Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2019/00243

 

Т.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг,  Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 145/ШШ2018/00496 дугаар шийдвэр

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 204/МА2018/00020 дугаар магадлалтай

Т.Дгийн нэхэмжлэлтэй,

М.Цд холбогдох

Зээлдэгчийн болон өвлөгчийн үүрэгт нийт 18 493 160 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч У.Мөнхбатын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа, хариуцагчийн өмгөөлөгч У.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие талийгаач Г.Эрхэмбаяртай зээлийн гэрээг амаар тохиролцон, доорх мөнгийг бэлнээр болон өөрийн эзэмшлийн 5561193542 тоот данснаас, мөн өөрийн ээжийн 5540096802 данснаас талийгаач Г.Эрхэмбаярын эзэмшлийн 5540310250 тоот данс руу тус тус шилжүүлж байсан. 2016 оны 04 дүгээр сарын эхээр 4 000 000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 3 000 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 2 000 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 3 500 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 5 000 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 4 000 000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 7 000 000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 7 000 000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 3 000 000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 600 000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 400 000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 2 000 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өөрийн төрсөн ээж Ж.Лхамсүрэнгийн данснаас 4 000 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр 8 000 000 төгрөгийг өдрийн нэг хувийн хүүтэй зээлдүүлж байсан. 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр талийгаач Г.Эрхэмбаяр болон түүний эхнэр М.Ц нар 5 000 000 төгрөг зээлээч М.Цгийн Голомт банкны зэс картын төлбөр 5 000 000 төгрөг гаруй болчихсон байна гэж ярьж байсан. Тэгэхээр нь Оюу төвийн эмийн санч Дуламсүрэнгээс бэлнээр авч 2 000 000 төгрөг, дансаар 1 000 000 төгрөгийг зээлж, өөрөөсөө 2 000 000 төгрөгийг нэмж 5 000 000 төгрөг болгон талийгаач болон түүний дүүг мобикомын байрны ойролцоо байхад нь өгч байсан. Ингээд талийгаач Г.Эрхэмбаярт зээлүүлсэн мөнгө буцааж авсан зээлийн хүү, үндсэн зээлийн эргэн төлөлтийг өөрийн данснаас шалгаад үзэхээр нийт 58 500 000 төгрөгийг зээлсэн байна. Талийгаач Г.Эрхэмбаяраас зээлийн хүү 4 500 000 төгрөг, үндсэн зээлийн эргэн төлөлтөд 46 086 000 төгрөг авсан байна. Ингээд зээлийн хүүг нэхэмжлэхгүйгээр үндсэн зээлээс талийгаач Г.Эрхэмбаярын зээлийн гэрээний үүрэг болох 12 413 000 төгрөгийг хариуцагч М.Цгаас талийгаачийн өвлөгчийн хувиар нэхэмжилж байна. Энэ нь 2016 оны 01 дугаар сарын 07-ны өдрийн 4 000 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 8 000 000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 2 000 000 гэх зэрэг мөнгөнүүдийг надад буцаан төлөөгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч М.Цгаас талийгаач Г.Эрхэмбаярын өвлөгчөөр 17 413 000 төгрөгийг нэхэмжилж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талийгаач Г.Эрхэмбаярын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр зээлсэн 5 000 000 төгрөгийг өгч тооцоо хийсэн талаар миний бие нэхэмжлэлээсээ хасаж тооцоогүй байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг 5 000 000 төгрөгөөр багасгаж 12 413 000 төгрөг болгосон. Харин хариуцагч М.Цгаас 1 079 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зээлсэн 3 500 000 төгрөгнөөс төлөгдөөгүй үлдсэн 2 000 000 төгрөг гээд нийт 3 079 000 төгрөгийг нэхэмжилж байна. Ингээд нийт 15 492 000 төгрөг болж байна. Талийгаач Г.Эрхэмбаярын зээл болон хариуцагч М.Ц нарын зээлийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 520 дугаар зүйлийн 520.1.1, 535 дугаар зүйлийн 535.1, 535.2, 536 дугаар зүйлийн 536.1, 536.2-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т.Дг 2016 оноос эхлэн таньдаг болсон. Тухайн үед би Хас-Арвай гэх дэлгүүрийг ажиллуулж байсан. 2016 оны 12 дугаар сарын эхээр манай дэлгүүрээр Т.Д нь орж гардаг болсноор танилцсан. Т.Д, манай нөхөр хоёр ойрхон ажилладаг байсан учраас бие биенийгээ надаас өмнө таньдаг байсан. Би дансныхаа хуулгыг нотлох баримтаар шүүхэд гаргасан байгаа. Т.Дгийн данснаас талийгаач нөхрийн маань данс руу 45 500 000 төгрөг орсон. Эргээд 39 019 000 төгрөгийг өгсөн байна. 02 дугаар сарын 26-ны өдөр дүүгийнх нь данснаас 2 000 000 төгрөг, 9 356 000 төгрөгийн дэлгүүрийн барааг хүлээлгэж өгсөн. 02 дугаар сарын 26-ны өдөр эмнэлэгт төрөх гээд хэвтэж байхдаа нөхрөөсөө мөнгөний хэрэг болоод гэсэн чинь Т.Дд 750 000 төгрөг өгчихлөө надад одоо бэлэн мөнгө байхгүй гэж байсан. Ингээд нийт манайхаас Т.Дд 47 625 000 төгрөгийг өгсөн байна. Надтай холбоотой 5 000 000 төгрөг яригдаж байгаа. Энэ мөнгийг 02 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд хоёр хувааж нийт 5 870 000 төгрөгийг шилжүүлсэн. Надаас нэхэмжилж байгаа 3 079 000 төгрөгийг өгөх ямар ч үндэслэл байхгүй. 1 079 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Манай дэлгүүрт орж ирээд чамд бэлэн мөнгө байна уу машины сэлбэг авах гэсэн юм, нөхөр урд явж байгаа гэхээр нь 500 000 төгрөгийг шилжүүлсэн. Нэхэмжлэгч Т.Дгээс 01 дүгээр сарын 25-ны өдөр мөнгөний хэрэг болоод гэсэн чинь өмнө нь надаас авсан 500 000 төгрөгтэйгээ нийлүүлээд 3 500 000 төгрөгийг миний данс руу хийсэн. 02 сарын 02-ны өдөр 5009195040 гэсэн Дуламсүрэнгийн данс руу өглөө 06 цаг болж байхад 3 хувааж шилжүүлсэн. 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Т.Дгийн данснаас миний данс руу 520 000 төгрөг шилжиж орсон. 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 06-ны өдрүүдэд миний данснаас Т.Дгийн данс руу 5 670 000 төгрөг шилжсэн байгаа. Энэ нь Голомт банкны зэс карт хаасан мөнгө болох 50 00 000 төгрөгийг 02 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд хоёр хувааж, эхний өдөр 2 000 000 төгрөг, дараагийн өдөр 3 670 000 төгрөгийг шилжүүлсэн. Голомт банкны зэс картыг хаалгах гэж 5 000 000 төгрөгийг өдрийн нэг хувийн хүүтэй авч, 02 дугаар сарын 02-ны өдрөөс 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 4 хоногийн 150 000 төгрөгийн хүү бодож өмнө авсан 520 000 төгрөгтэйгээ нийлүүлээд 02 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд хоёр хувааж шилжүүлсэн. Г.Долгорсүрэн нь намайг дэлгүүрийнхээ барааг Альфагийн нэр дээр зээлсэн гэж яриад байгаа юм шиг байна. Би үүнийг сайн ойлгохгүй байна. Эхлээд манай дэлгүүр Сайнаагаас бараагаа зээлээр авдаг байсан. 2016 оны 05 дугаар сараас эхлэн 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нийт 7 сарын хугацаанд Сайнаагаас бараагаа зээлж байсан. 2017 оны 01 дүгээр сараас хойш манайд бараа зээлээр өгөхгүй гээд 01 дүгээр сараас 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл нийт 2 сар гаруй хугацаанд 7 хоногт 300 000-500 000 төгрөгийн барааг бэлэн мөнгөөр авдаг байсан. Г.Долгорсүрэн бид хоёрын хооронд 1 079 000 төгрөгийн тооцоо байгаа. 2017 оны 03 дугаар сард хүү маань төрсөн. Хүүгийн бие муу хотод байж байгаад 07 дугаар сард аймагт ирж, нөхөр маань зуурдаар нас барж, нөхөр маань нас бараад нэг сар ч болоогүй байхад хүү маань нас барсан. 1 079 000 төгрөгийг надад өгөх боломж олдоогүй. Би энэ мөнгийг өгөхгүй гэж хэлээгүй. Энэ тухай хариу тайлбартаа тодорхой бичиж 1 079 000 төгрөг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл 2018 оны 04 дүгээр сард нэхэмжлэлийнхээ шаардлагыг ямар ч үндэслэлгүйгээр 5 000 000 төгрөг нэмэгдүүлсэнд гайхаж байна. 1 079 000 төгрөгийн өр төлбөр байхгүй гэдгийг Т.Д сайн мэдэж байгаа. Энэ бүгд дансны хуулгаар нотлогдож байгаа. Тиймээс Т.Дгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрч, зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэжээ.

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 145/ШШ2018/00496 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Цгаас 1079300 төгрөг, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 535 дугаар зүйлийн 535.1, 535.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Цгаас 3073860 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11339140 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Цгаас 81401 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250420 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 204/МА2018/00020 дугаар магадлалаар: Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 145/ШШ2018/00496 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж,

Хариуцагч М.Цгаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64132 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээх, нэхэмжлэгч Т.Дгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235410 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч У.Мөнхбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 204/МА2018/00020 дугаартай магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ хуульд заасан журмыг баримтлаагүй. Тодруулбал, шүүх магадлалын хянавал хэсэгтээ “..өвлөх эрхийн гэрчилгээнд /хавтаст хэргийн 113, 118, 123 дугаар хуудас/ зөвхөн үнийн санал байх бөгөөд үүнийг бодит үнэ гэж үзэхэд эргэлзээтэй байна”, анхан шатны шүүх өвлөгчийн өвлөж авсан эд хөрөнгийн үнэ эргэлзээтэй, хангалттай нотлогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй,..” гэж дүгнэсэн байдаг ч нэхэмжлэгч талаас эд хөрөнгийн үнийн санал бүхий нотлох баримтыг гаргасан ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 44 дүгээр зүйлд зааснаар нотлох баримт болно. Тиймээс давж заалдах шатны шүүхээс эргэлзээтэй,.. хангалттай нотлоогүй..” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Мөн эдгээр нотлох баримтыг нэхэмжлэгч талаас өгснийхөө дараа буюу 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн эрх хэмжээнд халдах ёсгүй. Анхан шатны шүүх зохигчийн хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан бол өөр асуудал.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах шатны журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлсэн хэдий ч энэ талаар ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийгээгүйгээс ойлгомжгүй байдал бий болголоо. Бид анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох талаар давж заалдах шатны журмаар гаргасан гомдолдоо дурдаагүй. Мөн үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 204/МА2018/00020 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 145/ШШ2018/00496 дугаартай шийдвэрийн зарим хэсэгт буюу “..М.Цгаас 3 073 860 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Дд олгож,..” гэснийг хүчингүй болгон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Т.Д нь хариуцагч М.Цд холбогдуулан зээлдэгчийн болон өвлөгчийн үүрэгт нийт 18 493 160 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зээлдэгчийн хувьд 1 079 000 төгрөгийг зөвшөөрч, бусдыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас зээлдэгчийн үүрэгт 1 079 000 төгрөгийг, өвлөгчийн үүрэгт 3 073 860 төгрөгийг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдснаар нэхэмжлэгч нь хариуцагч М.Цгаас зээлийн үлдэгдэл төлбөр нэхэмжилснээс гадна түүний нөхөр Г.Эрхэмбаяртай амаар харилцан тохиролцож, удаа дараа мөнгө зээлж, буцаан авч байсан, 2017 онд зээлдэгч нас барсан үндэслэлээр зээлийн үлдэгдэл төлбөрийг өвлөгчөөс гаргуулахаар нэхэмжилсэн агуулгатай байна.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.-д зааснаар М.Ц нь Г.Эрхэмбаярын хууль ёсны өвлөгч бөгөөд Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1.-д зааснаар тэрээр өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээх үүрэгтэй. 

Хэрэгт авагдсан өвлөх эрхийн гэрчилгээний хавсралтад өвлөгдсөн гэх эд хөрөнгийг өвлөгч өөрөө үнэлсэн байх бөгөөд нэхэмжлэгч дээрх үнийг эс зөвшөөрч, хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэх хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3.-т заасан эрхээ хэрэгжүүлсэн, шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь 38.6.-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зөрчөөгүй байна.

Түүнчлэн давж заалдах шатны шүүх зохигчдын гомдолд өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, хариуцагчийн гомдлыг хангаагүй тул хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээсэн нь буруу биш байна.

Хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, талуудын хооронд байгуулсан гэрээ, түүний хүчин төгөлдөр байдал хэрэгт ач холбогдолтой байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулахыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 204/МА2018/00020 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч У.Мөнхбатын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64 132 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                          Х.ЭРДЭНЭСУВД