| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2021/0050/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/55 |
| Огноо | 2021-05-24 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Г.Э |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат
Улсын яллагч Г.Э
Хохирогч Б.Ц
Хохирогчийн өмгөөлөгч Б.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ч
Шүүгдэгч Э.О нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.О-д холбогдох эрүүгийн 2022003000041 тоот хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Э.О нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Төв халхын дуулалт жүжгийн театр”-н урд талын авто машины асфальтан зам дээр Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт заасан “жолоодох эрхийн үнэмлэхийн хүчинтэй хугацаа дууссан”, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсгийн а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” зэргийг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №620333 тоот үнэмлэхийн хүчинтэй хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болсон байхад жолоодох эрхийн үнэмлэхийг зохих журмын дагуу сунгуулаагүй үедээ 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 00-17 ДУА улсын дугаартай Тоёота Сай маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож Б.Ц-г мөргөж түүний биед баруун талын 2, 4 дүгээр хавирганы хугарал, тархи доргилт, баруун ташаа, баруун гуя, зүүн өвдөгт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1. Шүүгдэгч Э.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “ Миний бие 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театраас урагшаа чиглэлтэй явж байсан. Эсрэг урсгал буюу Мэргэжлийн хяналтын газрын урд хэсэг нэлээд ачаалал ихтэй байсан. Тухайн үед зам хөндлөн гарах гэж байгаа явган зорчигч харагдаагүй, замын эсрэг тал руу харахад авто машины зогсоол дээр 2 эрэгтэй хүн уулзаад зогсож байсан. Миний урд пүтигтэй машин явж байсан. Урагш хартал эмэгтэй хүн урдуур маш ойрхон зайд гүйж байсан харангуут тоормос гишгэсэн боловч машины жолоочийн талын хэсгээр мөргөж унагасан. Машинаас гараад хартал хохирогч Б.Ц машины урд сууж байсан. Би маш их айж сандарсан байсан учраас түшиж босгоод эмнэлгийн тусламж үзүүлэх ёстой гэж бодоод машиндаа суулгаад эмнэлэгт хүргэсэн. Үнэмлэхээ сунгуулж амжаагүй яваад байсан юм. Хохирогчид 1.500.000 төгрөгийн хохирлыг шүүхийн шатанд төлсөн” гэв.
2. Хохирогч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 10 сарын 23-ны өдөр орой 18 цаг өнгөрөөгөөд ажлаасаа гараад авто машины зогсоол руу явж байсан. Тэр үед зам гарахдаа 2 тал руугаа хартал машин харагдахгүй байхаар нь явж байтал машинд мөргүүлсэн. Тэр үед сандраад айтал машинаас таньдаг эмэгтэй гарч ирсэн. Зогсоолын тэндээс нэг ах гарч ирээд миний шидэгдсэн утас нүдний шилийг авч өгсөн. Одонтуяа гарч ирээд яаралтай тусламж үзүүлсэн. Би эмнэлгийн тусламж авчихаад нөхрөөрөө үүрүүлээд гэртээ харьсан. Тэр үед Э.О аавтайгаа манайд ирсэн. Миний буруу гомдолгүй гээд хэлчих гэж байсан. Надтай холбогдоогүй 3-4 хоносны дараа манай ээжтэй холбогдоод явдаг газраараа яв гэж хэлсэн. Манай өмгөөлөгч рүү яриад өмгөөлөгчөөрөө 1.500.000 төгрөг өгүүлсэн байсан. Хорио цээрийн улмаас хот руу явж чадаагүй байгаа. Цаашид гарах зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Миний нэхэмжилж байгаа хохирол төлөгдсөн. Сэтгэл санааны хохирол 1.000.000 төгрөгийг нэхэмжлэхгүй” гэв.
3. Хохирогч Б.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 10 сарын 23-ны өдөр 18 цагийн орчим өөрийн ажилладаг Мэргэжлийн хяналтын газраас халз баруун тийш гарах үед урдаас хойш чиглэлийн зам бөглөрсөн байсан. Хойноос урагш чиглэлд зам чөлөөтэй байсан. Зам хөндлөн гарах гээд зогсоолд харах үед хойноос урагш чиглэлд ямар ч машин харагдаагүй, амжих юм байна гэж бодоод машины зогсоол дээр баруун хойд хэсэгт байсан өөрийн машин руу зам хөндлөн гарч ирээд яаруу алхаж байсан чинь хойноос машин орж ирээд мөргөсөн. Би мөргүүлээд миний гар утас, түлхүүр, нүдний шил гурав шидэгдээд намайг мөргөсөн машины жолооч буугаад ирсэн. Өмнө нь хамт ажиллаж байсан Э.О гэх эмэгтэй байсан. Э.О сандруу байдалтай гарч ирснээ хурдан суу гялс эмнэлэг явъя гээд би машинд нь суугаад явсан. Тухайн үед миний бие маш их өвдөж ухаан санаа балартсан байсан. Байгууллагын үүдийг явган хүний гарц гэж ойлгож байсан” гэх мэдүүлэг /хх 143-145/
4. Гэрч Ү.М-ийн“.. Би 2020 оны 10 дугаар сарын 23-ны орой 17-18 цагийн үед эхнэрээ авахаар мэргэжлийн хяналтын газрын баруун талын засмал замаар урдаас хойш чиглэлтэй баруун гар тийш эргэхээр өөрийн 19-18 ДУЭ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслээ жолоодоод явж байсан. Тухайн үед миний урд талд цэнхэр өнгийн пүтигтэй пронтер маркийн машин зогсож байсан. Би Мэргэжлийн хяналтын газрын хашааны үүдний хэсгийн харалдаа зогссон байсан. Миний машины урдуур нэг эмэгтэй гүйгээд гарсан гэтэл эсрэг урсгалаас нэг машин ирээд тэр эмэгтэйг нэлээн хүчтэй мөргөөд унагаасан. Тэгээд би урагшаа хөдлөөд явсан. Дараа нь юу болсныг мэдэхгүй байна. Гарц байгаагүй. Ямар нэгэн тэмдэг, тэмдэглэгээ байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 28, 29-30/
5. Гэрч У.О-ийн“...2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр орой гадаа ямар ч байсан гэрэл, гэгээтэй байсан. Ажил тарах үе гэхээр 18 цагийн үед байх. Би эхнэр Н-г хүлээгээд Мэргэжлийн хяналтын газрын эсрэг талд буюу баруун талын замын баруун талд нь байх машины зогсоол дээр машин дотроо зам руу хараад утсаа оролдоод сууж байтал түс гэсэн чимээ гараад эмэгтэй хүний орилох чимээ зэрэг сонсогдохоор нь би машиныхаа цонхоор хартал нэг хөх машин хойноос урагш чиглэлтэй зогссон нэг эмэгтэй хүн газарт унасан байхаар нь би бууж очиход жолооч эмэгтэй бууж ирсэн. Би яагаад хүн дайрчихваа гэтэл жолооч эмэгтэй гэнэт гараад ирлээ гэж хэлсэн. Тэгээд газар унасан байсан эмэгтэйг машинаас бууж ирсэн жолооч эмэгтэй түшиж босгоод машиндаа суулгаад эмнэлэг оръё гээд аваад явсан Тухайн үед осол яг миний өмнө болсон. Би мөргөж байгааг нь бас хараагүй, чимээ гарахаар нь харсан чинь нэг эмэгтэй газар унасан байсан. Тухайн хэсэгт явган хүний гарц тэмдэг тэмдэглэгээ байгаагүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 31/
6. Гэрч Р.М-ын“00-17 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Эхнэр бид хоёрын дундын өмчлөл гэсэн үг. Гэр бүлийн хэрэгцээндээ хэрэглэдэг тээврийн хэрэгсэл байгаа юм. Би эхнэр О-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийн хугацаа дууссан гэдгийг мэдээгүй байсан. Сүүлд зам тээврийн осол болсны дараа мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 149/
7. Гэрч Г.А-ы“Би тухайн өдөр мөрдөгч цагдаагийн ахмад А.Ц-ийн хамт тухайн газарт хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн. Хэрэг учрал болсон гэх газар нь эсрэг урсгалтай 2 эгнээтэй асфальтан зам байсан юм. Ертөнцийн зүгээр урдаас хойш зам түгжрэлтэй байсан бол ертөнцийн зүгээр хойноос урагш явсан машиныг автомашин гүйцэж түрүүлэх үйлдэл хийх боломжгүй юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 151/
8. Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Г-ын 2021 оны 03 сарын 22-ны өдрийн 06 тоот: “ Хэрэгт авагдсан материалд тооромзны мөргүй, нотлох баримтгүй тул 00-17 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. 00-17 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.О нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.2. Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3. Жолооч аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Явган зорчигч Б.Ц нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6. Явган зорчигч явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу 2 тийш сайн харагдах хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөн байна” гэх мөрдөгчийн магадлагаа /хх 151-152/
9.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, холбогдох баримтууд / хх-ийн 5-6/
10. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-11/
11. Хэргийн газарт дахин үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 12-16/
12. 00-17 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-18/
10. Э.О-ийн согтуурлыг 2020 оны 10 сарын 23-ны өдөр багажаар шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 19/
13. Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Г-ын 2021 оны 01 сарын 16-ны өдрийн камерын хяналтын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 21/
14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн ахлах шинжээч Б.Э-ын 2020 оны 11 сарын 09-ний өдрийн: “Шинжилгээнд ирүүлсэн “Э.О34 нас” гэж хаягласан цусанд спиртийн зүйл илрээгүй” гэх №6024 тоот дүгнэлт /хх-ийн 35-37/
15. Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бактериологийн шинжээч Б.Дэлгэрмаагийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Шинжилгээнд ирүүлсэн Э.О34 нас гэж хаягласан хуруу шилний G83131150 дугаартай, улаан өнгийн тагтай хуруу шилтэй цус нь ABO системээр B (III) бүлгийн харьяалалтай байна.” гэх №6025 дугаартай дүгнэлт /хх-ийн 38-40/
16. Дундговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Дунгаамаагийн 2020 оны 11 сарын 04-ний өдрийн 233 дугаартай:
1. Б.Ц-гийн биед баруун талын 2,4-р хавирганы хугарал, тархи доргилт, баруун ташаа, баруун гуя, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.4. Дээрх гэмтлүүд нь 2020 оны 10 сарын 23-ны өдөр үүссэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд байна.
5.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
6. Б.Ц-гийн биед үүссэн баруун талын 2,4-р хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэг, тархи доргилт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэг, баруун ташаа, баруун гуя, зүүн өвдөгт үүссэн цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 43-45/
17. 2020 оны 10 сарын 23-ны өдрийн “Яаралтай тусламжийн хуудас /Насанд хүрэгчид/ ” 2361 дугаартай Б.Ц-гийн биед үзлэг хийсэн тухай баримт /хх-ийн 46-48/
18. Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Б.Д-ийн 2020 оны 11 сарын 12-ны өдрийн: “00-17 дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.О нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн нь цагдаагийн газрын замын цагдаагийн байцаагч хошууч Ганбаярын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан лавлагаагаар тогтоогдож байна. б/ Явган зорчигч Б.Ц нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6 явган зорчигч явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу 2 тийш сайн харагдах хайс, хашилгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөн” гэх магадлагаа /хх-ийн 51-53/
19. Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Б.Д-ийн гэрчээр өгсөн: “Би хэрэг бүртгэлтийн 202200300 дугаартай хэргийн материалтай танилцаад мөрдөгчийн магадлагааг 2020 оны 11 сарын 12-ны өдөр гаргасан. 00-17 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.О нь жолоодох эрхийн үнэмлэхтэй байсан боловч 2020 оны 01 сарын 02-ны өдөр жолоодох эрхийн үнэмлэхийн хүчинтэй хугацаа дууссан байна. Э.Онь “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх журам”-н дагуу сургалтад хамрагдаж, жолоодох эрхийн хугацаагаа сунгуулаагүй тээврийн хэрэгсэл жолоодсон байна. Энэ нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 буюу тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 100/
20. Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Г.Г-ын 2021 оны 01 сарын 15-ны өдрийн: “Хэрэгт авагдсан материал тоормозны мөргүй, нотлох баримтгүй тул 00-17 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. 00-17 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Онь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн байна.
Явган зорчигч Б.Ц нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6. Явган зорчигч явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу 2 тийш сайн харагдах хайс, хашилтгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөн байна. Явган зорчигч Б.Ц нь замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна” гэх магадлагаа /хх-ийн 56-57/
21. Монгол Улсын Авто тээврийн мэргэшсэн инженер Н.Б-ы 2020 оны 12 сарын 21-ний өдрийн “Тээврийн хэрэгсэл, эд анги бүрэн бүтэн хэвийн ажиллагаатай бөгөөд осол болоход техникийн талаас нөлөөлөөгүй болно” гэх техникийн дүгнэлт /хх-ийн 60/
22. Э.О-ийн жолооны үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 65/
23. Цагдаагийн ерөнхий газрын харьяа Бүртгэл хяналтын төвөөс 2021 оны 02 сарын 09-ний өдөр 22/269 тоот албан бичгээр ирүүлсэн “Хууль зүй дотоод хэргийн сайдын 2015 оны А/189 тушаалаар баталсан “Жолооны эрхийн үнэмлэх олгох журам”, мөн 2018 оны А/142 дугаар тушаалаар баталсан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх журам” /хх-ийн 102-109/
24. Хохирогч Б.Ц-гаас гаргаж өгсөн хохирлын тооцоо /хх-ийн 111-112/
25. Шүүхийн шатанд хохиролд 1.500.000 төгрөг төлсөн тухай баримт болон хэрэгт авагдсан бусад баримтууд зэргийг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Шүүгдэгч Э.О нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №620333 тоот үнэмлэхийн хүчинтэй хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болсон байхад 00-17 ДУА улсын дугаартай Тоёота Сай маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт заасан “жолоодох эрхийн үнэмлэхийн хүчинтэй хугацаа дууссан”, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсгийн а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” 12.2. Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3. Жолооч аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гаргаж, явган зорчигч Б.Цг мөргөж түүний биед хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүгдэгч Э.О-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд тээврийн хэрэгслийн жолооч, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.О-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.
3.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, хохирол 1.500.000 төгрөг төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагч, өмгөөлөгч нарын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар, шүүгдэгч Э.О-д шүүхээс тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилсан мэдэгдэх” үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг төлбөрийн талаар:
Шүүгдэгч Э.О-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас иргэн Б.Ц-гийн биед баруун талын 2,4-р хавирганы хугарал бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 43-45 / тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг шүүгдэгч Э.О нь хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Б.Ц нь эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахыг Э.О-гаас шаардах эрхтэй байна.
Хохирогч Б.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 2.521.510.18 төгрөгийн гэм хорын нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ шүүгдэгч 1.500.000 төгрөг өмгөөлөгчөөрөө өгүүлсэн. Миний нэхэмжилж байгаа хохирол төлөгдсөн. Сэтгэл санааны хохирол 1.000.000 төгрөгийг нэхэмжлэхгүй, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй гэж үзлээ. /Хохирогч шүүх хуралдаанд хохирол бүрэн төлөгдсөн гэж мэдүүлж байгаа тул хохирлын баримтыг нэг бүрчлэн тооцох шаардлагагүй гэж үзсэн болно./
Хохирогч Б.Ц нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй.
5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Ц сэтгэл санааны хохирол 1.000.000 төгрөг нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч О овогт Э-ын О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч О овогт Э-ын О-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Дундговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Э.О-д шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Онь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-ийн тээврийн хэрэгсэл жолоодох, эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Ц сэтгэл санааны хохирол 1.000.000 төгрөг нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Ц нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.УУГАНБАЯР