Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/92

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж, тус шүүхийн “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

          Улсын яллагч Б.О

          Шүүгдэгч М.М нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.М-д холбогдох эрүүгийн 2122000000123 дугаартай  хэргийг 2021 оны  9 дүгээр сарын 15-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч М.М нь Дундговь аймгийн Адаацаг сумын 1 дүгээр баг Зоогийн 12-6 тоотод 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хамтран амьдрагч П.А-ийг нүүрэн тус газарт нь 1 удаа цохин биед нь халдаж хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

-Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Намайг хөдөөнөөс ирэхэд эхнэрийн аав, ээж, эгч, хүргэн гээд бүгд согтуу, хүүхэд өлссөн байсан. Тэр хүмүүс согтуу унтаж байгаад босож ирээд 2 шил архи байх ёстой гээд хайгаад олоогүй. Эхнэр хөдөөнөөс чамд айраг тавьсан гээд пивоны савны дундуур айраг гаргаж өгсөн. Би тэр айргийг уучихаад хэвтсэн. Гэтэл утас дуугарахаар нь авах гэсэн чинь эхнэр чи У-тай хүүхэн л ярих гэж байгаа биз гэж намайг алгадахаар нь гарын доод хэсгээрээ цохитол уруул нь язарсан. Аав ээжтэйгээ нийлж архи уугаад өвчтэй хүүхэдтэй болохоор хэцүү байдаг юм” гэв.

-Шүүгдэгч М.М мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “... Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 08 дугаар сарын 20-ны орой 20 цагийн үед суман дээр хадмын гэрт очиход хадам аав П, хадам ээж Э, манай эхнэр А, баз хүргэн Ж, хадам эгч Б, Б нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /согтсон/ байдалтай байсан. Би ирээд бага хүүхэд Чинзоригт /нэг ой гарантай саажилттай/ бантан хийгээд өгчих гэхэд А “би өглөө бантан хийж өгсөн” гэхээр нь наад хүүхэд чинь шөнө өлсдөг юм байгаа биз  дээ” гэж хэлээд А-ээс 5000 төгрөг авч дэлгүүрээс соок авч хүүдээ өгсөн. Намайг очсоны дараа Б гэр рүүгээ явж бусад нь тэр гэрт хоносон. Бид унтах гээд 22 цагийн үед хэвтэцгээж би эхнэр хүүхдийн хамт уг гэрийн баруун талын орон дээр орны зүүн захад, дунд хэсгээр А ханан талд хүүхэд унтаж байсан. Тэгтэл миний утас руу хүн залгаж утас дуугарсан, тухайн үед миний утас гэрийн унинд хавчуулаастай буюу эхнэр бид хоёрын харалдаа байсан. Утсаа авах гээд өндийтөл “У та хоёр хүүхэн л ярих гэж байгаа биз” гэж хэлээд зүүн гараараа миний зүүн талын чих хэсэгт 1 удаа алгадахаар нь би уурлаж “юу яриад байгаа юм, би У-тай нүүрс түлээ авахаар ярих гэж байна” гэж хэлээд зүүн гарынхаа доод хэсгээр А-ийн баруун талын дээд уруул, завж хэсэгт 1 удаа цохисон” гэх мэдүүлэг  /хх-ийн 34 дэх тал /

-Хохирогч П.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 17-18 цагийн үед Адаацаг сумын 1 дүгээр баг Зоогийн 12-06 тоотод байх өөрийн гэртээ төрсөн аав Ж.П, төрсөн ээж Г.Э, манай сумын Ж, Б, М, Б, Г гэх хүмүүсийн хамт архи, пиво, айраг уугаад байж байтал манай нөхөр М хөдөөнөөс бензин авахаар сумын төв дээр ирсэн. Бид архи пиво ууж байгаад манайд байсан хүмүүс 20 цагийн үед явцгааж гэрт ээж Э, аав П, нөхөр М бид нар үлдсэн. Тэгээд бид унтах гээд байж байтал манай нөхрийн гар утас руу хүн залгаж утас нь дуугарсан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байсан тул агсарч 22 цагийн үед нэг сэрэхэд миний уруулын баруун дээд хэсэгт цус гарч байсан тул сумын эмнэлэгт очиж оёдол тавиулсан. Энэ гэмтлийг манай нөхөр М намайг гарынхаа доод хэсгээр цохисны улмаас үүссэн гэж хэлсэн. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн, тасарсан байсан. Болсон асуудлын талаар маргааш нь нөхрөөсөө сонсоход унтах гэж байх үед унинд хавчуулсан байсан гар утас нь дуугарч утсаа авах гээд өндийх үед нь би “У-тайгаа хүүхэн ярих гэж байгаа биз” гэж хэлээд хардаж зүүн талын шанаа хэсэгт нь алгадсан гэсэн. Тэгээд нөхөр “Би нүүрс ярих гэж байна, яах гээд байгаа юм” гэж хэлээд зүүн гарын доод /чигчий хуруу болон бугуй хооронд байх ястай/ хэсгээр нэг удаа миний баруун дээд талын уруул, баруун хацар хэсэгт цохисон гэсэн. Миний баруун дээд талд дотор хэсэгтээ язарсан байсан. Тухайн үед Адаацаг сумын эмнэлэгт очиж нэг оёдол тавиулсан. М нь өмнө нь нэг удаа миний биед халдаж байсан. Тэр нь 2021 оны 01 дүгээр сард миний толгойн ар хэсэг рүү нэг удаа алгадсан. Тэр үед нь цагдаагийн байгууллагад хандаж тухайн үйлдлийнхээ улмаас М нь 7 хоног баривчилгаа авсан гэх мэдүүлэг  /хх-ийн 7-8 дахь тал/

        -Гэрч Г.Э-ын: “...П.А нь дээд уруул язарсан хөндлөн тууш шархтай байсан. Цус тогтоох өвдөлт намдаах эмчилгээ хийсэн, шарханд анхдагч зүсэлт хийж 2 оёдол тавьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дахь тал/

         -Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 182 дугаартай шинжээчийн:

          1.П.А-ийн биед дээд уруулд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүснэ.

          3. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

          4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          5.А-ийн биед үүссэн дээд уруулын шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэг, цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг хамаарахгүй гэх дүгнэлт /хх-ийн 18-19 дэх тал/

        -Гэмт хэрийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дэх тал/

  • Хохирогч П.А-т яаралтай түргэн тусламж үзүүлсэн хуудас /хх-ийн 21-22 дахь тал/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

1.Үйл баримтын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч М.М нь Дундговь аймгийн Адаацаг сумын 1 дүгээр баг Зоогийн 12-6 тоотод 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хамтран амьдрагч П.А-ийг“У-тай хүүхэн ярих гэж байгаа биз” гэж хэллээ гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь 1 удаа цохиж түүний биед “дээд уруулд шарх” бүхий хөнгөн гэмтэл /хохирол/ учруулсан үйл баримт тогтоогдож байна. 

2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М-ий гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч П.А-ийн “...Энэ гэмтлийг манай нөхөр М намайг гарынхаа доод хэсгээр цохисны улмаас үүссэн гэж хэлсэн. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн, тасарсан байсан. Болсон асуудлын талаар маргааш нь нөхрөөсөө сонсоход унтах гэж байх үед унинд хавчуулсан байсан гар утас нь дуугарч утсаа авах гээд өндийх үед нь би “У-тайгаа хүүхэн ярих гэж байгаа биз” гэж хэлээд хардаж зүүн талын шанаа хэсэгт нь алгадсан гэсэн. Тэгээд нөхөр “Би нүүрс ярих гэж байна, яах гээд байгаа юм” гэж хэлээд зүүн гарын доод /чигчий хуруу болон бугуй хооронд байх ястай/ хэсгээр нэг удаа миний баруун дээд талын уруул, баруун хацар хэсэгт цохисон гэсэн. Миний баруун дээд талд дотор хэсэгтээ язарсан байсан. Тухайн үед Адаацаг сумын эмнэлэгт очиж нэг оёдол тавиулсан” гэх,

   гэрч Г.Э-ын “П.А нь дээд уруул язарсан хөндлөн тууш шархтай байсан. Цус тогтоох өвдөлт намдаах эмчилгээ хийсэн, шарханд анхдагч зүсэлт хийж 2 оёдол тавьсан” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Д.Д-ийн 2021 оны 8 сарын 23-ны өдрийн 182 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч М.М нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

           Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.М-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

             3. Эрүүгийн хариуцлагын талаар:

      Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан  гэмт хэрэг үйлдэгдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, улсын яллагчийн санал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

           4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

          Шүүгдэгч М.М-ий үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч П.А “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй, шүүгдэгч М.М нь бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

          5.  Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч М.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Х овгийн М-ийн М-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х овгийн М-ийн М-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч М.М-д мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч М.Мэнэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.УУГАНБАЯР