| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2021/0193/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/01 |
| Огноо | 2021-12-22 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Г.Баясгалан |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/01
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,
Улсын яллагч Г.Баясгалан,
Шүүгдэгч Д.Ж, түүний өмгөөлөгч Д.Март нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын Г.Баясгалангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогтой Д.******* холбогдох эрүүгийн 2102 00040 0239 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2003 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, ................... ХХК-д мужаан ажилтай, ам бүл 6, аав, ээж, дүү, 2 ах нарын хамт *******, ******* тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй,
РД:..................., ******* овогт Д.Ж.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Д.Ж нь 17 нас 11 cap 27 хоногтой байхдаа буюу 2021 оны 03 дугаар сарын 12-наас 13-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд ......................... тоотын гадна өөрийн авга ах Х.Дыг “аав Х.Д, ах Х.А нарыг гэмтээсэн” гэх шалтгааны улмаас нүүрэн тус газарт нь өшиглөх, төмөр трубагаар нуруу, мөр хэсэгт нь цохих зэргээр халдаж “баруун нүдний салст, склерын шарх, дотор агуулагдахууны эвэрлэлт, 1 нүдний хараагүйтэл, баруун 5,6-р хавирганы хугарал, зүүн шуу, зүүн даланд зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарагдан холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэмт хэргийн талаар дараах байдлаар мэдүүллээ. Үүнд:
Шүүгдэгч Д.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Ахыг маань хутгалчихлаа гэж сандарсан болохоор нуруу руу нь трубагаар цохисон. Х.Д ах хойшоо унахад нь манай ах хүлсэн. Тэгээд Х.Д ах дахиад босоод ирэхээр нь санаандгүй өшиглөсөн. Гэрт ороод байж байхад 2 цагдаа гаднаас ороод ирсэн...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс шүүгдэгчийн гэм буруу болон бусад асуудлын талаар дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.
Хохирогч Х.Д нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Миний бие өвчтөй аавыгаа сахиад 2 уулахнаа байдаг юм. 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр аавын бие муудаад байхаар нь би өөрийн төрсөн ах Д руу залгаад аавын бие муу байгааг хэлээд хүрээд ирээрэй гэж хэлсэн. Тэгтэл 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 14 цагийн үед Д ах Портер машинтайгаа ганцаараа ирэхээр нь хоол унд хийж өгөөд Д ах ирэхдээ авчирсан 1 шил 0.5 литрийн хараа архийг хоёулаа хувааж ууж дуусгаад дахиад би 1 шил 0.5 литрийн “Хараа” нэртэй архи дэлгүүр орж аваад тэрийгээ уугаад сууж байтал 20 цагийн үед Б эгч 3 хүү М, А, Ж нарын хамт ирээд аавын биеийг асуугаад 30 орчим минут сууж байгаад гараад явсан. Ингээд Д ахын эхнэр хүүхдүүд нь гараад 30-аас 40 минутын дараа л байх Д ах өвчтөй хэвтэрт байгаа аав руу маань “намайг жоохон байхад та ээжийг зоддог байсан, ээж бид хоёр малаа маллаад хоёулаа байдаг. Та гэртээ ирдэггүй, сардаа 1 байна уу 2 хоног л гэртээ байдаг байсан. Та одоо үх, үхсэн нь дээрээ” гэхээр нь би “болохгүй ахаа та битгий ийм илүү дутуу юм яриад бай, өнгөрсөн. Бид нар ч мэдэхгүй юмыг битгий яриад бай” гэсэн чинь намайг “чи гэрээсээ хөөгдөж ирчихээд юу яриад байгаа юм бэ” гэхээр нь би зүгээр аавыгаа харахаар ирсэн болохоор уур хүрээд нүд рүү нь нэг удаа цохисон чинь Д ах утсаа гаргаж ирээд “би чамайг хүүхдүүдээрээ алуулна” гээд залгаад дуудахаар нь би айсандаа шууд гэрээсээ гараад зугтаагаад хойд амралтын хашаан дотор ороод сувилалын байшингуудын араар ороод нуугдаад байж байтал 30 орчим минутын дараа Дын эхнэс Б, хүүхдүүд болох М, А, Ж нар ирээд намайг хайгаад машинтайгаа ойр хавиар тойроод яваад байхаар нь би цагдаад дуудлага өгөөд “намайг хүмүүс зодох гээд хайгаад байна” гэж хэлэхэд “бид нар Тэрэлж рүү дуудлаганд явж байна буцахдаа танайхаар яваад оръё” гэж хэлсэн. Тэгээд тэд нарыг холоос хараад байж байтал нөгөө хэд намайг хайж байснаа М нь Портероо бариад нөгөө хэд нь жижиг суудлын машиндаа суугаад бүгдээрээ яваад өгөхөөр нь би гэртээ 22 цагийн үед яваад ортол аав ганцаараа хэвтэж байхаар нь цай хийж өгөөд “Д агсам тавиад байна” гэдгийг хэлэхэд харин тиймээ гэж хэлээд би аавын даавууг нь сольж өгөөд бараг 2 цагийн дараа шахуу 00 цагийн үед болов уу гадаа машин дугархаар нь гэрээс гараад хартал А, Ж нар машинаасаа бууж байхаар нь хараад шууд хойшоо зугтаагаад амралтын газрын хашаа руу гүйж явтал архи уусан согтуу байсан болохоор айхтар зугтааж чадалгүй А миний зүүн талаас, Ж нь баруун талаас барьж аваад А нь намайг хавираад газар унагаад дээрээс дараад суухаар нь би босоод эсэргүүцээд босоод иртэл А дахиад намайг хавираад газар унагаад би сүүлдээ босч дийлэхээ байтал Ж нь амралтын газрын 10 байшингийн ард талд хураалттай байсан турбанаас нэгийг барьж ирээд шууд миний нуруу, хөл хавирга, зэрэг рүү цохиод сүүлдээ турбагаа хаяад толгой руу баахан өшиглөсөн. Тэгээд А нь Жыгаа уяа аваад ир гэж хэлээд машин руугаа явуулаад удалгүй авчираад миний 2 гарыг ард хүлэх гэхээр нь би гуйгаад ахынхаа гарыг ядахнаа урд талд нь хүлчих гэж гуйж байж урдаа хүлүүлэхэд намайг босгоод аавынх руу аваад орж байтал Д машинаасаа бууж ирээд хамтдаа аавын гэр рүү орж ирээд Д миний толгой руу 3-аас 4 удаа цохиод бид нар хүн алдаг хүмүүс, та нар барахгүй аятайхан байгаарай гэж хэлээд байж байтал 2 цагдаа ороод ирсэн. Тэгээд л шууд Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэс дээр авчирсан..." /хх-17-18/ гэх мэдүүлэг,
Гэрч Д.А нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлжийн шинэ гүүрний зүүн талд байдаг манай өвөөгийн бие муу байна гээд манай аав Улаанбаатар хотоос өглөө ирээд араас нь би дүү Жын хамт өвөөгийн гэрт ирсэн чинь манай аав болон аав төрсөн дүү болох Дтай архи уугаад маргалдаад зодолдсон байдалтай байсан. Тэгээд Д ах над руу хутга бариад дайраад би зугтааж явж байгаад унасан чинь Д ах миний дээр гараад намайг зодох гэж байхад нь би урдаас нь хөлөөрөө жийгээд байж байсан чинь манай дүү Ж араас нь татаад унагаагаад ноцолдоод Д ах төмөр турба бариад дайраад тэр турбааг нь гараас нь дүү бид хоёр салгаад, тэгээд гарыг нь хүлээд гэрт оруулж орон дээр сууж байсан чинь цагдаа нар ирээд манай аав болон Д ахын аваад явсан... Манай аавын баруун нүд хавдаж тагларсан, Д ахын зүүн нүдний доод хэсэг сэтрээд цус гарсан байдалтай байсан. Гэрт орж ирэхэд манай аав Дтай зодолдсон гэж хэлсэн. Манай аавыг Д нүдрүү нь хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд хоорондоо зодолдсон гэж хэлсэн...” /хх-24-25/ гэх мэдүүлэг
“....2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр манай өвөө “Хы бие муудаад байна” гээд дуудаад аав Д өглөө 10 цагийн үед яваад араас нь манай дүү Ж, ээж Б, ах М нар 20 цагийн үед явсан. Тэгтэл 23 цагийн үед одоо сайн мэдэхгүй байна манай аав Д над руу залгаад “Д ахтай чинь муудалцаад миний нүд рүү Д цохилоо хүрээд ир” гэхээр нь би дүү Жыг ээжийг Бийнхөөс аваад хамт Налайхын төвөөс гараад шууд Налайх дүүргийн 1 дүгээр хороо Туулын гүүрний цаана байрлах ..................... амралтын хажууд байх өвөө Хы гэрийн гадаа ирээд машинаас буутал Д ах гэрээсээ гараад ирэхээр нь хартал машины гэрэлд гарт нь хутга барьсан урдаас алхаад ирэхээр нь би машинаас буугаад “хутгаа хая” гэхэд хаяхгүй хойшоо эргээд зугтаахаар нь би араас нь хөөж гүйгээд яг хажууд нь очоод хальтраад газар унахад Д ах эргэж хараад миний гуя руу хутгаараа сийчихээр нь би урдаас нь хөлөөрөө тийрээд байж байтал манай дүү Ж ирээд Д ахын мөр рүү турбагаар цохиход Д ах хойшоо унахаар нь би гялс босоод Д ахын гарнаас хутгыг нь авч шидээд дээр нь мордож суугаад Жын өмдний уяаг тайлж аваад 2 гарыг нь хүлээд босгох гэхэд Д ах гараа татаад уяагаа тайлаад дээшээ босох гээд 4 хөллөөд өндийхөд нь Ж дахиад нүүр рүү нь өшиглөөд би дахиад дарж аваад өмднийхөө тэлээг тайлаад дахиж гарыг нь хүлээд гэр рүү аваад ортол араас 2 цагдаа ороод ирсэн...” /хх-27-28/ гэх мэдүүлэг,
Гэрч А.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр манай нөхөр Д Налайх дүүрэгт байх аавыгаа эргэн гээд яваад манай хүүхдүүд болон бид нар ажил ажилдаа явсан. Ингээд 21 цагийн үед ажлаа тараад гэртээ орж ирээд байж байтал манай нөхөр Д над руу залгаад “аавын бие нилээн муудчихаж” гээд согтуу хэл ам нь нилээн ээдэрсэн байдалтай ярихаар нь би бие нь муу байгаа бол ерөөсөө очъё гэж бодоод том хүү М, А, Ж 3-ын хамт ..................... тоот хаягтай аавынхаа гэрт 22 цагийн үед иртэл манай хадам дээрээ хэвтэж байсан ба хэл яриа нь ээдэрсэн архи уусан байдалтай хажууд нь Д, Д 2 бас архи уусан бололтой согтуу мөн ширээн доогуур Хараа нэртэй 0.75 литрийн архины шил харагдаж байсан. Тэгэхээр нь би “ингэж аавыгаа харна гэж юу байдаг юм” гээд хоёуланг нь загнаад 23 цагийн үед харилаа гэж хэлээд гараад .....................эд байдаг хаягийг нь сайн хэлж мэдэхгүй байна миний төрсөн ээж Зилхааны гэрт ирээд цай уучихаад Ж, А нар үлдлээ гэхээр нь орхиод М бид хоёр Улаанбаатар хот руу буцсан. Тэгтэл шөнө 01 цагийн үед байхаа манай нөхөр Д над руу залгаад Д намайг зодоод нүд сохолчихлоо ирээд намайг ав гэхээр нь чамайг авах гэж нааш, цааш явж чадахгүй ээ гэж хэлээд утсаа таслаад А руу залгаад аав чинь Дтай муудсан гэнэ очоод аваад ир гэж хэлээд л унтаад өгсөн. Ингээд өглөө 06 цагийн үед сэрээд А руу залгахад “бид нар бүгдээрээ цагдаагийн хэлтэс дээр байна” гэхээр нь би “за за” гээд ажилтай байсан болохоор ажил руугаа явсан... Ер нь бол 3 уулаа нилээн согтуу байсан. Манай хадам аав Х ер нь бол харвалтаасаа болоод хэл ам нь ээдэрч ярьдаг ч гэсэн намайг очоод биеийг нь асуухад нилээн согтуу бололтой байхаар нь Д, Д нарыг загнаад яагаад аавд архи өгч байгаа юм бэ гэхэд аав өөрөө 2 хундага ууя гэхээр нь уулгасан юм гэж Д, Д нар хэлсэн. Д, Д нар хэл ам нь ээдэрсэн, гуйвч дайвсан байдалтай нилээн согтуу байхаар нь гайхаад гэр орныг нь ажиглахад үүдэнд нь 1 хоосон архины шил, ширээн доор нь дүүрэн шахуу архитай шил байсан. Ер нь бол Д, Д нарыг хараад би бол дотроо 1-с 2 шил архиар тогтохгүй уусан болов уу гэж бодсон...” /хх-44-45/ гэх мэдүүлэг,
Гэрч Д.М нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2021 оны 03 дугаар сарын 12-ны орой 22 цагийн үед ажлаа тараад гэртээ иртэл ээжөвөегийн чинь бие муу байна гэнээ Налайх явъя гэхээр нь зөвшөөрөөд ээж Б 2 дүү А, Ж нарын хамт Налайх дүүрэг Туулын гүүрний хажууд өвөө Хы гэрт ирсэн. Тэгтэл өвөө архи уусан, аав Д, авга ах Д нар архи уусан ба бид нар цай уугаад ойр зуурын юм ярьж байгаад буцаад гэр рүүгээ 23 цагийн үед гараад Налайх дүүрэгт ээжийн ээж Зилехааны гэрээр орж цай уугаад Ж, А нар үлдэнэ гэхээр нь үлдээгээд ээжийн хамт гэртээ ирээд байж байтал 01 цагийн үед аав залгаад намайг зодчихлоо гээд ээжтэй ярьсан. Тэгээд ээж А руу залгаад аавыгаа очоод ав гэж хэлчихээд унтаад өгсөн. Ингээд өглөө 07 цагт босоход Дтай хоорондоо зодолдоод Налайхын цагдаа дээр байна гэж байна гээд хэлж байсан би ч ажилдаа яваад орой нь ирээд болсон асуудлын талаар мэдсэн... Өвөө Х бол харавсан дээрээ нэмээд архи уучихсан хэл яриа нь огт ойлгогдохгүй ээдэрсэн. Д ах аав Д нар бас нилээн согтуу гуйвж дайваад гэрт нь 2-оос 3 шил хараа архины байгаа харагдсан... Д ах хутга бариад гараад А зугтааж байгаад хальтараад унахад нь хутгаараа дээрээс сийчээд байхаар нь Ж очоод өшиглөсөн гэж л хэлсэн Өөр мэдэх зүйл алга. Юунаас болоод яагаад маргалдаж муудалцсаныг ч мэдэхгүй байна...” /хх-50/ гэх мэдүүлэг,
Гэрч Н.У нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2021 оны 03 дугаар сарын 12-оос 13-ны өдрийг хүртэл 24 цагийн хугацаанд Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд 2021 оны 03 дугаар сарын 13-ны шөнө 00 цагийн үед болов уу одоо сайн санахгүй байна жижүүрийн шуурхай албанаас ..................... тоотод согтуу хүмүүс намайг зодох гээд байна гэсэн дуудлага мэдээлэл ирлээ гэсний дагуу шууд Налайх дүүргийн 1 дүгээр хороо Туулын гүүрний хажууд 1-6 тоот хаягт очсон. Гадаа нь машинтай ирээд зогсоход төмөр сараалжин хашаатай голд нь нэг гэр байх ба дотор хүмүүс шуугилдаад байхаар нь шууд яваад ортол гэрийн баруун талын орон дээр содон нэртэй байсан болохоор их сайн санаж байна Д гэж залуу хэвтсэн дээр нь 2 залуу дараад сууж байсан. Тэгэхээр нь боль гээд холдуулаад Д гэгчийг босгоход нүд хавдсан байдалтай 2 гарыг нь хойно нь гараад хүлсэн байсан. Тэгээд Д нь надад хэлэхдээ энэ 2 залуу намайг зодсон нэг нь турбагаар цохисон гэж хэлсэн ба тухайн 2 залуу нь ах дүү 2 байсан ба дүүг нь турбагаар цохисон гэж зааж байсан. Тэгэхээр нь зодолдсон газрыг нь заалгуулахад тухайн хашаанаас хойшоо 200 метр орчим зайтай 2 хашаа даваад амралтын газрын хашаан дотор тэгшхэн талбайд зодолдсон гэж заах ба тэр газар нь нилээн урт турба байсан ба Д энэ турбагаар намайг цохисон гэж хэлсэн харин нөгөө 2 залуугийн том намайг энэ хутгыг барьж хөөсөн гээд заахаар нь харчихаад оролдолгүй буцаад машин дээрээ тухайн хүмүүсийг буюу Д болон ах дүү 2 түүний аав нь гэх эрэгтэй зэргийг цагдаагийн хэлтэс дээр авчираад мөрдөгч БердМад хүлээлгэж өгсөн.... Турба нь бол нилээн урт 2 метр орчим байсан байхаа зэв идсэн бор өнгийн турба байсан. Хутгыг нь бол одоо сайн санахгүй байна модон иштэй богино хутга байсан байх... Би яг байсан газар нь үлдээсэн. Учир нь мөрдөгч ирж үзлэг хийх болов уу гэж бодоод хүрээгүй юм. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр ирээд жижүүрт гарч байсан мөрдөгч БердМад хүлээлгэж өгсөн... Дыг зодсон гэх ах, дүү 2-ын аав нь гэх эрэгтэйгийн нүд нь хавдсан байсан ба ах дүү 2 залуу манай аавыг зодсон гэж хэлж байсан. Мөн тухайн хүмүүсийн аав болон өвөө нь гэх настай хүн орон дээр хэвтэж байсан ба үг ч дуугарахгүй угаасаа хэвтрийн хүн гэж хэлж байсан...” /хх-55/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 184 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2370 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-14/,
Прокурорын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2107 00040 0239 дугаартай тогтоол /хх-99-101/,
Хохирогч Х.Дын гаргаж өгсөн тодорхойлолт /хх-167-168/,
Шүүгдэгч Д.Жын хувийн байдлыг тогтоосон баримт /хх-110-123/
Ял шалгах хуудас /хх-142/ гэх зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* холбогдсон гэмт хэргийн гэм буруутай гэж үзэн улсын яллагчаас : ”Шүүгдэгч Д.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудаар хангалттай тогтоогдож байгаа, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах боломжтой гэж үзэж байгаа гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: ”... Энэ хүүхдийн өөрөө өөртөө дүгнэлт хийж байгаа байдал, Х.Д хүртэл дөнгөж амьдрал нь эхэлж байгаа хүүхдийг мууг нь үзмээргүй байна. Одоо нүдэндээ дассан гэх мэдүүлэг. Мөн шүүгдэгч Д.Жын ар гэрийнхэн хил нээвэл урдаас нүдний бэлдэц авчирч хохирогчийн хохирол төлбөр төлөхийг илэрхийлсэн. Хэдийгээр ял тохиролцсон хэдий ч 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.2, 6.4 дүгээр зүйлд зааснаар түүнд оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг өршөөлийн хуульд дүйцүүлэн хасаж өгнө үү гэсэн гэм буруугийн талаарх дүгнэлтийг гаргажээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн үйлдлийн талаар талуудын шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох: Хохирогч Х.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Ж нь амралтын газрын 10 байшингийн ард талд хураалттай байсан турбанаас нэгийг барьж ирээд шууд миний нуруу, хөл хавирга, зэрэг рүү цохиод сүүлдээ турбагаа хаяад толгой руу баахан өшиглөсөн....” гэх мэдүүлэг, Гэрч Д.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... манай дүү Ж араас нь татаад унагаагаад ноцолдоод Д ах төмөр турба бариад дайраад тэр турбааг нь гараас нь дүү бид хоёр салгаад, тэгээд гарыг нь хүлээд гэрт оруулж орон дээр сууж байсан чинь цагдаа нар ирээд манай аав болон Д ахын аваад явсан... Д ахын зүүн нүдний доод хэсэг сэтрээд цус гарсан байдалтай байсан. Гэрт орж ирэхэд манай аав Дтай зодолдсон гэж хэлсэн “....манай дүү Ж ирээд Д ахын мөр рүү турбагаар цохиход Д ах хойшоо унахаар нь би гялс босоод Д ахын гарнаас хутгыг нь авч шидээд дээр нь мордож суугаад Жын өмдний уяаг тайлж аваад 2 гарыг нь хүлээд босгох гэхэд Д ах гараа татаад уяагаа тайлаад дээшээ босох гээд 4 хөллөөд өндийхөд нь Ж дахиад нүүр рүү нь өшиглөөд би дахиад дарж аваад өмднийхөө тэлээг тайлаад дахиж гарыг нь хүлээд гэр рүү аваад ортол араас 2 цагдаа ороод ирсэн...” гэх мэдүүлэг, Гэрч Н.У нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Налайх дүүргийн 1 дүгээр хороо Туулын гүүрний хажууд 1-6 тоот хаягт очсон. Д гэж залуу хэвтсэн дээр нь 2 залуу дараад сууж байсан. Тэгэхээр нь боль гээд холдуулаад Д гэгчийг босгоход нүд хавдсан байдалтай 2 гарыг нь хойно нь гараад хүлсэн байсан. Тэгээд Д нь надад хэлэхдээ энэ 2 залуу намайг зодсон нэг нь турбагаар цохисон гэж хэлсэн ба тухайн 2 залуун ах дүү 2 байсан ба дүүг нь турбагаар цохисон гэж зааж байсан. Тэгэхээр нь зодолдсон газрыг нь заалгуулахад тухайн хашаанаас хойшоо 200 метр орчим зайтай 2 хашаа даваад амралтын газрын хашаан дотор тэгшхэн талбайд зодолдсон гэж заах ба тэр газар нь нилээн урт турба байсан гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 184 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2370 дугаартай шинжээчийн дүгнэлт, Гэрэл зургийн үзүүлэлт, Хохирогч Х.Дын гаргаж өгсөн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ж нь 17 нас 11 cap 27 хоногтой байхдаа буюу 2021 оны 03 дугаар сарын 12-наас 13-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд ......................... тоотын гадна өөрийн авга ах Х.Дыг “аав Х.Дыг гэмтээсэн” гэх шалтгааны улмаас нүүрэн тус газарт нь өшиглөх, төмөр трубагаар нуруу, мөр хэсэгт нь цохих зэргээр халдаж “баруун нүдний салст, склерын шарх, дотор агуулагдахууны эвэрлэлт, 1 нүдний хараагүйтэл, баруун 5,6-р хавирганы хугарал, зүүн шуу, зүүн даланд зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч нь шүүгдэгч Д.Ж болон гэрч Д.А нарын эсрэг хутга барьж дайран улмаар гэрч Д.Аын хөлийг хутгаараа сийчсэн гэх үйл баримт нь хохирогч Х.Дын мэдүүлэг, хэрэгт авагдсан хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.
Мөн шүүгдэгч Д.Ж нь хохирогчийг турба барьж цохих гэж байхад булааж авсан гэх үйл баримт нь гэрч Д.Аын 2021 оны 03 дугаар сарын 13 ны өдрийн “...би урдаас нь хөлөөрөө тийрээд байж байтал манай дүү Ж ирээд Д ахын мөр рүү турбагаар цохиход Д ах хойшоо унахаар нь ...Д ахыг нэг цохиод л турбагаа шууд шидсэн” гэсэн мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.
Шүүгдэгч Д.******* холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг хангаж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан байна гэж үзэв.
Иймд шүүхээс шүүгдэгч Д.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.******* холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар санал болгосныг шүүгдэгч нь сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд торгох ялыг тохиролцсоны дагуу оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан труба, хутга, хураан авсан өмд зэргийг устгуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.******* Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10000 нэгж буюу 10 000 000 төгрөгийн торгох ялыг шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс 2021 оны 07 дугаар сарын 02 ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 , 6.4 дүгээр заалтанд зааснаар 2 жилийн хорих ялтай дүйцүүлэн өршөөлд хамруулахаар дүгнэлтээ гаргажээ.
Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн өршөөлд хамруулах тухай дүгнэлтийг хянаад шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02 ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд хамаарч байгаа хэдий ч мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан “ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэсэн заалтын дагуу шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн:... Тэр өдөртөө хагалгааны мөнгө өгсөн. Одоо хэл хаагдсан учраас зарим хохирол төлөөгүй байгаа. Хил нээгдвэл нүдийг нь шууд хийж өгнө” гэсэн мэдүүлгээр үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн эсэх нь тодорхойгүй , нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал нь холбогдох баримтаар тогтоогдоогүй зэрэг нөхцлийг харгалзан өршөөлд хамруулах үндэслэлгүй гэж үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогтой Д.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/
хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан труба, хутга, хураан авсан өмд зэргийг устгуулахаар шүүхийн эд мөрийн комисст шилжүүлсүгэй.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД