| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зүмбэрэллхамын Шүрэнчулуун |
| Хэргийн индекс | 169/2021/0003/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/04 |
| Огноо | 2021-01-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Хаш-Эрдэнэ |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Шүрэнчулуун даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат
Улсын яллагч Г.Хаш-Эрдэнэ
Шүүгдэгч Ж.З нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Зт холбогдох эрүүгийн 20220000000150 тоот хэргийг 2020 оны 12 сарын 16-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ..........сарын .........-ны өдөр Дундговь аймгийн ........... төрсөн, .... настай, эрэгтэй, ...... боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-2, .............. баг, .................. тоотод оршин суудаг, ........................... ажилтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, Т овгийн Ж З //
Шүүгдэгч Ж.З нь / яллах дүгнэлтэнд дурдсанаар/ 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг, 109 дүгээр байрны 03 тоотод Х.С маргалдаж, түүнийг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Ж.З шүүхийн хэлэлцүүлэгт “...2020 оны 11 сарын 28-ний өдөр 2 цагийн үед тусгаарлах байранд хоол өгчхөөд явж байсан А залгаад ирээд эмнэлэг рүү хоол хүргээд өгөөч гэсэн. Тэгэхээр нь очсон чинь нэг залуутай хамт байсан намайг гутлаа тайлаад орж ирээд суу хоол болохоор танилцъя гэсэн тэгээд танилцсан чинь гар бариад тавихгүй байсан. Тэгэхээр нь гар тавь гэсэн чинь 2, 3 удаа пизда, гичий гэж хараасан. Тэгээд манай аавыг таньдаг юм байна лээ. Тэгээд аав чинь тийм хүн байсан чи одоо сумын тамгын газарт ажиллаад хэдэн төгрөг авч байна гэхээр нь 420.000 төгрөг гэсэн чинь намайг дагаад том тэрэг барих уу гэхээр нь танихгүй хүн дагахгүй гэснээс болж маргалдаад муудалцсан гэв.
- Шүүгдэгч Ж.З мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ‘’...2020.11.28-ны өдөр намайг Мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвд хоол хүргэж өгчхөөд ах Лхгава-Очирын гэрт очоод хоол идээд байж байтал Ц.А утсаар залгаад чи завтай байна уу, манайд ирээд хоол хүргээд өгөөч гэхээр нь хаана байгаа юм бэ гэхэд гэртээ байна гэхээр нь өдөр 15 цагийн үед Сайнцагаан сумын 7-р баг 109-р байрны 3 тоотод байх Агийн гэрт ганцаараа очсон юм. Тэгээд гэрт нь ортол буйдан дээр А, бас нэг танихгүй эрэгтэй хоёр хамт сууж байсан. Архи уусан гэмээр хараа нэртэй архины шил гэрт нь байсан. Намайг гутлаа тайлаад наашаа хажууд суу гэсэн. Би гутлаа тайлаад тэр залуугийн хажууд суусан. Тэр залуу танилцъя гэхээр нь би танилцсан. Өөрийгөө С том машины жолооч гэж хэлж байсан. Миний гарыг бариад өөр рүүгээ 2-3 удаа татаад байхаар нь би зүгээр суу гэж хэлсэн. Надаас ямар ажил хийдэг вэ гэхээр нь би Сайнцагаан сумын Засаг даргын жолооч гэж хэлсэн. Сард хэдэн төгрөгийн цалин авдаг юм бэ гэж асуусан. Би 400.000 төгрөг гэж хэлтэл чи ийм бага цалин авч байхаар намайг дагаад том тэрэг барих юм уу гэж хэлсэн. Би хүн дагаж явахгүй энэ ажлаа хийнэ гэж хэлсэн юм. Тэгээд миний баруун мөрөн дээрээс С өөр лүүгээ татаад байхаар нь зүгээр суу гэж хэлтэл чи ахыгаа танихгүй байна ах нь халх 4, шавь 5 гэсэн утгатай зүйл хэлэхээр нь би юм ярихгүй гээд 00-ын өрөө ороод гартал ирээд хажууд суу гэхээр нь би суусан. Тэр залуу намайг пизда минь гэж хэлхээр нь би уурлаад тэр залуугийн зүүн нүд рүү нь гарынхаа ар хэсгээр нэг удаа алгадсан. Дараа нь барилцаж аваад бид 2 газар ноцолдоод би босож ирээд тэр залуугийн зүүн нүд рүү нь хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Мөн нуруу руу нь бас хөлөөрөө өшиглөсөн юм. А голоор орж ирээд салгасан юм. Тэгээд би гэрээс нь гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-39-42/
- Хохирогч Х.Сын: ‘’...2020.11.28-ны өдөр би гэрээсээ гараад найз Агийн гэрт нь очсон юм. Тэгээд гэрт нь очоод Атай хамт хоорондоо ярилцаад нэг шил хараа нэртэй 0.75 л архийг хувааж уугаад байж байтал өдөр 17 цагийн үед гаднаас нэг танихгүй залуу орж ирсэн. Тэр залуу Аг таньдаг байсан юм байна лээ. Тэр залуу орж ирээд миний хажууд суусан. Тэгээд шууд л намайг хардаад зодсон. Миний зүүн талын нүд рүү гараараа 2-3 удаа цохисон. Мөн нуруу руу хөлөөрөө өшиглөж зодсон. Би өөдөөс нь ямар нэгэн үйлдэл хийгээгүй, хөдлөөгүй зүгээр сууж байгаад л зодуулсан юм. Тэгээд А цагдаад дуудлага өгсөн юм. Тэр залуу намайг Атай хардаад зодсон байх гэж бодож байна. Тэр З нь Аг зүгээр байлгадаггүй мөн гэрийн гадаа нь байнга л ирдэг юм билээ. Урьд өмнө нь Атай үерхэж байгаад салсан юм билээ. Би архи уусан байсан. Тэр залуу эрүүл байсан байх. Би тэр залууд чи Аг ингэж дарамталж болохгүй битгий утас руу нь залгаад бай гэж хэлсэн өөр ямар нэгэн зүйл огт хэлээгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу шийдүүлнэ...’’ гэх мэдүүлэг /хх-6-8/
- Гэрч Ц.Агийн: “...2020.11.28-ны өдөр намайг гэртээ байж байхад манай найз С ирсэн. Тэгээд Стай хамт гэртээ жаахан юм яриад суугаад Хараа нэртэй 0.75 л архи хувааж уугаад байж байтал гаднаас манай гэрт З орж ирсэн. Тэгээд гэрт орж ирээд Х.Сыг шууд л үгийн зөрүүгүй зодсон. Сг зүүн нүд рүү нь гараараа цохиод хөлөөрөө өшиглөсөн, яагаад зодсоныг би мэдэхгүй байна. С ганц нэг үг хэлсэн л байх зүгээр бай битгий ингэж болохгүй гэж хэлсэн байх. Айлд шууд орж ирээд зүгээр сууж байсан хүнийг зодсон. Ер нь бол З намайг зодоод шүүхээр 2 удаа орж ял шийтгүүлж байсан юм. Би урьд өмнө нь энэ З гэх залуутай найзалж байгаад салсан юм. Одоо надад ямар нэгэн гэр бүлийн харилцаа, хамаарал байхгүй. Дандаа л манай гэрийн гадаа намайг отоод байж байдаг хүн байгаа юм. Би Зыг дуудаагүй, тэр залуу өөрөө манай гэрт ороод ирсэн. Тэр залуу их худлаа ярьдаг хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-09-11/
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 сарын 01-ний өдрийн 251 дугаартай: “Х.Сын биед нүдний эвэрлэгийн цус хуралт, зовхи, чих, нуруу, мөр, бугалга, цээжинд цус хуралт, мөр, цээж, хэвлийд зулгаралт, хацар шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Зүүн мөрөнд үүссэн цус хуралт гэмтэл нь хуучин гэмтэл байна. Бусад гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хохирол тогтоох боломжгүй” гэсэн дүгнэлт /хх-22-23/
- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх2-3/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-45/
- Шийтгэх тогтоолын хуулбар /хх-47-56/
- Ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 58/
- Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Ж.З нь 2020 оны 11 сарын 28-ны өдөр хохирогч Х.Сыг зодож бие махбодод нь халдсан үйл явдал болсон болох нь тогтоогдож байна.
Хохирогч Х.С нь шүүгдэгчид зодуулсны улмаас эрүүл мэндэд нь нүдний эвэрлэгийн цус хуралт, зовхи, чих, нуруу, мар, бугалга, цээжинд цус хуралт, мөр, цээж, хэвлийд зулгаралт, хацар шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан, уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа болох нь шинжээч эмчийн 2020 оны 12 сарын 01-ний өдрийн 251 дугаартай дүгнэлт болон бусад баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Зын үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ж.Зыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ж.Зын үйлдэлд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газарт жолоочоор ажилладаг болох нь хавтаст хэргийн 58 дугаар хуудсанд авагдсан тодорхойлолтоор нотлогдож байх бөгөөд “ажлаа хийх боломжоор хангаж, торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн шүүгдэгчийн хүсэлтийг хүлээн авч шүүгдэгч Ж.Зт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.
Шүүгдэгч нь өмнө нь 2019 онд, мөн 2020 онд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг харгалзан шүүх 1300 /нэг мянга гурван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1300000 /нэг сая гурван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ж.З шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.
Хохирогч Х.С нь шүүгдэгч Ж.Заас хохирол төлбөр нэхэмжлээгүй тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул хохирогч Х.Сыг цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг зааж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Т овгийн Ж Зыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т овгийн Ж Зт 1300 /нэг мянга гурван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1300000 /нэг сая гурван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.З нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Э.З нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгч Ж.З бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.С нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ж.Заас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Зт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ З.ШҮРЭНЧУЛУУН