Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/90

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Мөнхбат даргалж, шүүгч З.Шүрэнчулуун, З.УуганБ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

Улсын яллагч Г.Э

Иргэдийн төлөөлөгч Ш.У

Хохирогч Р.Ц, И.Б, Ч.У, Г.Б, Х.М, С.Н

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Л, Ж.Ч

Шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Э-т холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  2122000250027 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Э нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэрт хохирогч Г.Б-ийн өмчлөлийн 20 тооны ямаа, 6 тооны төлөг, мөн өдөр хохирогч Н.Б-ийн өмчлөлийн 75 тооны ямааг залилан өөрийн эзэмшилд шилжүүлэн авч бусдад 8.830.000 төгрөгийн хохирол учруулсан,

Дундговь аймгийн Гурвансайхан сумын Дэрсэнэ-Ус багийн нутаг дэвсгэрт оршин суух хохирогч Х.М-аас 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 92 тооны бог малыг 90.000 төгрөгөөр худалдан авна, мөнгийг нь 1-3 хоногийн дотор буцаан төлнө гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч хохирогчид 8.280.000 төгрөгийн хохирол учруулсан,

       мөн тус аймгийн Гурвансайхан сумын Дэрсэнэ-Ус багийн нутаг дэвсгэрт оршин суух хохирогч С.Н-ээс 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 148 тооны  ямааг 90.000 төгрөгөөр, хонийг 100.000-110.000 төгрөгөөр худалдан авна мөнгийг нь 1-3 хоногийн дотор буцаан төлнө гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 14.320.000 төгрөгийн хохирол учруулсан,

      хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт хохирогч И.Б-ын өмчлөлийн 45 тооны эм ямаа, 5 тооны эр ямааг, хохирогч Р.Ц-ын өмчлөлийн 50 тооны эм ямааг, хохирогч Ч.У-ын өмчлөлийн 23-93 ДУЭ улсын дугаартай хар хөх өнгийн “Toyota crown” маркийн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч залилсан,

        2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Т.О-ын Хаан банкны 5429504766 дугаартай картыг Д.Г-ээр дамжуулан хүнсний эд зүйлс авч ирж өгье гэж хэлэн уг картын нууц үгийг бичүүлэн авч яваад 2020 оны 12 дугаар сарын 09-өөс 11-ний өдрүүдийн хооронд дээрх картаас 852.000 төгрөгийг авч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

         -Шүүгдэгч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Б гэдэг өвгөн байдаг. Би тэднийхээс мал аваад явж байхдаа нэг найзындаа И.Б-тай таарсан. И.Б бид хоёр бие биесээ сайн танихгүй зүс харах төдий хүмүүс. Найзындаа ирээд байж байтал И.Б ирээд мал авч байна уу? гэхээр нь одоохондоо мал авахгүй гэсэн. Өөрөө мал өгөх ёстой тэрийгээ зарсан гэж байсан. Дундговь аймагт ирээд Б гуайн малыг зарсан. Тэдний мал тарган байсан, малыг нь зараад надад зохих хэмжээний ашиг унасан. Дараа нь И.Б яриад мал авах уу? гэхээр нь би дан ямаа авна гэсэн. И.Б-ынхаас ямаа авсан чинь ээжийнхээс нь ав гээд Р.Ц гуайнхаас бас ямаа авсан. Энэ хоёр айлаас ямаа аваад буцаж байсан. Гэтэл И.Б над руу утсаар яриад Х.М гээд манай дүүгийн мал байгаа авчих гээд байсан. Х.М-ын гэр нь оторлоод нүүгээд явсан, Х.М нь айлд зарах малтайгаа үлдсэн гэж байсан. Тэгэхээр нь авахгүй гэсэн чинь манай дүүгийнх байгаа юм. Чи ямар нэгэн байдлаар багтаагаад авчих гэхээр нь би за ямар ч байсан очиж үзье гэсэн. Х.М дээр очтол ямар ч байсан чи авчихаа ийм малтай үлдсэн, манай нөхөр малаа аваад явсан. Айл, айлаар хоноглоод хэцүү байна гэсэн. Тэгэхээр нь 7 хоногийн тохиролцоо хийж малыг нь авсан. С.Н гэдэг хүн Х.М-ын найз юм билээ. Х.М С.Нийг нөхөртэй нь дуудсан байсан. Энэ 2 ирэх хооронд Г.Б надтай ямар нэг байдлаар яриагүй байж Баа гээд айлын гадаа малаа ачаад ирсэн байсан. Тэгэхээр нь би авахгүй гэсэн чинь найз нь айлд 20 гаран мал хараад хэцүү байна авчих гээд гуйгаад байхаар нь эд нарын малыг бөөнд нь авсан. Бусдаар нэгийг нь өгөөд буцаж ирж гэрээр нь хэсэж очоод мал авъя гэж гуйгаад явсан зүйл байхгүй. Эхний малаа өгөөд дараагийнх нь болох юм байна гэж бодсон. Дараа нь би болох юм байна гэж бодсон ч болсонгүй, дахиж мал авахгүй гэдгээ хэлсэн. Гэтэл Х.М над руу утсаар яриад энд мал өгөх хүн байна гэж хэд, хэдэн хүнийг утсаар яриулсан. Намайг Дундговь аймаг ороход тэг зогсолт хийсэн байсан. Ийм зүйл болсон байна энд нь өглөө гээд С.Т гэдэг махны ченж хүнд махаа хямд өгсөн. Ийм зүйл болчихлоо та хэдийн мөнгийг зохицуулахгүй бол мөнгө чинь гарсангүй. Дараагийн хүмүүсийг авахгүй гэсэн. Мал аваач гэж хэд хэдэн хүнээр яриулсан. С.Нийн найз бас малаа ялгасан хүлээж байна гэж ярьсан. Мал нь 2 хоног хашаатай байна гэж байсан. Би очиж аваагүй. О-ын мөнгийг авснаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугаа хүлээж байна. Ямар  ч байсан би мөнгийг нь төлнө. Ч.У-ын машин дээр маргалдаад байх зүйл байхгүй. Хамгийн анх Фэйсбүүкээс машин зарна гэсэн зар харсан. Тухайн үед манайх 48-д  байсан. Гэрээрээ хоол хийж зардаг байсан. Халамжийн төвөөс буцалтгүй тусламжаар тоног төхөөрөмж авах зориулалттай 1.500.000 төгрөг авсан байсан. Тэр мөнгөөрөө хоол хийж том тэрэгний жолооч нарт зардаг байсан юм. Том машинуудыг зогсоохгүй явуулдаг байсан болохоор явган явж болохгүй. Таксигаар явахаар үнэтэй байсан тул ямар ч байсан хямдхан машин олж авчихаад хүүхдээ зөөгөөд, хоолоо зөөгөөд байхад болох юм байна гэж бодоод байж байтал Ч.У машинаа 3.500.000 төгрөгөөр зарна, 2.500.000 төгрөгийг нь аваад 1.000.000 төгрөгийг  нь хавар авна гэсэн зар байсан. Утас руу нь залгасан чинь Ч.У ирсэн. Машиныг нь үзэж тохиролцоод АТМ ороод мөнгийг чинь хийчихье гэж хэлээгүй. Би удаахгүй өгнө, хавар 1.000.000 төгрөгийг чинь өгнө. Хэрвээ миний зарж байгаа юм амжилттай байвал заавал хавар гэхгүй наана нь өгчихнө гэж хэлээд авсан. 7 хоногийн дараа над руу утсаар яриад ирээд нэр дээрээ шилжүүлж ав гэхээр нь тооцоогоо дуусгаж байж шилжүүлнэ гээд нэр дээрээ шилжүүлж аваагүй. Машин нь эхнэрийнх нь нэр дээр байдаг юм билээ. Эвлэрүүлэн зуучлалаар ороод хэдий хугацаанд яаж төлөхөө тохиролцсон байсан гэв.

 

     - Хохирогч Р.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Цас ороод цагийн байдал хүнд бид нар нүүх болоод өмнө нь хэдэн хонь аймаг руу борлуулсан. Маргааш нь борлуулах гэсэн хөл хорио тавьсан. Сум руу орж гарч болохгүй. Сумаас малын гарал үүслийн бичиг өгөхгүй болсон байсан. Маргааш нь цас ороод нүүх гээд гэр орноо бэлдэж байтал хойно мал худалдаж авч байгаа нэг хүүхэн байна. Манай хүргэн мал өгсөн гэхээр нь би хүүгээ явуулж энэ хүүхэнтэй уулзуулахад мал авна. Маргааш очиж үзье гэсэн. 50 ямаа хашаанд хийчихээд ийм мал авах уу? гэхэд энэ хүүхэн болно гэж хэлэхээр нь хүргэнийх рүү хүүгээрээ малаа туулгаад явуулсан. Би аймагт өмгөөлөгч хийдэг гэж надад хэлсэн. Ямаагаа хүргэнийхтэйгээ нийлүүлээд 100 ямаа болсон. Цаг үеэс болоод нүүх гээд энэ хүүхэнд хэдэн малаа өгсөн.  Гомдол байна. Хэдэн малынхаа үнэ өртгийг төлүүлэх шаардлагатай байна. 50 ямаа 90.000 төгрөгөөр бодож авсан. Нийт 4.500.000 төгрөг болсон. Тэр хохирлоо төлүүлж авмаар байна” гэв.

 

     - Хохирогч И.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би саахалтындаа очсон. Энэ хүн Б гуайнхаас мал аваад явж байсан. Мал авч байгаа юу? гэхэд авч байгаа гэсэн. Ямаагаа аймаг орж борлуулъя гэсэн чинь хөл хорио тавьсан байсан. Гэтэл энэ хүн утасдаад ямаа өгөх чинь хэвээрээ юу ямаа авах гэсэн юм гэж ярьсан. Маргааш нь ирж үзээд сайхан тарган ямаа байна би авъя гэсэн. Хадам ээжийн малыг очиж үзэж ирчхээд орой машинаар ирж авна гээд явсан. Гэтэл маргааш шөнө нь 30 машинтай ирээд ямаа ачаад аваад явсан. Махаа борлуулчихлаа танай мал тарган байна. 2-3 хоногоос мөнгийг чинь шилжүүлчих нь гэж надад утсаар хэлсэн. Удалгүй манайхан нүүдэл хийгээд явцгаасан. Утсаар ярихаар маргааш шилжүүлье, нөгөөдөр шилжүүлье. Улаанбаатар хот руу махаа өгөөд явуулсан чинь мөнгө нь орж ирэхгүй байна гэж байнга ярьдаг байсан. 1 сар гаргаад утсаа авахаа байсан. Нийт 50 ямаа өгсөн. Нэг ямааг нь 90.000 төгрөгөөр бодож 4.500.000 төгрөг болсон. Сүүлд Шивээн дээрээс бензиний мөнгөгүй болсон гээд утсаар ярьсан чинь 200.000 төгрөг шилжүүлсэн. Одоо 4.300.000 төгрөг нэхэмжилж байгаа. Энэ хүн эцэнхий мал гэж хэлээд байна. Манай мал эцэнхий байгаагүй. Өөрөө хорио цээртэй байхад Дундговь аймаг руу орж гараад байхаар нь ямар учиртай юм бэ? гэж асуухад би өмгөөлөгч хийдэг хүн. Цагдаа танина тийм ч учраас орж гараад байгаа юм гэж ярьж байсан” гэв.

 

     -Хохирогч Ч.У шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би кровн маркийн машин зарна гэж зар тавьсан. Нэг хүн утсаар яриад үзье гэсэн. Энэ хүнтэй урьд өдөр нь 10 сарын 14-нд хотоос юм авч ирэх зар тавьсан чинь машинд хамт явж байсан юм билээ. Энэ хүн надтай хамт юм зөөлцөж байсан. Хүнд юм өргөнө шүү дээ гэсэн. Зүгээр, зүгээр би эмэгтэй ч гэсэн өргөөд даачихна гэсэн. Маргааш нь гүүрэн дээр таарсан. Машин үзье гэж хүн ирсэн нь энэ хүн байсан. Цагаан дэлгүүрийн баруун талд өвс зарж байсан машиныг заагаад би өвс зарж байгаа асуудалгүй мөнгийг чинь өгнө. Бэлэн 2.500.000 төгрөг өгнө гэсэн. Үлдсэн 1.000.000 төгрөгийг нь хавар өгнө гэсэн. Тэрнээс хойш хэд, хэдэн удаа утсаар ярьсан. Машинаа 10 сарын 16-ны өдөр өгсөн. Тэрнээс хойш 11 сард 200.000  төгрөг өгсөн. Мөнгийг чинь АТМ-ээс аваад өгчих нь асуудал байхгүй гэсэн. Тухайн үед мөнгөний хэрэгтэй болоод машинаа зарсан. Түүнээс хойш байхгүй байж байгаад Дундговь аймгийн Баянжаргалан суманд явж байна. Энд Хас банк байдаггүй юм байна. Чойр орж Хас банкаар шилжүүлье гэсэн. Дараа нь хүүхэд цусан суулгаар өвдчихлөө хэцүү байна гэж хэлээд сураггүй болсон. 02 сарын сүүлээр шүүхэд нэхэмжлэл өгсөн байгаа. Тэрний маргааш билүү нөгөөдөр нь цагдаагаас дуудсан. Та залилангийн хэрэгт машинаараа тусалж оролцсон байна гэсэн. Би юу яриад байгаа юм бэ? гээд цагдаад мэдүүлэг өгсөн. Тэрнээс хойш ийм ажил хийдэг хүн байна гэдгийг мэдсэн. Миний машиныг Гурвансайхан суманд хөдөө хаясан байсныг цагдаад хүргэж өгсөн. Би гомдолтой байна. Энэ хүнд машинаа өгөөгүй байсан бол энэ олон хүнийг хохироохгүй байсан байх. Эвлэрүүлэн зуучлахад гомдол гаргаагүй байсан бол энэ хүний хажууд хамсаатан болсон суух байсан байх. Хохиролгүй болгож өгүүлэх саналтай байна. Миний дансыг аваад Улаанбаатар хот руу явсан. Маргааш нь чи яачихав гэсэн одоо явууллаа гээд 200.000 төгрөг явуулсан. Одоо 3.300.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

     -Хохирогч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Энэ хүнийг танихгүй. Өөртэй нь холбоо бариагүй. Тэр хавиар мал авч байгаа гэсэн сураг байсан. Манай нөхөр шөнө, орой явж байгаад ирэхдээ Баагийнд хүн мал авах гэж ирнэ гэсэн гэж хэлсэн. Шөнө нь Баагийн гадаа малаа аваачсан. Манай малыг туранхай байна 80.000 төгрөгөөр авъя гэсэн. Мөнгөө яаж авах вэ? гэхэд Улаанбаатар хот руу 5 тонн хүргээд зараад мөнгийг чинь буцаагаад данс руу чинь шилжүүлнэ гээд данс бичиж аваад гарын үсэг зуралцаад явсан. Дараа нь уулзахад хот руу махаа өгсөн махны мөнгө ирээгүй байгаа гэсэн. Удаа дараа уулзсан, утсаар ярьсан бичлэг бүгд хадгалаатай байгаа. Цуг явсан Э гэдэг залуу гардан бүх ажиллагаанд оролцож байсан. Гомдолтой байна. Худлаа хүмүүсийг төөрөгдүүлж цаг хугацаа алдуулсан. Тухайн үед борлуулчих боломж байсан гэж үзэж байна. 11 сард сайхан тарган мал байсан. Туранхай байсан гэж худлаа хэлж байна. Хохирол барагдуулахаас нааш гомдолтой байна. Мөнгөө л олж авах хүсэлтэй байна. 300.000 төгрөгийг бензиний мөнгө гэж авсан. Одоо 1.780.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

     -Хохирогч Х.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Манайх оторт явах гээд би 2 хүүхэдтэйгээ үлдсэн. Зарах малаа ялгаж үлдээсэн. Баагийнх гэдэг айлд малаа тавьчихаад  хүн гуйж БатБ гэдэг айлд очсон. Ах яриад мал авч байгаа хүн байна. Хэдэн малаа өгчих гээд утасны дугаарыг нь өгсөн. Хүүхдээ айлд орхичхоод Бийн нөхөртэй хамт явж малаа ялгасан. Өглөө 09 цагт очиж авна. Малаа ялгасан байгаарай гэсэн. Мал хийдэг хүмүүстэйгээ машин дагуулаад хар машинтайгаа ирсэн. Манай малыг тарган байна гэсэн. С.Н манай малыг очиж үзэж хар гээд хамт яваад малыг нь очиж үзсэн. Би 2 нялх хүүхдээ үлдээсэн байсан учир малаа өгчихөөд гэр рүүгээ явъя гэж бодоод малаа өгсөн. 92 тооны мал бүгдийг 90.000 төгрөгт өгсөн. Тухайн үед гэртээ орж чадалгүй 3 хоносон. Ийм зүйл хэрэгтэй байна гээд юм авахуулсан. Гэхдээ 500.000 төгрөг хүрээгүй. Яагаад хориотой үед орж гараад байгаа вэ? гэхэд би цагдаагийн газар ажилладаг байсан. Өмгөөлөгч хийдэг байсан гэж ярьж байсан. Хохиролтой байна. Би 8.000.000 төгрөг нэхэмжилж байна. 280.000 төгрөгийг авсан гэв.

 

     -Хохирогч С.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би Н.Э гэдэг хүнийг мал худалдаж авч байна гэж сонсоод очиж уулзсан. Малыг чинь үзье гэхээр нь үзүүлэхэд сайхан тарган мал байна авъя гэж тохиролцсон. Маргааш нь Б гэдэг хүнээр манай малыг туулгаад явуулсан. Тухайн үед цас ороод манайх нүүх гээд хийх гэж байсан малаа өгсөн. 98 ямаа 50 хонь өгсөн. Эр, эм холимог өгсөн. Эр, сувай малтай юм чинь ямааг нь 90.000 төгрөгөөр, хонийг 110.000 төгрөгөөр авъя гэж тохироод явсан. Нийт зарсан малын үнэ 14.320.000 төгрөг болсон. Одоо 13.900.000 төгрөг нэхэмжилж байна. Гомдолтой байна. Хохирлоо төлүүлмээр байна гэв.

 

     -Гэрч С.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Энэ хүнээс мах худалдаж авч байгаагүй. Э,   гэдэг хүмүүсээс худалдаж авсан. Тухайн үед малыг 4000-4500 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний санаж байгаагаар 60 ямаа, 49 хонь 1 ямаатай авсан. Тэгээд 28 шүдлэн ямаа авч байсан. Мах өгөхдөө З, Э нар хамт ирдэг байсан. Мөнгийг нь Зын дансанд тэр дор нь хийдэг байсан. Нэг л удаа гарал үүслийн бичиг өгсөн. Өөр өгч байгаагүй. Нэг айлаас л мал авч байгаа гэдэг байсан. Мал авч ирж өгөхдөө Алтансүх гэдэг хүнтэй портер маркийн машинтай ирдэг байсан гэв.

 

     - Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н.Э нь гэм буруутай нь үнэн болно.” гэжээ.

- Шүүгдэгч Н.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “Би тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ямар ч байсан залилаагүй. Би анх Б гэдэг хүнтэй 2020 оны 11 сард утсаар яриад мал авахаар болоод гэрт нь очиж уулзсан. Б болон Б-ын хадам хөгшнөөс нийт 100 тооны ямааг 90.000 төгрөгөөр аваад Б-ын хашаанд хашаад би аймгийн төв дээр ирээд том орос 30 машин олоод тэр машиныг нь дагуулж яваад 100 тооны ямааг Дундговь аймгийн баруун талд мал хийх Э-ын таньдаг хүний хашаанд буулгаад маргааш өглөө нь бүгдийг хийлгэсэн. Хийлгэсэн малаа гэр лүүгээ аваачаад гал тогоондоо хураалгасан. Улаанбаатар хот руу ачих гэсэн чинь унаа олдохгүй, Дундговь аймагт зарах гэсэн чинь туранхай гээд 1000-2000 төгрөгөөр авна гээд байсан. Ченж Т гэх хүнийг Э танина гээд “арай гайгүй өгч магадгүй миний мал гэж хэлээд үзье” гэж хэлсэн, тэр махаа 1 килограммыг нь 3000 төгрөгөөр өгөөд Э-ын эхнэр З-ын данс руу хийлгээд мал хийлгэсэн хөлс, тээврийн хэрэгслийн зардлыг нь өгөөд үлдэгдэл мөнгийг нь бүгдийг нь З-аас авсан. Малын махаа зарж дууссаны орой Мөнхзул над руу залгаад ирээд мал авчих нөхөр отроор явсан, мал тавих айл олдохгүй байна гэж хэлэхээр нь маргааш нь цагаан өнгийн портертой М гэх хүнийг 150.000 төгрөгөөр хөлслөөд М, Э, З, М гээд хүмүүстэй 5-лаа Гурвансайхан суманд байдаг Б гэх айлд очсон. Намайг очих үед Б, Мөнхзул хоёр зарах малаа ялгаад хийж байсан. М-ын зарах гэж байгаа бог малыг 1 тоог нь 90.000 төгрөгөөр авсан хэдэн тооны мал авснаа санахгүй байна. Бын гадаа мал хийгээд байж байтал Б нөхөртэйгөө машинтай 26 тооны мал ачаад хүрээд ирсэн. Б мал авчих гээд гуйгаад байхаар нь 1 тоог нь 80.000 төгрөгөөр авахаар болсон /хонь 6-7 байсан, хэдэн хонь ямаа гэдгийг нь санахгүй байна/ тэр малыг Бын хашаанд буулгуулсан. Н нөхөртэйгөө хамт очоод мал үзээч гэхээр нь очоод үзсэн чинь надад том, том эр хонь, ямаа зааж харуулаад иймэрхүү малууд байна гэсэн. Тэдний малыг авахаар болоод 1 тооны бог малыг нь 90.000 төгрөгөөр бодож 90 гаран мал /хэдэн хонь хэдэн ямаа гэдгийг нь санахгүй байна/ авсан. Баас мал авахгүй гэсэн чинь авчих гээд байхаар нь авахаар болоод тэр өдрөө хийсэн малаа аваад Дундговь аймгийн төвд орж ирээд мал хадгалах хүн олдохгүй болохоор нь Эоор Т гэх ченжид өгүүлсэн. 1 килограммыг нь 5500 төгрөгөөр өгсөн. Хэдэн төгрөг болсныг нь мэдэхгүй байна. Маргааш өглөө нь дахиад Б гэх хүний гэр лүү очоод үлдэгдэл малаа хийлгээд Б гэх хүн 70 гаран мал ялгачихсан байхаар нь 1 тооны малыг 80.000 төгрөгөөр авсан. Тэгээд бүгдийг нь аймаг руу зөөгөөд Т гэх ченжид өгсөн. Тээврийн хэрэгслийн хөлс гэж нийт 300.000 төгрөг, мал хийсэн хүмүүстээ 500.000 төгрөг өгсөн. З-д урьд нь өвс надаас авна гээд өгсөн байсан малын мөнгө болох 2 сая гаран төгрөгийг /хэдэн төгрөг гэдгийг нь санахгүй байна/ Т гэх хүнээс авсан мөнгөнөөс өгсөн. Үлдэгдэл мөнгийг нь З-аас бүгдийг нь авсан. Тэр мөнгөө бүгдийг нь нийлүүлээд бэлэн мөнгө болгочихсон байж байгаад би Улаанбаатар хотод байдаг хүнд мөнгө өгөх ёстой байсан тул Хаан банкны АТМ-ээс танихгүй хүн гуйж байгаад шилжүүлсэн. Мал авсан бүх хүндээ нийт 37.000.000 сая төгрөг өгөх ёстой болж байсан байх. Б-д 300.000 төгрөг өгсөн. Би тэр машиныг Тогосмаа гэх хүний нөхрөөс 3.500.000 төгрөгөөр 2.500.000 төгрөгийг эхлээд удаахгүй өгнө гэж хэлээд 1.000.000 төгрөгийг 2021 оны хавар өгөхөөр тохирч авахаар болсон юм. 200.000 төгрөг өгсөн. Кровн маркийн машин эвдрээд Мөнхзул гэх хүний хашаанд байгаа” гэх мэдүүлэг ,

  -Хохирогч Г.Б-ийн: “ Манай нөхөр   2020 оны 11 сарын 27-ны орой саахалтын Б Б гэх айлд очиж мотоцикл янзална гээд явсан. Нөхөр айлаас ирэхдээ баруун хойно айлд аймгаас хүн ирж мал авч байгаа гэнэ. Том жижиг гэхгүй бог мал 90.000 төгрөгөөр авч байгаа гэж байна. Маргааш өглөө буюу 2020 оны 11 сарын 28-нд ирнэ гэж байна гэж хэлээд маргааш нь манай нөхөр бид хоёр өөрийнхөө малаас 20 эм ямаа, 6 төлөг ачаад манай гэр байгаа газраас 10 гаруй километрт байх Баа гэх айлд очсон...12 цагийн орчимд хар хөх өнгийн 23-93 ДУЭ улсын дугаартай кроун маркийн автомашин болон цагаан өнгийн 39-97 ДУА улсын дугаартай портер маркийн машинтай хэдэн хүн ирсэн. Аймгаас ирсэн хүмүүс Баа гэх айлын хороонд хашаатай байсан малаа цагаан өнгийн портер маркийн автомашин дээрээ ачаад Баа гэх айлын зүүн хороон дээр очоод хийгээд байх шиг байсан. Баа гэдэг айлын гадаа Э гэх эмэгтэй ганцаараа хар хөх өнгийн машинтайгаа үлдсэн байсан. Тэгээд манай нөхөр Г бид хоёр тэнд мал худалдаж авахаар ирсэн Э гэх эмэгтэйн автомашинд сууж байгаад ачиж ирсэн малынхаа үнийг тохиролцсон. Тэгсэн мал худалдаж авсан Э гэх эмэгтэй нөхөр бид хоёрын ачиж ирсэн малыг жижиг туранхай байна гэж хэлээд та хоёрын авч ирсэн малыг хонь, ямаа гэлтгүй нэг толгойг нь 80.000 төгрөгөөр худалдаж авъя гэж тохиролцоод 20 эм ямаа, 6 төлөг нийт 2.080.000 төгрөгт малаа өгсөн. Мөнгөө хэзээ яаж өгөх юм гэж асуутал одоо бэлэн мөнгө өгч чадахгүй би 5 тонн мах болгоод Улаанбаатар хот руу борлуулж байж өгнө гэж хэлээд наймаа хийсэн. Тэрнээс хойш Э гэх хүүхэнтэй холбогдох гээд 88376976 гэсэн дугаарын утас руу удаа дараалан залгасан боловч утсаа авахгүй байсан учир 2020 оны 12 сарын 12-нд Дундговь аймгийн төвд ирээд Э гэх хүнтэй уулзах гэсэн боловч гэртээ байхгүй байхаар нь 8837...6 гэсэн дугаар луу залгаж асуутал Э гэх хүн би Гурвансайхан сумын хойно хөдөө явж байна. Шөнө аймаг ороод ярья гэж хэлээд алга болсон. Тэр өдрөөс хойш хэд хоногийн дараа уулзаж, мөн утсаар ярьж мөнгөө авах гэтэл маргааш өгнө, хойноос мөнгө орж ирээгүй байна гэдэг байсан. Мөн 12 сарын 28-ны өдөр аймгийн “Хаан банк”-аас зээл хийж өгнө гэж хэлээд тэр нь бас худлаа болж таарсан.Тэр хүн надад таны мөнгийг удаахгүй өгнө гээд байхаар нь би итгээд өдийг хүргэсэн. Тэгээд өгөхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. Э гэх эмэгтэй надад 300.000 төгрөг өгөхдөө аймгийн төвийн Хаан банкны АТМ-ээс бэлэн мөнгө авч өгсөн. Би Э гэх хүнээс 12 сарын 30-ны өдөр 300.000 төгрөг авсан, одоо үлдэгдэл мөнгө болох 1.780.000 төгрөг авмаар байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 16-18 /,

-Хохирогч Н.Б-ийн“...2020 оны 11 дүгээр сарын 27-нд Дундговь аймгийн төвөөс Э гэх эмэгтэй манай байгаа газар буюу Гурвансайхан сумын нутаг “Хандана ус” гэх нэртэй хороон дээр ирж манай саахалтын хоёр айлаас мал авч уг хороон дээр авсан малаасаа хагасыг нь хийж үлдсэн малаа манай хороонд хашиж үлдээгээд хийсэн малын махаа ачаад аймгийн төв рүү цагаан өнгийн портер маркийн автомашинаар явсан. Маргааш нь буюу 2020 оны 11 сарын 29-ний өдөр аймгийн төвөөс ирээд үлдсэн малаа хийсэн юм. Би тухайн өдөр мал авч байгаа Э гэх эмэгтэйтэй уулзаж өөрийн малаасаа 75 тооны ямаа зарахаар болж нэг тооны ямааг 90.000 төгрөгт тохироод 6.750.000 төгрөгөөр өгөхөөр тохирч  Э гэх эмэгтэй мөнгийг 10 хоногийн дараа өгнө гээд явсан. Тэрнээс хойш Э гэх хүүхэнтэй аймгийн төвд ирээд уулзаад мөнгөө авах гэтэл маргааш өгнө, хойноос мөнгө орж ирээгүй байна гэдэг байсан. Мөн 12 сарын 28-ны өдөр аймгийн “Хаан банк”-аас зээл хийж өгнө гээд байхаар нь тэр хүнд итгээд өдийг хүргэсэн. Тэгээд өгөхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. Мал худалдаж байхдаа Э өөрөө хар хөх өнгийн 23-93 ДУЭ улсын дугаартай кроун маркийн тээврийн хэрэгсэл унаж ирдэг байсан. Мөн мал хийх хоёр эрэгтэй хүн болон малын гэдэс арилгах нэг эмэгтэй хүн авч ирдэг. Мөн худалдаж авсан малаа манай хороонд хийдэг байсан, уг хийсэн малын махаа цагаан өнгийн 39-73 ДУА улсын дугаартай автомашинаар ачиж авч ирдэг байсан.” гэх мэдүүлэг/1хх-ийн 21-22/

-Хохирогч Х.М-ын “ 2020 оны 11 сарын 27-ны өдөр Гурвансайхан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр баруун хойд хэсгээр мал авч яваа хүн байна гэж хүмүүсээс сонсоод нөхөртэйгөө утсаар яриад мал зарахаар болсон. Би гэртээ зарах 92 тооны бог малтай байсан. /эм хонь-20, төлөг-31, эм ямаа-10, хязаалан эр ямаа-31/ Э-тэй холбогдоод мал авч байгаа юу? гэхэд Э авч байгаа гэсэн. Манайх 92 тооны бог малаа Б гэх саахалт айлын хонинд нийлүүлчихсэн байсан. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Б-ын гадаа 1 тооны богийг Э гэх хүн 90.000 төгрөгт авна гэж хэлээд 92 тооны бог малаа 8.280.000 төгрөгөөр өгөөд мөнгийг нь Э гэх хүн удаахгүй 1 дэх юм уу 3 дахиас мөнгийг нь өгнө гэж хэлсэн. Саахалтын Н, А хоёр ирээд Э-тэй уулзсан. Тэр хоёрын малыг Э очиж үзээд авахаар болсон. Н, А нар хонь, ямаа нийлсэн 140 гаран бог мал өгсөн байх. Мөн Б бас мал өгч байсан. Э гэх хүн авсан малуудаа 3 хоногт бүгдийг нь газар дээр нь авч ирсэн хүнээрээ хийлгээд цагаан өнгийн портер маркийн машин дээр ачаад явсан. Тэрнээс хойш Э-тэй холбогдоход маргааш өгнө, энэ долоо хоногт өгнө гээд хойшлуулсаар байгаад өнөөдрийг хүргэсэн. Хамаатны ах Баас 50 тооны ямаа, хадам ээжээс 50 тооны ямаа авсан байсан. Итгээд 92 тооны бог малаа өгчихсөн юм. Нийт 8.280.000 төгрөг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг/1хх 188-189/,

-Хохирогч С.Н-ийн “2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Б-ын гэрт мал авч байгаа хүн байна гэж сонсоод нөхөртэйгөө очиход Э гэх эмэгтэйд манай саахалт Мөнхзул малаа өгөөд хороон дээр зогсож байсан. Э гэх эмэгтэй “мал авч байгаа, ямаа 90.000 төгрөг, хонь 100.000-110.000 төгрөгөөр авч байна” гэсэн. Тэр өдрөө нийт 50 хонь, 98 ямааг 14.320.000 төгрөгөөр Э гэх хүнд өгөхөөр болоод 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баар мал туулгаад аваад явсан. Мөнгийг нь 1 дэх юм уу 3 дахь өдөр өгнө гэж хэлж байсан. Тэгээд 7-8 хоногийн дараа Э гэх хүнтэй холбогдоод мөнгөө авах талаар хэлэхэд Э “Би Улаанбаатар хот руу махаа аччихсан байгаа, Улаанбаатар хотоос мөнгө орж ирэхгүй байна, мөнгө орж ирэхээр нь шууд мөнгийг чинь хийчихнэ асуудалгүй” гэж хэлж байсан. Э одоо хаана байгаа талаар мэдэхгүй байна. Мал хийж байгаа гээд портертой 2 эрэгтэй, 1 эмэгтэй байсан. Улаанбаатар хот руу явж мөнгө хөөцөлдөж байна гэсэн худлаа байсан. Банкнаас зээл хөөцөлдөж байна гэсэн бас худлаа байсан. Би анхнаасаа худлаа ярьж надаас болон бусад хүмүүсээс мал авч залилсан гэж бодож байна. 148 тооны бог мал зарсан. Мал зарсан мөнгөө гаргуулан авах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /1хх 192-193 /

-Хохирогч Р.Ц-ын “...Дундговь аймгийн төв орж мал зарах гэсэн боловч малын гарал үүслийн бичиг сумаас өгөхгүй байсан.Тэгээд Э гэх эмэгтэй 2020 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр манай хүргэн Баас 50 тооны ямаа авахаар болсон байсан.Тэгэхээр нь би мөнгө хэрэг болж байгаа юм чинь гэж бодоод хамт 45 тооны эм ямаа, 5 тооны эр ямаа, нийт 50 тооны ямааг 2020 оны 11 сарын 25-ны өдөр хүргэн Б-ын гэрт аваачиж өгсөн. Б Э гэх хүнд гэрээсээ малаа ачуулсан байсан. Б бас 50 тооны ямаа өгсөн юм. Би эр ямаа, эм ямаа ялгаагүй 1 тооны ямаагаа 90.000 төгрөгөөр өгөөд нийт 4.500.000 төгрөг авахаар болсон юм. Э гэх хүн миний малыг авахдаа “дансаар чинь 2-3 хоногийн дараа мөнгийг өгнө” гэж хэлээд миний дансны дугаар, гар утасны дугаарыг авсан. Манайх 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Говьсүмбэр аймаг руу отроор явахаар хөдөлсөн, оторлож явахдаа Э рүү залгахад “маргааш өгчихнө, одоо 3 цагт өгчихнө, төвд ороод өгчихнө, хөдөө машин суучихсан байна, мал аваад явж байна” гэх мэтчилэн хэлдэг байсан болохоор би “мөнгө хийчихээрэй” гэж хэлдэг байсан. Зарсан малынхаа мөнгийг Эээс гаргуулна” гэх мэдүүлэг /2 хх 48-49/,

-Хохирогч И.Бын “ 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Н.Э гэдэг хүн хойд талд нутаглаж байсан айлын хүмүүс болох Б, Чимэг гэдэг хүмүүстэй хамт манайхаар ирээд мал зарах уу авъя гэсэн. Тэгэхлээр нь би Н.Э гэдэг хүнтэй ямаа зарахаар харилцан тохиролцсон. 1 ямаа 90.000 төгрөг нийт 50 ширхэг эм ямаа 4.500.000 төгрөгөөр зарахаар болсон. Тэр үед манай урд талын айл болох /хадам ээж/ ц гэдэг хүнээс 50 ямаа авсан байсан. Манай хадам ээжтэй ямар үнэ ханшаар тохиролцсоныг сайн мэдэхгүй байна. Э нь 25-ны өдөр манай гаднаас нийт 100 ямаа авсан. Чиргүүлтэй зил-130 машинтай ирж ачиж явсан. Хэд хоногоос 4.500.000 төгрөгийг чинь хийчихнэ гэж миний данс, утасны дугаарыг бичиж явсан.Түүнээс хойш манайх нүүдэл хийгээд явсан, тэр хоорондоо Э утсаар залгаж, мөнгөө шилжүүл гэж хэлдэг байсан. Би өдөр бүр сүлжээтэй газраас Э рүү залгахад маргааш, нөгөөдрөөс мөнгө бүтэхээр өгнө гэж хэлдэг байсан. Түүнээс хойш ямар ч сураг чимээ байхгүй алга болсон. Сүүлдээ утсаа авахаа больсон. Утас нь ч холбогдох боломжгүй болчихоод байна. Арга буюу цагдаад гомдол гаргасан юм.” /хх-54-55хуудас/

-Хохирогч Ч.У-ын: “2020 оны 10 сарын 10-ны өдөр “Дундговь зар” “Дундговь такси үйлчилгээ” гэсэн Фейсбүүк групп-д машин зарах талаар зар байршуулсан. 2020 оны 10 сарын 15-ны өдөр 88376976 гэсэн дугаараас эмэгтэй хүн залгаад машин үзье гэж хэлсэн. Тэгээд хаана үзэх талаар нь асуусан чинь Хүнсний 48-р байрны урд хүрээд ир гэж хэлэхээр нь очсон. Тэгээд 48-р байрны 2 дугаар орц 1 давхарт хойшоо харсан хаалгыг нүдсэн чинь нэг хүүхэд ээж байхгүй байна гэж хэлсэн. Би буцаж машиндаа ороод гар утас руу нь залгасан чинь ойрхон байна аа, одоо очлоо гэж хэлсэн. Тэгсэн чинь махлагдуу бор эмэгтэй байсан/Урд өдөр нь Улаанбаатар хотод таарч байсан эмэгтэй байсан/, Тэр эмэгтэйтэй мэнд мэдэлцээд гэрийнх нь гаднаас миний машиныг Э гэх эмэгтэй /тухайн үед нэрийг нь мэдэхгүй байсан/ 3.500.000 төгрөгөөр авахаар болоод жолоодоод манай гэрийн гадаа очсон. Гэр рүү очих замдаа Э гэх эмэгтэй Гандангийн хойно өвс ачсан машиныг заагаад би тэнд өвс зарж байгаа гэж хэлсэн. Тэгээд гэрийн гадаа очоод намайг буулгасан. Намайг гэрийн гадаа үлдээхдээ “Хаан банк ороод картнаас 2.500.000 төгрөг бэлэн авч өгөөд үлдэгдэл 1.000.000 төгрөгийг өвс зарж байгаад өгье гэж хэлээд миний дансыг авч явсан. Тэр өдрөөс хойш мөнгө өгөхгүй байхаар нь гар утас руу залгаад асуусан чинь Э “миний зарж байгаа өвсийг аймгийн төвд зарж болохгүй гээд Онцгой байдлын газраас хөөгөөд байна, энэ асуудлаа шийдчихээд мөнгийг чинь өгье” гэж хэлээд алга болсон. 7 хоногийн дараа Э-тэй холбогдоод “мөнгөө авъя, эсвэл машинаа авъя” гэсэн чинь Э “чиний машиныг буцааж өгмөөргүй байна, нэгэнтээ би наймаа хийсэн хүн, наймаагаа буцаахгүй, хөдөөнөөс мал туугаад явж байна гэж хэлээд хэд хоног алга болсон. 2 хоногийн дараа надтай уулзаад аймгийн мал нядалгааны газар ачаалал ихтэй байна, хэд хоног хүлээлээ болохгүй байна хувиараа хүн гуйж мал хийлгэж байна. Малынхаа махыг зараад мөнгийг өгье хэлээд бас мөнгө өгөөгүй. 2020 оны 11 сарын 07-ны өдөр би Улаанбаатар хот явах ажил гараад Э гэх эмэгтэй рүү залгаад мөнгөө авъя, “Улаанбаатар хот явах ажилтай болчихлоо” гэсэн чинь Э “хот руу явж бай, мөнгийг чинь араас чинь дансаар явуулъя, би махаа ченжид өгчихсөн байгаа мөнгө орж ирэхээр араас чинь хийчихнэ” гэж хэлсэн. Маргааш нь Э рүү залгасан чинь “дансаа өгчих гэж хэлэхээр нь дансаа өгсөн чинь 200.000 төгрөг хийгээд алга болчихсон. Нэг хэсэг Э гар утсаа авахгүй алга болж байгаад гар утас нь холбогдоод ярьсан чинь “отроор явж байна, очоод өгнө” гэж байгаад 2020 оны 12 сарын эхээр Э-тэй таараад мөнгөө авъя гэсэн чинь Э “данс чинь байгаа, одоо хийчихэнэ” гэж хэлээд бас алга болчихсон. 2020 оны 12 сарын сүүлээр Э-тэй холбогдоход “Хаан банк дээр байна, зээл бүтэхээр мөнгийг чинь өгнө хүлээж бай” гэсэн. 2021 оны 01 сарын 08-ны өдөр Иргэний шүүхийн эвлэрүүлэн зуучлах газар өргөдөл гаргасан. Өргөдөл гаргах үедээ нэр хаягийг нь мэдэхгүй байж байгаад над руу мөнгө шилжүүлсэн дансны дугаараар нь Э гэдгийг нь мэдэж авсан. Э гэх хүн намайг залилсан гэж үзэж байгаа юм. Шүүх болохоор манай эхнэртэй Э-ийг эвлэрлийн гэрээ байгуулсан байсан” гэх мэдүүлэг /2хх-59-60/

-Хохирогч Т.О-ын“...уг эмэгтэй нэлээн хэдэн удаа тус болоод найдвартай пост дээр 4-5 удаа ахуйн хэрэглээний захисан зүйлсийг авч ирж өгдөг байсан. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр надтай хамт ажилладаг Б гэх хүн ахуйн хэрэглээний юм авахаар болоод өөрөө картгүй, миний картад өөрийнх нь мөнгө 150.000-160.000 төгрөгийн үлдэгдэл байсан болохоор миний хаан банкны 54502947666 дугаартай картыг авч үлдсэн. Б ах Г ахад дэлгүүрээс хувийн хэрэглээний эд зүйлс аваад ирээрэй гэж хэлээд картаа өгөөд явуулсан байсан. Г анх уг эмэгтэйд миний картыг өгөхдөө нууц дугаарыг нь цаасан дээр бичээд карттай цуг өгсөн гэж надад хэлсэн. Тухайн үед уг эмэгтэй нь Г ахад би хөдөө явах яаралтай ажилтай байгаа юм, одоо хөдөө явах гээд байна гэж хэлээд миний картыг аваад явсан гэсэн. Харин Г ах тухайн үед уг эмэгтэйд 2 хоногоос түлш ирж авахдаа картаа авчихъя гэж хэлсэн. 2020 оны 12 сарын 12-ны өдөр гар утсанд сүлжээ орсны дансны мессежний хуулга ирснийг харахад 2020 оны12 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хооронд данснаас 852.000 төгрөгийн зарлага гарсан байсан. Дансаа шалгаж үзсэний дараа утсаар холбогдоход манай найз хүүхэн картыг чинь аваад намайг эзгүй хойгуур банкны мөнгөндөө өгчихсөн байна, би сүлжээнд гараад удахгүй шилжүүлчихнэ гэж хэлсэн...байнга л утсаар ярихад өнөө маргаашгүй өгчихнө гээд л яваад байсан. Одоог хүртэл өгөөгүй байна. Өөрт учирсан хохирлоо гаргуулан авах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /1 хх 249-250/,

      -Гэрч Ж.Г-ын“ Манайх Гурвансайхан сумаас баруун зүгт 5 км газарт малтайгаа отроор нүүж яваа юм. Би 2020 оны 11 дүгээр сарын 27-ны орой саахалтын Б Б гэх айлд очиж тэдний мотоциклыг янзлалцаж байтал, тэнд байгаа айлуудаар аймгийн төвөөс шүүхэд ажиллаж байсан  Э гэх нэртэй хүн мал өндөр үнээр худалдаж авч байгаа маргааш ирнэ гэж ярихаар нь манайх ч гэсэн 20 гаран мал зармаар байна. Авах болов уу гэж хэлтэл тэр айлд байсан тус сумын Зулаа гэх эмэгтэй авалгүй дээ тэр мал худалдаж авч байгаа, Э гэх эмэгтэй 5 тонн болгоод Улаанбаатар хот руу ачдаг гэсэн гэж ярихаар нь маргааш нь буюу 2020 оны 11 сарын 28-нд эхнэр Бийн хамтаар бид хоёр өөрийнхөө малаас 20 тооны эм ямаа, 6 төлөг ачаад манай байгаа газраас 10 гаруй километрт байх Баа гэх айлд очсон. Тухайн үед мал авч байгаа хүн аймгийн төвөөс ирээгүй байхаар нь манай эхнэр бид хоёр Баа гэх айлын хороонд ачиж ирсэн 20 эм ямаа, 6 тооны төлгөө буулгаж хороонд хашчихаад байж байтал 12 цагийн орчимд хөх өнгийн 23-93 ДУЭ улсын дугаартай кровн маркийн автомашин болон цагаан өнгийн 39-17 ДУА улсын дугаартай портер маркийн авто машинтай ирсэн. Хэдэн хүнтэй хамт ирсэн талаар сайн мэдэхгүй байна. Аймгаас ирсэн хүмүүс Баа гэх айлын хороонд хашаатай байсан малаа цагаан өнгийн портер маркийн автомашин дээрээ ачаад Баа гэх айлын зүүн хороон дээр очоод хийгээд байх шиг байсан. Баагийн гадаа Э гэх эмэгтэй ганцаараа хар хөх өнгийн машинтайгаа үлдсэн байсан. Тэгээд манай эхнэр Б бид хоёр тэнд мал худалдаж авахаар ирсэн Э гэх эмэгтэйн автомашинд сууж байгаад ачиж очсон малынхаа үнийг тохиролцсон. Тэгсэн мал худалдаж авч байсан Э гэх эмэгтэй манай эхнэр бид хоёрын ачиж ирсэн малыг жижиг туранхай байна, гэж хэлээд та хоёрын авч ирсэн малыг хонь ямаа гэлтгүй нэг толгойг нь 80.000 төгрөгөөр худалдаж авъя гэсэн. Бид тохиролцоод 20 эм ямаа, 6 төлгөө нийт 2.080.000 төгрөгт өгөөд мөнгөө хэзээ,  яаж өгөх юм гэж асуутал одоо бэлэн мөнгө өгч чадахгүй, би 5 тонн мах болгоод Улаанбаатар хот руу оруулж борлуулж байж өгнө гэж хэлээд наймаа хийсэн юм. Тэрнээс хойш Э гэх хүүхэнтэй, манай эхнэр холбогдож мөнгөө авах гээд тэр эмэгтэйн 88376976 гэсэн дугаарын утас руу удаа дараа залгасан боловч утсаа авахгүй мөнгө орж ирнэ гэж янз янзаар худал хэлээд байсан гэсэн. 2020 оны 12-р сарын 12-нд аймгийн төв орж уулзсан боловч мөнгө өгөөгүй маргааш мөнгө орж ирнэ гэж янз янзаар худал хэлээд байсан гэсэн. Э гэх эмэгтэй манайд өгөх мөнгөнөөсөө 2020 оны 12 сарын 30-ны өдөр манай эхнэр Б-д 300.000 төгрөг өгсөн байсан боловч одоог хүртэл үлдэгдэл мөнгө болох 1.780.000 төгрөг төлөөгүй худлаа хэлээд байгаа.” гэх мэдүүлэг /хх-26-27/

-Гэрч А.З-ын “ Би Э гэх хүнийг танина. 2020 оны 10 сарын 20-ны үеэр Сайнцагаан сумын 5-р сургуулийн гадаа ногоон тэжээлийн өвс зарж байгаа талаараа 2 эмэгтэй хоорондоо ярьж байхад нь би “ямар үнэтэй зарж байгаа юм бэ? гэсэн чинь Э “13.000 төгрөг, 100 боодлоос дээш авах юм бол 12.500 төгрөгөөр авч болно” гэж хэлсэн. Тэгэхэд нь би дугаарыг нь аваад үлдсэн. Дараа нь 6-7 хоногийн дараа яриад “өвс зарж байгаа юм уу, 300 боодол өвс авъя, малаар сольж болох юм уу” гэсэн чинь Э “малаар сольж болно, өсгөх ямаа авна” гэж хэлсэн. Тэгээд манайх 48 тооны эм ямааг нэг тоог нь 90.000 төгрөгөөр өгөхөөр болоод ямаагаа өгсөн. Тэрнээс хойш Э-тэй холбогдоход “өвс чинь ирж байгаа хойноос гарах гэж байгаа, би завгүй хөдөө гадаа явж байна” гэж яриад 20 гаран хоног болсон. Тэгээд сүүлдээ “ямааныхаа мөнгийг бэлнээр авъя” гэж хэлсэн чинь Э “мөнгө хойноос орж ирэхээр өгье” гэж хэлээд сүүлдээ “мал аваад өгнө” гэж хэлж байснаа тэр эмэгтэй 2020 оны 11 сарын сүүлээр “карентин болчихоод мал аймаг руу оруулж ирж болдоггүй, мал хийгээд тэндээс нь зөөж оруулж ирэх гэж байна, нөхөртэйгөө  хамт мал хийх үү, мал хийсний мөнгийг чинь өгье, өвс авна гэж өгсөн малын чинь мөнгийг өгнө” гэхээр нь нөхөр бид хоёр мал хийхээр болоод аймгийн төвөөс М-ын Портер дотор нь манай нөхөр Э, М бид гурав суугаад, Э өөрийнхөө Кроун маркийн машинтайгаа аймгийн зүүн талд байсан цэргийн ангийн хойд талын пост дээр очоод уулзаж байгаад “за одоо болсон явъя” гэж хэлээд бид нарыг дагуулаад явсан. Тэгээд явж байгаад хөдөө Б гэх айлын гадаа 15 цагийн үед очиход гурван салаа хашааны урд талынх нь хашаан дотор мал нь хашаатай байсан. Э “энэ малыг хийнэ” гэж хэлсэн, тэр газарт мал зарсан гээд 2 эмэгтэй, Б гэх 3 хүн байсан. Э “М, Э бид гурвыг малаа хийж бай гээд айлаар явж байгаад цагаан приус машинтай хүмүүстэй буцаад ирсэн. М, Э бид гурвын хажууд мал хэрхэн яаж зарж байгаа талаараа сайн яриагүй. Тэр өдөр хийсэн 50-60 малын махаа М-ын машин дээр ачаад аймгийн төвд орж ирээд Э-ээс “махаа хаана буулгах юм” гэж асуусан чинь Э одоо 5 тонны машин олдохгүй махаа энд өгөөд та хоёрын мөнгийг шууд гаргаж өгье гэж хэлсэн. Тэгээд мах авах хүн хайгаад Т гэх мах авдаг хүний хашаанд нь очоод тэр газар махаа өгөхөөр болоод Э “мах өгөх” гэсэн юм гэж хэлсэн чинь Т гэж эмэгтэй авъя гэж хэлээд бүх махаа өгөөд Э дансаа гэсэн чинь Э 53 дугаартай данс хэлснээ “ өө миний данс оффшор данс болохоор ченж нар дургүйцээд байдаг юм, тэгээд мөнгө хийхээр та хоёрын мөнгийг өгч чадахгүй болчихно гэхээр нь Э данс байхгүй, манай хүний данс байгаа гээд миний Хаан банкны 5466071373 гэсэн дансанд 10 гаран сая төгрөг хийлгэсэн. Тэр мөнгөнөөс нь би өвс авах гэж өгсөн малынхаа 2.100.000 төгрөгийг авсан. М-ын тээврийн хөлсний 150.000 төгрөгийг би данснаасаа шилжүүлсэн. Э надад өөрөө данс өгөөд “болохоор нь хэсэгчлээд шилжүүлээрэй, би хүн амьтанд мөнгө цаас өгөх юм” гэж хэлсэн. Би шилжүүлж болж байгаагаар нь Э-ийн өгсөн данс руу шилжүүлсэн. Тэгээд маргааш нь дахиад аймгийн хогийн цэгийн хажууд байсан постоор гараад Б гээд айлын гэрт очоод үлдэгдэл малаа хийж дуусаад шөнө ирээд маргааш өглөө нь Т гээд хүний гэрт очоод малаа дахиад өгсөн. Мал авч байгаа Т гэх эмэгтэй гарал үүслийн гэрчилгээгээ яах юм бэ? гэхээр нь би “гарал үүслийн бичгийг нь мал зарсан хүмүүс авч ирээд өгнө” гэж хэлсэн чинь, Т “за энд авч ирээд үлдээгээрэй, намайг байхгүй байсан ч” гэж хэлэхээр нь Эт би Т гэх хүний хэлсэн үгийг хэлсэн. Э гэх хүнд “гарал үүслийн бичиг хэрэг болдог шүү дээ” гэсэн чинь Б гэх хүн нь бид нар маргааш гарал үүслийн бичиг аваад өгчихнө гэсэн. Т гэх хүн малын махны мөнгө гэж миний 5466071373 данс руу 10 гаран сая төгрөг хийсэн. Тэр мал борлуулсан мөнгөнөөс өвс авна гэж өгсөн байсан малын үлдэгдэл мөнгө болох 2.220.000 төгрөгийг аваад, мал хийсэн хөлс болох 750.000 төгрөг авсан. М-ын хөлсний мөнгө гэж 150.000 төгрөгийг бас өгсөн. Үлдэгдэл мөнгийг нь Э гэх эмэгтэйн надад өгсөн данс руу нь бүгдийг нь хэсэгчилж хийсэн, учир нь миний данснаас их хэмжээний мөнгө гарахгүй байсан юм. Тэрнээс хойш Э гэх эмэгтэйтэй дахиж уулзаагүй” гэх мэдүүлэг /хх-55-56 хуудас/

-Гэрч Б.Т-ын “Манай нөхөр Ч.У нь 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 23-93 ДУЭ улсын дугаартай хар хөх өнгийн “Тоёота кровн” маркийн тээврийн хэрэгслээ зарчихлаа гээд гэрээсээ аваад явсан. Тэгээд 3.500.000 төгрөгөөр зарчихлаа гээд явснаасаа хойш цагийн дараа ирсэн. Ирэхдээ ямар нэгэн байдлаар мөнгө төгрөг авч ирээгүй. Уг 23-93 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг болохоос манай нөхөр унаж хэрэглэх, зарж борлуулах асуудлыг мэддэг. Манай машиныг авсан Э гэх эмэгтэй манай нөхрийн данс руу 200.000 төгрөг хийгээд нэрээ шилжүүлэхдээ үлдэгдэл мөнгийг нь өгчихнө гэж хэлээд өнөөдрийг хүртэл мөнгө өгөхгүй байгаа. Уг 200.000 төгрөг хэзээ өгсөн талаар сайн санахгүй байна. Манай нөхөр энэ талаар сайн мэдэж байгаа. Манай нөхөр Э гэх эмэгтэйд “мөнгө өгөхгүй байна, үгүй бол машинаа авъя” гэж хэлэхэд Э гэх эмэгтэй "машиныг чинь авна, хэд хоногоос мөнгийг чинь өгнө” гэж хэлээд байна гэж надад хэлж байсан. Э гэх эмэгтэйтэй манай нөхөр У,  Б машинаа зарж борлуулах талаар наймаа хийсэн. 23-93 ДУЭ улсын дугаартай хар хөх өнгийн “Тоёота кроун” маркийн тээврийн хэрэгслийн талаарх асуудлыг манай нөхөр УуганБ хариуцаж оролцох болно.” гэх мэдүүлэг /хх-115/

     -Гэрч Э.М-ын “..Би 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өглөө Арвижихын 3-1 тоотод байх гэртээ байж байтал манай найз З 88178720 дугаарын утаснаас 96372727 гэсэн дугаарын утас руу залгаад аймгаас зүүн тийш 50 гаран километр газар хөдөө яваад айлын гадаа байгаа малыг хийчихээд махыг ачиж ирэх гэсэн юм. Мал хийх хүмүүс нь хамт явна чи явах уу? портер машин олдохгүй байна. 150.000 төгрөгт түлш хийж өгнө гэж надад хэлсэн. Явъя гээд хөлсөө яаж өгөх юм бэ? гэхэд З дансаа өгчих гэж хэлэхээр нь би өөрийнхөө “Хаан банк”-ны 502644..... дугаартай дансыг найз З-д өгтөл удалгүй 150.000 төгрөг хийсэн. Тухайн айлаас Б гэх залуу сэвсийг баруун урагш асгаарай гэж хэлэхээр нь би гэдсийг зөөж асгасан. Тэр өдөр хонь ямаа нийлсэн 50 мал хийгээд миний эзэмшилд байдаг 39-37 ДУЭ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэлд ачаад “Номгон” дэлгүүрийн урд талд байх ченж Т гэх хүнд өгсөн. Маргааш нь 2020 оны 11 сарын 29-ний өглөө 11 цагийн үед манай найз З над руу утсаар залгаад нөгөө айлын үлдсэн малыг хийж ирэх гэсэн юм чи явах уу? гэж ярихаар нь явъя гэж хэлээд хөлсний мөнгө болох 150.000 төгрөгийг өөрийн “Хаан банк”-ны данс руу шилүүлж аваад найз З-ын гадаа очтол Э гэх эмэгтэй хар хөх өнгийн кроун машинтайгаа ирчихсэн байсан. Э өөрөө түрүүлж яваад “Хөрхийн амралт” руу гардаг зам дээр гарч цагдаагийн алаг машинтай хүнтэй уулзаж ирээд намайг дагуулаад аймгаас гарсан. Б гэх айлд очоод хашаатай байсан хонь ямаа нийлсэн 50 тооны бог мал хийсэн. Мөн урд өдөр нь мал хийлцсэн. Би Н.Э гэх хүнтэй Гурвансайхан сумын нутгаас Б гэх айлын гаднаас хонь, ямаа нийлсэн 100 тооны малын махыг 2 удаа зөөсөн. Аймгийн төвийн ченж Т гэх хүнд нийт хонь ямаа нийлсэн 100 тооны махыг өгсөн...” гэх мэдүүлэг/1хх 24-25/

 -Гэрч Л.Э-ын “...мал хийх хүн болон мал ачих машин байна уу хөлс мөнгийг нь хангалттай өгнө гэж ярихаар нь би малыг чинь хийж өгье. Нэг малыг 5000 төгрөгөөр хийдэг гэхэд зөвшөөрсөн. Эхнэрийн найз М-д хөдөөнөөс мал ачиж ирэх гэсэн юм чи явах юм уу? хөлс мөнгийг нь хангалттай өгнө гэж байна гэхэд М явахаар болоод маргааш нь явцгаасан. Н.Э өөрийнхөө машинтай харин М-ын машинд би болон эхнэр А.З, мал хийдэг М гэх хүн явцгаасан. Б гэх айлын гадаа хашаатай байсан малыг хамт явсан М болон би хийсэн. Манай эхнэр А.З гэдсийг арилгаж М баасыг нь зөөж хаясан. Б гэх айлын гаднаас нийтдээ 100 гаран мал хийж хоёр удаа аймгийн төв рүү ирж ченж Т гэх хүнд өгсөн. Эхнэр А.З-ын хаан банкны 5466071371 гэсэн дансыг өгч ченж Т гэх хүнээс 2 удаа махны мөнгө манай эхнэрийн дансанд орсон. Би хэдэн төгрөг орсон талаар мэдэхгүй байна. Н.Э манай эхнэрээс дараа нь өөрийнхөө данс руу шилжүүлдэг байсан. Н.Э мал хийсэн ажлын хөлс гэж эхнэр бид хоёрт 550.000 төгрөг бэлэн өгсөн. Би тэр мөнгөнөөс хамт явж мал хийлцсэн М-д 200.000 төгрөг өгсөн. Тэгээд Н.Эгэх хүнээс өөрийнхөө авах мөнгийг бэлнээр авсан. Тухайн үед ченж Т гэх хүнд хонь ямаагаа тус тусдаа үнэтэй мөн тарган туранхайгаараа өөр, өөр үнээр өгч байсан. Ямааны махаа 1 килограммыг нь 3500 төгрөг өгч байсан, хонины махаа 1 килограммыг нь 5300 төгрөгөөр өгч байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 31-32/

 -Гэрч Ё.Т-гийн “...Э гэх хүнээс 3-4 удаа хонь, ямааны мах худалдаж авч байсан. 2020 оны 11 дүгээр сарын сүүлээр авч байсан байна. Мөнгийг нь Э-ын эхнэр болох З гэх хүний данс руу хийдэг байсан. Нийт 100 нэлээн гаран бог малын мах худалдаж авч байсан. Э манайд мал өгөхдөө эхнэртэйгээ байнга ирдэг байсан. Гарал үүслийн гэрчилгээ асуухад.,.2020 оны 11 сарын сүүлээр бол 2 удаа өгөөгүй...Э-ын эхнэр З-ын 5466071373 тоот данс руу 4.162.500 төгрөг хийсэн, 5.247.000 төгрөг хийсэн, 702.500 төгрөг хийсэн тэмдэглэл байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 41/,

   -Гэрч Д.Гийн “...аймгийн төвийн зүүн пост дээр зогсож байхад хар хөх өнгийн кроун машинтай эмэгтэй тэнд зогсож байсан машинд сэлбэг авчирч өгөхөд нь өөрийнхөө картыг өгч явуулаад тамхи авхуулсан. Тэгж би тэр эмэгтэйтэй танилцсан. Хамгийн сүүлд 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Т.О-ын картыг Баян Мс аваад Дундговь аймгийн төв ороод колонк дээр нөгөө эмэгтэйн утас руу нь авах зүйлийнхээ нэр, тоог бичээд юм авахад...хүмүүсийн захиас 100.000 гаруй төгрөг болсон. Тухайн үед Бийн эхнэр Т.О-ын данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн гэж байсан, миний мобайл банкны үлдэгдэл мөнгө хүрэхгүй болохоор нь би Т.О-ын картыг тэр эмэгтэйд кодтой нь өгөөд дараа ирэхдээ картыг нь авна шүү гэж хэлээд орхисон. О-ын дансанд Бийн эхнэрийн шилжүүлсэн 100.000 төгрөг байгаа л гэж бодож байсан юм. Сүлжээтэй газар очоод нөгөө эмэгтэйтэй утсаар ярьж асуухад манай найз авчихсан байна, одоохон хийгээдэхье гэж хэлээд маш олон хоносон. Сүүлдээ утсаа авахаа байчихаар нь цагдаад өргөдөл өгсөн байсан” гэх мэдүүлэг /2 хх 3-4/,

    -Гэрч М.Бийн “...Г ах нэг эмэгтэйд картыг нь өгөөд явуулчихсан эргэж очоод авна гэж хэлээд ирсэн. 2-3 хоногийн дараа О-ын данснаас тэр эмэгтэй мөнгө авсан байсан...” гэх мэдүүлэг /2 хх /,

   -Гэрч М.Б-ийн“...2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр аймаг руу мал борлуулах гэтэл хөл хорио тогтоосон гээд малын гарал үүслийн бичиг өгөхгүй байсан. Мал махны ченж гээд Э гэх хүүхэн ирэхээр нь 50 ямаа /45 эм ямаа, 5 эр ямаа/ өгч явуулсан. Би хот руу яваад 2 хоногийн дотор борлуулчихдаг юм тэгээд мөнгийг чинь өгнө гэсэн. Тэгээд мөнгө шилжүүлээгүй, ээжийг залгаж асуухаар хот руу явж амжаагүй, маргааш нөгөөдрөөс хот орно. Тэгээд өгнө гэдэг байсан боловч мөнгө өгөөгүй...” гэх мэдүүлэг /2 хх 63/,

-Сайнцагаан сумын Үнэлгээний комиссын Эд зүйлд үнэлгээ хийсэн 04 дугаартай 2020 оны 11 дүгээр сарын байдлаар эм ямаа, сувай 75 тооны тус бүр 90.000 төгрөг, төлөг, эр 6 тооны  тус бүр 80.000 төгрөг, эм ямаа, сувай, 20 тооны тус бүр 80.000 төгрөг, нийт 8.830.000 төгрөг” гэх акт /1 хх 44-45/

-Сайнцагаан сумын Үнэлгээний комиссын Эд зүйлд үнэлгээ хийсэн 11 дугаартай “...2020 оны 11 дүгээр сарын байдлаар эм хонь 20 тооны 90.000 төгрөг, төлөг 31 тооны 90.000 төгрөг, эм ямаа-10 тооны 90.000 төгрөг, хязаалан насны эр ямаа-31 тооны 90.000 төгрөг, шүдлэн насны эр ямаа 40 тооны 110.000 төгрөг, эм хонь 10 тооны 110.000 төгрөг, бүдүүн эм ямаа 83 тооны 90.000 төгрөг, эр ямаа 15 тооны 90.000 төгрөг” гэх акт/1 хх198-199/

-Сайнцагаан сумын Үнэлгээний комиссын Эд зүйлд үнэлгээ хийсэн 11 дугаартай “Хаан банкны виза карт -1 ширхэг, 10.000 төгрөг” гэх акт /2 хх 10/

-Сайнцагаан сумын Үнэлгээний комиссын Эд зүйлд үнэлгээ хийсэн 19 дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл, 1998 онд үйлдвэрлэгдсэн-3.500.000 төгрөг, Тоёота кровн маркийн тээврийн хэрэгсэл 2002 онд үйлдвэрлэгдсэн 3.500.000 төгрөг” гэх акт /1 хх 50-51/

      -Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /2 хх 16- 17/,

-Дундговь аймгийн Авто тээврийн төвийн 16 дугаартай Лавлагаа өгөх тухай албан бичиг, холбогдох баримт/1хх 95-97/,

-Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах тухай тогтоол, гүйцэтгэх хуудас шийтгэх тогтоол гэх баримтууд /1хх 99-108/

          -Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга гэх баримт /1 хх 134-138, 2 хх 22-23, 102-105 /

          -Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл, холбогдох баримт /1 хх 159-62/

  -Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1 хх 204-205, 2 хх 64-67, 2 хх- 75- 85/,

-Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шалгах хуудас /1 хх 80, 167- 170 /,

-Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /1хх 173-174, 233-244, 2 хх 30-31/,

 -Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /1 хх 176, 236, 2 хх 33/

 -Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1 хх- 178-180, 228-234, 2хх 35-40/,

-Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн 1/87 дугаартай албан бичиг/1 хх 164/,

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 41-44 /,

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар Н.Э нь 2020 оны 11 сарын 25-наас 28-ны хооронд махаа 5 тонн болгоод Улаанбаатар хот руу аваачиж зараад 1-7 хоногийн дотор мөнгийг чинь буцаагаад данс руу чинь шилжүүлнэ гэж амаар гэрээ хийж хохирогч Р.Цаас 50 тооны ямаа авч 4.500.000 төгрөгийн, И.Баас 50 тооны ямаа авч 4.500.000 төгрөгийн, Г.Б-ээс 20 тооны ямаа, 6 тооны төлөг авч 2.080.000 төгрөгийн, Н.Б-аагаас 75 тооны ямаа авч 6.750.000 төгрөгийн, хохирогч Х.М-аас 92 тооны бог мал авч 8.280.000 төгрөгийн, С.Н-ээс 148 тооны бог мал худалдан авч 14.320.000 төгрөгийн буюу нийт хохирогч нарт 40.430.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2020 оны 12 сарын 09-ны өдөр хохирогч Т.О-ын Хаан банкны 5429504766 дугаартай картыг Д.Г-ээр дамжуулан хүнсний эд зүйл авч ирж өгье гэж картын нууц үгийг бичүүлэн авч 2020 оны 12 сарын 09-нөөс 11-ний өдрүүдийн хооронд уг картнаас 852.000 төгрөгийг завшсан үйл явдал болсон болох тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгч Н.Эгэм буруутай гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авсан болно.

Шүүгдэгч Н.Э нь хохирогч Р.Ц, И.Б, Г.Б, Н.Баа, Х.М, С.Н нараас зээлээр худалдан авсан хонь, ямааныхаа махыг бусдад зарж борлуулсан атлаа үнийг нь төлөөгүй үйлдэл нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Прокуророос шүүгдэгч Н.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Н.Э-ийн хохирогч Ч.У-ын өмчлөлийн 23-93 ДУЭ улсын дугаартай хар хөх өнгийн “Тоёота кровн” маркийн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч залилсан гэх хэргийг Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэд эвлэрүүлэн зуучлалаар 2021 оны 02 сарын 23-ны өдөр 139/ЭГ2021/00028 дугаартай эвлэрлийн гэрээ байгуулагдсан, эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулж, шийдвэр хүчин төгөлдөр болсон  байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан тухайн хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Мөн шүүгдэгч Н.Э-ийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэрт хохирогч Г.Б-ийн өмчлөлийн 20 тооны ямаа, 6 тооны төлөг, мөн өдөр хохирогч Н.Б-ийн өмчлөлийн 75 тооны ямааг залилан шилжүүлэн авч бусдад 8.830.000 төгрөгийн хохирол учруулж залилсан үйлдлийг прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  1 дэх хэсэг болгон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчиллөө.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д заасан “Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, гэмт хэрэг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах, эсхүл бусад үйлдвэрлэл худалдаа үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой, үйл ажиллагааныхаа үндсэн эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч Н.Э-ийн үйлдэлд “Залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх шинж хангалттай тогтоогдохгүй байх тул шүүх бүрэлдэхүүнээс шүүгдэгчид холбогдуулан Эрүүгийн хуулийн  17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн  3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

          Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогч нараас малыг нь борлуулаад 1-7 хоногийн дотор мөнгийг нь буцаан өгнө гэж худалдах, худалдан авах гэрээ байгуулан авсан нь иргэний эрх зүйн маргааны шинжийг агуулж байгаа боловч шүүгдэгч нь худалдан авсан малаа борлуулсны дараа хохирогч нарт төлбөрийг нь шилжүүлэлгүй хохироож байгаа үйлдлээрээ залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар шүүгдэгч Н.Э нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших  гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч Б овогт Н-ийн Э-т Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгчийн эдлэх хорих ялыг  1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоолоо.

            Мөн Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-т энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 19-ний өдрийн 592 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 9 сар 7 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Н.Э-ийн биечлэн эдлэх нийт ялыг 2 жил 9 сар 7 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-ийн эдлэх хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч Н.Э-ийн2020 оны 11 сарын 25-наас 28, 2020 оны 12 сарын 09-нөөс 11-ний өдрүүдийн хороонд үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байгаа бөгөөд өмнө нь мөн хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлээгүй, 6 дугаар зүйлд заасан ялаас өршөөн хасах, 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулахгүй нөхцөлүүдэд хамаарахгүй тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан “хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих” нөхцөл, шаардлагыг хангаж байна.

            Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-ийн энэ хэргийн улмаас баривчлагдсан 2 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Н.Э-т энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 9 сар 7 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 5 хоногийн  хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж дээрх хугацаанд Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвөөс гадагш явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

Шүүгдэгч Н.Э-ийн үйлдлийн улмаас хохирогч И.Б-т 4.500.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт 200.000 төгрөгийг бинзены мөнгө гэж авсан үүнийг нийт хохирлоос хасч тооцно гэж мэдүүлж байх тул шүүгдэгчээс 4.300.000 төгрөг, Г.Б-д 2.080.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд 2020 оны 12 сарын 30-нд 300.000 төгрөг авсан гэж байх тул хохирлоос хасч тооцож шүүгдэгчээс 1.780.000 төгрөг, хохирогч Х.М-д 8.280.000 төгрөгийн хохирол учирснаас 280.000 төгрөгийн эд зүйл авсан гэж мэдүүлж байх тул хасаж тооцож 8.000.000 төгрөг, С.Н-т 14.320.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд 420.000 төгрөгийн эд зүйл шүүгдэгчээр авахуулсан гэж байх тул хасаж тооцоод 13.900.000 төгрөг, Р.Ц-т 4.500.000 төгрөг, Н.Б-аад 6.750.000 төгрөг, хохирогч Т.О-дтүүний картнаас авсан бэлэн мөнгө 852.000 төгрөг дээр карт захиалсан 10.000 төгрөгийг нэмж 862.000 төгрөг, нийт 40.092.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч нарт олгохоор шийдвэрлэлээ.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас 2021 оны 02 сарын 22-ны өдрийн 23 цаг 50 минутаас эхлэн сэжигтнээр 2 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э-т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар  шүүгдэгч Н.Э-т холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хохирогч Г.УуганБын өмчлөлийн Тоёота кровн маркийн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч залилсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-т холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

           3.Шүүгдэгч Б овогт Н-ийн Эийг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            4. Шүүгдэгч Б овогт Н-ийн Эт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгчийн эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

            6.Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-т энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 19-ний өдрийн 592 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 9 /ес/ сар 7 /долоо/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Н.Э-ийнбиечлэн эдлэх нийт ялыг 2 /хоёр/ жил 9 /ес/ сар 7 /долоо/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

            7.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-ийнэдлэх хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            8. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заанаар шүүгдэгч Н.Э-ийнэнэ хэргийн улмаас баривчлагдсан 2 /хоёр/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

            9. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Н.Э-т энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 9 сар 7 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жил 9 /ес/ сар 5 /тав/ хоногийн  хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

         10. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-т 2 /хоёр/ жил 9 /ес/ сар 5 /тав/ хоногийн хугацаанд Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвөөс гадагш явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

            11. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Энь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

          12. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

          13. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эээс 40.092.000 /дөчин сая ерэн хоёр мянга/  төгрөг гаргуулж, хохирогч Р.Цт 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг, хохирогч И.Бт 4.300.000 /дөрвөн сая гурван зуун мянга/ төгрөгийг, хохирогч Г.Бд 1.780.000 /нэг сая долоон зуун наян мянга/ төгрөгийг, хохирогч Х.Мд 8.000.000 /найман сая/ төгрөгийг, хохирогч С.Нт 13.900.000 /арван гурван сая есөн зуун мянга/ төгрөгийг, хохирогч Н.Баад 6.750.000 /зургаан сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг, хохирогч Т.О-д 862.000 /найман зуун жаран хоёр мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

          14. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э-т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

        15. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардуулсан  буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.МӨНХБАТ

                                        ШҮҮГЧИД                            З.ШҮРЭНЧУЛУУН

                                                                                     З.УУГАНБАЯР