Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2016 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 540

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч А.Алтанхуяг, шүүгч Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Мөнхням хөтлөж,          

иргэдийн төлөөлөгч Б.Туяацэцэг

улсын яллагч Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор И.Ариунсанаа,

хохирогч Л.Батжаргал,

иргэний нэхэмжлэгч С.Энхбаатар, түүний өмгөөлөгч Э.Нарангарав /үнэмлэх №1300/

гэрч Э.Лхагвацэнд,

шүүгдэгч Я.Ариунболд, түүний өмгөөлөгч Н.Саранчимэг /үнэмлэх №0187/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Янжинлхамын Ариунболдод холбогдох эрүүгийн 201526012321 дугаартай хэргийг 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 9-31 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Янжинлхамын Ариунболд /РД:УИ 91120670/

                       

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/,

 

Шүүгдэгч Я.Ариунболд нь 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр иргэн Л.Батжаргалтай түүний эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо 64б байрны 99 тоот 58.22 мкв орон сууцыг 72.775.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож 10.000.000 төгрөг төлөөд үлдсэн мөнгийг 5 хоногийн дотор төлнө гэж тохиролцон иргэд хоорондын худалдах, худалдан авах гэрээ-г байгуулан итгэл төрүүлж, байрны гэрчилгээг өөрийнхөө нэр дээр шилжүүлж өгвөл банкнаас зээл авч байрны мөнгийг төлнө гэж итгүүлэн, 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээг Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хороолол орчимд байрлах нотариатаар батлуулан хийж гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, өөрийн өмч болгох зорилгоор Ард кредит банк бус санхүүгийн байгууллагаас уг байрны гэрчилгээг барьцаалан 20.000.000 төгрөг авсан атлаа Л.Батжаргалд өгөөгүй өөрөө авч залилан мэхэлж хохирогчид 80.052.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба цагаатгах талуудын саналаар болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын гаргасан мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Я.Ариунболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2015 оны 6 дугаар сарын 7-ны өдөр шуурхай зар сонин дээрээс байр зарна гэсэн хүмүүстэй утсаар ярьж, 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Батжаргал ахын байрыг ээж, эхнэр хоёртойгоо хамт очиж үзсэн. 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр эхнэртэйгээ ярьж байгаад “Ард кредит” банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч байсан учраас зээл хүсч С.Энхбаатар эдийн засагчтай уулзаж бизнесийн зээл хөөцөлдөх талаар асуусан. Энхбаатар тухайн байраа авч байгаа юм бол төлбөрөө бүрэн төлсөн гэсэн гэрээ хийгээд ир гэж хэлсэн. Энэ талаараа Батжаргал ахад “мөнгө бүтэхгүй байна зээл авч байж таны мөнгийг өгөхгүй бол болохгүй байна” гэж учир байдлаа хэлэхэд Батжаргал ах 2015 оны 6 дугаар сарын 19-ний өглөө хоёулаа уулзъя гээд миний авсан байрны хажууд талд байрлах “Бэг бүрд” гэсэн нэртэй компани руу орж надад орон сууц захиалгын гэрээ гаргаж өгсөн. Тэгээд Батжаргал энэ гэрээг үзүүлчих гэж хэлэхээр нь би очиж Энхбаатар ахад гэрээгээ үзүүлсэн. ...2015 оны 7 дугаар сарын 4-ний өдөр “Ард кредит” банк бус санхүүгийн байгууллагаас над руу залгаад зээл чинь хурлаар орсон гэрчилгээ чинь хэзээ гарах юм бэ гэж асуусан. Тэгээд 2015 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 12-ны хооронд нэг сарын хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд Батжаргал ахад мөнгө бүтэхгүй байна, зээл бүтэхгүй байна гэж хэлж байсан. Харин Энхбаатар ахад байрны гэрчилгээ гараагүй байна, байрны бичиг баримтаа буцааж аваад хашаа байшингийн бичиг баримтаа тавиад зээл хөөцөлдөж болох талаараа асуухад  хоног хугацаа алдана гэж хэлсэн. Тэгээд би байр авах гэж 19.500.000 төгрөгийн хүүтэй зээлж, байр авахдаа 15.840.000 төгрөгийн урьдчилгаа Батжаргал ахад өгсөн байсан. Зуун айл дээрээс 1.500.000 төгрөгөөр гал тогооны тавилга хийлгэсэн. ...Анх би 150.000.000 төгрөгийн бизнесийн зээл хүсч тэр мөнгөөрөө гэр ахуйн барааны дэлгүүр, хэвлэлийн цех ажиллуулдаг байсан. Тэгээд амьдарлаа сайжруулах бодолтой үлдсэн мөнгөөр нь байрны мөнгөө өгөх санаатай байсан. Харин “Ард кредит” банк бус санхүүгийн байгууллагаас 20.000.000 төгрөг гарахаар нь байрны урьдчилгаанд 15.840.000 төгрөгийг өгсөн байсан. 20.000.000 төгрөгийн зээл авсан гэдгийг Батжаргал ахад хэлээгүй, намайг мөнгө авсан гэдгийг Энхбаатартай очиж уулзаж байгаад мэдсэн байсан. “Ард кредит” ББСБ-с авсан 20.000.000 төгрөгөө байрны урьдчилгааг бүрдүүлэхдээ хэд хэдэн хүнээс зээл авч өгсөн тул хэд хэдэн хүнд өндөр хүү төлж байхаар Батжаргал ахад өртэй байсан дээр гэж бодоод зээлсэн мөнгөө өгөөд дууссан гэв.

Хохирогч Л.Батжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Ариунболд надтай утсаар яриад манай байрыг ээж, эхнэртэйгээ ирж үзсэн. 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр надтай дахин утсаар яриад өөрийн байраа зарж байгаа танд 10.000.000 төгрөгийн урьдчилгаа өгөөд танай байранд шууд нүүгээд орьё гэж хэлсэн. Я.Ариунболд нь надад ямар нэгэн банк бус санхүүгийн газраас зээл авах гэж байгаа талаар хэлээгүй. 2015 оны 6 дугаар сарын 12-ны өглөө нь Ариунболд гэрээ нүүлгээд аваад ирсэн. Манай байранд нүүж ирсэн хойно надад 6.000.000 төгрөг байна гэж хэлсэн. Би өөрөө банк бус санхүүгийн байгууллагад зээлтэй байдаг учраас зээлийн төлөх хугацаа болохоор Ариунболдоос мөнгө авсаар байгаад 15.840.000 төгрөгийг авсан. Энэ хугацаанд Ариунболд нь ямар нэгэн шалтаг шалтгаан хэлээд л байсан. 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Ариунболд бид хоёр худалдах худалдан авах гэрээ хийсэн. Ариунболд нь надад 60.000.000 төгрөгийн зээлийг хүсч байгаа талаар хэлсэн. Тэгээд зээлийн барьцаа хөрөнгө дутаж байна. Тиймээс байраа миний нэр дээр шилжүүлээд өгчих гэсэн хүсэлт тавьсан. Тэгээд Ариунболдыг 60.000.000 төгрөгийн зээл авах гэж байгаад нь итгэж байсан. Өмнөх гэрээний алдангийг яах юм бэ гэж асуухад Ариунболд танай байрыг 82.775.000 төгрөгөөр авах саналыг хэлсэн. Тэгээд нэр дээр шилжүүлэх 2 хувийн татварыг би төлнө гэж хэлсэн. Байрны гэрчилгээг нь гаргаж өгөөд Байгал нуур руу аяллаар явж байгаад 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр ирээд Ариунболдоос асуухад зээл гараагүй гэж хэлсэн. Тэгээд 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Ариунболдоос зээлийн талаар асуухад зээл бүтэхгүй байна. “Ард кредит” банк бус санхүүгийн байгууллага нь мөнгөгүй болсон гэж хэлээд байхаар нь 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр “Ард кредит” дээр очоод Ариунболдыг 20.000.000 төгрөгийг зээл авч хэрэглэсэн гэдгийг мэдсэн. Одоо байраа эргүүлж авсан. Я.Ариунболдод гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч Л.Батжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:  Би 2015 оны 8 сард Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо 64б дүгээр байрны 99 тоот 58.22 м.кв байрыг зарах зар өгсний дагуу Я.Ариунболд ирж үзээд худалдаж авъя гэж яриад урьдчилгаа 15.800.000 төгрөгийг цувуулсаар байж өгөөд зээл бүтэхгүй байна, та байраа миний нэр дээр шилжүүлчих гэхээр итгэн шилжүүлж өгсөн чинь Ард кредит ББСБ-д 20.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан байснаас болж асуудал үүссэн. Одоо би байрны гэрчилгээгээ нэр дээрээ шилжүүлж авмаар байгаа болохоор өргөдөл гаргаж байна. Ариунболд анх надаас 72.775.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон болохоор тэр мөнгөө нэхэмжилж байна. Ариунболд “Ард кредит” банкинд 60.000.000 төгрөгийн зээлийн хүсэлт өгсөн чинь барьцаа дутаад байна, та надад байраа шилжүүлчих мөнгөө аваад шууд өгнө гэхээр нь итгэж өгсөн. Мөн 10.000.000 төгрөг нэмж өгнө гэхээр нь бүр баталгаатай гэж өгсөн нь алдаа болчихлоо. Надад байр барьцаалсан зээл арай баталгаатай байна гэж хэлж авсан нь үнэн гэжээ. /хх-ийн 1-р хавтас 51-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч С.Энхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Я.Ариунболд нь эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх, өөрийн гэсэн ажлын байртай болох гэж зээл хүссэн. Тэгээд Ариунболдын авсан гэх байрыг манай байгууллагаас очиж үзээд 20.000.000 төгрөгийн зээл олгосон гэв.

Иргэний нэхэмжлэгч С.Энхбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Я.Ариунболд 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 150.000.000 төгрөгийн бизнесийн зээл хүссэн өргөдлийг гаргасан. Ингээд бизнесийн чадавхи, орлого зарлагыг нь судалж үзээд зуун тавин сая төгрөгийн зээл олгох боломжгүй, хорин сая төгрөгийн зээл олгох боломжтой байна гэсэн шийдвэр гарч Ариунболдод 2015 оны 7 дугаар сарын 04-ний өдөр утсаар хэлсэн. Ингээд Я.Ариунболд зээлийн материалуудаа бүрдүүлж явсаар байгаад 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж Ариунболдын нэрийн данс руу шимтгэл хасаад 19.800.000 төгрөг шилжүүлсэн. Зээл батлагдсанаас хойш зээлийн гэрээ хийх хүртэл хугацаанд би Ариунболдоос барьцаанд тавих орон сууцны гэрчилгээ шаардсан. Анх Ариунболд зээл хүссэн өргөдөлдөө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байдаг зэргэлдээ хашаа байшин, хаяг тодорхойгүй шинэ авсан орон сууц барьцаална гэж бичсэн байсан. Ариунболд нь шинэ орон сууцны гэрчилгээ гараагүй байна гэсээр байгаад 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүргэсэн. Ингээд Ариунболд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо 64б байрны 99 тоот 2 өрөө байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг эх хувиар нь авчирсан. Ингээд зээлийн гэрээ хийгдсэн. Энэ зээлийн гэрээ нь үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгэгдсэн. Би Ариунболдоос барьцааны орон сууцыг ямар орлогоор худалдан авсан талаарх нөхцлийг судалгааны явцад өмнө нь асуусан байсан. Энэ нь миний ажлын үүрэг байгаа юм. Тэгсэн Ариунболд өөрийн нэр дээр орон сууцны барилгыг захиалгаар барих төлбөр 100 хувь төлсөн гэрээ авчирсан. Ариунболдоос энэ мөнгийг хаанаас гаргаж байр авсан талаар асуухад Ариунболд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар хороолол 11-33 тоотод байрлалтай 1 өрөө байрыг зараад дээрээс нь бизнесийн орлогын мөнгөө нэмээд энэ шинэ орон сууцыг худалдан авсан, мөнгөө 100 хувь төлсөн гэж хэлсэн. Өмнө нь энэ Баянзүрх дүүргийн орон сууц нь манай зээлийн барьцаанд тавигдаж байсан болохоор би Ариунболдын үгэнд итгэсэн. 2015 оны 8 сард Батжаргал манай байгууллага дээр ирээд "Ариунболд надаас байр худалдаж авна гээд миний байрыг нэр  дээрээ шилжүүлээд авсан танайд байрыг маань барьцаалж зээл аваад надад өгнө гэсэн. 150.000.000 төгрөгийн зээл батлагдсан гэсэн энэ үнэн үү танай банк бус санхүүгийн байгууллага түр мөнгөгүй байгаа болохоор 130.000.000 төгрөгийг гаргаж өгч чадахгүй байна гэж Ариунболд хэлж байна үнэн үү" гэж асуусан. Бид Батжаргалд болсон үйл явдлыг тайлбарлаж өгөөд Ариунболдод 150.000.000 төгрөгийн зээл гаргах боломжгүй байсан энэ талаараа Ариунболд мэдэж байгаа гэдгийг хэлсэн. Одоо зээлийн хүү алданги нийлээд 21.212.970 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэ мөнгөө Ариунболдоос нэхэмжилнэ. Барьцаалсан байранд очиж үзэхэд Ариунболд байрандаа нүүгээд орсон байсан, шинэ тавилгууд авсан байсан. Би Ариунболдод 20.000.000 төгрөгийн зээл батлагдсан талаар эхэлж утсаар хэлээд дараа нь биеэр уулзаж тайлбарлаж хэлсэн. Ингээд 20.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд орон сууцыг нь барьцаалах гэж байгаагаа хэлээд Ариунболд гэрчилгээгээ гаргуулж ирэхээр яваад материалаа бүрдүүлж байна гээд 1 сар гаран болсон гэжээ. /хх-ийн 2-р хавтас 50-р хуудас/,

Гэрч Э.Лхагвацэнд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Я.Ариунболд нь нөхөр бид хоёртой 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр байр авах гэж ирж уулзсан. Тэгэж уулзахдаа байрны урьдчилгаа өгөх гэж бид хоёрыг бүтэн өдөр хүлээлгэж байгаад 6.000.000 төгрөгийг өгсөн. Уг нь Я.Ариунболдыг манай байрыг худалдаж авна гэж ойлгосон. Гэвч нөхрөөсөө Я.Ариунболдын энэ байдлыг асууж мэдсэн. Мөрдөн байцаалтын шатанд Ариунболдоос 15.840.000 төгрөг авсан гэв.

Гэрч Э.Лхагвацэнд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Манай нөхөр Я.Ариунболдтой зар тавьж байр зарна гэсний дагуу холбогдож гэрчилгээ нь дөнгөж гарч байгаа байрыг худалдаж авна гэж ярилцаад эхлээд цувуулж өгсөөр байгаад 15.800.000 төгрөг өгсөн гэсэн. Тэрнээс өөр мөнгө өгөөгүй 3 сар гаран манай байранд амьдарч байгаад гарахдаа манай нөхөрт худлаа хэлж байрны ордерийг нэр дээрээ шилжүүлэн авч яваад удахгүй өгнө гэсэн чинь худлаа байж таараад байрыг минь барьцаалан 20.000.000 төгрөг авсан байсныг мэдээд цагдаад өргөдөл гаргасан гэжээ. /хх-ийн 1 дүгээр хавтасны 56-р хуудас/,

2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн "Иргэд хоорондын худалдах худалдан авах гэрээ" /хх-ийн 1-р хавтас 18 дугаар хуудас/,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ 80.052.000 төгрөг /хх-ийн 1-р хавтас 16 дугаар хуудас/,

2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ/400000126 дугаартай " Зээлийн гэрээ" /хх-ийн 1-р хавтас 22 дугаар хуудас/,

2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ/400000126 дугаартай " Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ" /хх-ийн 1-р хавтас 26 дугаар хуудас/,

2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Я.Ариунболд 150.000.000 төгрөгийн зээл хүсч гаргасан өргөдөл /хх-ийн 1-р хавтас 137 дугаар хуудас/,

“Ард кредит” банк бус санхүүгийн байгууллагаас зээл хүсч байсан материалуудын хуулбарууд /хх-ийн 1-р хавтас 18-21, 232-250 дугаар хуудас/,

шүүгдэгч Я.Ариунболдын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 90-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч  Я.Ариунболдыг 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр иргэн Л.Батжаргалтай түүний эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо 64б байрны 99 тоот 58.22 мкв орон сууцыг 72.775.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож 10.000.000 төгрөг төлөөд үлдсэн мөнгийг 5 хоногийн дотор төлнө гэж тохиролцон иргэд хоорондын худалдах, худалдан авах гэрээ байгуулан итгэл төрүүлж, байрны гэрчилгээг өөрийнхөө нэр дээр шилжүүлж өгвөл банкнаас зээл авч байрны мөнгийг төлнө гэж итгүүлэн, 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээг Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хороолол орчимд байрлах нотариатаар батлуулан хийж гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, өөрийн өмч болгох зорилгоор Ард кредит банк бус санхүүгийн байгууллагад уг байрны гэрчилгээг барьцаалан 20.000.000 төгрөг авсан атлаа Л.Батжаргалд өгөөгүй өөрөө авч залилан мэхэлж хохирогчид 80.052.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Яллах дүгнэлтэд дурдагдсан болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Я.Ариунболдын гэм буруу, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдохгүй байна.

Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо 64б байрны 99 тоот 58.22 м.кв орон сууцыг 72.775.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон, Л.Батжаргал, Я.Ариунболд нарын хооронд 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 10.000.000 төгрөг төлнө, үлдэгдэл 62.775.000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 17-нд төлөхөөр тохиролцсон гэрээ /хх-ийн 1-р хавтас 19-р хуудас/,

Я.Ариунболд нь дээрх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээг дахин байгуулахдаа 82.775.000 төгрөгөөр худалдах, 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 13.140.000 төгрөг төлөх, үлдэгдэл 69.635.000 төгрөгийг ББСБ Хадгаламж зээлийн хоршооны зээлээр 2015 оны 08 дугаар сарын 20-ны дотор төлж дуусгах /хх-ийн 1-р хавтас 18-р хуудас/ гэрээ тус тус байгуулсан байна.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээнүүд нь Л.Батжаргал, Я.Ариунболд нарын хүсэл зоригийн үндсэн дээр хийгдсэн бөгөөд 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр уг орон сууцыг зээлээр худалдах, худалдан авахаар тохиролцон өмчлөх эрхийг шилжүүлж, 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Я.Ариунболдын нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан байна. /хх-ийн 1-р хавтас 21-р хуудас/,

Улмаар Я.Ариунболд нь уг орон сууцыг “Ард кредит” ББСБ-д 20.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд барьцаалуулсан байна. /хх-ийн 1-р хавтас 22-27-р хуудас/

Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд Л.Батжаргал нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг зээлээр худалдаж байгаагаа болон банк болон ББСБ-д барьцаалуулах гэж байгааг мэдэж байсан болох нь 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээнд үнийг 82.775.000 төгрөгөөр тохиролцон мөн өдөр 13.140.000 төгрөгийг төлөх, үлдэгдэл 69.635.000 төгрөгийг банк, ББСБ, Хадгаламж зээлийн хоршооны зээлээр 2015 оны 08 дугаар сарын 20-ны дотор төлөхөөр /хх-ийн 1-р хавтас 18-р хуудас/ тохиролцсон гэрээгээр нотлогдож байна.

Я.Ариунболд нь орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээс 15.840.000 төгрөгийг Л.Батжаргалд төлсөн болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Я.Ариунболд нь гэр ахуйны барааны дэлгүүр болон хэвлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг “Мөнх тэнгэрийн дуулиан” ХХК-ийн 100 хувийг эзэмшдэг бөгөөд / хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа хх-ийн 1-р хавтас 216-р хуудас/ тэрээр “Ард кредит” ББСБ-аас 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 150.000.000 төгрөгийн зээл хүсч холбогдох баримтыг бүрдүүлж өгсөн боловч 20.000.000 төгрөгийн зээл олгогдсон болох нь иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Энхбаатарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байна.

Хохирогч Л.Батжаргал нь Я.Ариунболдыг “Ард кредит” ББСБ-аас орон сууцыг барьцаалж авсан 20.000.000 төгрөгийг өгөөгүй залилан мэхэлсэн гэх боловч хэргийн бодит байдал нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс үүссэн буюу өөрөөр хэлбэл Я.Ариунболд нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, төлбөрөө цаг хугацаанд нь бүрэн төлөөгүйгээс үүссэн иргэд хоорондын маргаан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Өөрөөр хэлбэл Я.Ариунболд нь 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Л.Батжаргалын үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж авахдаа банк болон ББСБ-д барьцаалах талаар өөрийн бодит байдлыг нууж, төөрөгдөлд оруулаагүй энэ талаар гэрээндээ тодорхой заасан байна.

Өнөөдрийн байдлаар Я.Ариунболд нь “Ард кредит” ББСБ-аас зээлсэн зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн болох нь “Ард кредит” ББСБ-ын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №187 дугаартай албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Л.Батжаргалын нэр дээр шилжүүлсэн болох нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-2201043331 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээний /хх-ийн 2-р хавтас 137-р хуудас/ хуулбарыг шүүхэд ирүүлжээ.

Дээрх байдлаас дүгнэхэд Я.Ариунболдын үйлдлийг бусдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж дүгнэлээ.

Иймд Я.Ариунболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Я.Ариунболдын хувьд ногдох эд хөрөнгийг битүүмжилснийг /хх-ийн 2-р хавтас 40-41-р хуудас/ хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.