Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/09

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Г.Баясгалан,

Хохирогч Д.Ц,

Шүүгдэгч Ч.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын Г.Баясгалангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогтой Ч.Гад холбогдох эрүүгийн 2107 00000 0269  дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, *******-ны өдөр Орхон аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, *******д ******* ажилтай, ам бүп 6, эхнэр, 4 хүүхдийн хамт .......................................... тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

 

/РД: ...................../, ******* овогт Ч.Г.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/        

 

Шүүгдэгч Ч.Гыг 2021 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .......................................... тоотод өөрийн эхнэр Д.Цтай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, аяга шидэн толгойн тус газарт нь онож “духанд шарх” гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн оролцогчид гэмт хэргийн талаар дараах байдлаар мэдүүллээ. Үүнд:

 

Шүүгдэгч Ч.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Болсон зүйлийг

хэлсэн юм чинь хэлэх зүйлгүй. Д.Ц архи уусан үедээ манай ах дүүсийг элдвээр хэлээд доромжлоод байхаар нь аяга шидсэн...” гэв.

 

Хохирогч Д.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Манай хүн бага зэрэг уусан байсан. Би хэрүүл өдсөн чинь цай ууж байсан аягаа шидчихсэн тэгэхээр нь цагдаа дуудсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс шүүгдэгчийн гэм буруу болон бусад асуудлын талаар дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.

 

            Хохирогч Д.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр...гэртээ байж байх үед А гэх найз залгаад “гараад ирээч хамт нэг пиво ууя” гэхээр нь зөвшөөрч, Аын гэрт очоод 0.5 литрийн Сэнгүр гэх нэртэй пиво 2 ширхгийг ууж дуусгасан...Гэрт ороход Ч.Г “чи хэнтэйгээ архи ууж байгаад ирж байгаа юм” гэхээр нь би “чамд ямар хамаатай юм, чи уугаад би ууж болдоггүй юм уу” гэсэн. Тэр үед нөхөр маань намайг одоо унт гээд байхаар нь би согтуу байсан болохоор Ч.Гыг хэлэх, хэлэхгүй үгээд доромжилсон. Тэгээд Ч.Г уурлаад над руу аяга аваад шидчихсэн, тухайн үед миний толгойн хэсэгт оноод цус гарч эхэлсэн...Цай уудаг сэнжтэй аяга байсан, аяга бол хагараагүй. Ч.Г нь намайг өмнө нь on зодож байгаагүй...” /хх-8/ гэх мэдүүлэг,

Гэрч И.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би замаараа дэлгүүр орж эхнэр, хүүхдүүдэд нь чихэр жимс, дарс аваад мөн 0.33 литрийн Хараа нэртэй архи аваад гэр лүү нь очсон. Тэгээд Ч.Г бид хоёр архиа хувааж уух үед Ч.Г нь унтаад өгсөн. Тэгээд би үлдсэн архиа ганцаараа ууж дуусгачхаад эхнэр Д.Цгаар гэр лүүгээ хүргүүлсэн. Намайг байх үед бол огт хэрэлдээгүй...тухайн өдрийн маргааш нь Д.Ц надад “Ч.Г миний толгойг цохиод хагалчихсан” гэж хэлж байсан...” /хх- 10/ гэх мэдүүлэг

Шүүгдэгч Ч.Гын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...23 цагийн үед сэрэхэд эхнэр гэрт байхгүй байсан. Тэгэхээр нь хөрш болох дүүгийнх рүү нь ороход эхнэр согтуу сууж байсан. Тэгээд би “гэртээ ор” гээд дагуулж ороод “хэнтэй хамт архи ууж байгаад ирж байгаа юм” гэхэд намайг хэл амаар доромжпоод байсан. Би “хүүхдүүдийнхээ хажуугаар ороод унт” гэхэд унтахгүй суучхаад хэрүүл хийгээд байсан. Тэгэхээр нь би уурлаад цай ууж байсан аягаа шидчихсэн, тэгээд толгой хэсэгт нь оноод бага зэргийн цус гарсан...” /хх-26/ гэх мэдүүлэг,

            Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 614 дүгээр шинжээчийн дүгнэлтэд:

  1. Д.Цгийн биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-14-15/ гэх дүгнэлт зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Г холбогдсон гэмт хэргийн гэм буруутай гэж үзэн улсын яллагчаас : ”Шүүгдэгч Ч.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудаар хангалттай тогтоогдож байгаа, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах боломжтой гэж үзэж байгаа гэсэн дүгнэлтийг гаргажээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох : Хохирогч Д.Цгийн  өгсөн: “...Тэгээд Ч.Г уурлаад над руу аяга аваад шидчихсэн, тухайн үед миний толгой хэсэгт оноод цус гарч эхэлсэн...Цай уудаг сэнжтэй аяга байсан, аяга бол хагараагүй. гэх мэдүүлэг, гэрч И.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...маргааш нь Д.Ц надад “Ч.Г миний толгойг цохиод хагалчихсан” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 614 дугаартай дүгнэлт, Шүүгдэгч Ч.Гын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгэхээр нь би уурлаад цай ууж байсан аягаа шидчихсэн, тэгээд толгой хэсэгт нь оноод бага зэргийн цус гарсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Шүүгдэгч Ч.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 01 цагийн орчим .......................................... тоотод өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр Д.Цтай ах дүү нарыг нь доромжиллоо гэх шалтгаанаар маргалдаж, цайны аяга шидэн толгойн тус газарт нь онож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

  

            Шүүгдэгч Ч.Гад холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

             Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг хангаж ирүүлсэн нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан байна гэж үзэв.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Ч.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Ч.Гад холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар санал болгосныг  шүүгдэгч нь сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд уг торгох ялыг тохиролцсоны дагуу оногдуулж 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогтой Ч.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гад 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гад оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шийтгэх тогтоолд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ч.Г нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Х.ГАНБОЛД