Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 00034

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

 

2018        08             16                                          2018/ДШМ/34

 

     Б.С, Л.Ннарт холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

 

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Т.Ганбат, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Б.Амартүвшин,

Шүүгдэгч, хохирогч: Б.С, Л.Н,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: А.Ууганбаяр,

Нарийн бичгийн дарга: Ж.Лхамдолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 172 дугаар шийтгэх тогтоолтой Б.С, Л.Н нарт холбогдох 1838000000040 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, О овогт Б-ы С, … оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, … настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: .........../.

Монгол Улсын иргэн, Х овогт Л-ийн Н, …. оны 7 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, …. настай, эмэгтэй ял шийтгэлгүй /регистрийн дугаар: ................/.

Шүүгдэгч Б.С нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг буюу өөрийн эхнэр Л.Н-г байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг,

Шүүгдэгч Л.Н нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Мөрөн сумын ... дугаар багийн ... дугаар байрны ... тоотод хохирогч Б.С-г зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 172 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч О овогт Б-ы С-г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, шүүгдэгч Х овогт Л-ийн Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэх, шүүгдэгч Л.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2.5, хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.С-г оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, түүнд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж, шүүгдэгч Л.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн рентгэн зураг 1 ширхэгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Эрүүгийн 1838000000040 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С, Л.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Н-ын өмгөөлөгч А.Ууганбаяр давж заалдах гомдолдоо: ... Л.Номинзул нь өөрийн нөхөр болох Б.С-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан боолгож, зодуулах явцдаа нөхөр Б.С-ын толгойн ар хэсэг рүү тухайн үед өмсөж явсан годон гутлаараа өшиглөж, түүний толгойд доргилт бүхий гэмтэл учруулсан байдаг.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Н Б.С-ын толгойн ар хэсэгт өмсөж явсан годон гутлаараа тийрч өшиглөн гэмтэл учруулсан. Өөрөөр тухайн нөхцөл байдалд нөхрийн довтолгоог зайлуулах, өөрийн эрүүл мэндийг хамгаалах боломжгүй байсан тухай тайлбарласан боловч шүүх шүүгдэгчийн мэдүүлгийг анхаарч үзээгүй байна. Гэтэл нөхөр болох Б.С-ын гаргадаг хүчирхийллийн шинжтэй үйлдлүүдийг шүүх “...Шүүгдэгч Б.С нь хардалт, гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж эхнэр Л.Н-г цохих, хоолойг нь боох зэргээр удаа дараа бие махбодид нь халдсан үйлдэл” хэмээн дүгнэжээ.

Өмнө нь нөхрийн зүгээс удаа дараагийн хүчирхийллийн шинжтэй үйлдлүүд хийдэг байсан гэдгийг шүүх дүгнэсэн атлаа хэрэг учрал болсон 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн үйлдэлд эхнэр Л.Н-ыг буруутгаж ял халдааж байгаа нь логикын хувьд алдаатай дүгнэлт болсон гэж үзэж байна.

Хохирогч Б.С нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт “... Л.Н нь миний толгойны ар тал, дагз руу хайруулын тавгаар цохисон” гэж мэдүүлдэг.

Харин хохирогч Б.С-ын эгч, дүү нар болох Ч, Надмид нар мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Б.С-ыг хайруулын тавгаар цохиж байсан ...” хэмээн мэдүүлсэн атлаа шүүхийн хэлэлцүүлэгт “Б.С-ыг Л.Н хайруулын тавгаар цохиж байхыг хараагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.С-ыг Л.Н нь хайруулын тавгаар цохиж байна гэж Б.С хэлж байсан тухай мэдүүлсэн” гэжээ.

Шүүгдэгч Л.Н шүүхийн хэлэлцүүлэгт “..Би Б.С-ыг хайруулын тавгаар цохиогүй, тийм том хайруулын тавгаар цохисон бол доргилтоос илүү хүнд гэмтэл учрах байсан байх” гэж мэдүүлдэг.

Хайруулын тавгаар цохисон эсэх асуудал дээр хохирогч Б.С, шүүгдэгч Л.Н нар л мэдүүлдэг бөгөөд тэдгээрийн мэдүүлэг зөрүүтэй байхад хохирогч Б.С-ын мэдүүлгээр Л.Н-ыг буруутган ял халдааж байгаа нь шудрага - ёсонд нийцэхгүй гэж үзэж байна.

Л.Н нь нөхөр Б.С-аас тухайн үед өөрт нь тулгаран /өмнө нь удаа дараа давтагдаж байсан/ ирсэн бодит аюулыг зайлуулах зорилгоор Эрүүгийн хуулиар зөвшөөрөгдсөн аргагүй хамгаалалт хийсэн байтал түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял халдаасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 2018/ШЦТ/172 дугаартай шийтгэх тогтоолын Л.Н-д ял халдаасан хэсгийг өөрчилж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 139 дугаартай яллах дүгнэлтээр яллагдагч Б.С-ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг буюу эхнэр Л.Н-ыг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар, яллагдагч Л.Н-ыг хохирогч Б.С-ыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Л.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас зөрүүтэй буюу шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан байх ба тухайн үед байсан шүүгдэгч Л.Н, хохирогч Б.С, насанд хүрээгүй гэрч Э.Энхжин, гэрч Б.Чимэд, Б.Надмид нараас мэдүүлэг авч, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт гаргуулж хохирогч Б.С-н биед хөнгөн гэмтэл учирсныг тогтоожээ.

Хохирогч Б.С нь шүүгдэгчийг боомилж буйдан дээр, дээрээс нь дарах үед шүүгдэгч Л.Н нь хөлөөрөө тийчлэх, өшиглөх явцад Б.С-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Л.Н-ын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хохирогчоор өгсөн “... Би нөхрийн гарыг тавиулах гээд хөлөөрөө жийхэд Надмид нь ахын маань толгойнд хүрлээ, наад хүн чинь толгойгоороо ажил хийдэг гээд миний 2 хөлийн гуяны дотор талаас чимхсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 тал/,

2018-01-11-ний өдөр хохирогчоор өгсөн “...Тэр өдөр намайг 2 удаа боосон. Нэг нь унтлагын өрөөнд нөгөөх нь том өрөөний буйдан дээр унагааж боосон. Эхний боолт нь бол намайг С унтлагын өрөөний орон дээр боож цээжин дээр хөлөөрөө дараад байж байтал миний хөлнөөс Надмид хүрч ирээд намайг 2-3 удаа алгадсан. Намайг С боогоод байхаар нь хөлөөрөө сарваганаад байсан чинь Надмид чи ахын минь толгойд чи хүрчихлээ наад хүн чинь толгойгоороо ажлаа хийдэг юм гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 33-р тал/,

2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр яллагдагчаар өгсөн “...С намайг унтлагын өрөөний орон дээр боож унагаасан. Ингэж байхад Надмид хүрч ирээд миний нүүр, уруул хэсэг рүү 4 орчим удаа алгадсан. Би маш их уурласан байсан болохоор босож ирээд Надмидыг цохих гэж дайрсан. Тэгэхэд С намайг том өрөөний буйдан дээр боож унагаасан. Миний нүүр маш их чинэрч байсан. Би С-ын боолтыг тавиулах гэж гар хөлөөрөө сарваганасан. Гэтэл намайг Надмид чи ахын минь толгойд хүрлээ гэж миний зүүн баруун гуяны дотор талаас 1 удаа чанга базсан” гэх мэдүүлэг /хх-ийн 132-р тал /,

Б.С-ын 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хохирогчоор өгсөн “...намайг Н цохиод байхаар нь 2 гарны булчингаас нь бариад орон дээр дартал хөлөөрөө толгой руу өшиглөөд байхаар нь Надмид Н-н 2 хөлийг барьж ахын маань толгой руу битгий өшиглөөд бай гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р тал/,

2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр яллагдагчаар өгсөн “...Би буйдан дээр Номинзулын 2 гарыг бариад дарсан чинь миний толгой руу годон гутлаараа олон удаа өшиглөсөн. Тэгэхэд Надмид намайг өмөөрч болиочээ миний ахын толгой руу битгий өшиглөөд бай гэж хэлээд Н-ын 2 хөлийг барьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 123-р тал/, “...Н-ын 2 гарыг нь бариад том өрөөний буйдан дээр дараад сууж байсан чинь хөлөөрөө толгой руу таваас зургаан удаа өшиглөсөн. Энэ үедээ хатуу ултай годон гуталтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 128-р тал/,

Насанд хүрээгүй гэрч Э.Энхжингийн 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн “...Н эгчийг С ах буйдан дээр багалзуурдаж дараад хамраас нь манжиндаж чимхээд байсан. Тэгтэл Чимэд эгч, Надмид эгч 2 үүдэн дээр зогсоод болио наад хүүхэн чинь дараа нь янз бүрийн юм болчуул яах юм бэ гэж Надмид эгч хэлсэн чинь С ах Н эгчээс холдтол би явъя гээд куртикээ аваад 2 хүүхдээ аваад явна гээд унтлагын өрөөнд ортол Надмид эгч чи угаасаа ингээд байж байдаг юм байна ш дээ гэтэл Номинзул эгч чи юу гээд байгаа юм бэ гээд Надмид эгчийн цээж рүү цохьсон. Тэгсэн тэр 2 маргалдаад хоорондоо бие биенийгээ түлхээд байсан чинь С ах тэр хоёрыг салгах гээд Н эгчийг орон дээр унагааж хоолойноос нь багалзуурдаад дарсан. Тэгсэн Надмид эгч өө ямар овоо амьтан бэ гээд Н эгчийн нүүр лүү 4-5 удаа гараараа алгадсан чинь Номинзул эгчийн  нүүр нь хувираад явчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р тал/,

Гэрч Б.Надмидын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өгсөн “...С ах салгаад Номинзул эгчийн 2 гарнаас бариад орон дээр дараад хэвтсэн чинь гутлаараа С ахын толгой руу өшиглөөд байсан. Би тэгэхээр нь чи болиоч наад хүнийхээ битгий толгой руу өшиглөөд бай гэхэд намайг тавь чи ах дүүгээрээ нийлж намайг зодлоо гээд хашгираад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 50-р тал/ зэргээр тогтоогдсон байна.

Дээрх үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхэд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал буюу хохирогч Б.С-ын хууль бус довтолгооны эсрэг хийгдсэн аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл байх тул шүүгдэгч Л.Н-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Л.Н-ын өмгөөлөгч А.Ууганбаярын “...Л.Н нь нөхөр Б.С-аас тухайн үед өөрт нь тулгаран ирсэн бодит аюулыг зайлуулах зорилгоор Эрүүгийн хуулиар зөвшөөрөгдсөн аргагүй хамгаалалт хийсэн байтал түүнд ...ял халдаасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх ба шүүх шүүгдэгч Б.С-ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож,  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж болох “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга” зодсон гэж  хохирогчийг гурав ба түүнээс дээш удаа бие махбодийн хүчирхийлэл үйлдэн зодсон байхыг хэлэх бөгөөд шүүгдэгч Б.С-ын хохирогч Л.Н-ыг зодсон үйлдэл нь дээр дурдсан “байнга” гэх шинжийг агуулаагүй байна.

Нөгөөтэйгүүр шүүгдэгч Б.С т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг гарсан байдал”-ыг бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.С нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хэзээ, хаана, хэдэн удаа үйлдсэнийг хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн дүүрэн нотлоогүй байхад шүүх Б.С-ыг гэм буруутайд тооцсон нь учир дутагдалтай болжээ.

Иймд Б.С-т холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2, 2 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ний өдрийн 172 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.С т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д заасныг баримтлан шүүгдэгч Л.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                                               Т.ГАНБАТ

                                                                                Н.БАЯРХҮҮ