Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 1880

 

Г.Хулангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар    

                                                           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/01502 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Хулангийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Бета стар” ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7 989 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гармаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Отгонбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Болортуяа, Е.Ганчөдөр, Д.Дашням, хариуцагчийн өмгөөлөгч С.Жавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

           

Нэхэмжлэгч Г.Хулангийн нэхэмжлэлийн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гармаагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г.Хулан 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “Бета стар” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, агуулах болон ложистик хариуцсан ахлах ажилтаны албан тушаалд ажилд орсон. Үүнээс хойш 4 жил тасралтгүй ажилласан. Ажиллаж байх хугацаандаа ээлжийн амралтаа бүтэн авч амарч байгаагүй ба байгууллагынхаа ажлын төлөө идэвхи санаачлага гаргаж ажиллаж байсан. Харин 2016 оны амралтаа анх удаа бүтэн авсан. Учир нь өөрийнх нь эмээ Америк улс руу эмчилгээнд явсан байсан ба буцахдаа Солонгос улсаар дамжиж, эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Ингээд Г.Хулангийн ээлжийн амралт 2016 оны 06 дугаар сарын 23-наас 07 дугаар сарын 26-ны өдөр дууссан ба тухайн үед илүү цаг ажилласан амралтын 3 хоногийг нэмж тооцуулан 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа орох байсан. Гэтэл Монголд ирэх боломжгүй байдал үүсч, улмаар эмээгээ эмчлүүлж, эмчилгээ хийх шаардлага үүссэн байдаг. Энэ талаараа байгууллагынхаа холбогдох албан тушаалтнуудад утсаар болон и-мэйлээр 07 дугаар сарын 28-ны өдөр ерөнхий захирлын туслах н.Гантулгатай, 08 дугаар сарын 01-ний өдөр хүний нөөцийн менежер н.Соёл-Эрдэнэ, нягтлан н.Цэрэнтогтох зэрэг хүмүүстэй харьцаж надад 6 хоногийн чөлөө нэмж өгнө үү гэж хүссэн. Би 08 дугаар сарын 06-ны өдрийн билет авсан гэж удирдах албан тушаалтай 5 хүнд мэдэгдсэн. Тухайн үед 07 сарын 31-нд яаралтай ажилдаа ир гэсний дагуу билет хайгаад олдоогүй бөгөөд 08 дугаар сарын 06-ны билет аваад эмээгээ Солонгос Улсад хүлээж байтал “Бета стар” ХХК-ийн удирдлагаас яаралтай ир гээд 08 дугаар сарын 06-ны өдрийн билетийг цуцалж, 08 дугаар сарын 03-ны өдөр МИАТ-ийн нислэгээр Улаанбаатар хотод ирж 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ажилдаа ирэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа 3 хоног тасалсан учраас ажлаас чинь халж байна гэсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд хандсан. Нэхэмжлэгч алс хол гадаад улсад байсан. Мөн авсан билетээ цуцалж өөр нислэгээр ирсэн. Удирдах албан тушаалтанд тухайн үед албан ёсоор мэдэгдэж ямар ч байсан мэдэгдсэн байдаг. Эдгээр үндэслэлүүдийг харгалзан үзэж 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ажлаас халсан тушаалыг хүчингүйд тооцож, Г.Хуланг ажилд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 7 989 000 төгрөгийг “Бета стар” ХХК-иас гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү. Мөн “Бета стар” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь уг тушаалыг гаргах үед Ш.Нурмаа байгаагүй бөгөөд Дэвид Райнер байсан байдаг. Гүйцэтгэх захирал Дэвид Райнер нь 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ш.Нурмаад өөрийгөө эзгүйд төлөөлөх эрхийг 5 жилийн хугацаатай олгосон нь хууль зөрчсөн бөгөөд энэ нь хуульд заасан хугацаанаас хэтэрсэн байдаг. Иймд хуульд зааснаар хугацаа заагаагүй итгэмжлэлийн хугацаа нэг жил байдаг тул уг тушаалыг гаргах эрхгүй этгээд гаргасан гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч “Бета стар” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбарт: Г.Хулан “МСМ” ХХК-д анх 2012 оноос логистик ажилтнаар түр томилогдон ажилд орж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад, “МСМ” ХХК-ийн охин компани “Бета стар” ХХК-д 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс борлуулалтын газарт тээврийн хяналтын ажилтнаар, 2015 оны 07 дугаар сарын 15-наас агуулах болон логистик хариуцсан ахлахын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Г.Хулан нь өмнөх онуудад ээлжийн амралтаа огт эдэлж байгаагүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд энэ талаарх баримтыг хэрэгт өгсөн. 2016 оны ээлжийн амралт нийт 15 хоног бөгөөд урд саруудын илүү цагт бодогдсон хоног нь 3 хоног болж нийт 18 хоногийн амралтыг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс тооцож, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа орохоор байсан, Тухайн үед Г.Хулан компаниар дамжуулан Солонгос явах болон ирэх билетээ захиалсан бөгөөд 6 сарын 23-нд явж, буцах билетээ 7 сарын 29-ний өдөр ирэхээр захиалсан байсан боловч дунд нь энэ билетээ цуцалсан байсан. Анхнаасаа ажил таслах зорилготой байсан гэж ойлгогдож байна. Удирдах албан тушаалтанд хэлж зөвшөөрөл авсан гэж байгаа боловч албан ёсоор зөвшөөрөл авсан гэж үзэхгүй. Тухайн үед Г.Хуланд чөлөө өгөх боломжгүй талаар хоорондоо бичсэн мессенжерийн захианд тодорхой байгаа. Мөн энэ үед Г.Хулангийн эмээ нь Монгол Улсад байсан талаарх баримт ирсэн. Иймд эдгээр байдлуудаас анхнаасаа ажил таслах зорилготой байсан нь харагдаж байгаа тул Г.Хулан нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 хоног ажил тасалсан гэж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн захирал Ш.Нурмаад олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд “Бета стар” ХХК нь “Монголиан Стар Мелшерс” ХХК-ийн охин компани бөгөөд тус компанийн үйл ажиллагаа нь “Монголиан Стар Мелшерс” ХХК-ийн дотоод журамд захирагдаж явагддаг. 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/129/016 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар Ш.Нурмааг “МСМ” ХХК-ийн удирдах захирлын үүрэгт ажилд томилсон бөгөөд энэ хүн нь уг тушаалыг гаргах эрх бүхий этгээд мөн юм. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Хулангийн “Бета стар” ХХК-д холбогдох агуулах болон логистик хариуцсан ахлахын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 7 989 000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1. 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгч Г.Хулангаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 233 662 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан Г.Хуланд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Отгонбаярын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргаж байна. 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Б/027/016 дугаартай Захирлын тушаалаар Г.Хуланг ажлаас чөлөөлсөн байдаг ба 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс өмнө буюу ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө Г.Хулан нь компанийнхаа агуулах, ложистик хариуцсан Супервайзер /ахлах ажилтан/ албан тушаал дээр ажиллаж байсан. Гэтэл ажлаас чөлөөлсөн тушаалд Ложистик болон агуулах хариуцсан ажилтаны албан тушаалаас чөлөөлсөн. Супервайзер албан тушаалаас нь чөлөөлсөн тушаал шийдвэр өнөөдрийн байдлаар байхгүй болно. Ажлаас чөлөөлсөн 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Б/027/016 дугаартай захирлын тушаал нь алдаатай, тушаалд дурдагдсан албан тушаал нь ажилтан Г.Хулангийн тухайн үед ажиллаж байсан албан тушаалаас өөр байхад анзаарч үзээгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээг цуцласан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нь 3 өдөр ажилдаа ирээгүй талаараа, ажил олгогчоос зохих чөлөөний зөвшөөрлийг албан ёсоор авсан эсэх талаар маргадаггүй бөгөөд Г.Хулангийн ээлжийн амралтын хугацааг 3 өдөр хэтрүүлсэн явдал нь хүндэтгэх шалтгаантай байсан гэж маргадаг. Г.Хулан нь ажил олгогчид хандаж анх 6 сард гаргасан, ээлжийн амралтын мөнгөө авах хүсэлтдээ Солонгос Улсад эмээгээ эмчлүүлэх, эмнэлэгт үзүүлэх гэж байгаа тухайгаа дурдсан. Г.Хуланг Солонгос Улсад амарч байх хугацаанд нь эмээ нь очно, эмнэлэгт үзүүлнэ гэж хүлээлгэсэн бөгөөд уг шалтгааны улмаас Солонгос Улсад эмээгээ хүлээсээр байгаад ээлжийн амралтын хугацаа дуусч, 3 өдөр хэтрүүлсэн байдаг. Нэхэмжлэгч Г.Хуланд тохиолдсон нөхцөл байдлыг бодитоор үнэлж, хүндэтгэх шалтгаантайгаар ээлжийн амралтын хугацааг 3 өдрөөр хэтрүүлсэн болохыг харгалзан үзэж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 01502 дугаатай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргажээ.

 

Нэхэмжлэгч Г.Хулан нь хариуцагч “Бета стар” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7 989 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Г.Хулан нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 хоног ажил тасалж, ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж маргажээ.

 

Г.Хулан 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс Монголиан Стар Мелшерс групп /МСМ/ ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан анх ажилд орж, логистик ажилтнаар түр томилогдон ажиллаж байгаад, “МСМ” ХХК-ийн охин компани “Бета стар” ХХК-д 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан Борлуулалтын газарт тээврийн хяналтын ажилтнаар, 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс Агуулах болон логистик хариуцсан ахлахаар ажиллаж байсан болох нь Г.Хулангийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон байна. /хх.4-6, 114, 119-127/

 

Улмаар ажил олгогчийн санаачилгаар буюу “Бета стар” ХХК-ийн удирдах захирлын 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/027/016 дугаар тушаалаар Г.Хуланг Логистик болон агуулах хариуцсан ажилтны албан тушаалаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хх.3/

 

Нэхэмжлэгч Г.Хулантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан “Бета стар” ХХК-ийн удирдах захирлын 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/027/016 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 38 дугаар зүйлийн 38.1.2, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар 7.3.3.3, 6.4 дэх заалтуудыг үндэслэсэн ба ажилтан Г.Хулан нь ажилд эргэн орох тогтоосон хугацаандаа ажилдаа ирэлгүй, өөрийн салбар хариуцсан удирдлага болон Хүний нөөцийн хэлтэст урьдчилан мэдэгдэж, чөлөө авалгүйгээр 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 03-ны өдрүүдэд дур мэдэн ажил таслаж, салбарын хэвийн үйл ажиллагааг явуулахад ихээхэн хүндрэл /ноцтой зөрчил/ гаргасан гэж тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан зохигчдын хооронд байгуулсан 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 018 тоот хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.3.3.3-т заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэг сарын дотор ажлын 2 хоногоос дээш ажил тасалсан бол ... ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор" заасан байх бөгөөд нэхэмжлэгч Г.Хулан нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 03-ны өдрүүдэд ажлын 3 өдөр ажилдаа ирээгүй болохоо үгүйсгээгүй, энэ талаар зохигчид маргаагүй болно. Иймд анхан шатны шүүхээс хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан талаар хийсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Нэхэмжлэгч Г.Хулангийн “3 хоног ажилдаа ирээгүй шалтгаанаа өвчтэй байгаа эмээгээ эмчлүүлэх, онош тодруулах зайлшгүй шалтгаантай байсан, энэ талаараа зохих албан тушаалтанд мэдэгдсэн бөгөөд ажилдаа ирээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан” гэх тайлбар нь хэргийн 59-60, 208 дугаар талд авагдсан баримтаар няцаагдсан тул үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 дах хэсэгт “Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ.” гэж зааснаас үзэхэд дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Шүүх хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасанд нийцүүлэн маргааныг шийдвэрлэсэн гэж үзнэ. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/01502 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                       ШҮҮГЧИД                                  А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                           Б.НАРМАНДАХ