| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2021/0058/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/61 |
| Огноо | 2021-06-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.С |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат
Улсын яллагч Б.С
Хохирогч Б.Г, Ё.А
Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Б-т холбогдох эрүүгийн 2122000430069 тоот хэргийг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч О.Б нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар согтуурсан үедээ 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 20 цагийн үед тус аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар багийн нутаг Айраг 8 дугаар гудамжинд байх усны худгийн хажууд “Худгийн хажууд шээлээ” гэх шаардлагыг эсэргүүцсэнд дургүйцэн хохирогч Б.Г-ийн тээврийн хэрэгслийн түлхүүрийг булааж авч маргаан үүсгэн улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, мөн хохирогч С.А-ийг“өөдөөс нулимж, хэл амаар доромжлолоо” гэх шалтгаанаар үснээс нь чирэх, гар луу нь цохих зэрэг аргаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
- Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт “мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.
- Шүүгдэгч О.Б мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “..2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 20 цагийн үед би гэрээс найз Батцэнгэлийн хамт гарч хашааны зүүн талд байх худгийн урдуур явж байтал худгийн хажууд нэг хүн шээгээд зогсож байсан. Би тэр хүнд хандан “наанаа шээхээ боль, манай хүүхдүүд наанаас чинь ус авдаг юм” гэж хэлэхэд “хуруу гараа гозолзуулан, май гэж хэлсэн”, би уурлан тухайн хүнтэй хэрүүл маргаан хийж байгаад тухайн хүнийг өргөөд цааш нь шидсэн. Тэгтэл нэг эмэгтэй ирээд намайг хэл амаар доромжлон миний нүүр лүү нулимж надтай зууралдан тухайн үед миний өмсөж явсан цэнхэр өнгийн малгайтай цамцыг урсан. Уг эмэгтэйтэй зууралдаад байж байх үед манай эхнэр Б.Д ирээд намайг тэр эмэгтэйтэй зууралдаж байхыг болиулан гэр лүү авч явсан. Тухайн өдөр Ё.А гэх эмэгтэй миний цамцнаас барьчихаад тавихгүй байсан тул би гарыг нь тавиулах гээд цааш нь түлхэх, гар луу нь цохих үйлдэл хийсэн. Тухайн үед санаандгүй байдлаар Ё.А гэх хүний нүүр ам хэсэгт нь хүрсэн байж магадгүй. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-57 дахь тал/
- Хохирогч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “..20 цагийн үед дэлгүүр хаасан байсан. 8-р усан сангаас ус авах гэж очоод эхнэрийг ус хийж байх хооронд Зүүн цагааны замын хажууд байх овгор шорооны тэнд бие засаад эргэхэд О.Б-тай таарсан. Миний буруу ахыгаа уучлаарай гэж хэлсэн. Надад нэхэмжлэх хохирол байхгүй, гомдол саналгүй. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагагүй ” гэв.
- Хохирогч Б.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.. 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 20 цагийн үед эхнэр Ё.А-ийн хамт 09-68 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8-р баг Айргийн 8 дугаар гудамжинд байрлах худаг дээр ус авах гэж очоод эхнэр Ё.А савандаа ус хийгээд зогсож байх үед би худгаас зүүн тийш байх овоолсон шорооны хажууд очиж хөнгөнөөр бие засаад байж байтал хоёр согтуу залуу гарч ирээд надад хандан цэнхэр цамцтай залуу нь “яагаад худгийн хажууд бие засаад байгаа юм. Би наад уснаас чинь уудаг юм гэж байсан. Би хариуд нь “намайг уучлаарай, би яаруу ажилтай явж байна” гэж хэлээд худаг дээр очиж, эхнэрийн хамт савтай усаа машиндаа тавьчихаад машинаа асаагаад явах гэтэл нөгөө хоёр залуу гүйж ирээд цэнхэр цамцтай нь машины түлхүүрийг булаагаад авсан. Би машинаасаа бууж түлхүүрээ авъя гэтэл тэр цэнхэр цамцтай залуу нь “чаддаг юм бол ав” гээд баруун гартаа атгачихсан байсан. Би түлхүүрээ салгаж авах гээд ноцолдож байтал тэр залуу намайг өргөөд шидчихсэн. Би босох гэж байтал нөгөө залуу /хар хувцастай/ нь ирээд миний зүүн хөлийн шилбэ хэсэг рүү өшиглөсөн. Би босоод миний хөл рүү өшиглөсөн залууг түлхтэл унасан.Тэгээд цааш явтал цэнхэр цамцтай залуу нь манай эхнэрийг газар унагаагаад үснээс нь татаж байсан.Тухайн үед хар хувцастай, улаан малгайтай, 30 гаран насны 1 метр 70 орчим өндөртэй 30 орчим насны туранхай эмэгтэй, 10 орчим насны эмэгтэй хүүхэд хоёр ирчихсэн нөгөө цэнхэр цамцтай залууг болиулж байсан.Тэр хүүхэд цэнхэр цамцтай залууг нь “ааваа боль” гэж байсан, “нөгөө эмэгтэй нь боль явъя” гэж байсан.Тэгж байгаад тэр хүмүүс худгийн хойд гудамжаар баруун тийш яваад өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 7-8 дахь тал/
- Хохирогч Ё.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... 2021 оны 01 сарын 20-ны өдөр дэлгүүрээ хаагаад 8-р багийн худгаас ус аваад зогсож байтал өвгөн чи усаа хийж бай гээд цаашаа явсан. Тэгээд усаа хийж дуусаад уучлаарай миний дүү ахынх нь буруу гэж хэлээд машинаа асаагаад хөдлөх гэтэл түлхүүр булаагаад авсан. Манай хүн түлхүүрээ авах гэж буугаад энэ хүнтэй зууралдаж зодолдсон. Тэгээд би чи яагаад хүнд гар хүрдэг юм бэ? гэж хэлтэл намайг куртикнээс дарсан байсан. Уг нь нүүр ам руу бол цохиогүй. Тэгтэл миний шүд, ам хөхөрсөн хацарнаас цус гарсан байсан. Тэгж байтал нэг жаахан эмэгтэй хүүхэд ирчихсэн тэр залууг “ааваа боль” гээд уйлж байсан. Тэгтэл бас нэг эмэгтэй ирчихсэн энэ залууг боль гээд татаж чангаагаад худгийн хойшоо гудамжаар баруун тийш явсан. Би тухайн үед бухимдсандаа болоод нулимсан, хэл амаар доромжилсон асуудлыг санахгүй байна. Хэрэв тийм үйлдэл гаргасан бол эгчийгээ уучлаарай. Надад хохирол 190.000 төгрөг төлсөн. Би шүдээ хийлгэж авсан. Миний бие зүгээр байгаа, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагагүй, нэхэмжлэх хохирол байхгүй, гомдол саналгүй” гэв.
-Хохирогч Ё.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 20 цагийн үед нөхөр Б.Г-ийн хамт 09-68 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг Айргийн 8 дугаар гудамжид байрлах худаг дээр ус авах гэж очсон. Ганхуяг машинаа асааж хөдлөх гэтэл хоёр залуу гүйж ирээд машины түлхүүр булаагаад авсан. Манай нөхөр түлхүүрээ авахаар машинаас бууж нэг залуутай нь ноцолдож эхэлсэн. Би машинаас буугаад очтол цэнхэр цамцтай биерхүү залуу нь манай нөхөр Б.Гийг өргөөд цааш шидэж байсан. Би уурлан нөгөө залууд хандан “чи яахаараа хүн уучлал гуйгаад байхад ингэж харьцаад байгаа юм” гээд загнаж машиныхаа түлхүүрийг авахаар ноцолдоод байж байтал намайг газар унагаагаад миний үснээс татаж чирсэн.Тэгж байтал нэг жаахан эмэгтэй хүүхэд ирчихсэн тэр залууг “ааваа боль” гээд уйлж байсан. Тэгтэл бас хар куртиктэй, улаан малгайтай эмэгтэй ирчихсэн тэр залууг боль гээд татаж чангаагаад худгийн хойшоо гудамжаар баруун тийш аваад явсан. Би араас нь дагаж явтал урд талынх нь хашааг даваад явсан. Миний баруун хөлийн шилбэний хэсэг, зүүн гарын дунд хуруу хөхөрч хавдсан байсан. Дээд эрүүний үүдэн шүд хөдөлж байгаа. Тухайн үйл явдал болохоос өмнө миний шүд хөдөлгөөнгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дахь тал/
-Гэрч Б.Д-ийн“...О.Б нь манай нөхөр байгаа юм. Гэрийн зүүн талд байх худаг дээр нэг эмэгтэйтэй зууралдчихсан хэрэлдээд байж байсан. Би очоод салгах гэтэл тэр эмэгтэйг манай нөхөр “та яагаад хүн рүү нулимж байгаа юм” гэж хэлж байсан. Харин тэр эмэгтэй намайг болон манай нөхрийг хэл амаар доромжлоод байсан. Би нөхрийгөө салгаж худгийн хойд талын гудамжаар баруун тийш аваад явсан...” гэх мэдүүлэг, /хх-н 20 дахь тал/
-Гэрч Ц.Б-ийн“...Тухайн өдөр найз О.Б-ын хамт архи ууж байгаад гэрт нь 20 цагийн үед очсон. Худгийн хажуугаар явж байтал худгийн хажууд нэг эрэгтэй шээгээд зогсож байсан. О.Б тухайн хүнд хандан “наанаа шээхээ болиоч энэ худгаас чинь хүмүүс ус авдаг юм” гэж хэлтэл “тухайн хүн хариуд нь гараа гозолзуулан май” гэх дуу сонсогдож байсан. О.Б уурлан тэр шээж байсан хүнтэй муудалцаад, маргалдаж байгаад өргөөд цааш нь шидсэн. Би тухайн үед их согтолттой байсан тул ихэнх зүйлийг санахгүй байна. О.Б бид хоёр их согтсон” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дахь тал/
- Гэрч Ч.О-ийн“Би тухайн хүний биед үзлэг хийсэн. Үзлэг хийхэд нүүрний хэм тэгш, эрүү, нүүр орчмын тунгалгийн булчирхай тэмтрэгдэхгүй, ам ангайлт чөлөөтэй, 21 дүгээр шүд, 32 дугаар шүд хөдөлгөөн орсон, тогшилтоор эмзэглэлтэй, буйл салст хэвийн байсан тул гэмтлийн гаралтай шүдний эмгэг хөдөлгөөн 2 дугаар зэрэг гэх онош тавьсан. Дээрх гэмтлийг шинэ, хуучныг тогтоох боломжгүй. Надад үзүүлсэн хугацаа нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тул хугацаа алдсан. Тухайн үйл явдлын хувьд ямар байрлалтай унаснаас хамаарч гэмтэл үүсэх, үүсэхгүй асуудал шийдэгдэнэ. Дээрээс нь дарж унасан хүн биеийн хатуу ястай хэсгээр доор байгаа хүний ам орчимд дарж унах үед дээрх гэмтэл нь үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дахь тал/
- Дундговь аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 31 дугаартай “...1,2 Ё.А-ийн биед зүүн дээд 1-р шүдний сулрал, хацар, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 32-33 дахь тал/
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
1.Үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч О.Б нь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 сарын 20-ны өдрийн 20 цагийн үед хохирогч Б.Г, Ё.А-ыг зодож бие махбодод нь халдсаны улмаас хохирогч Б.Г-ийн биед нь “тархи доргилт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл /хохирол/, хохирогч Ё.А-ийн биед нь “зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал хацар сарвуунд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл /хохирол/ учруулсан үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүгдэгч О.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.Б-ыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хохирогчид учирсан хохирлыг төлсөн, хохирогч нарын зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, улсын яллагчийн санал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Г гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирогч Ё.А хохиролд шүүгдэгчээс 190.000 төгрөг авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.
5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч О.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Г хохирол нэхэмжлэхгүй, хохирогч Ё.Алтанцэцэгт 190.000 төгрөгийг хохирол төлсөн, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдлаа.
Улсын яллагч шүүх хуралдаанд хохирогч нарын цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх санал гаргасан боловч хохирогч Б.Г, Ё.Анар нь шүүх хуралдаанд цаашид эмчилгээ хийлгэх шаардлагагүй гэж мэдүүлсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч С овогт О Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хоёр” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С овогт О Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч О.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжлүүлсэн зүйлгүй, хохирогч Б.Г хохирол нэхэмжлээгүй, хохирогч Ё.А-т 190.000 төгрөг төлсөн, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-турд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР