн 2020 оны хавар байх намайг машины шил солиод өгөөч гээд гуйгаад байдаг байсан. Харин би завгүй гээд сольж өгдөггүй байсан. Ингээд 2-3 удаа гуйгаад байхаар нь би машиных нь шилийг солих гээд троссоор шилний силконыг зүсч байтал тросс нь тасраад би нүд рүүгээ абтёрка зоосон. Ингээд би аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлтэл нүдний салст оёх газар байхгүй гэсэн. Улаанбаатар хотод очоод эмнэлэгт хэвтэж байхад шилээ солиулах гэж байсан хүн над руу залгаад машинаа угаалгасан чинь ус гоожоод байна гэж хэлсэн. Би эмнэлэгт байна, та өөрөө намайг гэмтэл авсныг харсан шүү дээ гэж хэлсэн. Ингээд тэр хүн над руу дахиж нэг ч удаа залгаагүй, над дээр ирээгүй. Энэ хооронд намайг нүдээ гэмтээчихсэн болохоор гражийн эзэн болох Сүхчулуун /90908190 дугаарын утастай/ гэдэг хүн машиных нь шилийг нь нааж өгсөн юм байна лээ. Ингээд өнөөдөр 11 цагийн үед шил наалгасан хүн ирээд ус гоожоод байна, шилнийхээ учрыг олж өг гэхээр нь би наад асуудлыг чинь мэдэхгүй наадхаас чинь болж нүд рүүгээ абтёрка зоосон. Одоо та өөр газраар янзлуул гэсэн чинь тэр хүн чиний чадваргүйнх биз дээ гээд бид хоёр хэрэлдсэн. Би машины тос сольж байсан ба тосоо хүлээлгээд байж байтал нөгөө хүн миний хойноос ирээд мөрнөөс татаад эргүүлсэн. Би цааш нь түлхтэл нөгөө хүн чинь намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд заамдаж аваад татсан чинь цамц нь урагдчихсан. Тэр хүн миний хамрын орчимд гараараа нэг удаа цохисон. Тэгээд нүдэнд оч манараад би тэр хүнээс зугтаагаад утсаараа бичлэг хийсэн. Нөгөө хүн чинь машинаасаа шилний хүрээнд хийдэг резин шиг зүйл гаргаж ирээд энийг наах ёстой гэхээр нь би булааж аваад цааш нь шидтэл нөгөө хүн резин шиг зүйлээ барьж аваад миний нуруу руу хоёр удаа, толгой руу 1 удаа ороолгосон. Тэгээд Сүхчулуун ах гарч ирээд эмнэлэг цагдаа дуудсан. Гомдолтой байна, эмчилгээний зардал мөнгө төлүүлнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 хуудас/

Гэрч Д.С-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 12 цагийн үед авто засвар дотроо дугуй янзлаад байж байсан. Манай дугуй засвар машин засвар хоёр залгаа байдаг юм. Би хүний дугуй янзалчихаад нөгөө хүн маань дугуйгаа аваад гарахдаа гадаа хүн зодолдоод байна гэхээр нь гараад очсон. Тэгтэл манай машин засвар ажиллуулдаг Эыг таксины жолооч Б гээд залуу зодсон байсан. Тухайн үед Эын хамраас нь цус гараад доошоо урссан байдалтай байсан. Б гээд залуугийн цамц нь урагдсан биед нь ил гэмтэл, шарх харагдаагүй. Би юу болсон талаар тодруулахад өмнө жил буюу 2020 оны 07, 08 сарын үед байх Э Б-ийн машины шилийг солих гэж байгаад шилнийх нь талыг хуулаад, талыг нь хуулж чадаагүй. Э нүдээ гэмтээгээд Улаанбаатар хот руу явсан юм. Тэгээд Б яах вэ? Гэж асуухаар нь би шил нааж үзээгүй. Харин нааж байхыг харсан гэж хэлэхэд Б наалгая гээд надаар машиныхаа шилийг наалгасан юм. Тэгээд силкон нь хатаагүй байхад Б өөрөө таксины дуудлага ирээд байна гээд унаад явчихсан. Тэр шил нь ус гоожоод байна гээд өнөөдөр хүрч ирээд Э-тай муудалцсан юм байна лээ. Би гарч харчихаад буцаад дугуй засвар руу орчихоод  гараад ирэхэд цагдаа ирчихсэн Э Б хоёрыг аваад явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуудас/

Иргэний нэхэмжлэгч П.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2021 оны 04 сарын 28-ны өдөр Боржигоны засварын газарт өмнө нь машиныхаа урд салхины шилийг янзлуулж байсан залуу дээр  шил рүү ус нэвтрээд байсан болохоор янзлуулах гэж очсон. Намайг хэл амаар доромжилж, миний хувцаснаас заамдан өмсөж явсан ноосон цамц болоод фудволкыг маань урсан юм. Би ноосон цамцаа өнгөрсөн оны намар 40.000 төгрөгөөр худалдан авч байсан, фудволкыг 2 жилийн өмнө 10.000-15.000 төгрөгөөр худалдан авч байсан. Хувцаснууд маань нийлээд 25.000 төгрөгөөр үнэлэгдсэн байна. Энэ мөнгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг  /хх-ийн 17 хуудас/

Иргэний хариуцагч Ж.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “2021 оны 04 сарын 28-ны өдөр П.Б гэх хүн намайг цохичихоод заамдаж барьсан байхад нь би түүнийг мөрөн дээрээс нь татсан чинь цамц нь урагдсан. Дараа нь Б намайг хар резинээр нь шавхуурдахаар нь би тэр резинийг нь гараас нь булаах гэж байгаад хувцаснаас нь татахад фудволк нь урагдсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/

 

           Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 122 дугаартай шинжээчийн:

         “ 1.Ж.Э-ын биед хамар ясны хугарал, зовхинд зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл байна.

         2.Дээрх гэмтэл нь хязгаарлагдмал хатуу гадаргуутай зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

         3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

        4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

        5. Дээрх гэмтэл нь  бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-25 хуудас/

 

        Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комиссын 2021 оны 05 сарын 10-ны өдрийн 29 дугаартай: “ноосон цамц 20.000 төгрөг, даавуун фудволк 5.000 төгрөг, нийт 25.000 төгрөг гэх эд зүйлд үнэлгээ хийсэн акт /хх-ийн 32-33 хуудас/

 

         Хохирогчоос ирүүлсэн хохирлын талаарх баримтууд /хх-ийн 76-82 хуудас/

 

         Хохирогчийн тайлбар, дансны хуулга /хх-ийн 83-91 хуудас/

 

         Гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 хуудас/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

1.Үйл баримтын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч П.Б нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Hybrid” гэх авто засварын газарт 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хохирогч Ж.Э-таймашины салхины шил муу нааж өгсөн гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, хамар ясны хугарал, зовхинд зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна. 

2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Шүүгдэгч П.Б нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Hybrid”  авто засварын газарт 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хохирогч Ж.Э-тай машины салхины шил муу нааж өгсөн гэх шалтгаанаар маргалдан түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд ньхамар ясны хугарал, зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б-ы гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Ж.Э-ын“...Би машины тос сольж байсан ба тосоо хүлээлгээд байж байтал нөгөө хүн миний хойноос ирээд мөрнөөс татаад эргүүлсэн. Би цааш нь түлхтэл нөгөө хүн чинь намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд заамдаж аваад татсан чинь цамц нь урагдчихсан. Тэр хүн миний хамрын орчимд гараараа нэг удаа цохисон. Тэгээд нүдэнд оч манараад би тэр хүнээс зугтаагаад утсаараа бичлэг хийсэн. Нөгөө хүн чинь машинаасаа шилний хүрээнд хийдэг резин шиг зүйл гаргаж ирээд энийг наах ёстой гэхээр нь би булааж аваад цааш нь шидтэл нөгөө хүн резин шиг зүйлээ барьж аваад миний нуруу руу хоёр удаа, толгой руу 1 удаа ороолгосон. ” гэх,

гэрч Д.С-ы“2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 12 цагийн үед авто засвар дотроо дугуй янзлаад байж байсан. Манай дугуй засвар машин засвар хоёр залгаа байдаг юм. Би хүний дугуй янзалчихаад нөгөө хүн маань дугуйгаа аваад гарахдаа гадаа хүн зодолдоод байна гэхээр нь гараад очсон. Тэгтэл манай машин засварыг ажиллуулдаг Э-ыг таксины жолооч Б гээд залуу зодсон байсан. Тухайн үед Э-ын хамраас нь цус гараад доошоо урссан байдалтай байсан. Б гээд залуугийн цамц нь урагдсан биед нь ил гэмтэл, шарх харагдаагүй. ” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч М.Б-ийн 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 122 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч П.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч П.Б-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч П.Б-ыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

           3.Эрүүгийн хариуцлагын талаар:

  Шүүгдэгч П.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь “...шүүгдэгч П.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох, хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалингаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг шийтгэх тогтоолд дурдуулах саналтай”,

       Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч Б.Алтандөш: “...шүүгдэгч П.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлсөн. Хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалинг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, П.Б-ы үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой” зэргийг харгалзан үзнэ үү гэх саналуудыг тус тус гаргажээ.

 

Шүүгдэгч П.Б-ы 2021 оны 04 сарын 28-ны өдөр үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байгаа бөгөөд өмнө нь мөн хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлээгүй, 6 дугаар зүйлд заасан ялаас өршөөн хасах, 7 дугаар зүйлд заасан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих, 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулахгүй нөхцөлүүдэд хамаарахгүй тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох” нөхцөл, шаардлагыг хангаж байна гэж үзлээ.

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлага хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж өршөөлд хамрагдах гэмт хэргийн төрөлд оруулан хуульчилсан ба улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан санал үндэслэлтэй байна.

 

 Шүүгдэгч П.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2122000000077 дугаартай хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

           4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

          Шүүгдэгч П.Б-ы үйлдлийн улмаас хохирогч Ж.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эрүүл мэндийн үйлчилгээ болон эм тариа авсан талаар 123.990 төгрөгийн баримт ирүүлснийг шүүгдэгч 2021 оны 07 сарын 21-ний өдөр төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргаж өгсөн мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Харин хохирогч Ж.Э нь ажилгүй байсан хугацааны цалин /14х340.000= 4.760.000/ 4.760.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн боловч хохирогчийн нотлох баримтаар ирүүлсэн дансны хуулгыг үндэслэн түүний ажилгүй байсан  хугацааны цалинг тооцох боломжгүй байна. Өөрөөр хэлбэл хохирогч П.Б-д зодуулсны улмаас толгойдоо доргилт авч 14 хоног хэвтрийн дэглэм барьж хөдөлмөрийн чадвараа түр алдсан гэх боловч энэ ямар хугацаа хамаарч байгаа нь тодорхойгүй, хохирогчийн цалингийн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

          5.  Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч П.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 118 см урттай хар өнгийн нарийн резин мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлж, битүүмжилсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, иргэний нэхэмжлэгч П.Бнь иргэний хариуцагч Ж.Э-аас ноосон цамц, даавуун фудволкны үнэ 25.000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурдлаа.

Хохирогч Ж.Эд шүүх хуралдааны товыг 2021 оны 07 сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд ирэхэд нь мэдэгдсэн байх боловч хохирогч 2021 оны 07 сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, мөн шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлт ирүүлээгүй тул түүнийг оролцуулахгүйгээр шүүгдэгч П.Б-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

   1. Шүүгдэгч Б овогт П-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

     2. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт П-ийн Б-д холбогдох 2122000000077 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай. 

 

    3. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 118 см урттай хар өнгийн нарийн резин мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

           5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.Э нь цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин 4.760.000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, иргэний нэхэмжлэгч П.Б иргэний хариуцагч Ж.Э-аас ноосон цамц, даавуун фудволкны үнэ 25.000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.УУГАНБАЯР