Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/394

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд

Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .......... овогт Б-од холбогдох эрүүгийн 2121000000424 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .........оны ....... дүгээр сарын .....-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, ......... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2009 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 62 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бод холбогдох хэргийг 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон,

мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 7 жилийн хорих ялаар шийтгүүлж ялыг эдэлж байхдаа Багануур дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас заримыг нэмж нэгтгэн нийт 8 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хоёр жилийг хасч үлдэх ялыг эдэлж 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, ......... овогт Б /РД: .........../.

Шүүгдэгч Б нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 12 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг болох тус аймгаас Халхгол сум явах төв замын хажуугаас хохирогч Э-ийн хар зүсмийн 1 тооны тугалыг ...... улсын дугаартай “Тоёота марк-2” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлахыг завдсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг “Баянтойрог” гэх газар ээжийн хамт амьдардаг бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 13 цагийн орчим манай найз Батхүү манай гэрт ирээд “Танай 1 тооны бярууг бэлчээр дээр нь хүлсэн байна” гэж хэлэхээр нь үхрийнхээ бэлчээр рүү очиход 1 тооны хар тугалыг цагаан өнгийн уяагаар 4 хөлийг нь уясан байхаар нь тайлаад уяаг нь цагдаад өгсөн. Манай хар зүсмийн тугалыг хулгайлах зорилгоор хөлийг нь хүлээд байж байхад нь манай хойд талын хашаанд суудаг Сугараа гэх ах мотоциклтойгоо үхрээ хайж яваад тааралдахад цагаан өнгийн машинтай 30 орчим насны залуу машинтайгаа зугтаасан гэж хэлсэн. ...Би өөрийн тугалаа яг хулгайлж байхад нь үйлдэл дээр нь очоод авсан учраас надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 7-10/

Гэрч Б.Сугар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр үхрээ бэлчээрт гаргачихаад өдөр 12 цагийн орчим бэлчээр дээрээс ганга түүчихээд буцаж явахад Халхгол сум руу явдаг замын баруун талд манай үхэр харагдахаар нь очиж бүртгэе гэж бодоод очсон чинь туслах зам руу баахан үхэр тойрсон цагаан өнгийн жижиг тэрэг харагдаж байсан. Тэгэхээр нь би мотоциклтой дөхөөд очсон чинь цагаан машинтай хар хувцастай залуу их сандраад хөдлөөд явахаар нь очиход мухар хар зүсмийн тугалыг гурван хөлийг нь холбож уясан байхаар нь би араас нь машины дугаарыг нь харах гээд явсаар байгаад гүйцэж түрүүлээд .......... гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгслийн урдуур нь хааж зогсоод цагдаа дуудаад манай ойр орчим мал малладаг Эийн үхэр байж магадгүй гэж бодоод утсаар хэлэхэд удалгүй ирж хөлийг нь тушсан тугалыг хараад манай тугал мөн байна гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 13-14/

Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: ”...би 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 12 цагийн орчим өөрийн эзэмшлийн .......... улсын дугаартай Тоёота марк-2 загварын тээврийн хэрэгсэлтэй зүүн цементэн гүүрээр гарч урагш явж айлаар орчихоод буцаж явахад зам дээр 200 орчим тооны үхэр хэвтэж байхаар нь нэг тугал авахаар шийдээд машинаа дунд нь зогсоогоод хар өнгийн тугалыг бугуйлдаж барьж аваад хөлийг нь тушаад байж байтал мотоцикл баруун талаас ирэхээр нь сандраад машиндаа суугаад ертөнцийн зүгээр хойд зүгт чиглээд явж байтал уг мотоцикл араас ирээд урдуур орж зам хааж зогссон...” гэжээ. /хх-ийн 31-33/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 18/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 20/

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-23/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 24-25/

.......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрчилгээний хуулбар /хх-ийн 81-82/

Б-ын үл хөдлөх хөрөнгийн, жолоочийн, оршин суугаа газрын, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн болон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39-45/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно. Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар 9 метр 66 см урттай уяаг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Б-од холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалж хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдсөн байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч .......... овогт Б нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 12 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумаас Халхгол сум руу зорчих төв замын хажуугаас буюу Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутагт хохирогч Эийн хар зүсмийн 1 тооны тугалыг бэлчээрээс нь ............ улсын дугаартай Toyota Mark-2 маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлахыг завдсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Б-ын “...тээврийн хэрэгсэлтэй зүүн цементэн гүүрээр гарч урагш явж айлаар орчихоод буцаж явахад зам дээр 200 орчим тооны үхэр хэвтэж байхаар нь нэг тугал авахаар шийдээд машинаа дунд нь зогсоогоод хар зүсмийн тугалыг бугуйлдаж бариад хөлийг нь тушаад байтал мотоцикл баруунаас ирэхээр нь сандраад машиндаа суугаад хойд зүгт чиглээд явсан...” гэх мэдүүлэг, түүний мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Э-ийн “...үхрийнхээ бэлчээр рүү очиход 1 тооны хар тугалыг цагаан өнгийн уяагаар 4 хөлийг нь уясан байхаар нь тайлаад уяаг нь цагдаад өгсөн. Манай хар зүсмийн тугалыг хулгайлах зорилгоор хөлийг нь хүлж байхад нь манай хойд талын хашаанд суудаг Сугараа гэх ах мотоциклтойгоо үхрээ хайж яваад тааралдахад цагаан өнгийн машинтай 30 орчим насны залуу машинтайгаа зугтаасан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Сугарын “...би араас нь машины дугаарыг нь харах гээд явсаар байгаад гүйцэж түрүүлээд ........ гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгслийн урдуур нь хааж зогсоод цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг, эд хөрөнгө битүүмжлэх, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолууд, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мал, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч Б нь ............ улсын дугаартай, Toyota Mark-2 маркийн тээврийн хэрэгсэл буюу машин ашиглаж бусдын өмчлөлд байгаа малыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгохоор хохирогч Э-ийн хар зүсмийн нэг тооны тугалыг бэлчээрт нь бугуйлдан барьж хөлийг нь хүлж байхыг гэрч Б.Сугар харж түүн рүү очсоноор хулгайлах гэмт хэрэг таслан зогсоогдсон байх бөгөөд шүүгдэгч Б-ын энэхүү үйлдлийг Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий болжээ.

Иймд шүүгдэгч Б-од холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б-ыг бусдын малыг машин механизм ашиглаж хулгайлахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч Бын машин механизм ашиглаж мал хулгайлахыг завдсан шинж, гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын техник хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, улсын орлого болгох, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан бөгөөд шүүгдэгч Б-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1,000,000 төгрөгийн үнэлгээтэй, ........ улсын дугаартай, Toyota mark-2 маркийн тээврийн хэрэгсэл түүний өмчлөлийнх болох нь эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ, тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгслийг хураан улсын орлого болгож, эд зүйлийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б-ын үйлдлийн улмаас хохирогч Э нь 400,000 төгрөгөөр үнэлэгдсэн 1 тооны эр тугалаа хулгайд алдахыг завдсан байх бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд “...би өөрийн тугалаа яг хулгайлж байхад нь үйлдэл дээр нь очоод авсан учраас надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 9 метр 66 см урттай цагаан өнгийн мяндсан уяаг устгаж, хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ...... овогт Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын малыг машин механизм ашиглаж хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б-од 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-од оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан түүний өмчлөлийн 1,000,000 төгрөгийн үнэлгээтэй, .......... улсын дугаартай, Toyota mark-2 маркийн тээврийн хэрэгслийг хураан авч улсын орлого болгосугай.

          5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 9 метр 66 см урттай цагаан өнгийн мяндсан уяаг устгаж, мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээж, хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Э нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б-ын ........ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      П.ПАГМА