Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/391

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн 

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгч Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ......... овогт Ж-д холбогдох эрүүгийн 2121000000481 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ....... дүгээр сарын .....-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ........ настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, .......... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 49 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоолын биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, мөн шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлж байсан, .......... овогт Ж /РД: ................../.

Шүүгдэгч Ж нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг .......... тоотод гэртээ 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 12 цагийн үед эхнэр Д-тай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, толгойн тус газар нь гараараа олон удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй” гэв. 

Хохирогч Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ж 2021 оны 12 дугаар сарын 01-ний өглөө 08 цагийн орчимд гэрээс гарч 11 цаг 55  минутын орчимд хүүхдүүдээ сургуульд явах гэж байхад нь архи уусан байдалтай орж ирсэн. Хүүхдүүд хичээлдээ явсан хойгуур надад хандаж “чи том хүүхдээ хайрлахгүй бага хүүхдээ илүү хайрладаг, миний хүүхдүүдийг ялгаж харьцлаа, би Цолмонг аваад энэ гэрээс явж чадна, чи хүлээж бай, удахгүй” гэж хэлээд байхаар нь хадам ээж Туяад энэ тухай хэлэх үед миний үснээс зулгааж “чи манай ээж рүү залгалаа” гээд зодож эхэлсэн. Мөн зодож байхдаа “чи адилхан эх хүн байж манай ээж рүү яагаад ярьж байгаа юм” гэж хэлээд нэмж зодоод байсан. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 8-9/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 623 тоот дүгнэлтэд:

1. Д-ын биед баруун нүдний дээд зовхинд цус хуралт, баруун чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзанд зөөлөн эдийн няцрал, хоёр мөрний үений ар хэсэг, бүсэлхий нурууны зүүн хажуу хэсэг, баруун шуу, баруун сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь бүрдэл хэсгээрээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх-ийн 25-26/

Ж мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Маргалдаж муудалцаж байх үедээ миний уур хүрч эхнэр Д-н биед халдсан. Би үснээс нь зулгааж байгаад орон дээр хэвтүүлж дээр нь гарсан. Гараа атгаж байгаад толгой руу нь тоогоо санахгүй байна ямартай ч маш олон удаа цохисон. Мөн биеийнх нь зарим хэсэгт хазаж байснаа санаж байна. Тухайн үеийн бүх үг, үйлдлээ сайн санахгүй байна, тэр үед би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан...” гэжээ. /хх-ийн 37, 40/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/

Гэрч Б.Туяагийн мэдүүлэг /хх-ийн 14/

Гэрч Г.Шинэхүүгийн мэдүүлэг /хх-ийн 15/

Эмчийн үзлэгийн тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-29/

Жгийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 42/

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 45-47/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51/

Д-ын Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 64/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч .................. овогт Ж нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 12 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг ......... тоотод гэртээ эхнэр Д-тай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, толгойн тус газар нь гараараа олон удаа цохиж биед нь баруун нүдний дээд зовхинд цус хуралт, баруун чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзанд зөөлөн эдийн няцрал, хоёр мөрний үений ар хэсэг, бүсэлхий нурууны зүүн хажуу хэсэг, баруун шуу, баруун сарвуунд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Д-ын “...Хүүхдүүд хичээлдээ явсан хойгуур надад хандаж “чи том хүүхдээ хайрлахгүй бага хүүхдээ илүү хайрладаг, миний хүүхдүүдийг ялгаж харьцлаа, би Цолмонг аваад энэ гэрээс явж чадна, чи хүлээж бай, удахгүй” гэж хэлээд байхаар нь хадам ээж Туяад энэ тухай хэлэх үед миний үснээс зулгааж “чи манай ээж рүү залгалаа” гээд зодож эхэлсэн. Мөн зодож байхдаа “чи адилхан эх хүн байж манай ээж рүү яагаад ярьж байгаа юм” гэж хэлээд нэмж зодоод байсан...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эмчийн үзлэгийн тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 623 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч Ж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Ж-гийн үйлдлийн улмаас хохирогч Д-ын эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 623 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Ж-д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ж-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Ж-гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ж-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Ж нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ж нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ........ овогт Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж-д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ж нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ........... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА