Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 653

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О.Т, Г.Н, М.Э, Б.А, Т.Э, Б.Н, В.А, С.Б, О.Э, Л.Т,

Хариуцагч: Х, х ү е г С х ш у а б Я.Б, у б Б.Э,

Нэхэмжлэлийн шаардлага: “Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоох тухай” 02/12-02-02/12-02-03 дугаар албан шаардлагын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э,  хариуцагч Я.Б, Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ариунтамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн02/12-02-02/12-02-03 тоот тэжээгчээ алдсаны тэтгэвэр зогсоох тухай" албан шаардлагаар Хан-Уул дүүргийн хэмжээнд 38 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэвэрийг зогсоолоо. Уг албан шаардлагад ямар нэгэн материаллаг хууль зүйн үндэслэл байхгүй зүгээр буруу гэж улсын байцаагч үзсэн. Ингэхдээ Монгол Улсын Засгийн газрын тогтоолын процессын заалтыг иш татсан байна. Иймд энэхүү албан шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байна.

Албан шаардлагад “эхээрээ овоглосон хүүхэд” гэж тусгайлан ялгаж үзэж, тэжээгчээ алдсаны тэтгэмжийг зогсоосон нь Монгол Улсын Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Хүүхдийн эрхийн тухай конвенц, Гэр бүлийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зэргийг зөрчиж, ялгаварлан гадуурхалт агуулж байна

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх”, 4.1.2-т “төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах” зарчмыг заасан. Түүнчлэн төрүүлсэн, үрчилсэн, дагавар бүх хүүхэд нэгэн адил эрхтэй. Гэтэл хамт амьдарч байгаад гэрлэлтээ батлуулж амжаагүйн улмаас эхээрээ овоглосон байгаа явдлыг ямар нэгэн нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдах эрхгүй, зөвхөн төрүүлсэн ээж нь нас барвал тэжээгчээ алдсаны тэтгэмж авах, аав нь нас барахад тэтгэмж авах эрхгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. 

Албан шаардлагад Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 165 дугаар тогтоолоор батлагдсан Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журам”-ын 7.4-д “...нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах иргэнийг буруу тогтоосон албан тушаалтан, нийгмийн Нийгмийн халамжийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэж олгосон тэтгэвэр, тэтгэмжийн зардлыг хууль тогтоомжид зааснаар төлүүлнэ" гэж иш татжээ. Гэтэл энэхүү заалт нь “Хүүхдэд олгосон тэтгэвэр гэж заагаагүй байна.

Нөгөө талаар “олгосон тэтгэвэр тэтгэмжийн зардлыг хууль тогтоомжид зааснаар төлүүлнэ” гэж заасан болохоос “олгохыг зогсооно” гэж заагаагүй.

Уг албан шаардлагад гомдол гаргаад, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт хандсан бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн албан бичгээр гомдлыг үндэстэй эсхүл үндэслэлгүй гэж үзсэн тухай огт хариу өгөхгүйгээр зөвхөн шүүхэд хандана уу гэсэн бичиг ирүүлсэн. Иймд дээд шатны байгууллага болох Сангийн сайд Ч.Х “шүүхээр хууль ёсны тэжээгч, эцэг эхийг хамтран амьдрагчийг тогтоолгосон” байна гэсэн хариу ирүүлсэн.

Улсын байцаагч нарын албан шаардлага нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 4.2.8 дах заалтууд болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/91 дүгээр тушаалаар батлагдсан удирдамж зэргийг зөрчиж гаргасан захиргааны акт юм. Тухайн удирдамжид байгууллагын дотоод үйл ажиллагааг хянах чиглэл өгсөн. Нэгэнт хүчин төгөлдөр шийдвэр байх бөгөөд нэр бүхий 10 иргэний 30 гаруй хүүхдүүдэд нийгмийн халамжийн тэтгэврийг олгож байсан. Иймд зөрчилтэй акт гаргасан. Шалгалтын удирдамжийн зорилгодоо нийцэхгүй захиргааны акт үйлдсэн. Мөн удирдамжийн 5-д шалгалтын үр дүнг гаргаж шийдвэрлүүлэх хэсгийн 1-д “ажлын үр дүнд тайлан гаргаж, удирдлагад танилцуулж холбогдох шийдвэр гаргуулна” гэж заасан байна.

Улсын байцаагчийн акт албан шаардлага биш Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын удирдамж байсан гэдгийг хэлмээр байна. Хариуцагч нарын хэлж буйгаар эцэг эх хоёр гэрлэлтээ батлуулаагүй гэх боловч уг үр дагавар нь хүүхдэд очих ёсгүй. Хүүхдийн эрхийг холбогдох хууль тогтоомжоор хамгаалсан байдаг. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн албан бичгээр “...эцэг эх нь өөрсдөө байж шүүх эмнэлгийн дүгнэлт гарна...” гэсэн тайлбарыг өгсөн. Иймд хамаатан садангаас нь нарийн шинжилгээ хийж, эцэг, эхийг тогтоох боломжтой боловч магадлал нь бага байдаг. Нэг эцгээс гарсан эгч дүү хоёр хоорондоо донор болоход тохирохгүй байх тохиолдол хүртэл байна.

Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү" гэжээ.

Хариуцагч Я.Б Б.Э нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний байгууллагуудад Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д “Тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхдэд нийгмийн халамжийн тэтгэвэр олгоно” гэсний дагуу тэтгэвэр тогтоосон байдлыг шалгахад эдгээр нэхэмжлэгч иргэдийн тэжээгчээ алдсаны хувийн хэрэгт тэтгэвэр авагч хүүхдүүдийн төрсний гэрчилгээ нь эхээр овоглосон, шүүхийн шийдвэрүүд нь хамтын амьдралтай байсныг тогтоосон байхад дүүргийн нийгмийн халамжийн хэлтсийн албан хаагчид тэтгэвэр тогтоож, нийгмийн халамжийн санд хохирол учруулсан гэж Улсын байцаагчийн албан шаардлагаар уг тэтгэврийг зогсоосон.

Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Эцэг, эхийг тогтооход хариуцагч хүүхдийн эцэг, эхтэй эр, эмийн харилцаатай байсныг нотлох баримт, эмнэлгийн шинжилгээ, бусад баримтыг үндэслэнэ” гэж заасан.

Эдгээр тэтгэвэр авагч хүүхдүүдийн эцэг мөн гэдгийг тогтоолгоогүй харин иргэд хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасныг Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хамтын амьдралтай байсныг тогтоосон байдаг.

Иймд хамтын амьдралтай байсан нь эцэг, эхийг тогтооход зайлшгүй шаардлагатай нотлох баримт биш бөгөөд хүүхдийн эхтэй эр, эмийн харьцаатай байсныг нотлох баримтуудын нэг хэсэг нь гэж үзнэ гэж тайлбарласан зэргээс үзэхэд Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-ийн “Гэрлэгчид бие биеэ, эцэг, нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл, садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй” гэсэн заалтад хамтын амьдралтай байсан иргэн хамаарахгүй тул тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох үндэслэлгүй байна. Иргэний хэргийн анхан шатны шүүхээс эхтэй хамтын амьдралтай байсныг тогтоосноос хүүхдийн эцэг мөн гэж тогтоогдоогүй тул тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх хуулиар хязгаарлагдаж байгаа бөгөөд бусад нийгмийн халамжийн үйлчилгээнд хүүхдүүд хамрагдах эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дах заалт нь Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар эцэг, эхийг тогтооно”, мөн 2018 оны Иргэний бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хүүхдээ эцгийн овог, нэрээр бүртгүүлэх хүсэлттэй бол тус тусдаа өргөдөл гаргана”, /1999 оны хүчингүй болсон/ Иргэний бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийн эцгийг тогтоосныг эцэг, эхийн хамтран гаргасан өргөдлийг /өргөдөлд хүүхдийн эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрч байгаа иргэний овог, эцгийн нэр, нэр төрсөн он, сар, өдөр, иргэний харьяалал, оршин суугаа газрын хаяг, хүүхдийн овог, эцгийн нэр, нэр, хүйс, төрсөн он, сар, өдөр, газар, эцэг тогтоосны дараа хүүхдийн овог, эцгийн нэр, өөрчлөгдөх эсэхийг дурдсан байна/ үндэслэн иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус хуулиар зохицуулсан байна. Нэхэмжлэгч тал өөрсдөө хариуцлагагүй хандаж хүүхдийг эцгээр нь овоглоогүйгээс Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “ “овог” гэж нэг өвөг дээдсээс гаралтай эцгийн талын холбоо бүхий бүлэг хүмүүсийн дунд үе уламжлан хэрэглэгддэг нэрийг” гэснийг ноцтой зөрчиж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоолоор батлагдсан “Нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж олгох журам”-ын 7.4-д "... нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах иргэнийг буруу тогтоосон ... албан тушаалтан, нийгмийн ажилтанд Нийгмийн халамжийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэж олгосон тэтгэвэр, тэтгэмжийн зардлыг хууль тогтоомжид заасны дагуу нөхөн төлүүлнэ” гэснийг иш татжээ. Гэтэл энэ заалт нь нь “хүүхдэд олгосон тэтгэвэр тэтгэмжийг” гэж заагаагүй, “нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах иргэнийг буруу тогтоосон” гэсэн заалт байна.

Монгол Улсын Засгийн газрын 2012 онд 185 дугаар тогтоолоор батлагдсан “Нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж олгох журам”-ын 7.4-дэх заалт “...нийгмийн халамжийн  үйлчилгээнд хамрагдах иргэнийг буруу тогтоосон нийгмийн халамжийн сангийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан албан тушаалтан, нийгмийн ажилтанд нийгмийн халамжийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэж, олгогдсон тэтгэвэр тэтгэмжийн зардлыг хууль тогтоомжид заасны дагуу нөхөн төлүүлнэ” гэснийг зөрчсөн гэж үзэн Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 7.5-д “Санхүүгийн хяналт шалгалтын улсын (ахлах) байцаагч нь шалгалтаар тогтоосон ажлын үр дүн, зөрчил, түүнийг арилгах талаар цаашид авах арга хэмжээг тодорхойлсон шалгалтын тэмдэглэл, санхүү, төсөв, нягтлан бодох бүртгэлийн холбогдолтой хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтны төлөх торгууль, төлбөрийг заасан нэг бүрчилсэн акт, албан шаардлага бичнэ” гэснийг хэрэгжүүлж буруу тогтоогдсон тэтгэврийг бүрэн эрхийнхээ хүрээнд зогсоосон болно

Мөн буруу тогтоосон тэтгэвэр, тэтгэмжийг мэдсээр байж улсын байцаагч зогсоолгүй үргэлжлүүлэн олгож, буруутай албан тушаалтнаар урьд олгосон тэтгэврийг нөхөн төлүүлж цаашид үргэлжлүүлэн нийгмийн халамжийн санд хохирол учруулах гэсэн утгатай нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй, 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 7.5-аар тодорхойлогдсон байдаг.

Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл, садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасан байна. Энэ заалтад хамтын амьдралтай байсан иргэн хамаарахгүй тул тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох үндэслэлгүй гэж үзэн, улсын байцаагчийн албан шаардлага тавьсан. Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хамтын амьдралтай байсан гэдгийг тогтоосон бөгөөд хүүхдийн эцэг гэсэн дүгнэлтийг гаргаагүй. Хамтын амьдралтай гэдэг асуудал нь хуулийн дагуу эрх, үүрэг хүлээх үндэслэлгүй байна.

Албан шаардлагад хамтран амьдрагч гэж бичсэн. Хамтын амьдралтай болон хамтран амьдрагч гэдэг агуулгын хувьд ямар зөрүү гардагийг сайн мэдэхгүй байна. Зөрчлийн агуулгыг бичсэн. Заавал эдгээр хүмүүсийг гэрлэлтээ батлуулсан байхыг шаардаагүй. Гэрлэлтийг батлуулахгүйгээр хүүхдээ төрсөн эцгээр нь овоглох боломжийг хуульд тодорхой зааж өгсөн.

Төсвийн хөрөнгийг зөв зохистой зарцуулах ёстой. Хүүхдийн эрх хөндөгдөж байгаа бид ойлгож байгаа. Холбогдох хууль тогтоомжуудыг судалж үзсэний эцэст шийдвэрээ гаргасан. Яг эцгийг нь мөн гэж Шүүх шинжилгээний хүрээлэнгээс тогтоохгүй байлаа гэхэд ураг төрлийн холбоотой хүмүүсээс нь холбогдох шинжилгээг авч тогтоох боломжтой. Түүнээс хашаанд нь цуг амьдарч байсан хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авснаар эцэг гэж тогтоох боломжгүй. Шүүхээс хамтын амьдралтай гэдгийг тогтоосон болохыг дахин хэлье. Шүүхээс гарсан дээрх шийдвэрээр тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах нь хууль бус гэж үзэж байна.

Эцэггүй хүүхэд гэж байдаггүй. Тийм учраас заавал эцгээрээ овоглох ёстой. Өрх толгойлсон эцэг, эх гэж байдаг. Бэлэвсэн ээж, аав ч гэдэг. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах үндэслэл нь тухайн тэжээн тэтгэх эрх бүхий этгээд нас барснаар хүүхэд тэтгэвэр авахыг хэлнэ. Хамтран амьдарч байсан бол түүнийг тэжээн тэтгэж байсан гэдэг нь тогтоогдсон бол тэтгэвэр тогтоохоор хуульд заасан

Иймд нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын төсөв, болон нийгмийн халамжийн санд цаашид хохирол учруулахгүй байх нөхцөл боломжийг хангаж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Т нарын 10 иргэнээс анх тус шүүхэд Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын Санхүү хяналт шалгалтын улсын ахлах байцаагч  Я.Б, улсын байцаагч Б.Э нарт холбогдуулан “ Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “ Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоох тухай”  02/12-02-02/12-02-03 дугаар албан шаардлагын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу О.Т, М.Э нарт холбогдох хэсгээсээ татгалзаж байх бөгөөд нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... Уг албан шаардлагад ямар нэгэн материаллаг хууль зүйн үндэслэл байхгүй. ... албан шаардлагад “ эхээрээ овоглосон хүүхэд “ гэж тусгайлан ялган үзэж, хүүхдийн тэжээгчийн алдсаны тэтгэврийг зогсоосон нь Монгол Улсын Үндсэн хууль болон Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Хүүхдийн эрхийн  тухай конвенц, Гэр бүлийн тухай хуулийг ... зөрчиж, ялгаварлан гадуурхалт агуулж байна... “ гэж тайлбарлан маргажээ.

  Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын маргасан асуудлын хүрээнд дүгнэлт хийж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Маргаан бүхий Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 02/12-02-02/12-02-03 дугаар албан шаардлагаар[1] “ Эхээр овоглосон хүүхдийн ээжтэй хамтран амьдарч байсан иргэнийг нас барсан тохиолдолд тэжээгч нас барсан гэж 38 хүүхдэд тэжээгчээсээ алдсаны тэтгэвэр тогтоосон нь ... Монгол Улсын засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоолоор баталсан ” Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журам”-ын 7.4-д “ ... нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах иргэнийг буруу тогтоосон ... албан тушаалтан, нийгмийн ажилтанд Нийгмийн халамжийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэж олгосон тэтгэвэр, тэтгэмжийн зардлыг хууль тогтоомжид заасны дагуу нөхөн төлүүлнэ” гэснийг зөрчсөн гэж үзэж, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоосон хавсралтад дурдагдсан 38 иргэдийн тэтгэврийг 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс зогсоох”-оор шийдвэрлэсэн, уг шаардлагын хавсралтын 3-т Б.А, 10-д В.А, 12-т Л.Т 22-т Б.Н, 23-д С.Б, 25-д Г.Н, 26-д Т.Э, 30-д О.Э нарын нэр багтжээ.

Нийгмийн халамжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “ Нийгмийн халамжийн үйл ажиллагаа нь дараах төрөлтэй байна”, 5.1.1-д “ нийгмийн халамжийн тэтгэвэр”, 12 дугаар зүйлийн 12.1-д “ Нийгмийн халамжийн тэтгэврийг нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасны дагуу бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэвэр авах эрх үүсээгүй дараах иргэнд сар бүр олгоно”, 12.1.4-т “ тэжээгч нь нас барсан 18 нас хүртэлх насны хүүхэд “ гэж тус тус заажээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хяналт, мониторингийн газраас 2019 онд явуулах хяналт шалгалтын төлөвлөгөө, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн А/21 дугаар тушаалаар баталсан “ Хяналт шалгалтын удирдамжийн [2] дагуу Хан-Уул дүүргийн Хөдөлмөр , халамжийн үйлчилгээний хэлтсийн 2018 оны дотоод үйл ажиллагаа, төсвийн болон халамжийн сан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагаанд шалгалт хийж, уг шалгалтаар эхээр овоглосон хүүхдийн ээжтэй хамтран амьдарч байсан иргэнийг нас барсан тохиолдолд тэжээгч нас барсан гэж 38 хүүхдэд тэжээгчийн алдсаны тэтгэмж олгосон нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор баталсан ” Дотоод аудитын дүрэм ”-ийн 7.5 дахь заалтыг үндэслэн тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоосон хавсралтад дурдсан 38 асран хамгаалагчийн 49 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэврийг 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс зогсоохоор улсын байцаагч  албан шаардлага бичсэн, уг шаардлагын дагуу дээрх хүүхдүүдийн тэтгэвэр олголтыг зогсоосон, Хөдөлмөр халамжийн ерөнхий газрын дарга нь 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1/742 дугаар албан бичгээр[3] Аймаг, дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн дарга нарт “ улсын байцаагчийн албан шаардлагын дагуу тэжээгчээ алдсаны тэтгэвэр нь зогсоогдсон иргэдийн тэтгэврийг зогсоогдсон хугацаанаас нь нөхөн олгож, ... 2019 оны 12 дугаар сарын 03-ныг хүртэлх 6 сарын хугацаанд  зөрчлөө арилгах хугацаа тогтоож өгөх ... “ чиглэлийг хүргүүлсэн, дээрх чиглэлийн дагуу Хан-Уул дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс дээрх нэр бүхий иргэдэд нийгмийн халамжийн тэтгэврийг 2019 оны 12 дугаар сарын 03-ныг хүртэлх 6 сарын хугацаанд  олгохоор, мөн зөрчлийг арилгах агуулга бүхий  “Танилцуулах хуудас” [4] хүргүүлсэн, энэхүү  чиглэлийн дагуу дээрх нэр бүхий хүүхдэд нийгмийн халамжийн тэтгэвэр олгогдож байгаа болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогджээ.

Үүний зэрэгцээ дээрх нэхэмжлэгч нар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүхэд нас барагчтай хамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар хамтын амьдралтай байсан болохыг тогтоосон, дээрх нэхэмжлэгч нар эцэг тогтоолгох болон  төрүүлсэн хүүхдээ бусдын  асаргаанд байсныг тогтоолгох нэхэмжлэлийг мөн тус шүүхэд гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар тодруулбал “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан үйл баримт тогтоогдож байна.

Нийгмийн халамжийн тухай хуулийн 30 дугаар зүйлд тэтгэвэр, тэтгэмжийг зогсоох, түүнээс суутгал хийх үндэслэлийг тодорхойлон заасан байх бөгөөд 30 дугаар зүйлийн  30.1-д “ Тэтгэвэр тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлж, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол уг тэтгэвэр, тэтгэмжийг олгохыг зогсоох”-оор, түүнчлэн Засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоолоор баталсан  “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журам”-ын 5.1.5-д зааснаар  Нийгмийн халамжийн тухай хуулийн 12.1.4-т заасан хүүхэд 18 насанд хүрсэн тохиолдолд, 5.1.6-д зааснаар хуурамч материал бүрдүүлэн тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авсан тохиолдолд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг зогсоохоор тус тус заажээ. 

Дээрх хууль тогтоомжийн заалтын агуулгаас үзэхэд тэтгэвэр, тэтгэмж  авагч хуурамч бичиг баримт бүрдүүлж, тэтгэвэр  тогтоолгон авсан, тэжээгч нь нас барсан хүүхэд 18 насанд хүрсэн тохиолдолд нийгмийн халамжийн тэтгэврийг зогсоохоор зохицуулсан байна.

Гэтэл хариуцагч Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын улсын байцаагч нар нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа  Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор баталсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 7.5 дахь заалтыг гол үндэслэлээ болгосон байх бөгөөд дээрх заалтаар санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчид  хүүхдийн тэтгэврийг зогсоох эрх олгоогүй байна. Харин дээрх заалт нь санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нь шалгалтаар тогтоосон ажлын үр дүн, зөрчил, түүнийг арилгах талаар цаашид авах арга хэмжээг тодорхойлсон шалгалтын тэмдэглэл,  санхүү, төсөв, нягтлан бодох бүртгэлийн холбогдолтой хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтны төлөх торгууль, төлбөрийг заасан нэг бүрчилсэн акт, албан шаардлага бичих агуулга бүхий  заалт байх тул  хариуцагч улсын байцаагч нар нь хүүхдүүдийн тэтгэврийг зогсоох хуульд заасан үндэслэл бий болоогүй байхад тодруулбал  хуульд заагаагүй үндэслэлээр хүүхдийн нийгмийн халамжийн тэтгэврийг зогсоосон нь хууль бус болжээ.

Үүний зэрэгцээ Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны болон Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх, Баянгол, Хан-Уул, Сонгино хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрүүдээр эцэг, эхийг хамтран амьдарч байх хугацаанд дээрх хүүхдүүд төрсөн үйл баримтыг  дүгнэн шийдвэрлэсэн, нэгэнт дээрх үйл баримтыг дүгнэсэн шүүхийн шийдвэрүүд нь  хуулийн хүчин төгөлдөр байх тул хариуцагчийн “  ... нас барагч нь тэтгэвэр авагч хүүхдүүдийн эцэг мөн эсэхийг шүүхээр тогтоолгоогүй, ... Иргэний хэргийн анхан шатны шүүхээс эхтэй нь  хамтын амьдралтай байсныг тогтоосон, хүүхдийн эцэг мөн болохыг тогтоогоогүй тул ... тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх хуулиар хязгаарлагдаж байгаа ...    “ гэсэн тайлбарыг шүүх  хүлээн авах хууль зүйн боломжгүй байна.

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх ба мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх, эдэлж, үүрэг хүлээх тул хүүхдийн эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлээгүй нь тэдний дундаас төрсөн хүүхдийн хуульд заасан эрхийг зөрчих үндэслэл болохгүй юм.

Тодруулбал Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар гэрлэлт нь тэгш эрх, сайн дурын харилцаан дээр үндэслэх бөгөөд энэхүү маргааны тохиолдолд хүүхдийн эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлээгүй нь  тэдний дундаас төрсөн хүүхдийн хуульд заасан  тэжээгчээ алдсаны тэтгэврийг зогсоох  үндэслэл болохгүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл хүүхэд эхээрээ овоглосон нь хүүхдийн эрхийг хязгаарлах буюу тэдний язгуур эрх ашгийг зөрчих үндэслэл биш юм.

Түүнчлэн маргаан бүхий захиргааны акт нь Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “ хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх”, 4.1.2-т “ төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах ... тэгш эрхийг хангах”  гэж , Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 25 дугаар зүйлийн 2-т “ ... Баталгаат гэр бүлээс гарсан буюу бутач гэдгээс үл хамааран бүх хүүхэд нийгмээс адилхан хамгаалалт эдлэх ёстой” гэж, Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 2 дугаар зүйлийн 1-д “ ... хүүхдийг төрсөн болон бусад байдлаас үл шалтгаалан аливаа хэлбэрээр алагчилахгүй байх... “ гэж заасныг тус тус зөрчжээ. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26, 27 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтан нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн  шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, өөрөөр хэлбэл захиргааны шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд буюу тэдгээрийн төлөөлөгч нарт  мэдэгдэх,  сонсох ажиллагаа явуулах ёстой. 

Гэтэл хариуцагч улсын байцаагч нар нь маргаан бүхий албан шаардлагыг гаргахдаа нэхэмжлэгч нарт  урьдчилан мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул Захиргааны ерөнхий хуульд заасан  “мэдэгдэх, сонсгох” ажиллагааг явуулаагүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Үүнээс гадна  хариуцагч захиргааны байгууллагын үйл ажиллагаа, шийдвэр  нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”, 4.2.5-д заасан “ зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл байх”, 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж заасантай тус тус  нийцээгүй байна. 

Дээрх үндэслэлээр маргаан бүхий захиргааны акт болох Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “ Тэжээгчээ алдсаны тэтгэвэр зогсоох тухай”  02/12-02-02/12-02-03 дугаар албан шаардлага нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, дээрх улсын байцаагчийн албан шаардлагын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны явцад Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “ Тэжээгчээ алдсаны тэтгэвэр зогсоох тухай”  02/12-02-02/12-02-03 дугаар албан шаардлагын О.Т, М.Э нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул энэхүү татгалзсан хэсгийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

Хэдийгээр Хан-Уул дүүргийн  Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс дээрх нэр бүхий нэхэмжлэгч нарын хүүхдүүдэд  нийгмийн халамжийн тэтгэврийг 2019 оны 12 дугаар сарын 03-ныг хүртэл 6 сарын хугацаагаар үргэлжлүүлэн олгохоор шийдвэрлэсэн байх  хэдий ч, ийнхүү олгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэсэн гэж үзэх боломжгүй, харин маргаан бүхий захиргааны акт гарснаар нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзнэ.    

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.3, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “ Тэжээгчийн алдсаны тэтгэвэр зогсоох тухай” 02/12-02-02/12-02-03 дугаар албан шаардлагын О.Т, М.Э нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул нэхэмжлэгчийн энэхүү  татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.4, 30 дугаар зүйлийн 30.1, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Н, Б.А, Т.Э, Б.Н, В.А, С.Б, О.Э, Л.Т нарын нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж,  Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 02/12-02-02/12-02-03 дугаар албан шаардлагын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг  төсвийн  орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                     Ц.БАТСҮРЭН


[1] 1 дүгээр хавтаст хэргийн 9,18,63,81, 141-145 дугаар хуудсанд

[2] 1 дүгээр ахвтаст хэргийн 137-140 дугаар хуудсанд

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 220-221 дугаар хуудсанд

[4] 2 дугаар  хавтаст хэргийн 16-20, 22 дугаар хуудсанд