| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2021/0037/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/39 |
| Огноо | 2021-04-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Э |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч Г.Э
Шүүгдэгч Ж.Х нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Х-т холбогдох эрүүгийн 2122000330026 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Ж.Х нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймгийн Адаацаг сумын 1 дүгээр багийн нутагт байрлах “Цагаан овоо” гэх газарт 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн тохиолдолд үүссэн маргаанаас болж хохирогч Б.Т-ийн нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж түүний биед зүүн нүдний дээд, доод зовхи, шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, хөмсөг зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Ж.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 02 сарын 05-ны өдөр Б.Т, О.Б, бид 3 Ц-О-ны урд энгэрт нэг шил архины талыг нь уучхаад, Ц-О дээр гарч үлдсэн тал шил архиа уусан. Машины хажууд бие засаад зогсож байхдаа Б.Т бид 2 муудалцсан. Т би чамайг цохих уу? гэхээр нь чи яасан их хүн цохидог юм гээд би гараараа нэг цохисон чинь хөмсөгнөөс нь цус гарсан. Тэгээд бид 3 цааш явж Б.Т-ийн эхнэр Н.С, О.Б-ийн эхнэр Э.Мнар дээр очсон. Б.Т-ийн эхнэр түүний хөмсөгний цусыг нь цэвэрлэсэн. Тэндээс би суман дээр очиж мотоциклоо авах гэж явсан. Б.Т, О.Б нар манай эхнэр хүүхдүүдийг гэрт дөхүүлж өгөөд буцсан. Эм тарианы мөнгө гэж 565000 төгрөг өгсөн. Буруугаа ойлгож байна гэв.
2. Шүүгдэгч Ж.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 02 сарын 04-ний орой аймгийн төвөөс гараад харанхуй болоод найз Бийн гэр болох Адаацаг сум Билүүтийн урд энгэрээс сумын төв рүү явж байсан юм. Тухайн үед Бийн машинд би болон манай найз Т сууж байсан. Харин Т-гийн эхнэр С-ийн машинд бид гурвын эхнэр болох С,Г, М нар явж байсан юм. Ингээд бид нар Адаацаг сумын нутаг дэвсгэр “Ц-О”-ны энгэрт зогсоод 1 шил архи хувааж уусан. Тухайн үед манай эхнэрүүд архи уугаагүй. Ингээд архиа талдаа орж байхад эхнэрүүд түрүүлээд явсан. Б, Т бид 3 үлдээд үлдсэн тал шил архиа хувааж уугаад дуусгасан. Машинаас бууж шээсэн. Энэ үед Т архи уучихсан согтуурхаад би чамайг цохино гэхээр нь би Т-гийн зүүн нүдний орчим гараараа нэг удаа цохисон. Тэгээд Т-гийн хөмсөг нь сэтрээд цус гарсан. Бид 3 машиндаа суугаад хөдөлсөн. Эхнэрүүд маань нилээн зайтай бид гурвыг хүлээж байсан. Т-гийн эхнэр С түүний цусыг арчиж өгөөд бид сумын төв орсон. Т согтчихоод намайг цохино гээд байхаар нь чи яасан их хүн цохидог юм гээд Т-гийн зүүн нүдний орчимд нэг удаа баруун гараараа цохисон. Т миний биед халдаагүй... ” гэх мэдүүлэг /хх38-39/
3. Хохирогч Б.Т-ийн“...Сумын төвд ойр Ц-О гэх газарт ирээд 2 машинтайгаа бөөнөөрөө зогсоод архи ууцгаасан. Би тухайн үед архи уугаад согтсон байсан. Гэтэл намайг нэг хүн цохиж авсан. Би хэн цохисон эсэхийг нь хараагүй. Зүүн нүдний орчим цус гарч байсан. Тухайн үед миний нүүр гайгүй байсан. Харин маргааш нь гэртээ хэвтээд толгой эргээд байсан, гэртээ байж байгаад сумын Нэгдсэн эмнэлэг дээр 2021 оны 02 сарын 07-ны өдөр очиж үзүүлсэн. Тэгээд цагдаагийн хэсэг дээр ирж гомдлоо гаргасан. Намайг Х гараараа нэг удаа цохисон гэж хэлсэн, би тухайн үед согтолттой байсан болохоор сайн хэлж мэдэхгүй байна. Миний зүүн нүд, зүүн шанаа зэрэг газар хавдаж хөхөрсөн толгой эргэж өвдөж байна. Биеийн өөр хэсэгт гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 3-8/
4. Гэрч Н.Сийн: “...Сумын төвийн урдхан талд Ц-О гэх газрын энгэрт очоод бид нар машинтайгаа зогссон тэгээд нэг шил архи гаргаж ирээд ууцгаасан, ууж байсан архиа дуусгаад тус тусын машиндаа суугаад сумын төв рүү хөдөлсөн. Би өөрийнхөө машинд Хын эхнэр Г, Б-ийн эхнэр М нарыг суулгаад хөдлөөд явсан. Гэтэл Б, Х, манай нөхөр 3 тэндээс хөдлөхгүй машинтайгаа үлдсэн. Би нилээн явж байгаад зогсоод харсан чинь тэд нар хөдлөөгүй байсан. Би зогссон газраа тэд нарыг ирэхийг хүлээгээд байж байтал 10-20 орчим минутын дараа араас ирсэн. Тэгээд та нар яагаад ирэхгүй удаад байсан юм гэж асуутал манай нөхрийн зүүн хөмсөгний орчимоос цус гарсан байсан. Би нөхөр Тгоос яасан бэ? хэн чамайг цохисон юм гэж асуутал Х намайг цохисон гэж хэлсэн. Та нар юунаас болж муудалцсан юм бэ? гэж асуутал юунаас ч болоогүй гэж хэлсэн. Б, Х Тг гараараа цохисон, яг ямар шалтгаанаар цохисоныг нь мэдэхгүй гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/
5. Гэрч О.Бийн “...Т, Х бид 3 Х бие засна гэхээр нь үлдсэн. Х бие засаад иргээд ирэхэд Т машины ард тамхи татаад зогсож байсан. Тэгтэл Х, Т нар хоорондоо маргалдаад эхэлсэн. Би та нар юунаас болж маргаад байна, одоо боль гэтэл Т-г Х гараараа нүүр рүү нь цохисон. Т ёооё гээд орилохоор нь очоод хартал Т-гийн зүүн хөмсөгнөөс нь цус гарч байсан. Би Т, Х хоёрын хажууд байсан. Х Т-г гараараа нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон. Т нүүрэндээ ямар нэгэн бэртэл, гэмтэлгүй байсан. Бид нар хэдэн өдөр хамт байсан. Урьд нь хүнд зодуулж биедээ гэмтэл авсан зүйл байхгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/
6. Гэрч Э.М-гийн: “... Бид нар 2 өөр машинтай 3 гэр бүлийн хүмүүс хамт явцгааж байсан. Ц-О-ны энгэрт архиа ууж дуусгаад С-ийн машинд би Х-ын эхнэрийн хамтаар суугаад тэндээсээ хөдлөөд сумын төв рүү явж байсан чинь манай нөхөр Б, Х, Т нарын машин явахгүй байсан. Яагаад наад хэд чинь явахгүй байна гэтэл С машинтайгаа зогссон. Бид нар тэр гурвыг ирэхийг хүлээж байтал 10-20 минутын дараа Б машинаа унаад ирсэн. Тэгтэл Т-гийн зүүн хөмсөгнөөс цус гарч байсан. Би ОО-н цаас авч өгөөд наад цусаа арч юу болсон юм гэтэл надад юм хэлэхгүй байсан. Юу болоод Т-гийн хөмсөгнөөс цус гараад байгаа юм гэтэл Т, Х намайг цохисон гэж хэлсэн. С Т-г машиндаа суулгаад бид нар сумын төвөөс хойш Хонгор гэх газарт очиж Х-ын эхнэрийг буулгаж өгөөд буцаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/
7. Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 54 дугаартай:
“1,2. Б.Т-ийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, хөмсөгт зулгарал гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
4. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.
5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.
6. Зүүн нүдний дээд доод зовхи, шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтлийн хөнгөн зэрэгт, хөмсөгний зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
7.Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй ” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25-27/
8.Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/
9. Хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг сумын нутаг дэвсгэр “Ц-О” гэх газарт иргэн Б.Т бусдад зодуулсан үйл явдал болсон, уг үйл явдлын улмаас хохирогчийн эрүүл мэндэд “зүүн нүдний дээд, доод зовхи, шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учирсан, уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хөнгөн зэрэгт хамаарч байгаа болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Хохирогч Б.Т-ийн эрүүл мэндэд учирсан “зүүн нүдний дээд, доод зовхи, шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтлийг шүүгдэгч Ж.Х2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийн нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Т би чамайг цохих уу? гэхээр нь чи яасан их хүн цохидог юм гээд би гараараа нэг цохисон чинь хөмсөгнөөс нь цус гарсан. ...Буруугаа ойлгож байна...” гэх мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, 2021 оны 02 сарын 10-ны өдрийн 54 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Ж.Х-ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч Ж.Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогч Б.Т нь хохирлын баримт шүүхэд ирүүлээгүй ба шүүгдэгч Ж.Х нь шүүх хуралдаанд хохирогчид учирсан эрүүл мэндийн хохиролтой нь холбогдуулан 565000 төгрөг төлсөн гэж мэдүүлж байх ба энэ талаар хохирогч маргаагүй бөгөөд шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Ж.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овгийн Ж-ын Х-ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Ж-ын Х-т 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х нь энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР