Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/387

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн 

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгч Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ........овогт Г-т холбогдох эрүүгийн 2121000000412 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....... оны ... дугаар сарын .....-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, ............... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 306 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар Зоригтын Гантулга гэх нэрээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 71 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2, 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2003 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөд хамруулж эдлээгүй үлдсэн 6 жил 03 сар 16 хоногийн хорих ялаас чөлөөлж суллагдсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Батзоригийн Г гэх нэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлснийг Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 244 дугаартай магадлалаар зүйлчлэл өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар шийтгүүлж 2009 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 279 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 684 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 16 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 4 сар 16 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 158 дугаар шүүгчийн захирамжаар 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 9 сар 15 хоногийн хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, 9 сар 15 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж ялыг эдэлж байсан, ........ овогт Г /РД: ............../.

Шүүгдэгч Г нь 2021 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө иргэн С-гийн ........улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 40 дүгээр байрны баруун талын зогсоолоос өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, завших зорилгогүйгээр авч явсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа зөвшөөрч байна ” гэв. 

Хохирогч С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн .......... улсын дугаартай цагаан өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгслээ хулгайд алдлаа гэж цагдаагийн байгууллагад дуудлага өгч тэмдэглүүлсэн юм. Харин 2021 оны 10 дугаар сарын 10-ны үдээс хойш 15 цагийн орчим өөрийн машинаа Хэрлэн сумын 7 дугаар баг, 38 дугаар байрны баруун талын машины зогсоолд ертөнцийн зүгээр хойш харуулан тавьсан байдалтай байхыг олсон. Тухайн үед миний машины эвдрэл гэмтэл гэвэл урд гупер хагарсан, урд талын улсын дугаар хонхойсон, доор шавар усны хамгаалалт буюу элгэвч ханзарч урагдсан, мөн түлхүүрүүдэд цуг байсан гэрийн түлхүүрээр машины дотор талын хөгжмийг авах гэж хөшиж гэрийн түлхүүр хугарсан байдалтай байсан. Ингээд 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймаг үйл ажиллагаа явуулдаг “Вендо” нэртэй үнэлгээний газраар үнэлүүлэхэд тээврийн хэрэгслийн маань бодит үнэлгээ 380.200 төгрөг, мөн үнэлгээний хөлс 38.000 төгрөг болсон. Би тухайн үеийн үнэлгээний зардал болон үнэлгээнд төлсөн төлбөрөө нэхэмжилж гаргуулмаар байна. Өөр надад нэхэмжлэх зүйл байхгүй, хохирлоо барагдуулаад авчихвал надад гомдол тэмцэл байхгүй...” гэжээ. /хх-ийн 23-27/

Г мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр өөрийн оршин суух Хэрлэн сумын 2 дугаар баг, Хэрлэнгийн 2-12 тоотод байрлах гэртээ өөрийн найз болох Ганпүрэв, түүний найз нэг эмэгтэйн хамтаар гурвуулаа архи уусан. Улмаар бид гурав манай гэрээс оройн 23 цагийн орчимд гараад зүүн тийш чиглэн явсан. Би тэр хоёроос Хэрлэн сумын 2 дугаар баг, Бумбат хорооллын хойд талаас салаад Хэрлэн сумын 7 дугаар баг, Мянгатын хорооллын дундуур зүүн тийш чиглэн алхсан. Тэгтэл Хэнтийн хориход хамт ял эдэлж байсан нэгэн ахтай тааралдсан бөгөөд тэрээр надаас тамхи асуусан. Бид хоёр хамтдаа Мянгат хорооллын нэгэн байрны орц руу ороод тамхи татчихаад хамтдаа гараад зүүн тийш чиглэн явсан бөгөөд тэрээр гэртээ харих гэж байгаа бололтой Мянгатын 40 дүгээр байрны баруун талын хүүхдийн тоглоомын талбайн ойролцоо хэсгээс надаас салаад явсан. Харин би 40 дүгээр байрны нэгэн орц руу ороход хаалга кодгүй байсан бөгөөд орцны хаалганы хажуу хэсэгт нэг хар өнгийн машины түлхүүр шалан дээр унасан байдалтай харагдсан. Улмаар тухайн машины түлхүүрийг авч гадагш гараад уг түлхүүрээ ашиглан онгойлгох товчийг дарахад тус байрны баруун талд цагаан өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн дохионы гэрэл ассан. Тухайн тээврийн хэрэгсэлд суугаад согтуу байсан учраас найзынх руугаа явах санаатай уг тээврийн хэрэгслийг асаагаад урд байсан боржуурыг давж, улмаар баруун тийш чиглэн явж байгаад урд талын төв зам руу орж, Хивсний хороолол руу явсан. Тэгээд замдаа явж байхдаа архи жаахан гараад буруу зүйл хийж байгаа юм шиг мэдрэмж төрөөд эргэн Мянгатын хороололд ирсэн. Анх уг тээврийн хэрэгслийг хөдөлгөсөн байраа олохгүй байсан бөгөөд нэгэн байрны баруун талд уг машиныг үлдээгээд гэртээ 2021 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 04 цагийн орчимд харьсан. ...Завших санаа бодол байгаагүй, харин согтуу байсан учраас унаж үзмээр санагдаад уначихсан юм...” гэжээ. /хх-ийн 56-57/

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10/

Телекамерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-16/

Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-19/

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Авто машин техникийн тайлан” /хх-ийн 48-49/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68/

Г-ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 145/

Ялын тооцооны хуудас болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно. Шүүх хуралдаанд сидид бичсэн камерын бичлэгийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Г-т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалж хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзлээ.

Шүүгдэгч ...... овогт Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 40 дүгээр байрны баруун талын зогсоолоос хохирогч С-гийн .......... улсын дугаартай цагаан өнгийн Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...би 40 дүгээр байрны нэгэн орц руу ороход хаалга кодгүй байсан бөгөөд орцны хаалганы хажуу хэсэгт нэг хар өнгийн машины түлхүүр шалан дээр унасан байдалтай харагдсан. Улмаар тухайн машины түлхүүрийг авч гадагш гараад уг түлхүүрээ ашиглан онгойлгох товчийг дарахад тус байрны баруун талд цагаан өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн дохионы гэрэл ассан. Тухайн тээврийн хэрэгсэлд суугаад согтуу байсан учраас найзынх руугаа явах санаатай уг тээврийн хэрэгслийг асаагаад урд байсан боржуурыг давж, улмаар баруун тийш чиглэн явж байгаад урд талын төв зам руу орж, Хивсний хороолол руу явсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч С-гийн “...Би 2021 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн ............ улсын дугаартай цагаан өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгслээ хулгайд алдлаа гэж цагдаагийн байгууллагад дуудлага өгч тэмдэглүүлсэн юм. Харин 2021 оны 10 дугаар сарын 10-ны үдээс хойш 15 цагийн орчим өөрийн машинаа Хэрлэн сумын 7 дугаар баг, 38 дугаар байрны баруун талын машины зогсоолд ертөнцийн зүгээр хойш харуулан тавьсан байдалтай байхыг олсон. Тухайн үед миний машины эвдрэл гэмтэл гэвэл урд гупер хагарсан, урд талын улсын дугаар хонхойсон, доор шавар усны хамгаалалт буюу элгэвч ханзарч урагдсан, мөн түлхүүрт цуг байсан гэрийн түлхүүрээр машины дотор талын хөгжмийг авах гэж хөшиж гэрийн түлхүүр хугарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, телекамерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Авто машин техникийн тайлан” болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч Г нь бусдын авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Шүүх хуралдаанд шүүгдэгч Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй болно.

Шүүгдэгч Гт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г-ийг бусдын авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, тодорхой эрхэлсэн ажилгүй, тогтмол оршин суух хаяггүй, зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байхдаа шинээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гт 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож шийдвэрлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзлээ.

Шүүгдэгч Г нь тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 16 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 4 сар 16 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэснийг Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 158 дугаартай захирамжаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт зааснаар уг ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 15 хоногийн хорих ялыг 9 сар 15 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж ялыг эдэлж байх хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах үндэслэлтэй байна.

Иймд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Г-ийн зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байхдаа шинээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өмнө оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Г-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Сгийн эд хөрөнгөнд 380,200 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Авто машин техникийн тайлан”-гаар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Г-ээс гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 380,200 төгрөгийг гаргуулж хохирогч С-д олгохоор тогтоолоо.

Шүүгдэгч Г нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий сидиг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Г нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ....... овогт Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-т 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г-т оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г-т мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, өмнөх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ээс гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 380,200 /гурван зуун наян мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ......... тоотод оршин суух, С /РД: .........../-д олгосугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий сидиг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Г нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн .......... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               П.ПАГМА