| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2021/0059/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/62 |
| Огноо | 2021-04-06 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Э |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 2021/ШЦТ/62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат
Улсын яллагч Г.Э
Шинжээч Д.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Д
Шүүгдэгч С.Ө нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ө-д холбогдох эрүүгийн 2122000480053 тоот хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч С.Ө нь Дундговь аймгийн Баянжаргалан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хөөт” гэх газарт 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хохирогч О.М-той тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг цохих, өшиглөх зэргээр биед нь халдаж биед баруун 6, 7, 8-р хавирганы хугарал, тархи доргилт, уруулын салстад шарх, уруул, хүзүүний зөөлөн эдийн няцрал цус хуралт, хацарт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
- Шүүгдэгч С.Ө шүүхийн хэлэлцүүлэгт “ 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр О.М, С.О хоёр Баянжаргалан суманд хүн хүргэж өгье, ханиндаа яваад ирье гээд бид хамт явсан. Орой 19 цагийн үед Баянжаргалан сум ороод сумаас цааш 50 километрт Пыг гэрт нь хүргэж өгчихөөд шөнийн 23 цагийн үед буцаж явж байгаад төөрөөд үүрийн 05 цагт Баянжаргалан суманд бензины шар гэрэл асаад ирсэн. Тэндээ колонк нээхийг хүлээж унтсан. Тэгээд 10 цаг өнгөрөөгөөд колонкоос бензин аваад таньдаг айлдаа очиж хоол, цай идчихээд 12 цагийн үед Гурвансайхан сум руу 0.75, 0.5 литрийн хоёр шил “Хараа” архи аваад гарсан. Түүнийг Баянжаргалан сумаас гараад гурвуулаа хувааж уугаад хөдлөөд явсан. Гэтэл О.М ширүүн давхиад байхаар нь болгоомжтой, зөөлөн яв гэсэн чинь О.М над руу уурлаад би өөрөө машинаа мэдэж байна гээд машинаа орхиод алхаад явчихаар нь араас нь очтол О.М эргэж хараад намайг цохисон. Тэгээд хоёул нилээн зууралдсан. О.М над дээр гараад толгой руу 2, 3 удаа цохиод боох гэж оролдохоор нь би өвдөглөсөн. Тэгээд цамцны малгайгаар намайг боогоод би ухаан алдсан байсан. Сэртэл хөдөө ганцаараа хэвтэж байсан. Босоод өндөр овоон дээр гартал харагдахгүй болохоор нь баруун зүгийг бариад нар шингэтэл алхсан. Нилээн алхаж байтал мотоцикльтой хүн таараад Гурвансайхан сумын хамгийн ойр айлд хүргүүлсэн. Айл айл дамжиж яваад шөнө 23 цагийн үед Гурвансайхан суманд гэртээ хүргүүлсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
- Шинжээч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “С.Ө-д 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр үзлэг хийсэн. Мэдрэлийн үзлэг хийхэд нүдний алимны чичирхийлэлтгүй, давсагны булчингийн хөшилт байгаагүй, хүүхэн харааны хэлбэр нь хоёр талд жигд байсан. Биед нь үүссэн хөхрөлт, зулгаралтыг хуучин гэмтэл гэж үнэлсэн. Эдгээр үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй учраас гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж үзсэн” гэв.
- Шүүгдэгч С.Ө-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “..2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр манай найзууд болох О.М, С.О хоёр П гээд манай үеэл дүүг Баянжаргалан сум хүргэж өгнө хамт явах уу гэхээр нь дагаад явсан. Тэгээд Гурвансайхан сумаас 15 цагийн орчимд хөдөлсөн. Орой 18-19 цагийн орчимд Баянжаргалан суман дээр очсон. Тэгтэл П-ыг тосч авах ёстой байсан хүн нь ирэх боломжгүй болоод П бид нарыг хөдөө гэр лүү хүргээд өгчих гэсэн. Тэгээд хүргэж өгөөд шөнөдөө О.М, С.О бид гурав буцаад Баянжаргалан сум руу явсан. Сумын төв рүү ороход 23-ны өдрийн үүрийн 04 цаг болж байсан. Тэгээд машины бензин дуусаад колонк онгойхыг хүлээж машиндаа унтацгаасан. Өглөө 10 цагт колонк онгойгоод машиндаа бензин аваад дэлгүүрээс 1 шил 0.75 литр, 1 шил 0.5 литрийн савлагаатай “Хараа” архи аваад Баянжаргалан сумаас 3-4 километр холдож зогсоод архиа бид гурав хувааж уугаад өдөр 12-13 цагийн орчимд Гурвансайхан сум руу хөдөлсөн. Мягмардорж ширүүн яваад байхаар нь би зөөлөн яв гэсэн. Тэгтэл О.М машинаа зогсоогоод чи тэгвэл энэ машиныг барихгүй юу, би өөрийнхөө машиныг яаж барихаа мэдэж байна гээд уурлаад машинаас буугаад алхаад явчихсан юм. Тэгэхээр нь би машиныг нь унаж хойноос нь очсон. Түлхүүрийг нь сугалаад машинаас нь буугаад О.М-ид аваачиж өгсөн чинь О.М эргэж хараад миний нүүр лүү гараараа нэг удаа цохиход миний хамрын доод хэсэг буюу дээд уруулын орчимд туссан. Тэгэхээр нь би зөрүүлээд О.Мийн уруул орчимд нь зүүн гараараа нэг удаа цохисон юм. Тэгээд баруун гараараа О.Мийг заамдсан байсан чинь О.М миний заамдсан гарыг бугуйн дээрээс барьж аваад мушгиж тавиулсан. Тэгэхээр нь би бүтэн эргэж гараа тавиулчихаад зууралдаад газар унасан. Бид хоёр хэсэг дээр доороо орж ноцолдож байгаад О.М миний нүүр лүү цохичих гээд байхаар нь гараараа нүүрээ хаахад толгой руу хоёр удаа цохичихоод боссон. Миний зүүн гарын булчин орчимд дэвссэн тэгээд цаашаа машиндаа суухаар яваад өгсөн. Хойноос нь очтол О.М миний гэдэс рүү гараараа нэг удаа цохичихоод миний өмсөж явсан малгайтай цамцны захаар боосон. Тэгээд би ухаан алдчихсан юм шиг байна лээ. Нэг сэрэхэд ганцаараа хээр хэвтэж байсан. Босоод ойр хавийн өндөр овоонууд дээр гарсан боловч ойр хавьд айл байгаагүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуудас/
-Хохирогч О.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хөөтийн уурхайн урд явж байхад С.Ө хэрүүл өдөөд байхаар нь би пизда минь чамаар доромжлуулахгүй шүү гээд хэлсэн чинь Өлзийнаран чи муу намайг барахгүй шүү гээд арын суудал дээр сууж явснаа намайг араас үсдээд хоёр суудлын хоорондуур арагш дарж байгаад зодсон. Тэгээд би машинаа шууд зогсоотол миний араас боогоод толгой, цээж, нүүр рүү цохиод эхэлсэн. С.О бид хоёрыг салгахаар нь би буугаад явган зугтаасан, гэтэл С.Ө араас машин унаж ирээд ахиад бариад авсан. Би өөдөөс нь барилцаад авсан чинь унагааж доороо хийж байгаад дэвсээд өшиглөөд байсан. Би босоод машиндаа ороод машинаа унаад зугтаасан. Гомдолтой байна, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 хуудас/
- Гэрч С.О-ын“...2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянжаргалан суманд архи ууж байгаад өдөр Гурвансайхан сум руу гараад явсан би унтаж явсан болохоор юунаас болж хэрэлдсэнийг нь мэдэхгүй, нэг сэрсэн чинь тэр хоёр машинаас буучихсан зодолдож байсан. Мягаа машиндаа орж ирээд шууд давхисан. С.Ө газар хэвтэж байсан. Тэгээд би Мягаа та хоёр зодолдохоо болилдоо эргэж очиж авъя гэж хэлсэн чинь шууд чигээрээ сум руу давхисан. Суман дээр ирээд шууд намайг буулгачихаад давхисан. С.Ө-г мэдэхгүй, О.М уруул нь хавдсан байсан, явж байхдаа хавирга өвдөөд байна гэж байсан” гэх мэдүүлэг /хх- ийн 11-12 хуудас/
-Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Б-ийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн:
1 .О.М-ийн биед баруун 6, 7, 8-р хавирганы хугарал, тархи доргилт, уруулын салстад шарх, уруул, хүзүүний зөөлөн эдийн няцрал цус хуралт, хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна.
3. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх 71 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн узүүлэлт /хх-ийн 15-17 хуудас/
-Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Дгийн С.Ө-ийн биед үзлэг хийсэн 2021 оны 03 дугаар сарын 05- ны өдрийн:
1. С.Ө-ийн биед хэвлийн зулгаралт, цээж, хэвлий, уруул, баруун зүүн буглаганд цус хуралт, баруун тохойд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Эрүүл мэндийг сарниулахгүй тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх шинжээчийн 78 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-24 хуудас/
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02 хуудас/
-Хохирогч О.М 2021 оны 02 сарын 23-ны өдөр эмнэлгийн яаралтай тусламж авсан тухай хуудас /хх-ийн 3-4 хуудас/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч С.Ө нь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 сарын 23-ны өдөр хохирогч О.М-ийг газар унагааж дэвсэж, өшиглөх зэргээр бие махбодод нь халдсаны улмаас хохирогч О.М-ийн эрүүл мэндэд “6,7,8 дугаар хавирганы хугарал, тархи доргилт, уруулын салстад шарх, уруул хүзүүний зөөлөн эдийн няцрал цус хуралт, хацарт зулгаралт” бүхий хүндэвтэр гэмтэл /хохирол/ учруулсан үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүгдэгч С.Ө-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.Ө-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нарийн шалгаж тогтоогоогүй, хохирогч О.М нь С.Ө-г 02 дугаар сард өвлийн хүйтэнд хээр орхиж явсан үйлдэл гэмт хэргийн шинжтэй юу гэдийг тогтоолгохоор хэргийг прокурорт буцаах саналтай гэж мэтгэлцэж байх боловч энэ талаарх гомдлоо эрх бүхий байгууллагад гаргаж шалгуулах эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогч гомдолтой гэж мэдүүлсэн, түүний хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Хохирогч О.М-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нэхэмжлэлийн талаар баримт ирүүлээгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй гэж үзлээ.
5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч С.Ө нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.М нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч И овогт С-ын Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч И овогт С-ын Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ө нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
5. Шүүгдэгч С.Ө нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ө-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР