| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямаагийн Баярхүү |
| Хэргийн индекс | 179/2018/0108/Э/ |
| Дугаар | 00032 |
| Огноо | 2018-08-13 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Г.С |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 00032
2018 08 13 2018/ДШМ/32
Б.Ж, Н.Мнарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Т.Ганбат, ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй,
Прокурор: Г.Сэндэнсүрэн,
Шүүгдэгч: Н.М,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Түмэндэмбэрэл,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Г.Мөнхцэцэг,
Нарийн бичгийн дарга: П.Ханбүргэд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 310 дугаар захирамжтай Б.Ж, Н.Мнарт холбогдох 201622000666 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Х овогт Б-ийн Б.Ж, …. Оны... дүгээр сарын ...-ны өдөр төрсөн, … настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: .............../.
Монгол Улсын иргэн, О овогт Н-ын М, …. оны ... дугаар сарын ....-ний өдөр төрсөн, …. настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: ................/.
Шүүгдэгч Б.Б.Ж нь согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 20-ны орой 21 цагийн үед Хөвсгөл аймгийн............ сумын төвд байрлах иргэн Ц.Жавзанжавын дэлгүүрт Ш.Наранбаатартай архины мөнгө өгсөнгүй гэх шалтгааны улмаас маргалдаж түүнийг түлхэж унагаан сэтгэцийн тэнэгрэл, дагз хэсгийн цусархаг няцрал, дэмийрэл, баруун нүдний ухархайн дотор хана, этмойд хөндий рүү цөмөрсөн хуучин хугарал, хамрын хоёр хажуу хана, хуучин хугарал бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Н.М нь 2016 оны 10 дугаар сарын 20-ны орой 21 цагийн үед Хөвсгөл аймгийн ...........сумын төвд иргэн Б.Б.Жгийн толгойн тус газар машины төмөр манюлаар цохиж, тархинд зүүн талын чамархай ясны хугарал бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 310 дугаар захирамжаар шүүгдэгч Б.Ж, Н.Мнарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж, хавтаст хэрэг прокурорт очтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 кг 515 гр жинтэй төмөр маньюул, 2 кг 205 гр төмөр маньюл 2 ширхэгийг прокурорт буцаан хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэлдээ: ... Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч эмч нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 114 дугаартай дүгнэлтээр хохирогч Ш.Наранбаатарыг сэтгэцийн хувьд үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байна.” гэж мэргэжлийн эмч нарын тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлтийг гаргасан байх тул зөвхөн шүүгдэгч Б.Ж-ийн мэдүүлгээр Ш.Наранбаатарын эрүүл мэндэд шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон гэж үзэх үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Б.Ж-ийн өмгөөлөгч В.Энхболд нь шүүхэд гаргасан хүсэлтдээ “гэрч Б.Бүдханд, Э.Буджав нарыг гэрчээр шүүх хуралдаанд оролцуулж өгнө үү” гэж хүсэлт гаргасан байхад шүүхээс гэрч Б.Бүдханд, Э.Буджав нараас дахин мэдүүлэг авах ажиллагааг хийлгэх гэсэн нь чухам эдгээр гэрчүүдээс ямар асуудлыг тодруулж мэдүүлэг авах нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.
Иймд Б.Ж, Н.М нарт холбогдох хэргийг Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг прокурорт буцаасан 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 310 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б.Ж нь согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 20-ны орой 21 цагийн үед Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд байрлах иргэн Ц.Жавзанжавын дэлгүүрт Ш.Наранбаатартай архины мөнгө өгсөнгүй гэх шалтгааны улмаас маргалдаж түүнийг түлхэж унагаан, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Н.М нь 2016 оны 10 дугаар сарын 20-ны орой 21 цагийн үед Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд иргэн Б.Б.Жгийн толгойн тус газар машины манюлаар цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх “...хохирогч Ш.Наранбаатарын эрүүл мэндэд хийсэн шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон гэх үндэслэлийг тодруулах, шинжилгээг нэмэлтээр хийлгэх, гэрч Б.Бүдханд, Э.Буджав нараас гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг хийлгэх” гэсэн үндэслэлээр шүүгдэгч Б.Ж, Н.М нарт холбогдох хэргийг аймгийн прокурорын газарт буцаажээ.
Шүүгчийн захирамж үндэслэл бүхий болоогүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1-д “…шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш, эсхүл шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд” нэмэлт шинжилгээ хийлгэхээр заасан ба ийм байдал тогтоогдоогүй байна.
Түүнчлэн мөрдөн байцаалтын явцад Б.Бүдханд, Э.Буджав нараас дангаар болон нүүрэлдүүлэн авсан мэдүүлэг /1 дэх хх-ийн 69-72, 196-197,202-205, 246, 2 дахь хх-ийн 2-3/ хэрэгт авагдсан байх ба өмгөөлөгч гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргажээ.
Гэрчийг шүүх хуралдаанд оролцуулах, хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал учир гэрч Б.Бүдханд, Э.Буджав нараас дахин мэдүүлэг авахуулахаар буцаасан нь үндэслэлгүй гэж үзнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 310 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Шүүгдэгч Б.Ж, Н.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРХҮҮ
ШҮҮГЧИД Т.ГАНБАТ
Б.СОСОРБАРАМ