Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/110

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ударгалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

          Улсын яллагч Б.С

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Л

          Шүүгдэгч М.М нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.М-т холбогдох эрүүгийн 2122000000150 дугаартай  хэргийг 2021 оны  11 дүгээр сарын 03-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

     Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч М.М нь согтуугаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ө” цайны газрын замын эсрэг талд баригдаж байгаа барилгын ажилчид байрлаж байгаа газарт 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэн Ц.Т-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

           ТОДОРХОЙЛОХ НЬ:

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

          Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Ө” цайны газрын барилга дээр А.Н ахтай вагончигт байж байтал Ц.Т гэдэг ах танилцъя гээд нэг шил архи авч ирээд түүнийг хувааж уугаад айлд очиж дахиж 3 шил архи дөрвүүлээ хувааж уучихаад манайд ирсэн. А.Н ахыг Ц.Т ах боож унагаахаар нь би та яаж байгаа юм бэ? гэтэл өөдөөс уурлахаар нь зөрүүлээд нэг цохичихсон юм. Хохирогчийн хохиролд 300.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

      Хохирогч Ц.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би “Ө” цайны газрын Ө, О нарын хамт хаус барьж байгаа юм. Бид нартай зэргэлдээ баригдаж байгаа байшинг мөн 3 хүн барьж байгаа юм. 2021 оны 10 сарын 03-ны өдөр хажуугийн байшин барьж байгаа Н ах хамт ажиллаж байгаа залуу М-ын хамт бид нар дээр танилцъя гээд нэг шил архитай ирсэн. Тэр архинаас Ө-аас бусад нь уусан. Дахин манай найз О-ийн Мандалд байх гэрт нь очиж 2 шил архи хувааж уусан. О-ийн гэрт архи ууж байхдаа М нь О-тэй хэрэлдээд байсан. Тэгээд О тэр залууг чи хүний нутагт явж байгаа хүн байна би чамтай юм ярихгүй гэж хэлсэн. Тэгээд О-ийн гэрээс би хажуугийн барилга барьж байгаа 2 хүнтэй хамт тэдний байрлаж байгаа газарт нь очсон. О, О хоёр үлдсэн. Ингээд би тэр хоёр хүнтэй хамт байрлаж байгаа байр руу нь ороод дахин нэг шил архи хувааж уусан. Би нэлээд согтсон байсан бөгөөд надтай хамт архи ууж байсан М гэх залуу “танай тэр муу найз чинь их зэвүүн залуу байна шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би манай найз мундаг аж ахуйч хүн гэж хэлээд байж байтал нөгөө залуу миний нүүрэн тус газарт хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Энэ үед манай найз Анхбаяр надад мал авч ирж өгч таараад над руу залгахаар нь ирээд ав гэж хэлсэн. Тэгээд Анхбаяр намайг ирж авсан. Гэр рүүгээ очиж цусаа угаачихаад буцаж цагдаа дуудаж хамт очоод би нөгөө хоёр хүнийг хаалгаа тайлахгүй болохоор нь цонхыг нь цохиж байгаад хагалчихсан. Би цонхыг нь төлж өгнө. Миний хамар цээж хөндүүртэй байна. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 7 тал/

 

       Гэрч А.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр М бид хоёрыг байж байхад Т, О, Б гээд залуус “Танилцъя” гээд нэг шил архитай ирсэн. Тэр архийг нь бид нар хувааж уучхаад нэмж нэг шил архи уухаар болоод би архи авсан. О гэдэг залуугийн таньдаг айлд очсон. Тэнд очоод нэг шил архи нэмж уусан. Тэгээд би байрлаж байгаа байрандаа очоод унтсан. Нэг сэртэл надтай хамт ажилладаг М гэдэг залуу “ахаа сая таныг боолоо шүү дээ, би хамар руу нь шаачихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи яах гэж хүн зоддог юм” гэж хэлсэн чинь л цагдаа орж ирээд М бид хоёрыг аваад явсан. Би тухайн үед согтсон байсан болохоор яг юу болсон талаар нарийн сайн санахгүй байх шиг байна. М тийн хамар руу нь шаачихлаа л гэж хэлсэн. Өөр мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 9 тал/,

 

      Гэрч Ё.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Т бид 2 найзуудын харилцаатай. 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Т, О нар манай барилга барьдаг нэг найзтай “Ө” цайны газрын хажуугийн барилга дээр ажилладаг 2 хүнтэй хамт нэлээд халамцуу байдалтай 1 шил архитай ирсэн. Тэгээд тэр архиа бид нар хувааж уучихаад О надтай хамт үлдээд Т нөгөө хоёр танихгүй хүнтэй хамт манайхаас 18 цаг өнгөрөөгөөд гараад явсан. Тухайн үед маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Харин Тийн дагуулж ирсэн шар үстэй М гэх залуу нэлээд согтсон байдалтай хүмүүс рүү ганц нэг том, том юм яриад л байж байсан.  Өөрөөр бол маргалдаж муудалцсан асуудал болоогүй. Т, О нартай маргалдаж муудалцсан асуудал байхгүй. Тийн биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/,

 

      Гэрч А.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр би аймаг орох ажилтай байсан бөгөөд манай найз Тийн дүүгийнх манайхтай ойрхон байдаг болохоор над руу утсаар яриад дүүгийнхээс хоол аваад ирээрэй гэж хэлсэн. 17-19 цагийн үед би аймагт ирээд Тэднийд иртэл гэртээ байгаагүй. Эхнэрээс нь асуухад ажлаасаа ирээгүй байна. Архи л ууж байгаа биз гэж хэлсэн. Би Тийн утас руу залгатал нэлээд халамцуу утсаа аваад “Ө” цайны газрын урд байна, ирээд авчих гэсэн. Тэгтэл утасны цаана хүмүүс дуугараад зодоод байна гэх мэт яриа гарч байсан. Т миний машинтайгаа зогсож байсан газраас зүүн тийш ТҮЦ шиг юмнаас гараад ирсэн. Тухайн үед Тийн хамар нь шалбараад цус гарсан байдалтай байсан.  Тэгтэл түүний хойноос нь шар үстэй 20-25 орчим насны залуу /М/ гарч ирсэн. Тэгэхээр нь би “та нар чинь зодолдоод байгаа юм уу, больцгоо” гэсэн чинь тэр шар үстэй залуу зодолдоогүй гэсэн. Хамар нь яасан юм бэ? гэтэл тэр залуу дуугарахгүй байсан. Тэгтэл Тэд нар намайг зодоод байна гэж хэлсэн. Тухайн үед Ц.Т нилээд согтуу байсан болохоор доголоод ч байгаа юм шиг гуйваад ч байгаа юм шиг сонин яваад байсан. Хөлөө яасан юм бэ? гэсэн чинь шатан дээр эвгүй гишгэсэн гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,

        Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Д-ийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 234 дугаартай:

       1.Ц.Т-ийн биед хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгаралт, баруун, зүүн зовхи, хамрын нуруу, баруун бугалаганд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо.

       2. Дээрх гэмтлүүд нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

       3. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

       4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тийн биед үүссэн хамрын таславчийн мурийлт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэг, хамрын нуруунд зулгаралт, баруун, зүүн зовхи, хамрын нуруу, баруун бугалаганд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нийлээд болон тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

       5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 18-19 тал/

 

          Шүүгдэгч М.М-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “ Би “Ө” цайны газрын замын эсрэг талд Н, У нарын хамтаар Н гэх хүний барилгыг барьж байгаа юм. 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн орчимд хажуугийн барилгыг барьж байгаа 3 хүн бид нартай танилцъя гээд нэг шил архитай ирсэн. Тухайн үед Н ах бид хоёр байсан бөгөөд Улаанбаатар хот руу ажлаар явсан байсан юм. Ингээд Н ах бид 2 тэр улсуудтай танилцаад архийг нь хувааж уусан. Нэмж нэг шил архи хувааж уугаад, тэдгээр хүмүүсийн таньдаг айлд очиж дахин нэг шил архи уусан. Тэгээд би, Н ах, Т гээд тухайн үед танилцсан хүний хамтаар буцаад баригдаж байгаа барилга дээрээ ирсэн.  Т гэдэг хүн маргааш мөнгийг нь өгье нэг шил архи аваад өгчих гээд би дэлгүүрээс нэмж нэг шил архи авсан. Авсан  архийг Н ах бид нарын байрлаж байгаа “ТҮЦ”-д хувааж уугаад сууж байтал Т гэгч нь Н ахтай үг сөрөөд маргалдаад байсан. Тухайн үед архи дундаа орж байсан бөгөөд 18-19 цаг болж байсан байх. Намайг ОО орж бие засчихаад буцаад ортол Т гэгч нь Н ахыг заамдчихсан зогсож байснаа түлхээд унагаачихсан. Т-тэй та настай хүн унагаалаа гэж маргалдсан.  Би Тийн нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгтэл тэр хүний хамраас цус гарсан. Т-ийг гараад явахаар нь би хойноос нь гараад хартал гадаа 10-04 улсын дугаартай “Приус 20” маркийн машин байсан. Тэр машины эзэн нь Т-ийг машиндаа суулгаад аваад явсан. Хэсэг хугацааны дараа Т эхнэр хүүхэдтэйгээ буцаад ирсэн бөгөөд би унтах гээд хэвтэхдээ хаалгаа цоожилсон байсан юм. Т хаалга нүдэж байснаа хаалгаа тайлахын завдалгүй цонх руу цохиод хагалчихсан. Тэр үедээ Т газарт унасан. Хөл нь анхнаасаа бага зэрэг доголдог байсан юм. Ингээд Тийн эхнэр орж ирээд манай нөхрийг цохичихлоо гээд загнаад байсан. Удалгүй цагдаа ирээд би тухайн өдрөө эрүүлжүүлэхэд хоносон. Т надад цохиулсны дараа миний зүүн талын хавирга орчимд гараараа нэг удаа цохисон. Өөр халдаж цохисон асуудал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 тал/  

     Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 тал/

     Шүүгдэгч М.М-ын согтуурлыг шалгасан тухай магадлагаа /хх-ийн 03 тал/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримтын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч  М.М нь 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр согтуугаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Ө” цайны газрын замын эсрэг талд баригдаж байгаа барилгын ажилчдын байрлаж буй ТҮЦ-д иргэн Ц.Т-тэй настай хүнийг унагаалаа гэх шалтгааны улмаас маргалдан түүний нүүр рүү нь цохиж эрүүл мэндэд нь хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол  /гэмтэл/ санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна. 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Шүүгдэгч М.М нь 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр согтуугаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Ө” цайны газрын замын эсрэг талд баригдаж байгаа барилгын ажилчдын байрлаж буй ТҮЦ-д иргэн Ц.Т-тэй настай хүнийг унагаалаа гэх шалтгааны улмаас маргалдан түүний нүүр рүү нь цохиж эрүүл мэндэд нь  хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх, хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөнБи нэлээд согтсон байсан бөгөөд надтай хамт архи ууж байсан М гэх залуу “танай тэр муу найз чинь их зэвүүн залуу байна шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би манай найз мундаг аж ахуйч хүн гэж хэлээд байж байтал нөгөө залуу миний нүүрэн тус газарт хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Миний хамар цээж хөндүүртэй байна.” гэх, гэрч А.Н, Ё.О, А.А нарын мэдүүлгүүд болон Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 234 дугаартай “Ц.Т-ийн биед үүссэн хамрын таславчийн мурийлт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч М.М-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.М-ыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “...учруулсан хохиролд 300.000 төгрөгийг нөхөн төлсөн”-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч М.М нь өөрийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн үндэслэлээр өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 20 дугаар тогтоолоор хангаж шийдвэрлэжээ. Прокуророос шүүгдэгч М.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох санал гаргаж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

            Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцэж байх тул улсын яллагч болон өмгөөлөгчийн санал, дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч М.М-т торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэх боломжтой гэж үзлээ.

             Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

             Хохирогч Ц.Т-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан бөгөөд шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчид 300.000 төгрөгийн хохирол төлсөн гэж мэдүүлж байна.  Хохирогч Ц.Т нь хохирол төлбөрийн талаар ямар нэгэн маргаан гаргаагүй ба гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна. Иймд шүүгдэгч М.М-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч М.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

    1. Шүүгдэгч Т овгийн М-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т овгийн М-ийн М-ыг 450 /дөрвөн зуун тавь/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  шүүгдэгчид анхааруулсугай.

          5. Шүүгдэгч М.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.УУГАНБАЯР