Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 141

 

     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2016/0152/Э/ 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ***
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** холбогдох ***  дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *** , улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
-1990 онд Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.2-т зааснаар 2 жил хорих ял, 
-1992 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 3 жил хорих ял, 
-1994 онд Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2, 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар нийт 5 жил хорих ял, 
-1995 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар 1 жил хорих ял,
-2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 1 жил хорих ял, 
-2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2, 145 дугар зүйлийн 145.2-т зааснаар нийт 4 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан. 

    Холбогдсон хэргийн талаар: 
    Шүүгдэгч *** нь 2016 оны 4 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр Шинэ хорооллын 4 дүгээр байрны *** байрлах “Компьютер сургалтын төв”-ийн хаалгаар нэвтрэн орж *** , *** нарын эд зүйлийг хулгайлж, нийт 4481100 төгрөгийн хохирол учруулсан,
    -2016 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг хуучин хорооллын *** байх *** гэрт нэвтрэн орж “windows surface” маркийн 32gb багтаамжтай таблет, нокиа-3011, нокиа 6303 маркийн, самсунг жи-5 маркийн гар утсууд, гоо сайхны багсны иж бүрдэл, улаан өнгийн хэтэвч, “Утенок” нэртэй 00 өрөөний суултуур цэвэрлэгч, luke life брэндийн нурууны бүс, бэлэн 174,500 төгрөг, 100 рубль зэргийг хулгайлж 1127500 төгрөгийн хохирол учруулсан, 
    -2016 оны 4 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн *** подвалд нэвтрэн орж *** эрэгтэй хүний куртка, бичиг баримт, картууд бүхий эрэгтэй хүний хэтэвч зэргийг хулгайлж, 251,500 төгрөгийн хохирол учруулсан, 
    -2016 оны 4 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Од” зочид буудлын өрөөнд нэвтрэн орж *** гар цүнх, гар утас, эмэгтэй хүний савхин хүрэм, хэтэвч, өмд, нүдний шил, хоолны сав, хуванцар усны сав, бэлэн 31000 төгрөг зэргийг хулгайлж 397,000 төгрөгийн буюу давтан үйлдлээр орон байранд нэвтэрч нийт 6257100 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/


ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч *** мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...2016 оны 4 дүгээр сарын 10-наас 2016 оны 4 дүгээр сарын 11-нд шилжих шөнө шинэ хорооллын 4 дүгээр байрны компьютер сургалтын төв дээр ирээд бүргэд хаалганы бариулыг дарж үзэхэд онгорхой байсан. Би дотогш орох гэтэл гэрэл унтраастай, гар чийдэн тусгаад харахад 2 хүний хажуу талаар нь скочоор багласан хоёр хайрцагтай зүйл байхаар нь аваад үүдний өрөөнд аваачиж тавьсан. Эргэж том өрөө уруу орж үүрдэг оосортой цүнхийг авч баруун талын мөрөнд үүрээд үүдэнд тавьсан хоёр хайрцагтай зүйлийг авч гараад голын 9 давхарт буюу 12 дугаар байрны 2 дугаар орцны подвалд орж нилээн цаашаа яваад 00-ын хажууд, дээрээс нь кардон цаас тавьсан. Подвалиас гарч ирээд эргэж компьютер сургалтын төв уруу очиж мухрын өрөө буюу гал тогооны өрөө уруу орж орон дээр байсан эмэгтэй хүний гар цүнхийг авч нэг онгорхой хайрцагт хийгээд хажууд байсан хоёр хайрцагтай зүйлийг авч гараад 12 дугаар байрны подвалд орж 2 дугаар орцны шатны харалдаа хэсгийн доод талд оруулж тавьсан. Тэр эмэгтэй хүний гар цүнхэн дотор юу байгааг нь үзэхэд бүргэд хаалганы түлхүүр гарч ирсэн. Тэгэхээр нь эргэж компьютер сургалтын төв уруу орж бүргэд хаалгыг нөгөө цүнхнээс авсан түлхүүрээр цоожлоод түлхүүрийг зоолттой орхисон. 
…2016 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнийн 02 цагийн үед 12 дугаар байрны подвалд очиход подвалын хаалга онгойхгүй, гадна талдаа цоожгүй, дотор талаасаа цоожтой байсан байх онгойхгүй байсан. Үүнээс хойш 4-5 удаа очсон. Би хулгайлсан эд зүйлээ тэр подвалаас авч чадаагүй. 
…21 дүгээр байрны 2 дугаар орцны 1 дүгээр давхрын айлын цонхны порчика онгорхой байхаар нь давж ороход тус айлд хүүхэн, залуу хоёр унтаж байсан. Тэгэхээр нь би компьютерийн ширээн дээр байсан 2 ширхэг гар утас, таблет, жижиг өрөөнд байсан гоо сайхны багсны иж бүрдэл, нурууны даруулга, мөн 1 ширхэг гар утас, хар өнгийн гар цүнх, том өрөөний орон дээр улаан өнгийн цүнхэн дотор байсан хэтэвч, угаалтуурын өрөөнд байсан утёнок зэрэг эд зүйлийг аваад буцаж цонхоор нь гараад явсан. Тэгээд би хулгайлсан эд зүйлээ шинэ хорооллын эхний 9 давхар байрны 1 дүгээр орцны подвал дотор нуугаад шинэ хорооллын 6 дугаар байрны зүг явж байсан чинь миний араас машины гэрэл туссан. Тэгэхээр нь би 6 дугаар байрны орц уруу яваад орсон чинь миний араас цагдаагийн алба хаагч ирээд намайг бариад авсан.
...2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө байсан санагдаж байна. Би шинэ хорооллын 2 дугаар байрны урдуур явж байсан чинь тус байрны 1, 2 дугаар орцны голд байдаг подваль онгорхой, гэрэл нь асаалттай байсан. Тэгээд би тус подваль уруу шагайсан чинь орон дээр үл таних 2 эрэгтэй хүн унтаж байсан. Мөн тус подвалийн үүдний өлгүүрт эрэгтэй хүний хар өнгийн куртик өлгөөтэй байсан. Тэгэхээр нь би подваль дотор сэм гэтэж ороод өлгөөтэй байсан хар курткыг хулгайлж аваад хулгайлсан куртикаа өмсөөд халаасан дотор нь байсан хэтэвч, бичиг баримтыг нь замдаа явж байхдаа хаясан. Би хохирогчоос хулгайлсан куртикаа буцааж өгч, хохирлыг нь нөхөн төлсөн.
...2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө гэр уруугаа явж байхдаа Нүүдэлчин буудлын 1 давхарт тустай үйл ажиллагаа явуулдаг нэг жижигхэн зочид буудал уруу орсон чинь тус буудалд ямар нэгэн ресепшин, хамгаалагч хүн байхгүй байх шиг байхаар нь би буудалд сэм гэтэж ороод явж байтал нэг өрөөний хаалга онгорхой байсан. Тэгээд би хаалгаар нь шагайсан чинь нэг эмэгтэй хүн унтаж байхаар нь өрөөнд нь орж цүнх, савхин хүрмийг нь аваад гарсан. Тэр буудлаас хулгайлсан цүнхээ харих замдаа онгойлгон үзэхэд дотор нь 31,000 төгрөг байсан. Гэртээ шууд авч очоод эхнэртээ мэдэгдэхгүй гэртээ нууж байгаад маргааш өдөр нь цүнх, хэтэвч хоёрыг нь шатаагаад, эл жи маркийн гар утсыг Улаанбаатар хотод ажлаар явж байгаад Хархорин зах дээр явж байсан үл таних хүнд 65000 төгрөгөөр зарсан. Харин төмөр гадартай хоолны сав, 1 литрийн багтаамжтай усны сав, нүдний шил, савхин хүрэм, биеийн тамирын өмд зэрэг эд зүйлүүд надад байсан.
...Пүрэвжав, *** нараас хулгайлсан эд зүйлээс надад байсан ээмэг, зүүлт, гинж зэрэг нийт 7 төрлийн эд зүйлийг хураалгасан байгаа. Өөрийн боломжоор хохиролд өгөхөөр 1 сая төгрөг авчирсан учир ***  1 сая, *** 500000 төгрөг өгөх саналтай байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг, 

-Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 4-7 дахь тал/,
-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, схем зураг /хэргийн 13-14, 118, 140 дэх тал/, 
-Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 23, 117, 139 дэх тал/, 

-Хохирогч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...өглөө 07:30 минутын үед босоход ***  эгч бид хоёрын цүнх, хайрцагтай эд зүйл байхгүй байсан. Хаалгаа үзсэн чинь хаалга дотор талаасаа онгойхгүй байсан. Цагдаа нар ирсний дараа хаалганы гадна талд ***  эгчид өгсөн зааны зурагтай, оосортой түлхүүр байсан. 
...эмэгтэй хүний шинэвтэр 40,000 төгрөгийн үнэтэй хүрэн өнгийн куртка /2 сарын өмнө авсан/, эмэгтэй хар өнгийн 40,000 төгрөгийн үнэтэй куртка, эмэгтэй цагаан өнгийн 20,000 төгрөгийн үнэтэй пиджак, эмэгтэй хар цоохор өнгийн 20,000 төгрөгийн үнэтэй даашинз, эмэгтэй хүний хөх өнгийн тортой 20,000 төгрөгийн үнэтэй хамба хилэн даашинз, сур харвааны хэрэгсэл, хоёр ширхэг эрхийвч, цагаан өнгийн гарын боолт, шагайгаар хийсэн 150,000 төгрөгийн үнэтэй бүс 1 ширхэг, 15,000 төгрөгийн мэргэжлийн ном, эмэгтэй 28,000 төгрөгийн үнэтэй нүдний шил /хуучин/, 40,000 төгрөгийн үнэтэй гар цүнх, 24,000 төгрөгийн плаш 2 ширхэг, самсунг эс-4 маркийн 130,000 төгрөгийн гар утас, эл жи маркийн 20,000 төгрөгийн гар утас, 50,000 төгрөгийн мөнгөн ээмэг, бөгж, гинж, кулон /хөх зүрхэн хэлбэртэй/, 1 хос монетон ээмэг 150,000 төгрөгийн үнэтэй, жижиг бандакний хэлбэртэй 1 хос 120,000 төгрөгийн монетон ээмэг, энергийн 1 хос 150,000 төгрөгийн ээмэг, эрүүл мэндийн тэргүүний ажилтан 20,000 төгрөгийн 1 ширхэг тэмдэг, ҮЭ-ийн хүндэт тэмдэг 20,000 төгрөгийн үнэтэй 1 ширхэг, ҮЭ-ийн 90 жилийн ойн тэмдэг 20,000 төгрөгийн 1 ширхэг, ааруул 8 кг 80,000 төгрөг, борц 3 кг 45,000 төгрөг, гадаад паспорт 45,000 төгрөг, иргэний үнэмлэх 28,000 төгрөг, үсний ком хайч 1 иж бүрдэл 50,000 төгрөг, бэлэн мөнгө 130,000 төгрөг зэрэг нийт 1495000 төгрөгийн эд зүйлс алга болсон. Гомдолтой байна, алдсан эд зүйлээ авмаар байна.” гэх мэдүүлэг /хэргийн 24-25 дахь тал/, 
-Хохирогч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...өглөө 07 цаг 30 минутын үед сэрээд цүнхээ авах гэтэл цүнх байхгүй байсан. Тэгэхээр нь цаад жижиг өрөө уруу орсон чинь *** бид хоёрын хайрцагтай эд зүйлүүд болон гар утаснууд алга болсон байхаар нь өрөөнөөс гарах гэтэл хаалга цоожтой, онгойхгүй байсан. Цонхоороо хүн дуудаж цагдаад дуудлага өгүүлсэн. Цагдаа нарыг ирэхэд ***  багшийн тэр сургалтын төвийн түлхүүр гэж өгсөн зааны зурагтай оосортой түлхүүрийг гадна талд зоолттой байна гэж байсан. ***  бид хоёр 5 хайрцагтай эд зүйлсээ мухрын буюу жижиг өрөөнд оруулж тавьсан. Би гар цүнхээ компьютерийн ширээн дээр тавиад үүдэнд хайрцагтай махаа тавьсан байсан. Миний эмэгтэй хүний гар цүнх 1 ширхэг /45000 төгрөг/, энергийн гинж 1 ширхэг /120,000 төгрөг/, энергийн диск 1 ширхэг /цэнхэр өнгөтэй 50,000 төгрөг/, анартай хүзүүний зүүлт 1 ширхэг /25,000 төгрөг/, монетон өрөөсөн ээмэг 3 ширхэг /210,000 төгрөг/ монетон бөгж 1 ширхэг /3 гр монгол хийцтэй/, зүрхэн хэлбэртэй, 3 шүртэй хугархай мөнгөн бугуйвч 1 ширхэг /600,000 төгрөг/, хар шигтгээтэй мөнгөн ээмэг нэг хос /60,000 төгрөг/, монетон орос ээмэг 2 хос /500,000 төгрөг/, цул мөнгөн эдлэл /1 ш 45000 төгрөг/, жи мобайлын гар утас 1 ширхэг /60000 төгрөг/, нокиа гар утас 1 ширхэг /30000 төгрөг/, самсунг эс-4 гар утас шинэвтэр /280,000 төгрөг/, самсунг маркийн гар утас дэлгэц нь хагарсан /70,000 төгрөг/, морьтой нүүрний тос 8 ширхэг /280,000 төгрөг/, нүүрний маск 3 ширхэг /75,000 төгрөг/, уруулын будаг 1 ширхэг /25,000 төгрөг/, эрэгтэй нүүрний ком тос 1 ширхэг /25,000 төгрөг/, чийгшүүлэгч 1 ширхэг /15,000 төгрөг/, эрэгтэй түрийвч 1 ширхэг /20000 төгрөг/, нүдний шил 2 ширхэг /50000 төгрөг/, судар 1 ширхэг /20000 төгрөг/, үхрийн цул мах 6 кг /30,000 төгрөг/, боорцог 3 уут /4500 төгрөг/, өрөм 1 кг /6000 төгрөг/, ааруул 6 кг /48000 төгрөг/, хүнсний зүйл 5 кг /30000 төгрөг/, 1 литр 1 ширхэг /4000 төгрөг/, давс 1 уут /600 төгрөг/, цагаан будаа 1 кг /2500 төгрөг/, хөвсгөл шилтэй загас 3 ширхэг /19500 төгрөг/, чацаргана 3 кг /18000 төгрөг/, табочка 1 ширхэг /8000 төгрөг/, кумданг тариа 3 ширхэг /90000 төгрөг/, шприц 10 ширхэг /1500 төгрөг/, бал 1 ширхэг /800 төгрөг/, ариун цэврийн хэрэглэл 3 ширхэг /6000 төгрөг/, нүүрний хөвөн 1 ширхэг /3200 төгрөг/, мэргэжлийн ном 1 ширхэг /15000 төгрөг/, плаш 1 ширхэг /10000 төгрөг/, эмэгтэй ботинк 1 хос /60000 төгрөг/, *** гэсэн иргэний үнэмлэх /28000 төгрөг/ зэрэг эд зүйлсээ хулгайд алдаж нийт 3,142,100 төгрөгийн хохирол учирсан байна. Зүрхэн хэлбэртэй 3 шүртэй хугархай мөнгөн бугуйвч бол өв дамжин ирсэн. Надад бол үнэтэй зүйл байсан юм. Капитал зууч үнэлгээний газар эхлээд үнэлүүлэхдээ 1,200,000 төгрөгөөр үнэлүүлсэн. Дахин үнэлүүлсэн 600,000 төгрөгөөр тооцсоныг хүлээн зөвшөөрч байна. Хулгайд эд зүйлээ алдсанд гомдолтой байна. Хохирлоо барагдуулж авмаар байна. Хяналтын камерын бичлэгийг үзлээ. Бичлэгт цүнх үүрч яваа хүний цүнхийг харахад ***  алдагдсан цүнхтэй адилхан харагдаж байна. Миний хувцастай том цүнхийг аваагүй байсан. Би монетон орос хос ээмгээ 2015 оны 7 дугаар сард ОХУ-аас худалдаж аваад хэрэглээгүй шинээрээ байсан. ***, *** эгч хоёр надаас худалдаж авах гэхээр нь зарах гээд авч гарсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 27-28 дахь тал/,

-Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгээд шөнийн 01 цаг 45 минутын үед *** утсаар ярьж “Дарханд ирчихлээ, 9 давхрын хажууд байна” гэхээр нь би гэрээс гараад ирсэн чинь ***  12 дугаар байрны гадаа машинтайгаа зогсож би машинд суугаад 4 дүгээр байрны “Аполло” дэлгүүрийн урд талын замаар явж “Оргилуун” салоны урд талд машин зогссон.
...тэр үед ***, *** ь, жолооч гурав дунд оврын хэмжээтэй 4-5 хайрцаг, 2-3 цүнх оруулж ирээд үүдний өрөөнд тавьж байсан. Би *** компьютер сургалтын төвийн зааны зурагтай төмөр оосортой түлхүүрийг салгаж өгсөн. Намайг компьютер сургалтын төвийн шатаар харих гээд бууж байхад түлхүүр хийгээд эргүүлэн цоожилж байгаа нь сонсогдсон. Маргааш өглөө нь 08 цаг өнгөрч байхад утсаа асаахад цагдаагийн газраас ярьж байна, танай сургалтын төв дээр хүн цоожлогдсон байна гэхээр нь би яваад очиход гадаа цагдаагийн машин ирчихсэн, хулгай орсныг мэдсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 29 дэх тал/, 

-Хөрөнгийн үнэлгээ хийсэн тайлан /хэргийн 37-38, 43-45, 81-82, 92-93, 123-124, 144-145 дахь тал/,
-Хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл /хэргийн 73-74, 136-137, 200-201 дэх тал/, 
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 75-76, 138 дахь тал/,
-Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 77-79 дэх тал/, 

-Хохирогч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн өглөө 10 цагийн орчимд манай гэр бүлийнхэн унтаж байхад гаднаас цагдаагийн албан хаагч орж ирээд танай гэрт хулгай орж эд зүйл алдагдсан байна, гэрээс чинь хулгай хийсэн этгээдийг бариад алдагдсан эд зүйлсийг хураан авсан, эд зүйлээ бүртгээд үз гэж хэлэхээр нь бүртгэж үзэхэд “windows surface” маркийн 32gb багтаамжтай таблет, нокиа-301.1, нокиа-6303, самсунг жи-5 зэрэг маркийн гар утаснууд, гоо сайхны багсны ком, улаан өнгийн хэтэвч /үүнд бэлнээр 174,500 төгрөг, ОХУ-ын мөнгөн тэмдэгт болох 100 рубль/, “Утенок” 00 өрөөний суултуурын цэвэрлэгч, “luke life” брэндийн нурууны бүс зэрэг алдагдсан. Миний зүгээс гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 86 дахь тал/, 

-Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 01-нд шилжих шөнө би хариуцсан багийн нутаг дэвсгэрт эргүүл шалгалтын ажлыг хийж явсан. Ингээд намайг эргүүл шалгалт хийгээд явж байхад үүргийн 05 цаг 40 минутын орчимд Шинэ хорооллын 6 дугаар байрны 1 дүгээр орц уруу нэг гартаа тор, эд зүйл барьсан сэжиг бүхий хүн гүйгээд орсон. Тэгээд би тухайн этгээдийн араас нь дагаад орц уруу ороод орцны 5 дугаар давхарт гарахад орц уруу гүйж орж байсан этгээд зогсож байсан. Тэгээд би тухайн этгээдээс “та юу хийж байгаа юм бэ?” гэж асуухад тэрээр надад “би Е баримт түүгээд явж байна” гэж тайлбар өгсөн. Тухайн этгээдтэй анх уулзахад гартаа барьж явсан тортой зүйл нь байхгүй байхаар нь 5 давхраас доош буухдаа 3 давхрын хөршийн хаалганы ар талыг онгойлгож үзэхэд тухайн этгээдийн гартаа бариад явж байсан тортой зүйл нь байсан бөгөөд уг торыг шалгаад үзэхэд дотор нь 2 ширхэг гар утас мөн бэлнээр 100 гаран мянган төгрөг, олон тооны Е баримтууд байсан. Ингээд би тухайн этгээдийг төв Цагдаагийн газар авчраад жижүүрт гарч байсан мөрдөн байцаагчтай уулзуулсан. Тэгтэл тухайн шөнө хуучин хорооллын 21 дүгээр байранд байрлах айлд хулгай хийсэн талаараа ярьж хулгайлсан эд зүйлийнхээ зарим эд зүйлийг Шинэ хорооллын 10 дугаар байрны *** подвалд нуусан гэж хэлсэн тул уг этгээдийг дагуулж хулгай хийсэн эд зүйл нь байгаа эсэхийг шалгахад хэтэвч, “windows surface” маркийн таблет гэх зэрэг эд зүйл байсныг мөн хураан авч холбогдох албан тушаалтанд өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 87 дахь тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 97-98 дахь тал/,

-Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 116 дахь тал/, 

-Хохирогч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би ***  ажил дээр орж ирэхдээ түүний ажлын үүдний өлгүүрт нь өөрийн куртикаа өлгөөд орхисон байсан. Гэтэл маргааш нь буюу 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 07 цагийн орчимд унтаж байгаад сэрсэн чинь өлгүүрт байсан миний куртик алга болсон байсан. Тэгээд ***  бид хоёр багийн хяналтын камерын бичлэг шүүгээд үзсэн чинь үүрээр 05 цагийн орчимд дүрс нь бүдэг үзэгдэх эрэгтэй хүн *** подваль дотор ороод буцаад гараад явж байгаа бичлэг байсан. Хар өнгийн хавар намрын 54 размерын эрэгтэй куртик, миний куртикны халаасанд далайн сувдан загасны хальсан түрийвч, Хаан банк, Содмонгол группын виза карт, юнителийн 15000 төгрөгийн цэнэглэгч карт, миний цахим иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэрэг эд зүйл байсан. 
...өөрийн алдагдсан эд зүйлээ олж авч, *** миний хохирлыг барагдуулсан тул миний зүгээс одоо ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралдаанд оролцохгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 120 дахь тал/, 

-Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр би ажлын байран дээрээ хувиараа сантехникийн ажил ихтэй байсан учир манай найз *** надад ирж тусалсан. Ингээд бид хоёр манай ажил дээр шөнийн 02 цаг хүртэл сантехникийн ажил хийж байгаад унтаад өгсөн. Маргааш өдөр нь буюу 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр *** бид хоёр унтаж байгаад сэрсэн чинь манай найзын үүдний өлгүүрт өлгөөтэй байсан куртик алга болсон байсан. *** бид хоёр шөнө унтахдаа подвалын үүдний хаалгаа түгжээгүй, гэрэлтэй унтаад өгсөн байсан юм. Түүний дараа бид хоёр багийн хяналтын камер шүүгээд үзсэн чинь үүрээр 05 цагийн орчимд үл таних эрэгтэй хүн манай подвальд ороод гарч яваа бичлэг бичигдсэн байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 121 дэх тал/, 

-Хохирогч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Саравчтай малгайтай, хар өнгийн маск зүүсэн эрэгтэй хүн буудалд сэм гэтэж орж ирээд миний эд зүйлсийг аваад явж байгаа дүрс бичлэг байсан. Би улаан өнгийн гар цүнх, эл жи-2 маркийн гар утас, эмэгтэй хүний богино савхин хүрэм, бэлнээр 31,000 төгрөг, бор өнгийн хэтэвч, урьд өдөр нь их дэлгүүрээс шинээр худалдаж авсан байсан адидас брэндийн өмд, кайпай брэндийн эмэгтэй хүний хар өнгийн нүдний шил, төмөр гадартай хоолны халуун сав, 1 литрийн багтаамжтай хуванцар усны сав зэрэг эд зүйлс алдагдсан. Би *** өөрийн савхин хүрэм, нүдний шил, халуун сав, усны сав, өмдөө авсан. Тэрээр харилцан тохиролцож намайг гомдолгүй болгосон учир надад одоо ямар нэг гомдол байхгүй. Би хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд суухгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 141-142 дахь тал/, 

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 159 дэх тал/, 
-Таслан шийдвэрлэх тогтоолууд /хэргийн 161-179, 204-206 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч ***  нь 2016 оны 4 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр Шинэ хорооллын 4 дүгээр байрны 24 тоотод байрлах “Компьютер сургалтын төв”-ийн хаалгаар нэвтрэн орж ***, *** нарын эд зүйлийг хулгайлж, нийт 4481100 төгрөгийн хохирол учруулсан,
    -2016 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг хуучин хорооллын *** байх *** гэрт нэвтрэн орж “windows surface” маркийн 32gb багтаамжтай таблет, нокиа-301.1, нокиа 6303 маркийн, самсунг жи-5 маркийн гар утсууд, гоо сайхны багсны иж бүрдэл, улаан өнгийн хэтэвч, “Утенок” нэртэй 00 өрөөний суултуур цэвэрлэгч, luke life брэндийн нурууны бүс, бэлэн 174,500 төгрөг, 100 рубль зэргийг хулгайлж 1127500 төгрөгийн хохирол учруулсан, 
    -2016 оны 4 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн *** байрны подвалд нэвтрэн орж *** эрэгтэй хүний куртка, бичиг баримт, картууд бүхий эрэгтэй хүний хэтэвч зэргийг хулгайлж 251,500 төгрөгийн хохирол учруулсан, 
    -2016 оны 4 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Од” зочид буудлын өрөөнд нэвтрэн орж *** гар цүнх, гар утас, эмэгтэй хүний савхин хүрэм, хэтэвч, өмд, нүдний шил, хоолны сав, хуванцар усны сав, бэлэн 31000 төгрөг зэргийг хулгайлж 397,000 төгрөгийн буюу давтан үйлдлээр орон байранд нэвтэрч нийт 6257100 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 4-7 дахь тал/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, схем зураг /хэргийн 13-14, 118, 140 дэх тал/, эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 23, 117, 139 дэх тал/, хохирогч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...нийт 1495000 төгрөгийн эд зүйлс алга болсон. Гомдолтой байна, алдсан эд зүйлээ авмаар байна.” гэх мэдүүлэг /хэргийн 24-25 дахь тал/, хохирогч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хулгайд эд зүйлээ алдсанд гомдолтой байна. Хохирлоо барагдуулж авмаар байна. Хяналтын камерын бичлэгийг үзлээ. Бичлэгт цүнх үүрч яваа хүний цүнхийг харахад ***  алдагдсан цүнхтэй адилхан харагдаж байна. Миний хувцастай том цүнхийг аваагүй байсан. Би монетон орос хос ээмгээ 2015 оны 7 дугаар сард ОХУ-аас худалдаж аваад хэрэглээгүй шинээрээ байсан ***, *** эгч хоёр надаас худалдаж авах гэхээр нь зарах гээд авч гарсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 27-28 дахь тал/, гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...танай сургалтын төв дээр хүн цоожлогдсон байна гэхээр нь би яваад очиход гадаа цагдаагийн машин ирчихсэн, хулгай орсныг мэдсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 29 дэх тал/, хөрөнгийн үнэлгээ хийсэн тайлан /хэргийн 37-38, 43-45, 81-82, 92-93, 123-124, 144-145 дахь тал/, хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл /хэргийн 73-74, 136-137, 200-201 дэх тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 75-76, 138 дахь тал/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 77-79 дэх тал/,
    *хохирогч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...эд зүйлээ бүртгээд үз гэж хэлэхээр нь бүртгэж үзэхэд “windows surface” маркийн 32gb багтаамжтай таблет, нокиа-301.1, нокиа-6303, самсунг жи-5 зэрэг маркийн гар утаснууд, гоо сайхны багсны ком, улаан өнгийн хэтэвч /үүнд бэлнээр 174,500 төгрөг, ОХУ-ын мөнгөн тэмдэгт болох 100 рубль/, “Утенок” 00 өрөөний суултуурын цэвэрлэгч, “luke life” брэндийн нурууны бүс зэрэг алдагдсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 86 дахь тал/, гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би тухайн этгээдийг төв Цагдаагийн газар авчраад жижүүрт гарч байсан мөрдөн байцаагчтай уулзуулсан. Тэгтэл тухайн шөнө хуучин хорооллын 21 дүгээр байранд байрлах айлд хулгай хийсэн талаараа ярьж хулгайлсан эд зүйлийнхээ зарим эд зүйлийг Шинэ хорооллын 10 дугаар байрны 2 дугаар орцны подвалд нуусан гэж хэлсэн тул уг этгээдийг дагуулж хулгай хийсэн эд зүйл нь байгаа эсэхийг шалгахад хэтэвч, “windows surface” маркийн таблет гэх зэрэг эд зүйл байсныг мөн хураан авч холбогдох албан тушаалтанд өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 87 дахь тал/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 116 дахь тал/, хохирогч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...үүрээр 05 цагийн орчимд дүрс нь бүдэг үзэгдэх эрэгтэй хүн ***  подваль дотор ороод буцаад гараад явж байгаа бичлэг байсан. Хар өнгийн хавар намрын 54 размерын эрэгтэй куртик, миний куртикны халаасанд далайн сувдан загасны хальсан түрийвч, Хаан банк, Содмонгол группын виза карт, юнителийн 15000 төгрөгийн цэнэглэгч карт, миний цахим иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэрэг эд зүйл байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 120 дахь тал/, гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай найзын үүдний өлгүүрт өлгөөтэй байсан куртик алга болсон байсан. *** бид хоёр шөнө унтахдаа подвалын үүдний хаалгаа түгжээгүй, гэрэлтэй унтаад өгсөн байсан юм. Түүний дараа бид хоёр багийн хяналтын камер шүүгээд үзсэн чинь үүрээр 05 цагийн орчимд үл таних эрэгтэй хүн манай подвальд ороод гарч яваа бичлэг бичигдсэн байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 121 дэх тал/, хохирогч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Саравчтай малгайтай, хар өнгийн маск зүүсэн эрэгтэй хүн буудалд сэм гэтэж орж ирээд миний эд зүйлсийг аваад явж байгаа дүрс бичлэг байсан. ...би *** өөрийн савхин хүрэм, нүдний шил, халуун сав, усны сав, өмдөө авсан. Тэрээр харилцан тохиролцож намайг гомдолгүй болгосон учир надад одоо ямар нэг гомдол байхгүй. Би хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд суухгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 141-142 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч *** давтан үйлдлээр орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө хулгайлж, 6257100 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзлээ.

    Гэмт хэргийн улмаас хохирогч *** 1127500 төгрөгийн, хохирогч *** 251500 төгрөгийн, хохирогч *** 397000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд эдгээр хохирогч нарт учирсан хохирлыг биет байдлаар болон бэлэн мөнгөөр төлж барагдуулсан байх тул шийтгэх тогтоол гарах үед эдгээр хохирогч нарт төлөх төлбөргүй байна.

    Харин хохирогч *** 3142100 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч *** нь *** эд зүйлээс 120000 төгрөгийн үнэлгээтэй энергийн гинж 1 ширхэг, 500000 төгрөгийн үнэлгээтэй орос монетон ээмэг тус тус 2 хос, нийт 620000 төгрөгийн эд зүйлийг эд мөрийн баримтаар хураалгаж ирүүлсэн байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч *** 620000 төгрөгийн эд зүйлийг буцаан олгох нь зүйтэй. Хохирогч *** учирсан 3142100 төгрөгийн хохирлоос 620000 төгрөгийн эд зүйлийг буцаан олгоход 2522100 төгрөгийн хохирол үлдэх бөгөөд үүнээс шүүгдэгч *** төлсөн 1 сая төгрөгийг хасч, үлдэх 1522100 төгрөгийг шүүгдэгч *** гаргуулж, хохирогч *** олгохоор шийдвэрлэв. 

    Мөн хохирогч *** 1339000 төгрөгийн хохирол учирсан боловч шүүгдэгч *** нь *** эд зүйлээс 60000 төгрөгийн үнэлгээтэй мөнгөн ээмэг, гинж, кулон, 100000 төгрөгийн үнэлгээтэй энергийн ээмэг 1 хос, 150000 төгрөгийн үнэлгээтэй яст мэлхийн хэлбэртэй монетон ээмэг 1 хос, нийт 310000 төгрөгийн эд зүйлийг эд мөрийн баримтаар хураалгаж ирүүлсэн байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч *** 310000 төгрөгийн эд зүйлийг буцаан олгох нь зүйтэй. Хохирогч *** учирсан 1339000 төгрөгийн хохирлоос 310000 төгрөгийн эд зүйлийг буцаан олгоход 1029000 төгрөгийн хохирол үлдэх бөгөөд үүнээс шүүгдэгч *** төлсөн 500000 төгрөгийг хасч, үлдэх 529000 төгрөгийг шүүгдэгч *** гаргуулж, хохирогч *** олгох нь зүйтэй гэж үзлээ. 

    Шүүгдэгч *** нь хамгийн сүүлд 2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2, 145 дугар зүйлийн 145.2-т зааснаар нийт 4 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгүүлсэн боловч Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялтай байдал өнгөрсөн байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч *** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, эрүүл мэндийн болон ар гэрийн амьдралын нөхцөл байдлыг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр баривчлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 120000 төгрөгийн үнэлгээтэй энергийн гинж 1 ширхэг, 500000 төгрөгийн үнэлгээтэй орос монетон ээмэг тус тус 2 хос, нийт 620000 төгрөгийн эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч *** , 60000 төгрөгийн үнэлгээтэй мөнгөн ээмэг, гинж, кулон, 100000 төгрөгийн үнэлгээтэй энергийн ээмэг 1 хос, 150000 төгрөгийн үнэлгээтэй яст мэлхийн хэлбэртэй монетон ээмэг 1 хос, нийт 310000 төгрөгийн эд зүйлийг хохирогч *** буцаан олгож, 120000 төгрөгийн үнэлгээтэй жижиг ваантик хэлбэртэй монетон ээмэгний өрөөсөнг шүүгдэгч *** гээгдүүлсэн гэх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *** олгох нь зүйтэй гэж тус тус үзлээ.
Мөн бичлэгтэй си ди 2 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч *** өмчлөлийн “фунай” маркийн 40 инчийн телевизор битүүмжилж ирүүлсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, зарж борлуулан хохирол төлбөрт тооцуулахаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэснийг дурдаад

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

    1.Шүүгдэгч овогт *** орон байранд нэвтэрч, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлж, 6257100 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

    2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч *** эд хөрөнгө хураахгүйгээр 4 /дөрөв/ сар баривчлах ял шийтгэсүгэй.

    3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар шүүгдэгч *** оногдуулсан 4 сар баривчлах ялыг эдлүүлэхдээ нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй. 

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогч *** нарт төлөх төлбөргүй, хохирогч *** 1 сая /нэг сая/ төгрөг, хохирогч *** 500,000 /таван зуун мянга/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай. 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн энергийн гинж 1 ширхэг, монетон орос ээмэг тус бүр 2 хос зэргийг хохирогч *** , мөнгөн ээмэг, гинж, кулоны хослол 1 ширхэг, яст мэлхийн хэлбэртэй монетон ээмэг 1 хос, энергийн ээмэг 1 хос зэргийг хохирогч *** ваантик хэлбэртэй өрөөсөн монетон ээмгийг шүүгдэгч *** тус тус буцаан олгож, бичлэгтэй 2 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээсүгэй.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *** 1522100 /нэг сая таван зуун хорин хоёр мянга нэг зуу/ төгрөг гаргуулж, хохирогч Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 4 дүгээр *** тоотод оршин суух *** /регистрийн дугаар: *** /-т, 529000 /таван зуун хорин есөн мянга/ төгрөг гаргуулж, хохирогч *** /-д тус тус олгосугай. 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар энэ хэрэгт фунай маркийн 40 инчийн телевизор битүүмжилж ирүүлсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, зарж борлуулан хохирол төлбөрт тооцуулахаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай. 

    9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

    10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ               Я.ТУУЛ