Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 372

 

2017 оны 06 сарын 22 өдөр    Дугаар 156/ШШ2017/00372                     Хэнтий аймаг

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, 

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

156/2017/00276/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би,

  Хэнтий аймгийн Батширээт сумын Барх багт оршин суух, Хөвдүүд овогт Эрдэнэцогтын Энхтайван /РД:СБ830222714/-ы нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Хэнтий аймгийн Батширээт сумын Барх багт оршин суух, Хөвдүүд овогт Намсрайн Эрдэнэцогт  /РД:СБ55010513/, Хуваасай овогт Намсрайн Үржинханд /РД:СБ56042209/ нарт холбогдох,

“бусдын хууль бус эзэмшлээс 93 толгой мал гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч хянаад, 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Э.Энхтайван нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний аав Эрдэнэцогт нь 2010 онд үхэр-16, морь-2, гүү-2, нийт 20 толгой мал тасалж өгсөн. 2010 онд өөрийн нэр дээр малаа тоолуулж “А” данстай болсон. 2010 оны намраас өөрийн болон эцэг, эхийнхээ малыг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 6 жил эхнэрийн хамт маллаж ирсэн. 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр эхнэрийн нуруу нь өвдөж сумын төвийн эмнэлэгт үзүүлэхэд эмч нурууны суулт, муруйлттай байна яаралтай хот явж нурууны зураг авахуулж эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж хэлсэн. Тухайн үед мөнгөний боломжгүй байсан тул сумынхаа бариачид бариулаад 7 хоноод гэртээ очиход ээж Үржинханд нь юу гэж ирсэн юм, зайл, тонилцгоо, бие өвдсөн гэж худлаа хэлээд ажлаас зугтаагаад явлаа гэхэд нь учир байдлаа хэлэхэд хөөгөөд байсан. Бариач хүнд юм өргөж болохгүй, хэвтэх хэрэгтэй гэж хэлсэн. Би 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хэл амаа ололцох гээд гэртээ аав, ээж дээр очиход хэл амаар доромжлоод байхаар нь малаа авья гэхэд чиний мал байхгүй тонилцгоо гээд хөөсөн. Аргаа бараад сумынхаа төлөөлөгчид энэ талаар учир байдлаа хэлээд төлөөлөгчөө дагуулаад малаа авахаар очиход мөн хэл амаар доромжлоод хөөсөн. Мөн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр аав, ээж дээр очоод малаа тасалж аваад эхнэр, хүүхэдтэйгээ амьдармаар байна гэхэд мөн хэл амаар доромжлоод хөөсөн. Хэдэн малаас өөр санхүүгийн ямар ч орлогогүй тул аргагүй эрхэнд шүүхэд хандахад хүргэлээ. Иймд 2016 оны мал тооллогоор үхэр-42, адуу-7, хонь-13, ямаа-31, нийт 93 толгой мал тоолуулсан. Иймд Иргэний хуульд зааснаар дээрх 93 толгой малыг аав Эрдэнэцогт, ээж Үржинханд нарын эзэмшлээс салгаж миний өмчлөлд шилжүүлж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал )

Нэхэмжлэгч Э.Энхтайван нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие аав Эрдэнэцогт, ээж Үржинханд нараас өөрийн эд хөрөнгө болох 93 толгой малаа гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Аав Эрдэнэцогт, ээж Үржинханд нартай ярилцаж өөрийн 93 толгой малаа эргүүлэн авсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ НЬ: 

 

Нэхэмжлэгч  Э.Энхтайван нь хариуцагч Н.Эрдэнэцогт, Н.Үржинханд нарын “хууль бус эзэмшлээс 93 толгой мал гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Э.Энхтайван нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагаасаа татгалзаж гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөхгүй,  хуульд харшлахгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Э.Энхтайваны нэхэмжлэлтэй, хариуцагч  Н.Эрдэнэцогт, Н.Үржинханд нарт холбогдох тэдгээрийн “хууль бус эзэмшлээс 93 толгой мал гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүрэн хэмжээгээр татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч  Э.Энхтайванаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн    70 200 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 35 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35 100 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.   

 

 

ШҮҮГЧ                                    Ж.БОЛДБААТАР