| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2017/00277/И |
| Дугаар | 373 |
| Огноо | 2017-06-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 373
2017 оны 06 сарын 22 өдөр Дугаар 156/ШШ2017/00373 Хэнтий аймаг
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2017/00277/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Тээвэрчдийн 4-6 тоотод оршин суух, Цоохор овогт Бадамдоржийн Цэнд-Очир /РД:СБ77111811/-т холбогдох
“зээл, зээлийн хүүд 4 191 932 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан” нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Б.Цэнд-Очир нь 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 5 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар, 0.25 хувийн хүүтэйгээр 09 тоот гэрээ байгуулж авсан юм. Тухайн зээлийг зээлийн гэрээнд зааснаар сар бүр төлж 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөгийн зээл, 300 000 төгрөгийн хүү төлж дуусгах байснаас графикт хугацаанд төлөхгүй 3 826 500 төгрөгийн зээл, 273 596 төгрөгийн алдангийн хугацаа хэтрүүлээд байна. Иймд иргэн Б.Цэнд-Очироос төрийн мөнгө болох 3 826 500 төгрөгийн зээл, 273 596 төгрөгийн хүү, 91 836 төгрөгийн алданги, нийт 4 191 932 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал )
Энэ хэрэгт төрийг төлөөлж оролцож буй прокурор Д.Отгонтуяа нь шүүхэд гаргасан тайлбартаа: Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн нэхэмжлэлтэй, иргэн Б.Цэнд-Очироос 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 08 дугаартай зээлийн гэрээний дагуу 4 191 932 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчээр нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцоно. Хариуцагч Б.Цэнд-Очир нь 4 191 932 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах талаар шүүхэд бичгээр тайлбараа гаргасан байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх-ийн 16х/
Хариуцагч Б.Цэнд-Очир нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан”-гаас нэхэмжилсэн 4 191 932 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг хэсэгчлэн төлж, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэжээ /хх-ийн 15х/
Шүүх хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан”-нь хариуцагч Б.Цэнд-Очир холбогдуулан зээл, зээлийн хүүд 4 191 932 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.Цэнд-Очир нь Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан”-гаас 5 000 000 төгрөгийн зээл авсан болох нь 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 08 дугаартай зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 4-8/, хариуцагчийн тайлбар /хх-ийн 15х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Цэнд-Очир нь хүлээн зөвшөөрч 4 191 932 төгрөгийг 2017 оны 07, 08, 09, 10 дугаар саруудад хэсэгчлэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийг дээрх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Ийнхүү нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар явуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Цэнд-Очирт холбогдох зээл, зээлийн хүүд 4 191 932 /дөрвөн сая нэг зуун ерин нэгэн мянга есөн зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжийн төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР