| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2017/00279/И |
| Дугаар | 375 |
| Огноо | 2017-06-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 375
2017 оны 06 сарын 22 өдөр Дугаар 156/ШШ2017/00375 Хэнтий аймаг
156/2017/00279/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Тариаланчдын 48б-16 тоотод оршин суух, Баян-Овоо овогт Лувсандоржийн Зоригханд /РД:СЙ66022611/-д холбогдох
“зээл, зээлийн хүүд 7 897 425 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан” нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Л.Зоригханд нь 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 10 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар, 0.25 хувийн хүүтэйгээр 03 тоот гэрээ байгуулж авсан юм. Тухайн зээлийг зээлийн гэрээнд зааснаар сар бүр төлж 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 10 000 000 төгрөгийн зээл, 900 000 төгрөгийн хүү төлж дуусгах байснаас графикт хугацаанд төлөхгүй 7 262 000 төгрөгийн зээл, 453 875 төгрөгийн алдангийн хугацаа хэтрүүлээд байна. Иймд иргэн Л.Зоригхандаас төрийн мөнгө болох 7 262 000 төгрөгийн зээл, 453 875 төгрөгийн хүү, 181 550 төгрөгийн алданги, нийт 7 897 425 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал )
Энэ хэрэгт төрийг төлөөлж оролцож буй прокурор Д.Отгонтуяа нь шүүхэд гаргасан тайлбартаа: Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн нэхэмжлэлтэй, иргэн Л.Зоригхандаас 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 03 дугаартай зээлийн гэрээний дагуу 7 897 425 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчээр нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцоно. Хариуцагч Л.Зоригханд нь 7 897 425 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах талаар шүүхэд бичгээр тайлбараа гаргасан байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх-ийн 17х/
Хариуцагч Л.Зоригханд нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан”-гаас нэхэмжилсэн 7 897 425 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэжээ /хх-ийн 16х/
Шүүх хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан”-нь хариуцагч Л.Зоригхандад холбогдуулан зээл, зээлийн хүүд 7 897 425 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Л.Зоригханд нь Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан”-гаас 10 000 000 төгрөгийн зээл авсан болох нь 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 03 дугаартай зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 5-10/, хариуцагчийн тайлбар /хх-ийн 16х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Зоригханд нь хүлээн зөвшөөрч 7 897 425 төгрөгийг 2017.12.31-ний өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн дээрх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Ийнхүү нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар явуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Зоригхандад холбогдох “зээл, зээлийн хүүд 7 897 425 /долоон сая найман зуун ерин долоон мянга дөрвөн зуун хорин тав/ төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжийн төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР