Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/52

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

Улсын яллагч Б.О

Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Б-д холбогдох эрүүгийн 2122000460054 тоот хэргийг 2021 оны 04 сарын 09-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч О.Б нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2020 оны 09 сард иргэн Б.Б-д урд өртэй байсан адуугаа өгөх нэрийдлээр иргэн Б.Б-г дуудсан байх бөгөөд Б.Б нь иргэн М.Бийг дагуулан өөрийн эзэмшлийн “Elentra” маркийн 1298 ДУЭ улсын дугаартай машинтай гарч, Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр дэх “Морьт” гэх газар очиж О.Б-тай уулзсан ба улмаар О.Б нь Б.Б, М.Б нарт хулгайн адуу гэдгийг мэдэгдэлгүй, өөрийн адуу мэтээр ойлгуулж, иргэн У.С-ийн өмчлөлийн 1 тооны хээр зүсмийн адууг айлын хороонд оруулж нядалж, өгч явуулсны улмаас иргэн У.С-д 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           - Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна гэв.

- Шүүгдэгч О.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...
Би хүлээн зөвшөөрч байна. Б-д нэг тооны адууны өртэй байсан юм. Тэр өрөндөө 2020 оны 09 дүгээр сарын сүүлээр /өдрийг нь санахгүй байна/ аймгаас Б-г өөрийнхөө адууг ав гэж дуудсан чинь Б, Б-ийн хамт аймгаас ирэхээр нь Гурвансайхан сумын 2 дугаар багийн нутаг “Морьт” гэх газарт бэлчээрлэж байсан адууг морьтой туугаад модон хороон дээр аваачиж нэг адууг барьж тэнд нь нядалж, гэдэс дотрыг нь хорооны зүүн талд газар ил хаяж орхисон. Махыг нь 7 хөл болгоод Б машинд ачаад аваад явсан. Би хөдөө үлдсэн Б, Б хоёр аймаг руу явсан. Тэр хорооны нэрийг “Х” гэдэг юм. Миний нядалсан адуу хорооны зүүн өмнөхөн талд бэлчээрлэж байсан. Би буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Хохирлоо төлж барагдуулах болно ...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67/

- Хохирогч У.С-ийн: “...Би 2020 оны 09 сарын 20-ноос 2021 оны 02 сарын 20-ны хооронд өөрийн өмчлөлийн нэг тооны хээр зүсмийн шүдлэн насны адуугаа Гурвансайхан сум, Баянжаргалан сум, Өндөр шил сум, Өлзийт сум, Говь-Угтаал сум, Дорноговь аймгийн Айраг сум, Зүүн баян сум, Мандах сум, Сайхан дулаан сумдаар эрж хайгаад олоогүй юм. Сумын цагдаад 2021 оны 02 сарын 20-ны өдөр мэдэгдсэн. Алдсан хээр зүсмийн шүдлэн адуу нь зөв талын гуяны хонхорхой хэсэгт саран дэвсгэртэй чойжин тамгатай, ташаан толгой дээрээ зуузай тамгатай байсан. Би адууг үнэлээд гарсан 2,000,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 74/

- Гэрч М.Б-ийн: “...2020 оны 09 сарын сүүлээр Б.Б утсаар залгаад хоёулаа зүүн ургаш Гурвансайхан сумын баруун тал руу айлд нэг тооны адуу хийж аваад ирье гэхээр нь би зөвшөөрч хамт явсан. Гурвансайхан сум 2 дугаар баг “Морьт” гэх газар очсон. О.Б-тай уулзаад тэнд ойрхон байсан хороон дээр О.Б адуунуудыг тууж очоод адуун дотроос хээр зүсмийн шүдлэн адууг барьж аваад нядалж, жижиглэн 7 хөл болгоод аймгийн төв рүү Б.Б-гийн унаж явсан машинд ачаад явсан. Аймагт ирээд хүнсний захад махны ченж Туяа гэх хүний агуулахад буулгасан. Тухайн үед Б миний нэрийн адуу байгаа юм гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/

 - Гэрч Б.Б-гийн: “... 2020 оны 09 дүгээр сарын сүүлээр байх өдрийг нь санахгүй байна. Би өөрийн эзэмшлийн “elentra” маркийн 1298 ДУЭ улсын дугаартай машинтайгаа М.Б-ийн хамт О.Б-гаас 1 тооны адуу өрөндөө авах зорилгоор очсон юм. Хөдөө очоод О.Б-тай Гурвансайхан сумын 2 дугаар баг “Төгрөг” гэх газрын худаг дээр уулзаад асуусан чинь О.Б адуу хойно ойрхон байх “Морьт” гэх газрын хороон дээр туугаад авааччихсан байгаа, хойшоо хүрээд оч гэхээр нь би М.Б-ийн хамт айлын эзэнгүй хороон дээр очсон. Тэгтэл О.Б20 гаруй тооны адуу тууж ирээд хороонд шахаж байгаад 1 тооны хээр зүсмийн шүдлэн адуу барьж өгөхөөр нь М.Б, О.Б нарын хамт нядалж 7 хөл болгоод өөрийн унаж явсан машиндаа ачаад М.Б-ийн хамт аймгийн төв рүү явсан. О.Б хөдөө үлдсэн. Миний харж байснаар тухайн адуу саран дэвсгэртэй тамгатай юм шиг харагдсан өөр зүйл хараагүй. Б надад хэлэхдээ миний эзэмшлийн адуу байгаа юм. Өрөнд чинь өгч байгаа гэж хэлж байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/

- Гэрч С.Т-ийн: “... 2020 оны 09 дүгээр сарын сүүлээр байх өдрийг нь санахгүй байна. Б.Б өдөр 12 цагийн үед ирээд надад хандаж “танай  агуулахад 1 тооны адууны мах жижиглэж эвдээд маргааш зарах гэж байгаа юм. Хөдөө найзаасаа авсан” гэж ярьж байсан. Тэгээд манай агуулахад эвдээд маргааш нь аваад захын хашаанд жижиглэнгээр зарсан. Өөр зүйл мэдэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 24/

-Дундговь аймгийн Гурвансайхан сумын үнэлгээний комиссын 2021 оны 03 сарын 08-ны өдрийн “шүдлэн насны хурдан удмын эр адуу 2,000,000 төгрөг” гэх 02 дугаартай үнэлгээ хийсэн акт /хх-ийн 27-28/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6/

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 69-71/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 32-33, 93-94, 106-122 /

- Цагдаагийн байгууллагын АСАР санд эрэн сурвалжлалт зарласан тухай баримт /хх-ийн 56-58/ зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч О.Б нь 2020 оны 09 сард Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр  “М” гэх газраас иргэн У.С-ийн өмчлөлийн 1 тооны хээр зүсмийн шүдлэн адууг хулгайлсан, уг үйлдлийн улмаас хохирогч У.С-д 2,000,000 төгрөгийн хохирол учирсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар тогтоогдож байна.

 Шүүгдэгч О.Б-ийн дээрх үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч У.С-д учирсан хохирол болох шүдлэн насны хурдан удмын эр адууны үнэ /2021 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаартай үнэлгээний актаар тогтоосон/ 2,000,000 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч О.Б-гаас гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Улсын яллагч шүүх хуралдаанд шүүгдэгч О.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 түүнээс дээш удаа үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байна гэж мэтгэлцэж байх бөгөөд шүүгдэгч О.Б-г 2020 оны 09 сард Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Морьт” гэх газарт иргэн У.С-ийн өмчлөлийн 1 тооны хээр зүсмийн адууг хулгайлан айлын хороонд оруулж нядалсны улмаас иргэн У.С-д 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос 2021 оны 03 сарын 31-ний өдрийн 34 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Харин шүүгдэгч О.Б нь 1986 оны 01 сарын 24-ний өдрийн Дундговь аймгийн шүүхийн а/10 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн 73 дугаар зүйлийн 73а дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял, 2001 оны 09 сарын 01-ний өдрийн Дундговь аймгийн сум дундын шүүхийн 123 дугаар шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял, 2004 оны 04 сарын 01-ний өдрийн Дундговь аймгийн сум дундын шүүхийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, 2013 оны 01 сарын 31-ний өдрийн Дундговь аймгийн сум дундын шүүхийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар,  2019 оны 05 сарын 30-ны өдрийн Дундговь аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байх боловч шүүгдэгч О.Б-ийн урд ял шийтгүүлж байсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлгүй байна. Мөн 2015 оны Эрүүгийн хуульд “ялтай байдал” гэх ойлголт хуульчлагдаагүй, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заажээ.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогоогүй бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, өндөр настай эцгийн хамт амьдардаг гэж мэдүүлж байгаа зэргийг харгалзан шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт О-ын Б-г Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Шүүгдэгч Б овогт О-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-гаас 2,000,000 төгрөг гаргуулж, хохирогч /Дундговь аймгийн Гурвансайхан сум 1 дүгээр баг “Дэврэх” гэх газарт оршин суух хаягтай, регистрийн дугаар ЗГ94062019, Утас 88768909/ О-С-д олгосугай.

5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох ба шүүгдэгч О.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   З.УУГАНБАЯР