Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 662

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С я, Б х я, тус я-ы Т-ийн ү-ий хороо

Гуравдагч этгээд “С” ХХК,  “К к” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Сангийн яамны 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 6-1/5307 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулах, Батлан хамгаалах яамны Тендерийн үнэлгээний хорооны  “Энхийг дэмжих ажиллагааны хэрэгцээт авто техник, сэлбэг хэрэгсэл бэлтгэн нийлүүлэх” БХЯ/2019-13 дугаартай тендерийн 1 дүгээр багцын ялагчаар “С” ХХК-ийг шалгаруулсан 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн  шийдвэр болон тендерийн 1 дүгээр багцын ялагч “С” ХХК-тай байгуулсан гэрээг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар хууль бус байсан болохыг тогтоолгох, Батлан хамгаалах яамны Тендерийн үнэлгээний хорооны “Энхийг дэмжих ажиллагааны хэрэгцээт авто техник, сэлбэг хэрэгсэл бэлтгэн нийлүүлэх БХЯ/2019-13 дугаартай тендерийн  2,4 дүгээр багцын ялагчаар “К к” ХХК-ийг шалгаруулсан 2019 оны 07 дугаар сарын 22-ны шийдвэр болон тендерийн 2,4 дүгээр багцын ялагч “К к” ХХК-тай байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгуулах, Батлан хамгаалах яамны зарласан  дээрх тендерийн 2 болон 4 дүгээр багцад дахин үнэлгээ хийхийг Батлан хамгаалах яамны Тендерийн үнэлгээний хороонд даалгуулах” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн Д.Г, Т.Э, хариуцагч Батлах хамгаалах яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, Д.П, гуравдагч этгээд “К к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, гуравдагч этгээд “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ариунтамир нар оролцов.                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч “Б” ХХК нь Батлан хамгаалах яамнаас зарласан “Энхийг дэмжих ажиллагааны хэрэгцээт авто техник, сэлбэг хэрэгсэл бэлтгэн нийлүүлэх БХЯ/2019-13” дугаартай тендерт оролцсон юм.

Батлан хамгаалах яамны Тендерийн үнэлгээний хороо “Энхийг дэмжих ажиллагааны хэрэгцээт авто техник, сэлбэг хэрэгсэл бэлтгэн нийлүүлэх БХЯ/2019-13” дугаартай тендерийн 1, 2, 4 дүгээр багцыг шалгаруулахдаа манай компанийн саналыг “2018 оны жилийн эцсийн буюу 4 дүгээр улирлын санхүүгийн тайлан байхгүй гэж үзэн татгалзсаныг эс зөвшөөрч, Сангийн яаманд хандан гомдол гаргасныг тус яам хянаад 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 6-1/4620 дугаар албан бичгээр дээрх Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг “үндэслэлгүй” буюу санхүүгийн тайлан баталгаажсан төлөвтэй байна гэж үзэн, 1, 2, 4 дүгээр багцад дахин үнэлгээ хийхийг даалгаж шийдвэрлэсэн болно.

Батлан хамгаалах яамнаас Сангийн яамны 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 6-1/4620 дугаар албан бичгийн дагуу дахин үнэлгээ хийсэн боловч манай компанийг мөн л санхүүгийн тайлан байхгүй үндэслэлээр хассан.

Уг шийдвэрийг эс зөвшөөрч дахин Сангийн яаманд хандсан ба тус яам нь өмнөх албан бичгээрээ "Б" ХХК-ийн санхүүгийн тайлан ирүүлээгүй гэдгээр хассан нь үндэслэлгүй буюу хууль бус гэж үзсэн атлаа дахин энэхүү үндэслэлээр гаргасан манай гомдлыг хүлээн авах үндэслэл байхгүй гэж үзсэнийг хууль бус гэж  үзэж байна.

Батлан хамгаалах яамнаас гаргасан Тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1 /б/-д “Санхүүгийн тайланг 2 жил буюу 2017, 2018 оноор ирүүлэх шаардлага тогтоож, шаардлагатай мэдээллийг цахим систем ашиглан үнэлгээ хийнэ” гэжээ. Манай компани 2017, 2018 оны санхүүгийн тайлангаа бүрэн хүргүүлсэн бөгөөд Тендерийн үнэлгээний хороо 2018 оны 4 дүгээр улирлын тайлан байхгүй гэж үзсэн бол Тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1 /б/-д заасны дагуу цахим системээс шалгах, мөн хуульд заасан журмын дагуу манай компаниас тодруулах бүрэн боломжтой байсан.

Сангийн яам нь Тендерийн үнэлгээний хороог энэхүү үндэслэлээр манай тендерийг шаардлага хангаагүй тендер ирүүлсэн гэж тендер шалгаруулалтын эхний шатнаас 2 удаа хассан хууль  бус ажиллагааг нь эхний удаад зогсоосон атлаа 2 дахь удаад зогсоох арга хэмжээ авахгүйгээр 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 6-1/5307 дугаар албан бичгээрээ Тендер шалгаруулалтыг зөв явсан гэж үзэж, үргэлжлүүлэх шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.4-т “үр нөлөөтэй байх” тусгай зарчим, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасныг зөрчиж,  манай компаний өрсөлдөх тэгш боломжийг хязгаарлан, өмнөх гаргасан шийдвэртэйгээ илтэд зөрчилтэй хууль бус ажиллагаа явуулсан болно.

Иймд Сангийн яам нь  2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 6-1/5307 дугаар албан бичгээр хууль бус тендер шалгаруулалтыг зөвтгөж, нэхэмжлэгчийн шударгаар өрсөлдөх, хуулийн дагуу тендерээ үнэлүүлэх эрхийг зөрчсөн тул хүчингүй болгож өгнө үү.

Батлан хамгаалах яамны Тендерийн үнэлгээний хорооны “Энхийг дэмжих ажиллагааны хэрэгцээт авто техник, сэлбэг хэрэгсэл бэлтгэн нийлүүлэх БХЯ/2019-13” дугаартай тендерийн 1 дүгээр багцын ялагчаар “С” ХХК, 2 ,4 дүгээр багцын ялагчаар “К к” ХХК-ийг шалгаруулсан 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, уг шийдвэрийг үндэслэн тендерийн 1 дүгээр багцын ялагчаар “С” ХХК-тай байгуулсан гэрээ, 2, 4 дүгээр багцын ялагч “К к” ХХК-тай байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Тендерийн үнэлгээний хороо нь манай ирүүлсэн тендерийг хууль бусаар хасаж, улмаар хууль бус, шаардлага хангаагүй компаниудыг шаардлага хангасан мэтээр дүгнэж, тендер шалгаруулалтын үнэлгээнд оруулж, тендерийн 1 дүгээр багцын ялагчаар “С” ХХК, 2 ,4 дүгээр багцын ялагчаар “К к” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулсан байна.

Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1 /б/-д “Үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг ирүүлэх” шаардлага тогтоосон. Энэ нь тендерээр нийлүүлэх барааны үйлдвэрлэгч нь уг барааг “борлуулах эрх олгосон” зөвшөөрөлтэй байна гэсэн ойлголт буюу өөрөөр хэлбэл, шууд борлуулах /дистрибьютер/  шаардлага тогтоосон болно. Тендерийн 1 дүгээр багцад ялсан “С” ХХК нь үйлдвэрлэгчийн зөвшөөрөлгүй, харин дамжин борлуулагчаас авсан зөвшөөрөл ирүүлсэн нь ТОӨЗ 18.1 /а/-д заасан  шаардлага хангаагүй тул тендерээс татгалзах ёстой байхад хасаагүйгээр барахгүй тендерийн 1 дүгээр багцын ялагчаар тодруулж, гэрээ байгуулсан нь хууль бус байна.

Мөн манай гаргасан гомдлын дагуу Сангийн яамнаас ирүүлсэн тендер шалгаруулалтыг хянаж байх хугацаанд 1, 2, 4 дүгээр багцын оролцогч компаниуд нь тендерийн баталгаагаа цуцалсан байна. Ийнхүү эрх бүхий байгууллагад маргааныг шийдвэрлэх явцад тендерийн баталгаа цуцлагдсан байхад Тендерийн үнэлгээний хороо 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 1 дүгээр багцын ялагчаар “С” ХХК, 2, 4 дүгээр багцын ялагчаар “К к” ХХК-ийг шалгаруулж, тендерийн ялагчтай гэрээ байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7-д “”тендерийн баталгаа” гэж гэрээ байгуулах хүртэл, эсхүл тендерийн хүчинтэй байх хугацаа дуустал тендер хүчин төгөлдөр байх, шалгарсан тохиолдолд гэрээ байгуулах, хариуцлагатай оролцохоо баталгаажуулж тендерт оролцогчоос захиалагчид ирүүлсэн банкны  баталгаа, Засгийн газрын бонд, Засгийн газраас зөвшөөрсөн  үнэт цаасыг” гэж заасныг зөрчсөн байна.

“С” ХХК нь Монголын зах зээлд зөвхөн дугуй нийлүүлдэг атлаа автомашин, техник, тоног төхөөрөмж нийлүүлдэг мэтээр хуурамч баримт материал ирүүлсэн ба ТОӨЗ 18.1 /г/-д заасан ижил төстэй ажил, гэрээгээр гүйцэтгэсэн туршлагатай байх шаардлага хангахгүй байхад үүнийг шалгаж тогтоохгүйгээр тендерийн ялагчаар шалгаруулсан байна. Тендерийн үнэлгээний хороо болон Батлан хамгаалах яам нь шаардлага хангаагүй компаниудыг тендер шалгаруулалтаас хасаагүй атлаа шаардлага хангаасан тендерийг үндэслэлгүйгээр шалтаг гарган хасч, улмаар шаардлага хангаагүй оролцогчийг тендерийн ялагчаар тогтоон, манай компанийн өрсөлдөх эрх, шударга өрсөлдөөнийг хязгаарласан, түүнчлэн хуулийн дагуу үнэлгээ хийлгэх эрхийг хязгаарлан хууль бус ажиллагаа явуулсан тул Батлан хамгаалах яамны Тендерийн үнэлгээний хорооны “Энхийг дэмжих ажиллагааны хэрэгцээт авто техник, сэлбэг хэрэгсэл бэлтгэн нийлүүлэх БХЯ/2019-13” дугаартай тендерийн 1 дүгээр багцын ялагчаар “С” ХХК-ийг шалгаруулсан Тендерийн үнэлгээний хорооны  2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэр,  1 дүгээр багцын ялагч “С” ХХК-тай байгуулсан гэрээг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар хууль бус байсан болохыг тогтоож,, Батлан хамгаалах яамны Тендерийн үнэлгээний хорооны  “Энхийг дэмжих ажиллагааны хэрэгцээт авто техник, сэлбэг хэрэгсэл бэлтгэн нийлүүлэх БХЯ/2019-13 дугаартай тендерийн  2,4 дүгээр багцын ялагчаар “К к” ХХК-ийг шалгаруулсан 2019 оны 07 дугаар сарын 22-ны шийдвэр болон тендерийн 2,4 дүгээр багцын ялагч “К к” ХХК-тай байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгож, манай тендерээ шударгаар үнэлгээ хийлгэх эрхийг сэргээж өгнө үү.

 Мөн Сангийн яамны 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 6-1/5307 дугаар албан бичгийг хууль болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч “Б” ХХК-иас 3 удаагийн гомдлыг Сангийн яам хүлээн авч тухай бүрд нь хариу өгч байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэг ижил гомдолд өөр хариу өгсөн гэж ташаа мэдээлэл өгч байна. Нотлох баримт шинжлэн судлах хүрээнд нэхэмжлэгч компанийн гаргасан гомдлын агуулгатай танилцаж болно.

2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн өгсөн гомдол нь агуулгын хувьд сүүлд өгсөн гомдлоос зөрүүтэй. Сүүлд өгсөн гомдолд тендерийн ялагчаар шалгарсан нь эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсгэж байна гэдэг байдлаар шалгарсан компаниудын тендерийг хянан үзэхийг хүссэн байдаг. Сангийн яамнаас 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэрт “...шалгарсан тендерт оролцогчийг шалгуулах хүсэлтийн хүрээнд хянаж үзээд, хууль зөрчсөн зүйл байхгүй...” гэдгийг нь тогтоосон.

Сангийн сайдын 2019 оны 132 дугаар тушаалаар батлагдсан “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын дагуу тендерт оролцогчийн ирүүлсэн гомдлын агуулгын хүрээнд шийдвэрлэнэ. Эс бөгөөс Тендерийн үнэлгээний хорооны чиг үүргийг Сангийн яам хэрэгжүүлэх эрсдэл үүсдэг. Тийм учраас гомдлын агуулгын хүрээнд шийдвэрлэсэн бөгөөд өмнөх шийдвэрээс гомдол болон шийдвэр нь ялгаатай гэдгийг шүүх анхаарна уу.

Захиалагчийн шийдвэрийг өмнөх хоёр тохиолдолд хүчингүй болгохдоо Сангийн сайдын 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулах, зохион байгуулах журам”-ын  4.1.9-т “цахим тендерт оролцогч санхүүгийн тайланг өөрийн тендерт хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим систем Татварын ерөнхий газрын татвар төлөгчдийн мэдээллийн сангаас тендерт оролцогчдын татвар төлөлт, санхүүгийн тайлангаас шаардлагатай мэдээллийг шалгана” гэж заасныг баримталсан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байна. Нийт 6 төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь заалтыг үндэслэн “С” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр болон тухайн компанитай байгуулсан гэрээг хууль хууль бус байсан болохыг тогтоолгох гэж ойлгосон. Гэтэл хуулийн дээрх заалт захиргааны актад хэрэглэгдэхээр тусгайлан зохицуулсан байна. Гэрээний биелэлтийг түдгэлзүүлэхдээ актын биелэлтийг түдгэлзүүлдэг эрх зүйн зохицуулалтаар түдгэлзүүлэх хүсэлт өмнөх шүүх хуралдаан дээр гаргаж байсан. Хууль зүйн хувьд шийдвэрлэх боломжгүй нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Гэрээ болон захиргааны акт өөр гэдгийг өмнө хэлсэн. Захиргааны акт ядаж л захирамжилсан шинжтэй байна. Иймд үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс шийдвэрлэх хангаж шийдвэрлэх боломжгүй. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн төрлийг анхаарах нь зүйтэй.” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлэх ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Анхнаасаа уг захиргааны актыг түдгэлзүүлэх боломж байсан. Нэгэнт үйлчлэл нь үргэлжлээд явсан. Нэхэмжлэлийн шаардлага ямар үр дагавар үүсгэх нь ойлгомжгүй байна. Хэрэв нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар нэхэмжлэгчийн ямар эрх ашиг хэрхэн сэргэх нь тодорхойгүй.  Тендерт зөвхөн дахин үнэлгээ хийлгэх зорилготой гэж харж байна. Шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх шаардлагатай. Мөн гуравдагч этгээд нарт ноцтой хохирол учрахаар байгааг шүүх анхаарна уу” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Уг тендер шалгаруулалт 2019 оны Батлан хамгаалах яамны энхийг дэмжих ажиллагаанд зориулсан хэрэгцээт авто техник, хэрэгслийг сонгон шалгаруулах ажиллагаа байсан. Нээлттэй тендерийг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Төрийн худалдан авах цахим системд байршуулсан. Тендерт нэр бүхий 8 компани оролцсон. Эдгээр компаниудын ирүүлсэн баримт бичгүүдийг Сангийн сайдын 2012 онд баталсан “Тендерийн үнэлгээний загвар”, 2013 онд баталсан “Цахим тендер шалгаруулах, зохион байгуулах журам”-ыг үндэслэн Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан Тендерийн үнэлгээний хороо дүгнэлт гаргасан.

Нэхэмжлэгчийн зүгээс Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд 3 удаа гомдол гаргасан. Цахим тендер шалгаруулах, зохион байгуулах журмын 4.1.9 дэх заалтын дагуу үнэлгээ хийхийг Сангийн яамнаас мэдэгдсэний дагуу Тендерийн үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж, зохих хариуг өгсөн. Сангийн яамнаас ирсэн хариунд санхүүгийн тайланг e-blance.mof.gov.mn сайтаас шалган тодруулахад санхүүгийн тайлан баталгаажсан төлөвтэй байна гэсэн хариуг эхний удаа ирүүлсэн. Тендер сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа цахим системээр зохион байгуулагддаг болсон. Тухайн оролцогчдын цахимаар ирүүлсэн баримтуудыг үнэлж, Тендерийн үнэлгээний хороо дүгнэлтээ гаргасан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Б” ХХК нь Сангийн яаманд нийт 3 удаа гомдол гаргасан. Тэгш байдлыг хангах үүднээс Тендерийн үнэлгээний хороо дахин үнэлсэн. ...  e-blance.mof.gov.mn хаягт зөвхөн Сангийн яамны холбогдох мэргэжилтнүүд хандах эрхтэй. Бидэнд уг сайт руу хандах эрхгүй. Иймд тендер хуулийн дагуу явагдсан” гэжээ. 

Гуравдагч этгээд “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани тендерийн бүх бичиг баримтуудыг  хуулийн дагуу гаргаж өгсөн. Батлан хамгаалах яамны Тендерийн үнэлгээний хороо хуулийн дагуу тендерийг шалгаруулсан. Тендер шударгаар явагдсан гэж үзэж байна. Бид техник хэрэгслэлээ 100 хувь нийлүүлсэн. Үүнтэй холбоотой баримтууд хэрэгт авагдсан байгаа.” гэжээ.

Гуравдагч этгээд “К к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зарлагдсан Батлан хамгаалах яамны “Энхийг дэмжих ажиллагааны хэрэгцээт авто техник, сэлбэг хэрэгсэл бэлтгэн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” БХЯ/2019-13 тоот тендерт оролцож, Багц 2, 4-т шаардлага хангасан бэлтгэн нийлүүлэгчээр шалгарсан.

Гэтэл 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр, 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр, 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр тус тус Батлан хамгаалах яамнаас гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэлд “Б” ХХК нь Сангийн яаманд удаа дараа үндэслэлгүй гомдол гаргаж 3 сарын хугацаа алдагдуулсан.

 Бид 2019 оны 8 сард гэрээ байгуулах эрх авсан даруйд хамтран ажиллагч түнш болох ОХУ-ын “Бүс нутгийн автомашины тоног төхөөрөмж” ХХК-ийн ханган нийлүүлэгч, тусгай тоноглолтой автомашин үйлдвэрлэгч компанид 2 болон 4 дүгээр багцын нийт 12 ширхэг автомашины захиалгыг урьдчилсан байдлаар өгсөн. Бид уг тендерт шаардлага хангасан материалыг илгээж оролцон, 2, 4 дүгээр багцын ялагчаар шалгарсан. Сангийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу 2 удаа дахин үнэлгээ хийсэн. Манай компанийн зүгээс 2 болон 4 дүгээр багцын 12 техник хэрэгсэл гааль дээр ирсэн байгаа.... ” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “ Б” ХХК нь анх С я, Б х я, Б х я Т-ийн ү-ий х-д холбогдуулан “ Сангийн яамны 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 6-1/5307 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулах,  Батлан хамгаалах яамны Тендерийн үнэлгээний хорооны “Энхийг дэмжих ажиллагааны хэрэгцээт авто техник, сэлбэг хэрэгсэл бэлтгэн нийлүүлэх БХЯ/2019-13 дугаартай тендерийн 1 дүгээр багцын ялагчаар “С” ХХК, 2,4 дүгээр багцын ялагчаар “К к” ХХК-ийг шалгаруулсан 2019 оны 07 дугаар сарын 22-ны шийдвэрийг хүчингүй болгуулах,  Батлан хамгаалах яамнаас “ Энхийг дэмжих ажиллагааны хэрэгцээт авто техник, сэлбэг хэрэгсэл  бэлтгэн нийлүүлэх БХЯ/2019-13 дугаартай тендерийн 1 дүгээр багцын ялагч “С” ХХК-тай байгуулсан гэрээ, 2,4 дүгээр багцын ялагч “К к” ХХК-тай байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгуулах “ нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба нэхэмжлэгч нь шүүхээс хэргийг хянан хэлэлцэх ажиллагааны явцад  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг өөрчилж, Батлан хамгаалах яамны Тендерийн үнэлгээний хорооны “ Энхийг дэмжих ажиллагааны хэрэгцээт авто техник, сэлбэг хэрэгсэл бэлтгэн нийлүүлэх” БХЯ/2019-13 дугаартай тендерийн 1 дүгээр багцын ялагчаар “ С” ХХК-ийг шалгаруулсан 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн  шийдвэр болон Батлан хамгаалах яамнаас “Энхийг дэмжих ажиллагааны хэрэгцээт авто техник, сэлбэг хэрэгсэл бэлтгэн нийлүүлэх” БХЯ/2019-13 дугаартай тендерийн 1 дүгээр багцын ялагч “ С” ХХК-тай байгуулсан гэрээг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар хууль бус байсан болохыг тогтоолгох, Батлан хамгаалах яамны зарласан  дээрх тендерийн 2 болон 4 дүгээр багцад дахин үнэлгээ хийхийг Батлан хамгаалах яамны Тендерийн үнэлгээний хороонд даалгуулах” гэж тодорхойлсон,  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ Манай компани 2017, 2018 оны санхүүгийн тайлангаа бүрэн хүргүүлсэн, Тендерийн үнэлгээний хороо нь 2018 оны 4 дүгээр улирлын тайлан байхгүй гэж үзсэн бол Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1 ( б  )-д заасны дагуу цахим системээс шалгах, ... хуульд заасан журмын дагуу манай компаниас тодруулах бүрэн боломжтой байсан. Сангийн яам нь Тендер шалгаруулалтыг зогсоохгүйгээр үргэлжлүүлэх шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “ хуульд үндэслэх”, 4.2.4-т заасан “ үр нөлөөтэй байх” зарчим болон ... өрсөлдөх тэгш боломжийг хязгаарлан , өмнөх шийдвэртэйгээ илтэд зөрчилтэй хууль бус ажилагаа явуулсан ...  .Тендерийн үнэлгээний хороо нь ... хууль бус шаардлага хангаагүй компаниудыг шаардлага хангасан гэж дүгнэн, ялагчаар шалгаруулж, гэрээ байгуулсан. 1 дүгээр багцад ялсан “С” ХХК нь үйлдвэрлэгчийн зөвшөөрөлгүй, харин дамжин борлуулагчаас авсан зөвшөөрөлийг ирүүлсэн нь шаардлага хангаагүй байхад ... ялагчаар тодруулж, гэрээ байгуулсан. ... Тендерийн баталгаа цуцлагдсан байхад Тендерийн үнэлгээний хороо нь ... ялагчийг шалгаруулж,  ... ялагчтай  гэрээ байгуулсан нь  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7-д заасныг зөрчсөн “ гэж, хариуцагч нар “ ... Тендерийн баримт бичгийн шаардлагыг хангаж байсан тул “ хамгийн сайн “ тендер гэж үнэлэн , ... гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр үндэслэлтэй. Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээс ... нээлттэй цахим тендерт оролцсон аж ахуйн нэгжийн  ... санхүүгийн тайланг татан авч дахин үнэлгээ хийхэд “ Б” ХХК-ийн 2018 оны жилийн эцсийн буюу 4 дүгээр улирлын тайлан цахим системд байхгүй байсан. ... тайлангаа Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд байршуулаагүй байсан нь тендерийн баримт бичгийн иж бүрдлийг хангасан гэж үзэх үндэслэлгүй”  тайлбарлан маргажээ.

Нэг: Нэхэмжлэгчийн “ Сангийн яамны 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 6-1/5307 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Тендерт оролцогч “ Б” ХХК нь Батлан хамгаалах яамнаас зарласан “ Энхийг дэмжих ажиллагааны хэрэгцээт авто техник, сэлбэг хэрэгслийг нийлүүлэх “ БХЯ /2019-13 дугаартай нээлттэй цахим тендерт “ хамгийн сайн “ үнэлэгдсэн тендерээр багц 1-д “ С” ХХК-ийг, багц 2, 4-т “ К к” ХХК-ийг, багц 3-т “ Г” ХХК-ийг тус тус шалгаруулж, тус компаниудтай гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан байх бөгөөд тус яамнаас гомдлыг хянаад 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 6-1/5307 дугаар албан бичгээр[1] “ Тендер шалгаруулалтын 1, 2, 4 дүгээр багцад гэрээ байгуулах эрх олгосон “ С” ХХК,  “ К к” ХХК-иудын ирүүлсэн санал тендерийн баримт бичгийн шаардлагуудыг хангаж байх тул “ хамгийн сайн” тендер гэж үнэлэн   “ С” ХХК болон “ К к” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр үндэслэлтэй байна  гэж үзээд  1, 2 болон 4 дүгээр багцын үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэх шийдвэр гаргажээ.

 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “ Тендерт оролцогч нь ... захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн ... эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад  ... ажлын 5 өдрийн дотор гаргана”, 55.2-т “ Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ...зөвхөн  гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр байна” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч “ Б” ХХК нь санхүүгийн тайланг “цахим системээс шалгах буюу  хуульд заасан журмын дагуу манай компаниас тодруулах бүрэн боломжтой байсан “ гэж тайлбарлан  маргаж байна.

Тухайн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 18.1(б ) хэсэгт “ Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо 2 жил, 2017, 2018 оны санхүүгийн тайлан, аудитлагдсан тайлан, дүгнэлтийн хамт //2017, 2018 оны тайлангаас шаардлагатай мэдээллийг цахим систем ашиглаж үнэлгээ хийнэ” гэж заасан , харин Тендерийн баримт бичигт тендерт оролцогчдын санхүүгийн тайланг www.e-balance. gov.mof.mn сайтаас шалгахаар  тусгайлан заагаагүй, уг цахим хаягт зөвхөн Сангийн яамны эрх бүхий албан тушаалтнууд нэвтрэх эрхтэй байх ба  нэхэмжлэгч “ Б” ХХК нь тендерийн цахим сайт Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд 2018 оны жилийн эцсийн буюу 4 дүгээр улирлын тайланг байршуулаагүй болох нь тогтоогдсон, иймд хариуцагч Сангийн яам нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасан эрхийн хүрээнд дээрх маргаан бүхий захиргааны актыг гаргасныг шүүх буруутгах үндэслэлгүй байна.

Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-т “ Тендер нээх үед энэ хуулийн 26.3-26.5-д зааснаас бусад үйл ажиллагаа явуулах, шийдвэр гаргахыг хориглох”-оор заасан тул Тендерийн үнэлгээний хороо нь  “Б” ХХК-ийн  2018 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайланг өөр цахим системээс шалгах буюу  тухайн компаниаас тендер нээсний дараа  тодруулга авах хууль зүйн боломжгүй юм.  Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “ ...  санхүүгийн тайланг цахим системээс шалгах буюу  хуульд заасан журмын дагуу манай компаниас тодруулах бүрэн боломжтой байсан “ гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Түүнчлэн Сангийн сайдын 2013 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тушаалаар “ Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ыг баталсан байх  ба  уг журмын 1.1-д “ Энэ журмын зорилго нь захиалагч байгууллагын зүгээс Засгийн газрын цахим худалдан авах ажиллагааны мэдээллийн систем буюу www. meps gov.nm цахим хуудсыг ашиглан бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах, түүний хэрэгжилтийг хангах ... “ гэж,  8.3-т “ Тендерт оролцогч цахим системийн шаардлагад нийцүүлэн тендерийн баримт бичгийг бэлтгэн ирүүлэх бөгөөд тендерт оролцогчийн буруутай үйл ажиллагаанас үүдэн гарах аливаа хариуцлагыг ... захиалагч хариуцахгүй “ гэж тус тус журамлан заажээ.

Дээрхээс үзэхэд Сангийн яамны 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 6-1/5307 дугаар албан бичгээр “тендер шалгаруулалтыг хуульд нийцсэн гэж үзэж, үргэлжлүүлэх” шийдвэр гаргасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “ Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой ... байх”, 55 дугаар зүйлийн 55.2-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага... зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд ... энэ нь эцсийн шийдвэр байна”,    Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “ хуульд үндэслэх”, 4.2.5-т “ зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасантай нийцсэн байна.

Иймд  дээрх үндэслэлээр маргаан бүхий Сангийн яамны 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 6-1/5307 дугаар албан бичгийг хууль бус гэж үзэж, хүчингүй болгох хууль зүйн боломжгүй байна

Хоёр: Нэхэмжлэгчийн “Батлан хамгаалах яамны Тендерийн үнэлгээний хорооны  “Энхийг дэмжих ажиллагааны хэрэгцээт авто техник, сэлбэг хэрэгсэл бэлтгэн нийлүүлэх” БХЯ/2019-13 дугаартай тендерийн 1 дүгээр багцын ялагчаар “С” ХХК-ийг шалгаруулсан 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн  шийдвэр болон тендерийн 1 дүгээр багцын ялагч “С” ХХК-тай байгуулсан гэрээг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар хууль бус байсан болохыг тогтоолгох, Батлан хамгаалах яамны Тендерийн үнэлгээний хорооны “Энхийг дэмжих ажиллагааны хэрэгцээт авто техник, сэлбэг хэрэгсэл бэлтгэн нийлүүлэх БХЯ/2019-13 дугаартай тендерийн  2,4 дүгээр багцын ялагчаар “К к” ХХК-ийг шалгаруулсан 2019 оны 07 дугаар сарын 22-ны шийдвэр болон тендерийн 2,4 дүгээр багцын ялагч “К к” ХХК-тай байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгуулах, Батлан хамгаалах яамны зарласан  дээрх тендерийн 2 болон 4 дүгээр багцад дахин үнэлгээ хийхийг Батлан хамгаалах яамны Тендерийн үнэлгээний хороонд даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн  5.1.1-д “ тендер” гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг ойлгоно” гэж,  5.1.2-т “ тендер шалгаруулалт” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг ойлгоно”  гэж, 5.1.5-д “ тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг хэлнэ” гэж тус тус заажээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Батлан хамгаалах яамнаас “ Энхийг дэмжих ажиллагааны хэрэгцээт авто техник, сэлбэг хэрэгслийг нийлүүлэх “ БХЯ /2019-13 дугаартай нээлттэй цахим тендерийг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр зарлаж, уг тендерт  “ М” ХХК, “ Б” ХХК, “ К к” ХХК, “Р” ХХК, “Ф” ХХК, “С” ХХК,  “Х” ХХК,  “Г” ХХК-иуд саналаа ирүүлж оролцсон, Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар[2] тендерт оролцогчоос ирүүлсэн тендерийг хянаад “ хянан үзэх шатанд шаардлага хангаагүй “ гэж үзэж,  “М” ХХК, “ Б” ХХК,  “Р” ХХК, “Ф” ХХК, “Х” ХХК, “Г” ХХК-иудын  ирүүлсэн тендерээс татгалзахаар шийдвэрлэж, “хамгийн бага үнийн санал”-аар  багц 1-д “ С” ХХК-ийг, багц 2, 4-т ““К к” ХХК-ийг, багц 3-т  “Г” ХХК-ийг тус тус шалгаруулсан, Сангийн яамны 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 6-1/4620 дугаар албан бичгийн[3] дагуу тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийж, Үнэлгээний хорооны 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар[4] “М” ХХК,  “Б” ХХК,  “Р” ХХК, “Ф” ХХК-иудаас ирүүлсэн тендерийн санал нь тендерийн баримт бичигт тавьсан шаардлагын хангаагүй гэж үзэж, дээрх компаниудаас ирүүлсэн тендерээс  татгалзаж, “ хамгийн сайн “үнэлэгдсэн тендерээр багц 1-д “ С” ХХК-ийг, багц 2, 4-т “ К к” ХХК-ийг, багц 3-т “ Г” ХХК-ийг тус тус шалгаруулж, тус компаниудтай гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэжээ.

Улмаар захиалагч нь 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр “ С” ХХК-тай ““Ачааны автомашин бэлтгэн нийлүүлэх гэрээ”[5], “К” ХХК-тай “Тусгай зориулалттай авто техник бэлтгэн нийлүүлэх гэрээ” [6]-г тус тус байгуулж, “ С” ХХК нь гэрээний үүргээ биелүүлж, ГАЗ 33088 маркийн 8 ширхэг ачааны автомашиныг захиалагчид хүлээлгэн өгсөн[7], “К к” ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ОХУ-ын  “Р А” ХХК-тай “ Тусгай зориулалтын автотехник болон цэргийн зориулалттай ачааны автомашин нийлүүлэх гэрээ”[8] байгуулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь энэ талаар маргахгүй байна.

 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “ тендер” гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг ойлгоно” гэж зааснаас үзвэл төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр ажил, үйлчилгээ худалдан авах гэж буй  “ захилагч “ нөхцөл шаардлагаа тогтоох эрхтэй, ажил үйлчилгээ худалдах гэж байгаа этгээд уг нөхцөл шаардлагад нийцүүлэн саналаа бэлтгэн ирүүлэх үүрэгтэй байна.

Захиалагч  Батлан хамгаалах яам нь Энхийг дэмжих ажиллагааны хэрэгцээт авто техник, сэлбэг хэрэгслийг нийлүүлэх ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа уг ажлыг  гүйцэтгэх буюу бэлтгэн нийлүүлэх этгээд нь 2017, 2018 оны санхүүгийн тайлан, аудитлагдсан тайлан, дүгнэлтийн хамт ирүүлсэн байх ,2017,2018 оны тайлангаас шаардлагатай мэдээллийг цахим систем ашиглаж үнэлгээ хийхээр шаардсан, уг нөхцлөө тендерийн урилга болон тендерийн баримт бичигт урьдчилан заасан нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасантай нийцсэн байх тул уг тусгай зориулалтын авто техник, сэлбэг хэрэгслэлийг нийлүүлэхийг сонирхогч “ Б” ХХК нь захиалагчийн тавьсан нөхцөл, шаардлагын хүрээнд тендерийн баримт бичгээ ирүүлэх үүрэгтэй гэж үзнэ.

Үүний зэрэгцээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “ Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ”, 27.1..3-т “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”, 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-т “ Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж, захиалагч уг тендерээс татгалзана” гэж заасны дагуу Тендерийн үнэлгээний хороо нь “ Б” ХХК-ийн багц 1,2,4-д ирүүлсэн тендерийн материалыг Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд 2018 оны жилийн эцсийн буюу 4 дүгээр улирлын тайланг байршуулаагүй буюу  тендерийн баримт бичигт заасан бусад шаардлагыг хангаагүй гэж үзэж, захиалагч уг тендерээс татгалзсаныг шүүх буруутгах үндэслэлгүй байна.

            Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Б” ХХК нь багц 1-д 1,240,000,000,00 төгрөгийн үнийн санал, Багц 2-т 1,066,000,000,00 төгрөгийн үнийн санал,  багц 4-т 1,440,000,000,00 төгрөгийн үнийн саналыг[9] тус тус ирүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд хэргийн оролцогч нар нэ талар маргаагүй болно. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “ Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна”,  28 дугаар зүйлийн 28.7.4-т” хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг “ хамгийн сайн “ үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж заасны дагуу  Тендерийн үнэлгээний хороо  Энхийг дэмжих ажиллагааны хэрэгцээт авто техник, сэлбэг хэрэгслийг нийлүүлэх ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн “хамгийн сайн “ үнэлэгдсэн тендерээр багц 1-д /төсөвт өртөг 1,440,000,000,00/ “Сэкуд” ХХК-ийг 1,240,000,000,00 төгрөгийн үнийн саналаар, багц 2-т /төсөвт өртөг 1,140,000,000,00 /“К к” ХХК-ийг 997,600,000,00 төгрөгийн үнийн саналаар, багц 4-д /төсөвт өртөг нь 1,560,000,000,00 / “К к” ХХК-ийг 1,382,720,000,00 төгрөгийн үний саналаар  тус тус  шалгаруулж, тус компаниудад гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “ тендер шалгаруулалт” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг ойлгоно” , 29 дүгээр зүйлийн 29.1-д “ Захилагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “ хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохооор шийдвэрлэх ... “ гэж заасантай  нийцжээ.

Үүний зэрэгцээ “Авто центр ГАЗ АТЛАНТ” ХХК нь Эрхүү муж дахь ГАЗ брэндийн авто машины албан ёсны борлуулагч  бөгөөд дээр компаниас “Г Ц И” ХХК-д ГАЗ маркийн авто машины үйлдвэрлэлийн бүтээгдхүүнийг Эрхүү мужийн нутаг дэвсгэрт борлуулах, баталгаат хугацааны болон техникийн засвар үйлчилгээ үзүүлэх эрхийг олгосон, уг зөвшөөрлийг тендерийн баримт бичигт хавсаргаж ирүүлсэн  байх тул  “С”  ХХК-ийг  Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1 а-д заасныг зөрчсөн гэх  буюу тухайн компанийг бараа нийлүүлэх эрх олгосон “үйлдвэрлэгчийн зөвшөөрөлгүй “ гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгчийн “ ... багц 1-д ялсан  “С” ХХК нь үйлдвэрлэгчийн зөвшөөрөлгүй , дамжин борлуулагчаас авсан зөвшөөрлийг ирүүлсэн нь шаардлага хангаагүй байхад ялагчаар тодруулж, гэрээ байгуулсан”  гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь “Тендерийн үнэлгээний хороо нь тендерийн баталгаа цуцлагдсан байхад ялагчтай гэрээ байгуулсан” гэж тайлбарлан маргаж байх боловч  энэ нь хэрэгт цугларсан нтолох баримтаар тогтоогдохгүй  байхын зэрэгцээ нэгэнт Тендерийн үнэлгээний хороо нь дээрх  тендерийг “шаардлагад нийцсэн тендер “гэж үзэж, тендерийг үнэлсэн байх  тул  дээрх үндэслэлээр  маргаан бүхий захиргааны актыг  хууль бус гэж үзэх буюу хүчингүй болгох үндэслэлгүй  байх  бөгөөд  багц  2 , 4-т  дахин үнэлгээ хийхийг даалгах хууль зүйн боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр нь Батлан хамгаалах яамнаас зарласан “ Энхийг дэмжих ажиллагааны хэрэгцээт авто техник, сэлбэг хэрэгслийг нийлүүлэх “ БХЯ /2019-13 дугаартай цахим тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр, үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй, дээрх маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 10.3.14  дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан  авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.3, 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ Б” ХХК-ийн  “Сангийн яамны 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 6-1/5307 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулах, Батлан хамгаалах яамны Тендерийн үнэлгээний хорооны  “Энхийг дэмжих ажиллагааны хэрэгцээт авто техник, сэлбэг хэрэгсэл бэлтгэн нийлүүлэх” БХЯ/2019-13 дугаартай тендерийн 1 дүгээр багцын ялагчаар “С” ХХК-ийг шалгаруулсан 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн  шийдвэр болон тендерийн 1 дүгээр багцын ялагч “ С” ХХК-тай байгуулсан гэрээг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар хууль бус байсан болохыг тогтоолгох, Батлан хамгаалах яамны Тендерийн үнэлгээний хорооны “Энхийг дэмжих ажиллагааны хэрэгцээт авто техник, сэлбэг хэрэгсэл бэлтгэн нийлүүлэх БХЯ/2019-13 дугаартай тендерийн 2,4 дүгээр багцын ялагчаар “К к” ХХК-ийг шалгаруулсан 2019 оны 07 дугаар сарын 22-ны шийдвэр болон тендерийн 2,4 дүгээр багцын ялагч “К к” ХХК-тай байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгуулах,  Батлан хамгаалах яамны зарласан  дээрх тендерийн 2 болон 4 дүгээр багцад дахин үнэлгээ хийхийг Батлан хамгаалах яамны Тендерийн үнэлгээний хороонд даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус нэхэмжлэгч “Б“ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.БАТСҮРЭН

 


[1] 1 дүгээр хавтаст хэргийн 14  дүгээр хуудсанд

[2] 3 дугаар хавтаст эхргийн 1-4 дүгээр хуудсанд

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд

[4] 3 дугаар хавтаст хэргийн 14-14 дугаар хуудсанд

[5] 2 дугаар хавтаст хэргийн 233-235 дугаар хуудсанд

[6] 2 дугаар хавтаст хэргийн 236-238 дугаар хуудсанд

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 190-191 дүгээр хуусанд

[8] 1 дүгээр ахвтаст хэргийн 182-188 дугаар хуудсанд

[9] 1 дүгээр хавтаст хэргийн 232-233 дугаар хуудсанд