Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 71

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,

улсын яллагч Н.Анхбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баасандорж,

шүүгдэгч Х.Билгүүн, түүний өмгөөлөгч Б.Ариунбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Шарнууд овогт Хүрэлбаатарын Билгүүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201624000304 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Шарнууд овогт Хүрэлбаатарын Билгүүн, 1980 оны 12 дугаар сарын 08-ны Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, дээд боловсролтой, ой зүйч мэрэгжилтэй, Ойн судалгаа хөгжлийн төвийн Мод үржүүлгийн гэрээт инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, охин, хүүгийн хамт Баянзүрх Дүүргийн 3 дугаар хороо 12Б байрны 32 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, УС80120816 тоот регистртэй,

Шүүгдэгч Х.Билгүүн нь 2016 оны 04 дүгээр сарын 02-ны шөнийн 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянзүрхийн товчооны зүүн талын Ногоон зоорийн урд талын замд Хаан банк ХХК-ийн эзэмшлийн 94-54 УНЕ улсын дугаартай Тоёота Премио маркийн автомашиныг жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 5.2-д заасан “Хол, ойрын гэрлийн тусгалын тохироо алдагдсан” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Нямдоржийг мөргөж биед нь хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.Билгүүн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирогчийг эмнэлэгт байх хугацаанд өөрийн сайн дураар 2.4 сая төгрөгийн эмчилгээ хийлгэсэн, баримтгүй 700.000 гаруй төгрөгийн эмчилгээ хийлгэсэн” гэв,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баасандож шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хохирогч Нямдоржийн төрсөн дүү. Манай ар гэрийн зүгээс Нямдорж ахыг олон хоног эрэн сурвалжилж цагдаад мэдэгдэж зарлуулсан. Гэмтлийн эмнэлгээр 3 удаа очсон. Нямдорж ах Дорнод аймаг руу залгасан байсан. Бид гэмтлийн эмнэлгээс Нямдорж ахыг олсон. Биеийн байдлын хувьд баруун гар, хөл нь ажиллагаагүй, идээ гоожоод байна гэж хэлсэн. Хохирлын хувьд сайн мэдэхгүй байна. Би хотод ах хөдөө байгаа учир холбогдож тодорхой мэдсэн зүйл алга байна. Жолоочтой холбогдож чадахгүй байгаа гэсэн. Энэ хүнийг асраад явахад хүндрэлтэй байна. Цаашид ахыг эмчлүүлэхэд 5 сая төгрөг шаардлагатай гэсэн тул цаашид нэхэмжлэх хүсэлтэй байна” гэв,

 

 Хохирогч Б.Баасандорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би Б.Нямдоржийн төрсөн дүү нь юм. Миний хувьд зам тээврийн ослын талаар мэдэх зүйл байхгүй. 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш би  ах, эгч хамаатан садан, найз нөхдийнхөө хамтаар гадуур ахыгаа хайсаар байсан. 2016 оны 04 дугаар сарын 17-ны өдөр гэмтлийн эмнэлэгт дээр очиж ахыгаа зам тээврийн осолд орж хэвтсэн талаар нь мэдсэн. 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш би ахыгаа эгч болон дүү нарынхаа хамтаар одоог хүртэл ээлжлэн  сахиж байна. Ер нь бол биеийн байдал хүнд, юм ярихаараа  энэ тэнд нь оруулж яриад байдаг ба шөнө унтахгүй байгаа. Б.Нямдорж нь эхнэрээсээ салаад 10 гаруй жил болж байна...” гэсэн мэдүүлэг. /хх-26/,

Иргэний нэхэмжлэгч Б.Иваанжав мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Тоёота Премио маркийн 94-54 УНЕ улсын дугаартай  автомашинд ослын улмаас урд салхины шил болон баруун урд их гэрэл хагарсан, баруун урд копуд хонхойсон. Авто машиндаа эвдрэл хохирлын үнэлгээ хийсэн...” гэсэн мэдүүлэг. /хх72-73/,

Иргэний хариуцагч талын Б.Иваанжав мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Тоёота Премио маркийн 94-54 УНЕ улсын дугаартай  автомашиныг би 2014 оны 04 дугаар сарын 29-ний өдөр Хаан банкны барьцаат зээлийн гэрээ байгуулан 2 жилийн хугацаатай худалдаж авсан юм. Улмаар 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр зээлээ төлж дуусган, Хаан банкнаас авто тээврийн үндэсний  төвд тээврийн хэрэгслийг барьцаанаас чөлөөлөх тухай албан бичиг авч одоог хүртэл шилжүүлээгүй байгаа юм. Тоёота Премио маркийн 94-54 УНЕ улсын дугаартай  автомашиныг барих зөвшөөрлийг Х.Билгүүнд өгсөн. Зам тээврийн ослын талаар мэдэх зүйл байхгүй. Ослоос хойш нэг хоногийн дараа манай охин Наранцацрал нь над руу утсаар ярьж мэдэгдсэн юм. Би бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх75-76/,

Насанд хүрээгүй гэрч Б.Энхбилэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Он, сар өдрийг нь сайн мэдэхгүй байна. 21 цагийн орчим Хонхороос гэр рүүгээ харих гээд саарал өнгийн Тоёота Премио маркийн 94-54 УНЕ улсын дугаартай  автомашиныг жолоодоод кабинд би эгч Баярдуламын хамт зүүнээсээ баруун чиглэлтэй явж байтал түс тас гэх чимээ гараад л зогссон.Тэгээд аав ганцаараа машинаасаа буусан. Харин би эгчтэгээ хамт машиндаа сууж байсан. Тэгтэл цагдаа болон түргэн тусламж ирсэн. Тэгээд ээж ирээд бид –ийг авч явсан юм. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Машины аль нэг талаас хүн гарч ирсэн эсхийг мэдэхгүй . Гэнэт л түс гэх чимээ гараад л зогссон. Машины урд салхины шил л хагарсан байсан. Өөр зүйл анзаараагүй. Машины хойд талын суудалд эгчийнхээ хамт сууж явсан...” гэсэн мэдүүлэг. /хх-84/,  

Насанд хүрээгүй гэрч С.Баярдулам мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 04 дүгээр сар 02-ны орой 21 цаг өнгөрч байхад Налайх дүүргийн нутаг Хонхороос гэр рүүгээ  харих гээд аав Х.Билгүүн нь Хаан Банкны нэр дээр байдаг мөнгөлөг өнгийн Тоёота Премио маркийн 94-54 УНЕ улсын дугаартай  автомашиныг жолоодон кабинд би эгч Баярдуламын дүү Б.Энхбилэг хамтаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг товчоо орох замд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй, нэгдүгээр эгнээгээр яг хэдэн км/ц-ийн хурдтай байсныг нь сайн мэдэхгүй гэх ба явж байтал гэнэт түс тас гэх чимээ гараад л машин нэг юм мөргөх шиг болоод зогссон. Тэгээд аав маань машинаасаа ганцаараа буусан харин бид хоёр машинаасаа буугаагүй. Тэгтэл аав маань өөрийнхөө утсаар 102,103-т дуудлага өгсөн. Улмаар эхэлж цагдаа ирээд  дараа нь түргэн тусламж ирж машинд мөргүүлсэн хүнийг авч явсаны дараа ээж ирээд бид хоёрыг авч явсан юм. Машины хойд суудал дээр дүүгийнхээ хамт сууж явсан. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Ослын дараа би дүүгийнхээ хамт машинаасаа буулгүй байж байгаад ээжийг ирэхээр нь машинаасаа дүүгийнхээ хамт буугаад явсан. Аавын машины урд салхины шил нь хагарсан, баруун урд их гэрэл хагарсан, баруун гар талынх нь толь нь сууриараа хагарчихсан байсан. Өөр нээх эвдрэл гэмтэл анзаараагүй. Замын хөдөлгөөн сийрэг байсан. Би машин дотор суугаад явж байхдаа явган зорчигчийг хаанаас гарж ирж байхыг нь анзаараагүй. Гэнэт л түс тас гэх чимээ гарах шиг болоод зогссон. Ослын дараа машин дотроос харахад машины ард талд буюу замынхаа хойд талд хэвтэж байсан. Аав эрүүл машин жолоодож байсан. Цаг агаарын байдал тогтуун, замын гэрэлтүүлэггүй, шулуун тэгш хатуу хучилттай эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээ хуурай асфальтан зам байсан. Машинд мөргүүлсэн хүнд ямар ямар гэмтэл учирсныг би машинаас буугаагүй болхоор мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг. /хх-84/,                      

Шүүх сэтгэц эмгэг судлалын №469 дугаартай дүгнэлт:

Сэтгэцийн онош: DS:F07,2 Тархи  доргилтын дараах хам шинж              

Дүгнэлт: Комиссын гишүүд  дараах дүгнэлтийг санал нэгтэй гаргав.

1 .Б.Нямдорж нь “Тархи доргилтын дараах хам шинж сэтгэцийн эмгэгтэй байна.

2. Уг эмгэг 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эхэлсэн байх боломжтой байна.            

3. Уг эмгэг нь авто ослын улмаас үүссэн байна.                                

4. Б.Нямдоржийн дээрхи сэтгэцийн эмгэг нь цаашид бүрэн төгс эдгэрэх эсэх нь эмчилгээний дэглэм , үр дүнгээс хамаарна гэжээ. /хх86-88/,          

Шинжээчийн №2968 дугаартай дүгнэлт: “...Шинжилгээнд ирүүлсэн Б.Нямдоржийн гэх цусанд 2,7 промилли спиртийн агууламж нь агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-90/,          

Шинжээчийн №4668 дугаартай дүгнэлт:         

1. Нямдоржийн биед зүүн хажуу ховдлын арын эвэр, аалзан бүрхүүлд цус  харвалт, тархи доргилт , баруун атгаал яс , баруун, шилбэ , зүүн дунд чөмөг ясны далд хугарал, эрүүнд зулгаралт, зүүн шанаа, хамар , хэвлийн баруун тал, баруун өвдөгт зулгаралт, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.                                              2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.                             3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.                                                                                                    4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-92/,

Автотээврийн үндэсний төвийн 16-17905 дугаартай дүгнэлт /хх109-111/,

Шинжээчийн №690 дугаартай дүгнэлт:

1. Нямдорж нь шүүх сэтгэцийн эмгэг судлалын эмч нарын хамтарсан дүгнэлтээр “тархи доргилтын дараах хам шинж” сэтгэцийн эмгэгтэй байна. Шүүх эмнэлэг нь сэтгэцийн гэмтлийн зэрэг тогтоохгүй.

2. Шүүх эмнэлгийн №4668 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. /хх168-169/,

1. Техникийн шинжээчийн №307 дугаартай дүгнэлт: 1.Тоёота премио маркийн 94-54 УНЕ улсын дугаартай автомашины жолооч Х.Билгүүн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт 5 ”Гэрэлтүүлэх хэрэгсэл” 5.2-т хол ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан гэснийг зөрсөн байх үндэслэлтэй байна. /Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төв №16/17905/,

2.Явган зорчигч нь Б.Нямдорж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.”Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу 2 тийш сайн харагдах, саадгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна. Мөн дүрмийн 3.9. Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: “өөрийгөө хянаж ,жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. /Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016.04.06 өдөр №2968/,

3.Замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. /хх168-169/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4/, төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-81, 83/, согтолт шалгасан баримт /хх-90/, Х.Билгүүний мэдүүлэг /хх-121/, жолоочийн согтуурал шалгасан баримт /хх-126/, дуудлага шалгасан тэмдэглэл /хх-133-134/, ял шалгах хуудас /хх-138/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-141/, ажлын газрын тодорхойлолт /хх-146/, шинжээчийн дүгнэлт /хх-169/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Прокуророос шүүгдэгч Х.Билгүүнийг 2016 оны 04 дүгээр сарын 02-ны шөнийн 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянзүрхийн товчооны зүүн талын Ногоон зоорийн урд талын замд Хаан банк ХХК-ийн эзэмшлийн 94-54 УНЕ улсын дугаартай Тоёота Премио маркийн автомашиныг жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 5.2-д заасан “Хол, ойрын гэрлийн тусгалын тохироо алдагдсан” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Нямдоржийг мөргөж биед нь хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Билгүүнд гэм буруутай үйлдэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Х.Билгүүнийг авто тээврийн үндэсний төвийн №16/17905 дугаартай дүгнэлтээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.2-д зааснаар “Хол, ойрын гэрлийн тусгалын тохироо алдагдсан” заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн боловч уг үндэслэл нь осол гарсан шалтгаан биш гэж шүүх дүгнэлээ.

Учир нь Х.Билгүүний автомашины гэрлийн тохироо алдагдсан  нь гэмт хэрэг үйлдэх санаа зорилго, гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэрийн алинд ч хамаарахгүй ба өөрөөр хэлбэл уг осол гарахад хол ойрын гэрлийн тохиргоо алдагдсан нь осол гарах шалтгаан биш бөгөөд хохирогч Б.Нямдорж нь биеэ хянах чадваргүй согтуу үедээ, замын гарц гарамгүй хэсгээр гарч замын хөдөлгөөнд оролцсон нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Тухайлбал Техникийн шинжээчийн 307 дугаартай дүгнэлтэд Явган зорчигч Б.Нямдорж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.”Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу 2 тийш сайн харагдах, саадгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.

Мөн дүрмийн 3.9. Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: г/”өөрийгөө хянаж ,жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэжээ.

Хохирогч Б.Нямдорж нь өөрийгөө хянах чадваргүй байсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2968 дугаартай дүгнэлтэд дурьдсанаар Б.Нямдоржийн гэх цусанд 2.7 промилл спиртийн агууламж илэрсэн, 2.7 промилл спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэсэн дүгнэлтээр нотлогдож тогтоогдож байна. Дээрх байдлаас дүгнэлт хийхэд явган зорчигч Б.Нямдоржийн шууд буруутай үйлдэл нь тухайн зам тээврийн осол гарах гол нөхцлийг бүрдүүлсэн байна гэж шүүх үзлээ.

Иймд тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж шүүгдэгч Х.Билгүүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

 

Хэдийгээр хохирогч Б.Нямдоржид уг ослын улмаас хүнд гэмтэл учирсан боловч уг осол нь хохирогч Б.Нямдоржийн өөрийн шууд буруутай үйлдлийн улмаас улбаатай гарсан хор уршиг тул түүний хууль ёсны төлөөлөгчийн цаашид гарах зардлыг нэхэмжлэх тухай асуудлыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.

Харин Х.Билгүүн нь хохирогч Б.Нямдоржийг эмнэлэгт хэвтэж байх хугацааны бүх зардлыг өөрийн зүгээс, сайн дураар нөхөн төлж нийт 2.400.000 төгрөг баримттай, 700.000 орчим төгрөг баримтгүйгээр зарцуулсан болохыг дурьдах нь зүйтэй.  

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248.1.1, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.6, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Шарнууд овогт Хүрэлбаатарын Билгүүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Х.Билгүүнийг цагаатгасугай.   

2. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 94-54 УНЕ улсын дугаартай Тоёота премио маркийн  автомашины баруун гар талын тольны хагархайг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй болохыг дурьдаж, хэрэгт хураагдан ирсэн №166384 дугаартай Х.Билгүүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай.

           3. Х.Билгүүнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.

 

4. Х.Билгүүн нь хохирогч Б.Нямдоржид сайн дураар 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг төлсөн болохыг дурьдсугай.

 

            5. Цагаатгах тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

            6. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд цагаатах тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Билгүүнд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ШИНЭБАЯР