Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/77

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.У даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Б.Ууганцэрэн

          Улсын яллагч Б.О

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А

          Шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Э-д холбогдох эрүүгийн 2022000890072 тоот хэргийг 2021 оны  3 дугаар сарын 11-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

     Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

     Шүүгдэгч Н.Э нь 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр иргэн Ч.У-ыг “Өмнөд Судан улсад Цэргийн олон улсын ажиллагаанд явуулж өгнө” гэж хуурч мэхлэн, улмаар 3.500.000 төгрөгийг өөрийнхөө 5075....... дугаартай Хаан банкны данс руу шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүгдэгч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “ Өөрийн гаргасан алдаа дутагдлаа ойлгож байна. Энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Н.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Манай найз Э гэдэг залуу “таньдаг хүн байгаа юм ажиллагаанд явж чаддаггүй ангидаа нэр хүнд муутай, ангиасаа гарч чаддаггүй нэг залуу байна ажиллагаанд явах гэсэн юм гээд байх юм таньж мэддэг хүн байна уу гэхээр нь асуугаад өгөх хүн байгаа” гэж хэлсэн чинь над руу Э, У гээд байгаа залууг холбогдуулсан. У надтай 2019 оны 07 сарын сүүлээр байна уу? 2019 оны 08 сарын эхээр байна уу? утсаар холбогдоод “Афганистанд энхийг дэмжих ажиллагаанд явмаар байна гэхээр нь би хүнээс асууж өгье” гэсэн. Тэгтэл У ёстой их баярлалаа гэж хэлсэн. Тэгж ярьснаас хойш долоо хоногт 3-4 удаа утсаар У “нөгөө хүнээсээ асуусан уу?” гэж ярьдаг байсан. Тэгсэн У гэрээрээ хоолонд орчих жаахан мөнгө явуулах гэсэн юм гээд надаас миний 50754..... дугаарын дансыг авсан. Би хоолны мөнгө 50.000-60.000 төгрөг явуулах гэж байгаа юм байх гэж бодсон чинь 2019 оны 08 сарын 13-ны өдөр миний дансанд 3.500.000 төгрөг хийсэн байсан. Тэгэхээр нь би “юу их мөнгө вэ? яагаад ийм их мөнгө хийж байгаа юм бэ?” гэсэн чинь У “та нөгөө хүнтэйгээ ярьж байгаад миний гуйсан ажиллагаанд явуулах асуудлыг шийдээд өгөөрэй” гэж хэлсэн. У-аас миний данс руу орсон мөнгийг үрээгүй байлгаж байсан. Миний ажиллагаанд явуулах талаар асууна гэж байсан хүн маань гадаад явчихсан байж байгаад ирэхээр нь тэр хүнээс “У гээд 0278-р ангид ажилладаг хүн ажиллагаанд явъя гээд гуйгаад байна та туслах боломж байна уу?” гэж асуусан. Тэрнээс хойш байж байгаад 2019 оны 10 сарын эхээр боломжгүй гэдгээ хэлсэн. Тэр хооронд У-ын өгсөн мөнгийг үрчих гээд байсан болохоор Даваажаргал гэдэг хүний “гэрт ажил явдал болсон бөгөөд мөнгө зээлээч” гэхээр нь 3.000.000 төгрөгийг зээлүүлсэн. Би Ут 2019 оны 10 сарын дундуур “ажиллагаанд явуулах юм чинь бүтсэнгүй” гэж хэлсэн чинь миний явуулсан мөнгийг буцаагаад явуулчих гэж хэлсэн. Би 500.000 төгрөгийг нь хэрэглэсэн байсан болохоор У-ын данс руу шилжүүлсэн. Харин Даваажаргал зээлсэн 3.000.000 төгрөгөө өгөхгүй нэлээн их удаж байгаад У-ын өөрийнх нь данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 дахь хуудас/

 

Хохирогч Ч.У-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр цэргийн анги дээр жижүүрт гарч байхад тухайн үед хамт гарч байсан С “Өмнөд Судан руу ажиллагаанд явна гээд байсан явах уу? найдвартай хүн байна” гэсэн. Тэгээд С надад нэг дугаар өгсөн, тэр дугаарыг одоо санахгүй байна. Тухайн үед Сын өгсөн дугаараар нэг эмэгтэй танихгүй хүнтэй холбогдсон. Тэр эмэгтэй бас утасны дугаар өгсөн, тэр дугаар руу нь залгаж ярихад эрэгтэй хүн байсан. Тэр хүнийг би танихгүй тэгэхэд нэг удаа л ярьсан. Тэгээд утасны 8805... дугаар өгсөн. 880.... дугаарын утсаар холбогдож “Өмнөд Судан улс руу ажиллагаанд явах гэсэн юм” гэж хэлсэн чинь тэр залуу асуудал байхгүй, өгөх юмыг чинь чамд хэлсэн биз дээ гэсэн. Тэгэхээр нь мэдэж байгаа гэхэд тэр залуу 3.500.000 төгрөг хийчих гээд дансаа өгсөн. Тэгээд би тэрнээс хойш нэлээн хэдэн хоног бодож байгаад тэр залуугийн өгсөн 5075444513 дугаарын дансанд 3.500.000 төгрөг хийсэн. Тэр залуу утсаар залгаад юмаа бэлдэж бай дуудна гэж хэлсэн. Тэгсэн 2019 оны 09 сард Өмнөд Судан руу ажиллагаанд явах хүмүүс яваад өгсөн. Тэгэхээр нь 88055032 дугаартай залуу руу залгаад “юу болсон бэ” явсангүй гэж хэлсэн чинь 10 сард Афганистан руу явуулж өгнө юмаа бэлдэж бай гэж хэлсэн. Тэгээд 10 сард бас цэргийн ажиллагаанд явуулаагүй, дахиад 88055032 дугаартай залуу руу залгаж яасан талаар асуухад 12 сард асуудалгүй Афганистан явуулж өгнө гэсэн боловч бас явуулаагүй. Тэгээд тэрнээс хойш 88.... дугаартай залуугаас мөнгөө буцааж авъя гэж хэлсэн чинь өгнө гээд өгөөгүй. Сүүлд нь 8805.... дугаараар харьцаж байсан хүн Э гэж хүн болохыг хаан банкнаас лавлагаа авахдаа мэдсэн. Өмнө мэдүүлэг өгөхдөө андуураад Г гээд хэлчихсэн байна. С надад 5.500.000 төгрөг өгч чадах юм бол Өмнөд Судан улс руу ажиллагаанд явуулах найдвартай хүн байна, гээд нэг утасны дугаар өгсөн. Тэр хүмүүстэй нь холбогдож байгаад хамгийн сүүлд Этэй холбогдож 3.500.000 төгрөгөө шилжүүлсэн. Би Э гэдэг хүнтэй огт уулзаж байгаагүй, 8805.... дугаарын утсаар л харилцаж байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. 2019 оны 12 сарын сүүлээр 500,000 төгрөг, цагаан сарын өмнө хоёр хувааж 3,000,000 төгрөгөө авсан” гэсэн мэдүүлэг, /ХХ-ийн 19-20, 45, 75, 160-162 дугаар хуудас/

 

  Гэрч Б.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 07 сарын сүүлээр байх Дундговь аймгийн цэргийн ангид ажилладаг У гэдэг залуу утсаар залгаад “ ажиллагаанд явах гэсэн юм таньдаг мэддэг хүн байна уу? Х-тай холбогдсон чинь тийм хүн байхгүй гэж байна чамд таньдаг хүн байна уу?  гэж ярьж байна гэхээр нь нэг их ойшоогоогүй ганц нэг хүнээс асууя гэж хэлсэн. Тэгээд би Х-тай ярьж У холбогдсон талаар асуухад “ажиллагаанд явах гэсэн юм таньдаг мэддэг хүн байна уу?” гэж асуусан гэж хэлсэн. Тэгэхээр нь би хамт нэг дор ажилладаг Э ахмадаас “ажиллагаанд хүн явуулчихаар таньдаг хүн байна уу?” гэсэн чинь за нэг лавлая гэж хэлэхээр нь би У-т Э ахмадын дугаарыг өгөөд наад хүнтэйгээ холбогдож яриарай гэж хэлээд орхисон. Тэрнээс хойш Утай холбогдоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 26-26 дахь хуудас/

 

       Гэрч С.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би С-тай байнга холбоотой байдаг. С ажиллагаанд явж
ирсний дараа 2019 оны зун надтай холбогдож ажиллагааны талаар ярьж байхдаа
манай эндээс цэргийн ажиллагаанд явах гээд явж чадахгүй зөндөө хүн байдаг.
Мөнгийг нь ч хамаагүй өгөөд явах хүн байдаг талаар ярьж байсан. Түүнээс хойш
2019 оны 07 сарын орчим байх Зэвсэгт хүчний 330 дугаар ангид ажилладаг урьд
хамт ажиллаж байсан Х надаас танай салбараас мөнгө өгье
ажиллагаанд явах хүн байна уу? найдвартай ажиллагаанд явуулах хүн байна 5 сая
төгрөг өгөх юм бол ажиллагаанд явуулах найдвартай хүн Жанжин штаб дээр байна
гэсэн. Тэгэхээр нь би С-ыг тийм зүйл яриад байсан талаар санаад С-ын гар утасны дугаарыг өгсөн. С, Х бид нар 6-р ээлжээр хамт ажиллагаанд явж
байсан юм. Тэр хоёр нэгнийгээ танина. Түүнээс цаашаа юу болсон талаар нь би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дэх хуудас/

 

  Гэрч Д.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би У гэж хүнээс мөнгө авч байгаагүй. 2019 оны 08 дугаар сард манай хадам ахын аав нь нас бараад  надад мөнгөний хэрэг гараад хамт ажилладаг Э-ээс зээлэх мөнгө байна уу гээд асуусан чинь Э надад өөрт бол мөнгө байхгүй. Хүний мөнгө байгаа тэр мөнгөнөөс чамд зээлүүлж болно. Гэхдээ намайг буцаагаад өг гэхээр тэр үед нь найдвартай өгөөрэй гэхээр нь за гэж хүлээн зөвшөөрөөд Э-ээс 3 сая төгрөгийг зээлсэн юм. Би Э-ээс өөрийнхөө 5286021132 дугаартай дансаар 3 сая төгрөгийг авсан. Э-ээс авсан 3 сая төгрөгөөс хамт ажилладаг ахлах дэслэгч Т-т өртэй байсан учраас 1,500,000 төгрөгийг нь өгөөд үлдсэн 1,500,000 төгрөгийг нь буяны ажилд хэрэглэсэн. Түүнээс хойш 2 сар гаруй хугацааны дараа Э нөгөө мөнгөө буцааж авъя гэж хэлээд нэг дансны дугаар өгсөн нь У гэх хүний данс байсан. Би У-ын дансанд эхлээд 1,000,000 төгрөгийг хийгээд хэд хоногийн дараа 2,000,000 төгрөгийг хийсэн. Би У гэх хүнээс мөнгө аваагүй, харин Э-ээс мөнгө зээлээд түүнийгээ буцааж төлөхөд Э надад У гэх хүний дансны дугаарыг өгсөн. Би 3 сая төгрөгийг Э-ийн өгсөн данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/

 

   Гэрч Ц.Х-ын мөрдөн байцаалтын шатанд  өгсөн: “2019 оны 07 сард байх надтай хамт ажиллаж байсан Баатарын Э гэж залуу утсаар холбогдоод Суданы энэ ээлжинд мөнгө өгөөд үүрэг гүйцэтгэх хүн байна уу найдвартай явуулж өгөх хүн байна гэхээр нь би хүнээс асууж байгаад Б эгчээс ажиллагаанд явах хүн байна уу гээд асуусан чинь өмнө нь 2016-2017 онд хамт ажиллагаанд явж байсан С гэж хүний дугаарыг өгсөн. Би С-тай холбогдоход С намайг У гэж залуутай холбож өгсөн.  У-аас чи өөрөө мэд миний нэг таних хүн ажиллагаанд явуулна гээд байна гэсэн чинь би явна гэхээр нь У гэж залуугаас гар утасны дугаар, овог нэр, албан тушаалыг нь аваад Э-од өгсөн. Би дахин холбогдоогүй. Э У-тай холбогдсон байх. Би өөр зүйл мэдэхгүй. Э одоо Орхон аймагт байх Зэвсэгт хүчний 110 дугаар ангид ажиллаж байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/

 

          Гэрч Ө.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Би 2019 оны 07 билүү 08 сарын 02-ны өдөр жижүүрт гарч байхдаа өмнө хамт Бүгд найрамдах Судан улс руу ажиллагаанд явж ирсэн Б гэдэг эмэгтэйтэй фейсбүүкийн чатаар холбогдсон чинь “ нөхрийгөө явуулаач гэхээр нь би өөрөө явмаар байна гэхэд эрэгтэй хүнийг мөнгөөр явуулаад өгье гэж байна” гэхээр нь хаашаа явуулах юм бэ гэж асуухад Судан руу гэж хариулсан. Тийм үү болж байна шүү дээ. Хэдээр явуулдаг юм бэ? гэсэн чинь 5.500.000 төгрөгөөр явуулдаг гэнэ гэсэн. Тэгэхээр нь би манай ажилд ажиллагаанд явж чаддаггүй залуучууд их байдаг шүү дээ ганц нэг хүн байвал хэлж болох уу? гэж асуусан чинь найдвартай хэл ам болохооргүй хүн байвал болно. Одоо явах ээлж шүү, 9997.... дугаарын утас руу холбогд гээд хэлчих гэсэн юм. Би ээлжинд хамт гардаг Ут Судан улс руу ажиллагаанд явах уу холбоод өгөх хүн байна гээд 9997... дугаарыг өгсөн. У тэр хүнтэй холбогдсон үгүйг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дэх хуудас/

 

        Хохирогч Ч.Уын хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 44-45 дугаар хуудас/

 

        Зэвсэгт хүчний жанжин штабын 2020 оны 04 сарын 24-ний өдрийн  14/1687 дугаартай лавлагаа мэдээлэл /1хх-ийн 49-50 дугаар хуудас/

 

         Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагчийн 2020 оны 01 сарын 13-ны өдрийн Б/28, Б/105 дугаартай тушаалын хуулбарууд /хх-ийн 63-6 дүгээр хуудас/

       

          Хохирогч Ч.У-ын гар утсан үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 245-250 дугаар хуудас, 2хх-ийн 01-10 дугаар хуудас /зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтуудаар хохирогч Ч.У нь 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Өмнөд Судан улсад Цэргийн олон улсын ажиллагаанд явуулж өгнө гэсний дагуу шүүгдэгч Н.Э-ийн 5075444513 дугаартай Хаан банкны дансанд 3,500,000 шилжүүлсэн болох нь нотлогдож байна.

Шүүгдэгч Н.Э нь “Өмнөд Судан улсад Цэргийн олон улсын ажиллагаанд явуулж өгнө” гэж хуурч хохирогч Ч.У-аас 3,500,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 50754..... дансаар шилжүүлэн авч бусдад зээлдүүлсэн үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Н.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Н.Э-ийг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “...шүүгдэгч Н.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох”,

Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч Б.А: “...шүүгдэгч Н.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлсөн. Н.Э-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох” саналуудыг тус тус гаргажээ.

Шүүгдэгч Н.Э-ийн  2019 оны 08 сарын 13-ны өдөр үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байгаа бөгөөд өмнө нь мөн хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлээгүй, 6 дугаар зүйлд заасан ялаас өршөөн хасах, 7 дугаар зүйлд заасан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих, 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулахгүй нөхцөлүүдэд хамаарахгүй тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох” нөхцөл, шаардлагыг хангаж байна гэж үзлээ.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлага хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж өршөөлд хамрагдах гэмт хэргийн төрөлд оруулан хуульчилсан ба улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч Н.Э-д холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох санал үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч Н.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2022000890072 дугаартай хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хохирогч Ч.У нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. 2019 оны 12 сарын сүүлээр 500,000 төгрөг, цагаан сарын өмнө хоёр хувааж 3,000,000 төгрөгөө авсан /ХХ-ийн 19-20 хуудас/ гэж мэдүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна. Иймд шүүгдэгч Н.Э-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

           Шүүгдэгч Н.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт Н-ийн Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Н-ийн Э-эд холбогдох 2022000890072 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

         3. Шүүгдэгч Н.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлүүлсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

  1.  

          4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          5. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

   

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.Ууганбаяр