Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 00140

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               Б.Оюун-Эрдэнийн нэхэмжлэлтэй

                                      иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 542 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнийн нэхэмжлэлтэй

Хариуцагч П.Нямдорж, Ц.Ариунаа нарт холбогдох

“Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 384.800.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагч Ц.Ариунаа, П.Нямдорж, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Оюун-Эрдэнэ нь Хур трейдХХК-ийн захирал П.Нямдорж, түүний эхнэр Ариунаа нарт тэдний гуйсны дагуу 2012 оны 11 дүгээр сарын 01-нд 4 000 000 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 03-нд 4 500 000 төгрөг, 2013 оны 03 дугаар сарын 07-нд 5 000 000 төгрөг, 2013 оны 04 дүгээр сарын 08-нд 5 000 000 төгрөг, 2013 оны 04 дүгээр сарын 19-нд 5 000 000 төгрөг, 2013 оны 05 дугаар сарын 20-нд 15 000 000 төгрөг, 2013 оны 06 дугаар сарын 03-нд 15 000 000 төгрөг, 2013 оны 06 дугаар сарын 06-нд 15 000 000 төгрөг, 2013 оны 06 дугаар сарын 22-нд 1 000 000 төгрөг, 2013 оны 07 дугаар сарын 17-нд 20 000 000 төгрөг, 2013 оны 08 дугаар сарын 12-нд 20 000 000 төгрөг нийт 109 500 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй,

Мөн 2013.12.10-нд 2 000 000 төгрөг, 2013.12.20-нд 2 000 000 төгрөг, 2013.12.30-нд 20 000 000 төгрөг, 2014.01.22-нд 2 000 000 төгрөг, 2014.01.27-нд 2 000 000 төгрөг тус тус нийт 28 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэйгээр нийт 137 500 000 төгрөгийг барьцаагүйгээр зээлдүүлсэн болно.

Зээлийг компанийхаа бизнесийн үйл ажиллагаанд буюу орон сууц барих барилгын ажилд хэрэглэх зорилготойгоор авсан. Зээлийг Ариунаагийн Голомт банкны дансаар болон бэлнээр өгч байсан. Ингээд уг авсан зээлүүдийг тохиролцсон цаг хугацаандаа төлж байгаагүй хүү өгч явж байсан. Нямдорж, Ариунаа нар нь эхний авсан 8%-тай 109.500.000 төгрөгний 2012.11.01-ээс 2013.08.26 өдөр хүртлэх 10 сарын хүү болох 24.926.000 төгрөгнөөс 24.426.000 төгрөгийг өгч 500.000 төгрөгний хүү дутуу өгсөн болно. Ингээд бид 2013.08.26-нд зээлийн гэрээний үнийн дүнг тооцоо нийлэн дүгнэж зээлийн хүүг 5% болгон буулгаж дутуу өгсөн хүүний 500.000 төгрөгийг үндсэн зээл 109.500.000 төгрөгөн дээр нэмж нийт 110.000.000 төгрөгийг нэг зээлийн гэрээн дээр нэгтгэж 2013.08.26-аас 2015.12.26 өдөр хүртэл сарын 5%-н хүүтэйгээр 840 хоногийн дараа төлөхөөр хугацаа хариуцлагыг тохиролцсон болно. Мөн сүүлд зээлдүүлсэн 6%-н хүүтэй 28.000.000 төгрөгний 2013.12.10-аас 2014.07.23 өдөр хүртлэх 7 сар гарангын хүү болох 10.884.000 төгрөгнөөс 10.000.000 төгрөгний хүүг 2014.07.23-нд өгч мөн адил зээлийн хүүг 5% болгон бууруулан нэг зээлийн гэрээн дээр нэгтгэж 2014.07.20-оос 2015.12.20 өдөр хүртэл сарын 5%-н хүүтэйгээр 510 хоногийн дараа төлөхөөр хугацаа хариуцлагыг тохирсон болно. Гэвч өнөөдрийг хүртэл зээлийн гэрээгээр хүлээсэн ямар ч үүрэг гүйцэтгэгдээгүй өдий хүрлээ. Иймд цаашид нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй тул Нямдорж Ариунаа нараас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг нэхэмжлэн шаардаж шүүхэд хандахаас өөр аргагүйд хүрсэн. Бидний хооронд хийгдсэн зээлийн гэрээнд зээлийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5%-иар бодож алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх заалт байгаа. Үүний дагуу зээлүүдийн төлөх хугацаа 14 сараар хэтэрсэн ба алдангийн хэмжээ үндсэн зээлийн 50%-иас хэтэрч байгаа тул хуулийн хүрээнд нийцүүлэн үндсэн нийт зээл болох 138.000.000 төгрөгний 50% болох 69.000.000 төгрөгний алдангийг Нямдорж, Ариунаа нараас нэхэмжилж байна.

 

Иймд хариуцагч Нямдорж, Ариунаа нараас үндсэн зээл 138.000.000 төгрөг, хүү 177.800.000 төгрөг, алданги 69.000.000 төгрөг, нийт 384.800.000 төгрөгийг нэхэмжлэгч Оюун-Эрдэнэ надад гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Нямдорж, Ц.Ариунаа нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Б.Оюун-Эрдэнийн зээлийг төлж чадаагүй өдий хүргэсэн нь үнэн. Бид түүнээс зээлсэн 137,5 сая төгрөгөө нэг нугалаад 275 сая төгрөг болгоод өгье гэхэд тэр хүлээж аваагүй. Тэгэхээр нь бид 300 сая төгрөг дээр тогтоё гээд болоогүй. Дараа нь 350 сая төгрөг дээр тохироё, энэнээс илүү өгч чадахгүй нь гэдгээ хэлсэн. Гэвч илүү их мөнгө авна гэсэн. Бидний зээлсэн мөнгө 137,5 сая төгрөг байтал, тэр биднээс 2016 оны 10 сард 452 саяыг нэхэж эвлэрлээр орьё гэхэд нь бид зөвшөөрөөгүй, 2017 оны 01 сард 433 саяыг нэхэж тооцоо нийлэх акт хийж гарын үсгээ зур гэхэд нь бид зураагүй, дараа нь 400 саяыг нэхэж байсан бол, харин одоо 384 саяыг нэхэмжилж шүүхэд ханджээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ бидэнд 2012 оны 11 сарын 01-ээс 2013 оны 08 сарын 12- ны хооронд 11 удаагийн зээлийн гэрээгээр, сарын 8 хувийн хүүтэй 109.500.000 төгрөг, мөн 2013 оны 12 сарын 10-аас 2014 оны 01 сарын 27-ны хооронд 5 удаагийн зээлийн гэрээгээр, сарын 6 хувийн хүүтэй 28.000.000 төгрөг, нийт 137.500.000 төгрөгийг зээлдүүлсэн талаар дурдсан байна.

1. 2012 оны 11 сарын 01-нээс 2013 оны 08 сарын 12-ны хоорондох 11 удаагийн зээл болох сарын 8 хувийн хүүтэй 109.500.000 төгрөгийн зээлийн хүү 24.496.000 төгрөгийг хугацаанд нь бүрэн төлж барагдуулсан, одоо зөвхөн үндсэн зээлийн үүрэг 109.500.000 төгрөг үлдсэн байгаа.

2. 2013 оны 12 сарын 10-аас 2014 оны 01 сарын 27-ны хоорондох 5 удаагийн зээл болох сарын 6 хувийн хүүтэй 28.000.000 төгрөгийн зээлийн хүү болон үндсэн зээлд 10.000.000 төгрөг төлсөн бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 19.680.000 төгрөг үлдсэн байгаа.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан 109.500.000 төгрөгийг нэг зээлийн гэрээн дээр нэгтгэж, мөн 28.000.000 төгрөгийг нэг зээлийн гэрээн дээр нэгтгэж тус тус хийсэн гэснийг зөвшөөрөхгүй байна. Бидэнд уг нэгтгэгдсэн гэх гэрээнүүдийн дагуу бодитоор зээл /мөнгө буюу эд хөрөнгөөр/ олгогдоогүй учир уг зээлийн гэрээнүүдийг /Иргэний хуулийн 282-р зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу/ байгуулагдсанд тооцох бодит байдлын болоод хууль зүйн боломж байхгүй гэж үзэж байна. Иймд байгуулагдсанд тооцогдох боломжгүй гэрээг үндэслэн нэхэмжлэгчийн шаардаж буй 5 хувийн хүүтэй зээлийн гэрээ болон түүний хугацаа, алдангийг хариуцагчийн хувьд эс зөвшөөрч байгаагаа үүгээр илэрхийлье. Нэхэмжлэгчийн өмнө нь хийсэн гэрээнүүдээ халхавчлах зорилгоор, хариуцагчийн хуулийн мэдлэггүй байдлыг ашиглан, сүүлд нөхөж хийсэн 5 хувийн хүүтэй, урт хугацаатай 2 ш зээлийн гэрээг халхавч гэрээ буюу хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна.Иймд дээрх бодит нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байхад нэхэмжилсэн 384.800.000 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 542 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4, 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан хариуцагч П.Нямдоржоос 81 270 000 төгрөг, хариуцагч Ц.Ариунаагаас 112 500 000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 191 030 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 2 082 000 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч П.Нямдорж, Ц.Ариунаа нараас 1 126 800 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д заасныг баримтлан 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01793, 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2314 дугаар шүүгчийн захирамжуудыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэ давж заалдсан гомдолдоо:

Нийт 28.000.000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэйгээр тус тус бүгд 137.500.000 төгрөгийг ямар ч барьцаа авалгүйгээр итгэж итгэлцлийн журмаар зээлдүүлсэн болно. Зээлийг компанийхаа бизнесийн үйл ажиллагаанд буюу орон сууц барих барилгын ажилд хэрэглэх зорилготойгоор авсан болно. Зээлийг өгөхдөө зээлийн гэрээг бичгээр хийж гэрээндээ хүү, хугацаа, алдангийн нөхцлийг тохирсон болно.

Эдгээр зээлүүдийн гэрээнүүдийн дагуу П.Нямдорж, Ц.Ариунаа нар нь хугацаандаа зээлээ төлөлгүй хүүг өгөөд хугацааг сунгаад явж байсан. Эдгээр бүх гэрээг бид 2013 оны 08-р сарын 26-нд, 2014 оны 07-р сарын 20-нд тус тус гэрээний үнийн дүнг тооцоо нийлэн дүгнэж зээлийн хүүг 5 болгон бууруулж нийт төлөх үнийн дүн дээрээ Нямдорж, Ариунаа нар нь нэмэлт хугацаа аваад гэрээгээ нэгтгэж шинэчилж байгуулсан. Энэ нэгтгэж шинэчилж байгуулсан гэрээгээс эхний зээлүүлсэн 109.500.000 төгрөгөн дээр дутуу өгөөгүй үлдсэн хүүний үлдэгдэл 500.000 төгрөгийг нэмж тооцоо нийлэн нийт 110.000.000 төгрөгийн нэмэлт үүрэг болох 2013 оны 08-р сарын 26-аас 2015 оны 12-р сарын 26-ны өдөр хүртэл 1 сарын 5 хувийн хүүтэйгээр 840 хоногийн дараа үндсэн зээл 110.000.000 төгрөг, хүү 154.000.000 төгрөг, нийт 264.000.000 төгрөг төлөхөөр, мөн сүүлд зээлүүлсэн 28.000.000 төгрөгийн нэмэлт үүрэг болох2014.07.20-оос, 2015.12.20-ны өдөр хүртэл 1 сарын 5 хувийн хүүтэйгээр 510 хоногийн дараа хүү 23.800.000 төгрөг, нийт 51.800.000 төгрөгийг тус тус төлөхөөр П.Нямдорж, Ц.Ариунаа нар нь үүрэг хүлээсэн.

Шүүх бидний хоорондох тооцоо нийлж нэгтгэж шинэчилж хийсэн гэрээ болох 2013 оны 08-р сарын 26-ны өдрөөс 2015 оны 08-р сарын 26-н хүртлэх хугацаанд 110.000.000 төгрөгийг сар бүр 5 хувийн хүүтэй мөн 2014 оны 07-р сарын 20-оос 2015 оны 12-р сарын 20-н хүртлэх хугацаанд 28.000.000 төгрөгийг сарын бүр 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги тооцохоор заасан зээлийн гэрээг нотлох баримтанд үнэлээгүй. Харин өмнө нь байгуулсан анхны зээлийн гэрээнд заасан хугацаагаар хүү тооцож төлөх ёстой. Зээлийн хүүг хариуцагч төлсөн учир үндсэн зээл 109.500.000 төгрөгний алданги 54.750.000 төгрөгийг гаргуулж шийдсэнд гомдолтой байна.

Шүүх зээлдүүлэгчийн эрх ашгийг хохироож шийдсэн гэж үзэж байна. Талууд зээлийн гэрээний хугацааг өөрсдөө харилцан тохиролцохоор заасан ба хугацааны талаар ямар нэгэн хязгаарлалт байхгүй. Харин Анз буюу алдангийн талаар хуулинд тодорхой хязгаарлалт тавьж биелүүлээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэж заасан байдаг. Иймд талуудын тохиролцсон хэмжээгээр зээлийн хүүг хариуцагч төлөх ёстой гэж үзэж байна.

Иймд шүүхийн шийдвэрт миний нэхэмжпэлийг бүрэн хангаж хэрэгсэхгүй болгосон 191.030.000 төгрөгийг гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнээс П.Нямдорж Ц.Ариунаа нар нийт 137.500.000 төгрөгийг зээлсэн.

Дээрх мөнгөө өгч чадах тухай бүр хугацаа зааж хүүг нь төлнө гээд хүүг нь төлж чадахгүй хойшлуулсан байдаг.

2013.08.26-нд 8 хувийн хүүтэй авсан 109.500.000 төгрөгийнхөө тооцоог нийлж үүнийг биелүүлэхийг шаардахад дахин хугацааг хойшлуулж энэ хугацаанд харин хүүг 5 хувь болгон бууруулан багасгахыг хүсч талууд 2013.05.26-наас 2015.12.26 хүртэл нийт нэмэлт үүргийг 5 хувь тооцохоор тохиролцож гэрээ байгуулсан. Сүүлд нь 6 хувь хүүтэй авсан 28.000.000 төгрөгийн зээлийг мөн л талууд тооцоо нийлж хүүг нь 5 хувь болгон бууруулж 2014.07.20-ноосс 2015.12.20-ныг хүртэлх хугацаагаар нэмэлт үүрэг хугацааг тохирч гэрээ хийсэн нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар тогтоогдсон. Энэ гэрээний талаар хийсэн дүгнэлт үндэслэлгүй байна. Өмнөх зээлийн гэрээний үүргийн төлбөрийн талаар гэрээний  талууд тооцоо нийлж гэрээгээ шинэчлэн байгуулж гэрээг байгуулсан үеэс нэмэлт үүргийг гүйцэтгэх талаар тохиролцож нийт үүргийн үлдэгдлийг тогтоосон байтал шүүх үүнийг огт үнэлсэнгүй. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

                                             ХЯНАВАЛ:

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, зохигчдын  хооронд зээлийн гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн  маргааныг хянан шийдвэрлэхдээ маргааны үндэслэл болж буй зээлийн гэрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж  чадаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл, хүү, алданги – 384.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлага гаргасан ба хариуцагч П.Нямдорж, Ц.Ариунаа нар хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөх тухай тайлбар гаргаж шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хугацааны хүү, алдангийг төлөхгүй гэж  маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зохигчид 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 4.000.000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай, 12 дугаар сарын 3 -ны өдөр 4.000.000 төгрөгийг 8 хувийн хүүтэй 8 сарын хугацаатай нийт 109.500.000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй 1 сараас 10 сарын хугацаатай бүгд 11 удаа зээлийн гэрээ, мөн 28.000.000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай 4 удаа зээлийн гэрээ тус тус байгуулсан байх ба 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр талууд харилцан тохиролцож зээлийн гэрээг нэгтгэж гэрээ байгуулсны дараа дахин зээлийн хугацааг сунгаж, хүүг багасгаж тухайн үед  зээлийн гэрээ байгуулжээ./ хх-ийн 79-96, 7,8 тал/

Учир нь талууд үндсэн зээл нийт 137.500.000 төгрөг, зээлийн хүүд төлсөн 34.426.000 төгрөгийн талаар маргаагүй байхад шүүх 2013 оны 08 дугаар сарын 26 -ны өдөр 110.000.000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 28.000.000 төгрөгийг шилжүүлээгүй болох нь тогтоогдсон гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагаас 191.030.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 283 дугаар зүйлийн 283.3-д зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү, хугацаа тогтоож болохоор зохицуулсан ба талууд мөнгө зээлсэн үедээ байгуулсан зээлийн гэрээг нэгтгэж зээлийн хүүг багасгаж зээлийн хугацааг сунгаж 2 удаа байгуулсан зээлийн гэрээнүүд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн хүрээнд хийгдсэн гэж үзэхээр байна.

Хариуцагч П.Нямдорж зээлийн гэрээг дахин байгуулах үед дарамт шахалтанд орж байсан, зээлсэн мөнгөө төлж чадаагүй тул аргагүйн эрхэнд гарын үсэг зурах нөхцөл байдал үүссэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй татгалзлал, үндэслэлээ нотолж чадаагүй байх тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүдийг  хууль зөрчсөн гэж үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч П.Нямдорж, Ц.Ариунаа нар Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т заасны дагуу зээлийн хүүгийн хэмжээ өөрт нь илт хохиролтой эсэх талаар хүсэлт гаргаагүй боловч нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэний нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж буй 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 110.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 2 жил 4 сарын хугацаатай, 2014 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 28.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 1 жил 5 сарын хугацаатай тус тус байгуулсан зээлийн гэрээний дагуу хариуцагч нарын төлөх ёстой зээлийн хүүгийн хэмжээ нь зээлдэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой байх тул дээрх зээлийн гэрээний дагуу зээлийн хүү тооцох боломжгүй юм./хх-ийн 7,8 тал/

Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын тайлбараас үзэхэд хариуцагч нар 2012 оны 11 дүгээр сарын 1 -нээс эхлэн 2013 оны 8 дугаар сарын 12 -ны өдөр хүртэл хугацаанд нийт 109.500.000 төгрөгийг зээлсэн ба 11 удаагийн  зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад талууд харилцан тохиролцож  зээлийн гэрээнүүдийг  нэгтгэж зээлийн хүүгийн талаар тооцоо хийж улмаар 110.000.000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай,  зээлийн хугацааг дахин 4 сарын хугацаагаар сунгасан тэмдэглэгээ хийгдсэн  2013 оны 8 дугаар сарын 26 ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, мөн 2013 оны 12 дугаар сарын 10 –ны өдрөөс 2014 оны 1 дүгээр сарын 27 –ны өдөр хүртэл хугацаанд зээлдүүлсэн  2014 оны 7 дугаар сарын 20 ны өдөр 28.000.000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай байгуулсан 2014 оны 7 дугаар сарын 20 ны өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагч  нараас үндсэн зээл,  зээлийн хүү, алданги төлүүлэх боломжтой юм. /хх-ийн 95, 96 тал/

Харин хариуцагч нар зээлийн хүүд тооцож нийт 34.426.000 төгрөг төлсөн, нэхэмжлэгч зээлийн хүүг багасгаж зээлийн гэрээ байгуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан дээрх зээлийн гэрээнд заасан 8, 6 хувийн хүүг 5 хувь болгон багасгаж, 110.000.000 төгрөгнөөс зээлийн хүү 500.000 төгрөгийг хасч үндсэн зээл 109.500.000 төгрөгнөөс зээлийн хүү тооцож, алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулбал зохино.

Иймд хариуцагч П.Нямдорж, Ц.Ариунаа нараас  2013 оны 8 дугаар сарын 26- ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 109.500.000 төгрөг, зээлийн хүү 87.600.000 төгрөг /109.500.000х5%х16сар/, алданги -54.750.000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 20 –ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 28.000.000 төгрөг, зээлийн хүү -7.000.000 төгрөг /28.000.000х5%х5 сар/ алданги -14.000.000 төгрөг буюу үндсэн зээл 137.500.000 төгрөг, зээлийн хүү 94.600.000 төгрөг, алданги – 68.750.000 төгрөг нийт 300.850.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож,  нэхэмжлэлийн шаардлагаас 83.950.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч П.Нямдорж 2013 оны 8 дугаар сараас хойш зээлийн төлбөр огт хийж байгаагүй, алдангийг 2014 оны 12 дугаар сарын 26-наас тооцож байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж үзсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжилж буй алдангийг хэмжээг бууруулаагүй, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэ, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 542 дугаар шийдвэрийн 1 дэхь заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч П.Нямдоржоос үндсэн зээл 137.500.000 төгрөг, зээлийн хүү 94.600.000 төгрөг, алданги – 68.750.000 төгрөг нийт 300.850.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 83.950.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

Шийдвэрийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 2 082 000 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч П.Нямдорж, Ц.Ариунаа нараас 1 662 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.113.100 төгрөгийг шүүгчийн захирамжаар Төрийн сангаас буцаан олгосугай.

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.УРАНЧИМЭГ

 

          ШҮҮГЧИД                                            Б.БАТТӨР

                                                                       Б.ОЮУНЦЭЦЭГ