Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/06

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Шүрэнчулуун даргалж тус  шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн  хуралдаанд

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

Улсын  яллагч Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Бд холбогдох эрүүгийн 2022000000136 тоот  хэргийг 2020 оны 12 сарын 24-ний өдөр хүлээн авч хэлэлцэв. 

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...............  өдөр ...................... төрсөн, .. настай, эрэгтэй, ..............  боловсролтой, ........... мэргэжилтэй, ..........................  оршин суудаг, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, Д овгийн С Б /РД........

 

Шүүгдэгч С.Б нь / яллах дүгнэлтэд дурдсанаар/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг дэвсгэрт иргэн Н.Эт агсам тавьж, улмаар биед нь халдаж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн ухархайн ханын доод хугарал, зүүн нүдний алимын салстын цус хуралт, зүүн доод 2-р шүдний сулрал, дээд доод уруулд шарх, зүүн зовхи, хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Т бид 2 айлд архи ууж байгаад Этэй уулзаж, цуг 3-уулаа архи ууя гээд Сийнд очиж уух гэсэн хөөгдөөд гарсан. Тэгээд            Сыд очоод Ттай маргалдаж байтал Э дундуур орж ирээд боль гээд байхаар нь чамд хамаагүй гээд Эийн нүүрэн тус газарт 2 цохиод, гадаа гараад 1 өшиглөсөн гэв.

- Шүүгдэгч С.Б мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: ‘’... Би 2020.10.23-ны өдөр хөдөө гэртээ мал дээрээ байж байтал найз Т, А, Ш нар Өвөрхангай аймгийн Сант сумаас адуу авахаар явж байна гээд манайд нэлээн согтуу ирсэн. Тэр гурав 0.75 граммын хар экс нэртэй архи 2 шилийг авч ирээд дөрвүүлээ хувааж уусан. Тэгсэн манай найз Т би архи уусан согтуу байна Сант сум орохоо болилоо гээд Сайхан-Овоо сум руу буцсан. Тэгэхээр нь би тэр гуравтай хамт Сайхан-Овоо сум орж Т дэлгүүрийн гадна байж байтал Аий эхнэр О ирээд А, Ш хоёрыг аваад явсан. Т бид хоёр дэлгүүрээс 4 шил архи, 2 том пиво аваад бид хоёр архи ууж байгаад сумын урд лагерт Сийн гэрт очоод хамт архи ууя танайд хоноё гэсэн чинь би гэртээ архи уулгахгүй гээд хөөсөн. Тэгэхээр нь бид хоёр тэндээс гараад Эийн очиж Эийг аваад эргээд Сийнд очиж бөөнөөрөө архи ууя гээд архи, пиво, ундаатай гаргаж ирсэн чинь С би гэртээ архи уулгамааргүй байна гээд Т, Э бид гурвыг гэрээсээ хөөсөн. Тэгэхээр нь бид 3 Сгийн гэрт очиж архи, пивоо хувааж уусан. Тэгсэн Т намайг чи Сийнд очиж архи ууж хамт хоносонгүй арчаагүй пизда гээд бид хоёр хооронд маргалдсан. Тэгсэн Э бид 2-ын дундуур орж та хоёр хоорондоо битгий маргалдаад бай нэг ангижав байж хоорондоо муудалцлаа гээд намайг хорьсон. Тэгсэн Т гэрээс гараад явсан. Тэгэхээр нь би Эийг чамд хамаагүй гээд нүүр лүү нь 2-3 удаа гараараа цохисон чинь С намайг хорьсон. Би Сийг цааш нь түлхээд Эийг гэрээс чирч гаргаад дээрээс нь нэг удаа өшиглөсөн. Тэгсэн С намайг хориод Э явсан. Тэгээд би Тыг машиндаа унтаж байхаар нь сэрээгээд явах гэтэл сэрэхгүй байхаар нь явган алхаад Э ахынд очиж унтсан. Тухайн үед Эийн нүүр нь хавдсан, уруулаас нь цус гарч байсан. Би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хуулийн дагуу арга хэмжээ авахад татгалзах зүйлгүй. Би хохирол барагдуулаагүй, эмчилгээний зардал өгөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-36-67/

- Хохирогч Н.Эийн: ‘’...2020.10.23-ны шөнө 23 цагийн үед гэртээ байхад Т манай гэрийн хаалгыг нүдсэн юм. Тэгэхээр нь би хаалгаа нээж өгөөгүй. Тэгсэн Божиго /Б/ манай гэрийн хаалгыг нүдээд Божиго нь байна анги жаваа хаалгаа нээ гэсэн. Би хаалга нээтэл Б, Т хоёр нэг шил архи, нэг том пивотой манай гэрт орж ирээд бөөнөөрөө хамтдаа танай дүү Сийнд очъё гээд намайг аваад Сийнд 23 цагийн үед манай дүүгийнд очтол манай дүү 3 хүүхэдтэйгээ байсан. Тэгээд наад архи уудаг газраа очиж уу би уухгүй гээд гэрээсээ явуулсан. Тэгээд Сгийнд очиж архи ууна гээд 24 цагийн үед очоод С, эхнэр С хоёртой хамт архи, пиво уугаад байж байснаа Т, Б хоёр хоорондоо муудалцаж хэрэлдсэн. Тэгсэн Т гэрээс гараад машиндаа ороод унтсан. Тэгсэн Б намайг “чи надад аяга цай чанаж өгч чадах уу, чи нөхрөө үхүүлсэн, би чамайг шаана” гээд хэл амаар доромжлоод байсан. Би дуугүй байсан, тэгсэн Б намайг баруун гараараа 2-3 удаа миний зүүн шанаа руу цохисон чинь би доошоо нүүрээ дараад ойчсон. Тэгсэн босоод ир гичий минь гээд миний цамцнаас дээш татсан. Тэгсэн С голоор орж Быг хорьсон чинь Сг цааш нь түлхээд миний энгэрээс заамдаад гэрээс гаргаад унагаж байгаад миний дээрээс дэвссэн. Надаас дуу гарахгүй байсан. С Быг хориод намайг зугтаа гэсэн. Би тамхины асаагуурын гэрэл тусгаад тэр хашаанаас дүү Сийнд очоод эмнэлэг орж үзүүлсэн асуудал болж өнгөрсөн. Миний толгой өвдөж байна, миний нүүр ам хавдаж хөхөрсөн. Хэвлий, аюулхай орчимд эмзэглэлтэй хөндүүрлэсэн. Би биеэ эмчлүүлж үзүүлмээр байна. Эмчилгээний зардал 2 сая төгрөг нэхэмжилж байна...’’ гэх мэдүүлэг /хх-11-12/

- Гэрч С.Сгийн: “...Би тухайн өдөр гэртээ унтаж байхад шөнө 23 цагийн үед машинтай хүн ирсэн. Хаалга нүдээд байхаар нь манай эхнэр С хаалга тавьж өгсөн. С.Б, Н.Э, Б.Т нар нэлээн халамцуу манай гэрт орж ирсэн. Б өврөөсөө 75 граммын архи, сэрүүн гэсэн бичиглэл бүхий том пиво гаргаж ирээд манай эхнэр болон тэр гурав бид тав хувааж уусан. Манай эхнэр архи уугаагүй, Б, Т нар архи ууж чадахгүй асгалаад байсан. Тэр архи, пиво ууж дуусаад тэр хэд манай гэрээс гараад явсан. Төд удалгүй Эийн хацраас нь цус гоожсон, нүүр нь хавдсан байдалтай гэрт ороод ирсэн. Юу болсон талаар тодруулж асуухад Б намайг зодоод алах нь гэсэн. Араас нь Б, манай эхнэр С хоёр гэрт орж ирсэн. Би Эийн дүү С рүү утсаар залгаж эгчийгээ ирж ав гэсэн чинь харанхуй шөнө хүүхдүүдээ орхиод авч чадахгүй гэсэн. Тэгэхээр нь би Бд яаж байгаа юм эмэгтэй хүн зодоод гэсэн чинь “энэ муу пиздаг ална, нөхрөө амьд байхад надтай явалддаг байсан” гээд Эийн өөдөөс дайраад байсан...” гэх мэдүүлэг  /хх-13-14/

- Гэрч Б.Сийн: “...Э, Б хоёр хоорондоо муудалцаж Б Эийн нүүр лүү 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь Быг эмэгтэй хүн битгий зодоод бай гээд хорьсон. Тэгсэн Б  намайг түлхсэн тэгээд тэр хоёр арай гайгүй болоод хоорондоо юм яриад байж байхаар нь би 00 орж бие засаад гэр рүү орох гэтэл Т машинтайгаа эргээд хашаагаар орж ирсэн. Тэгсэн машины гэрэлд Б, Э хоёр манай гэрийн баруун өмнө зодолдож байсан. Б Эийн зүүн шанаа руу нэг удаа цохисон чинь Э газар ойчсон, тэгсэн Б нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь очоод Быг хориод Эийг бушуу хурдан яв гээд Бын дээлний бүснээс  зуураад үлдсэн. Тэр хоёрыг юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Эийн нүүр нь хавдсан, зүүн хацар нь зулгараад цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-15-16/

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 сарын 10-ны өдрийн 239 дугаартай: “Н.Эийн биед зүүн ухархайн доод ханын хугарал, зүүн нүдний алимын салстын цус хуралт, зүүн доод 2-р шүдний сулрал, дээд доод уруулд шарх, цээж, хэвлий, зүүн хацар, зүүн зовхи, хамрын нуруу, зүүн шанаа, зүүн бугалгад цус хурал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 2020.10.24-нд бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Н.Эийн биед үүссэн зүүн ухархайн доод ханын хугарал, зүүн нүдний алимын салстын цус хуралт, зүүн доод 2-р шүдний сулрал, дээд доод уруулд шарх, зүүн зовхи, хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэг, цээж, хэвлий, хамрын нуруу, зүүн шанаа, зүүн бугалгын цус хуралт гэмтэл нь тус тусдаа болон нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн дүгнэлт /хх-25-26/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбарууд  /хх-44, 45-52/

- Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

           Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч С.Б нь 2020 оны 10 сарын 23-наас 24-нд шилжих шөнө хохирогч Н.Эийг зодож бие махбодод нь халдсан үйл явдал болсон болох нь шүүгдэгч С.Бын шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Эийн мэдүүлэг, гэрч С.С, Б.С нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч Н.Э нь шүүгдэгчид зодуулсны улмаас биед нь зүүн ухархайн доод ханын хугарал, зүүн нүдний алимын салстын цус хуралт, зүүн доод 2-р шүдний сулрал, дээд доод уруулд шарх, цээж, хэвлий, зүүн хацар, зүүн зовхи, хамрын нуруу, зүүн шанаа, зүүн бугалгад цус хурал гэмтэл учирсан бөгөөд зүүн ухархайн доод ханын хугарал, зүүн нүдний алимын салстын цус хуралт, зүүн доод 2-р шүдний сулрал, дээд доод уруулд шарх, зүүн зовхи, хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэг, цээж, хэвлий, хамрын нуруу, зүүн шанаа, зүүн бугалгын цус хуралт гэмтэл нь тус тусдаа болон нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй болох нь шинжээч эмчийн 2020 оны 11 сарын 10-ны өдрийн 239 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна.

Шүүгдэгч С.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.Б нь Сүхбаатар дүүргийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 133Б дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /1986 оны/ Тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 275 дугаар зүйлд зааснаар 5 жилийн хорих ялаар, Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 9 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан нь шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

            Шүүгдэгч С.Бын үйлдэлд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч С.Б шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Быг гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсон учраас хохирогч Н.Эийн баримтаар нэхэмжилсэн 732.724 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Н.Эт олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлээгүй зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг зааж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д овгийн С Быг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн шүүгдэгч С.Баас 732.724 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Эт олгосугай.  

5. Шүүгдэгч С.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогчоос гаргаж өгсөн CD 1 ширхэгийг хэрэгт хавсаргахыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Э нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.Баас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.  

7. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчин төгөлдөр болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн  өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор Дундговь аймгийн  Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.ШҮРЭНЧУЛУУН