Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 368

 

2017 оны 6 сарын 20                                           368                                                    Хэрлэн сум

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                  156/2017/00286/И

 Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам  би,

 Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 3-9 тоотод оршин суух, Боржигон овогт Болдбаатарын Золбоожаргалд (РД:СЭ-86021713) холбогдох,

 Хэнтий аймгийн Хэрлэн сумын “сум хөгжүүлэх сан”-ийн нэхэмжлэлтэй, 

“зээл, зээлийн хүү, алдангийн 9 242 489 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын “сум хөгжүүлэх сан” нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Б.Золбоожаргал нь 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 10 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар, 0.25 хувийн хүүтэйгээр 02 тоот гэрээ байгуулж авсан юм. Тухайн зээлийг зээлийн гэрээнд зааснаар сар бүр төлж 2016 оны 02 дугаар сарын 30-нд 10 000 000 төгрөгийн зээл, 459 000 төгрөгийн хүү төлж дуусгах байснаас графикт хугацаанд төлөхгүй 8 542 300 төгрөгийн зээл, 341 412 төгрөгийн хүү, 358 777 төгрөгийн алдангийн хугацаа хэтрүүлээд байна. 

Иймд иргэн Б.Золбоожаргалаас төрийн мөнгө болох 8 542 300 төгрөгийн зээл, 341 412  төгрөгийн хүү, 358 777 төгрөгийн алданги, нийт 9 242 489 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал ) 

Хариуцагч Б.Золбоожаргал нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын “сум хөгжүүлэх сан”-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын сум хөгжүүлэх сангаас анх тавилгын үйлдвэрлэлийн төслөөр 10 000 000 төгрөгийн зээл авч үйл ажиллагаагаа явуулж байсан ч зах зээлийн нөхцөл, тодорхой шалтгааны улмаас үйл ажиллагаа зогссон. Үйл ажиллагаа явагдаж байх үед зээлийг графикийн дагуу төлж байсан. Үйл ажиллагаа зогссон үеэс хойш төлөх боломжгүй болж зогссон. Зээлийн үлдэгдэл болох 9 242 489 төгрөгийг 5 тэнцүү хувааж 2 сар тутам 1 848 4978 төгрөгөөр төлж 2018 оны 5 дугаар сарын 01-ний дотор бүрэн төлж барагдуулья. Иймд миний дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хэргийг шийдвэрлэж өгнө үү. Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй. Шинээр гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэжээ (хх-ийн 16 тал) 

ҮНДЭСЛЭХ НЬ: 

Нэхэмжлэгч  Хэнтий аймгийн Хэрлэн сумын “сум хөгжүүлэх сан” нь хариуцагч Б.Золбоожаргалаас “зээл, зээлийн хүү, алдангийн 9 242 489 төгрөгийг гаргуулах” -аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.Золбоожаргал нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч Хэнтий аймгийн Хэрлэн сумын “сум хөгжүүлэх сан”-ийн “зээл, зээлийн хүү, алдангийн 9 242 489 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөхгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч  Б.Золбоожаргалд холбогдох, Хэнтий аймгийн Хэрлэн сумын “сум хөгжүүлэх сан”-ийн нэхэмжлэлтэй, “зээл, зээлийн хүү, алдангийн 9 242 489 төгрөгийг гаргуулах”  тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Б.Золбоожаргалаас 81 415 төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулсугай. 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Золбоожаргал нь 2018 оны 05 дугаар сарын 01-ний дотор сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.   

 

ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ