Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2019/00247

 

Ж.Бы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШШ2018/00416 дугаар шийдвэр

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 212/МА2018/00106 дугаар магадлалтай

Ж.Бы нэхэмжлэлтэй,

Бьд холбогдох

Иргэний боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоолгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Б, хариуцагчийн өмгөөлөгч А.Кадирбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Б би анх Бийн захирлын 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Ажилд томилох тухай” 25 дугаар тушаалаар тус сургуулийн Иргэний боловсролын багшийн ажилд томилогдсон. 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ажил олгогч намайг ажлаас чөлөөлсөн тул зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар тус шүүхэд хандсан. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 128 тоот шийдвэрээр Ж.Б намайг Өлгий сумын Бийн иргэний боловсролын багшийн ажилд эгүүлэн томилсон. Ажил олгогч 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн “Ажилд томилох тухай” 81 дугаартай тушаалаар иргэний боловсролын багшаар томилсон. Гэтэл тус сургуулийн захирал Х.Хайрат нь надад байнга өс хонзон санаж миний цалин хөлсийг бууруулах, сахилгын зөрчилд арга хэмжээ тооцох зэрэг үйл ажиллагааг байнга явуулж ирлээ. Эцэст сургуулийн захирал Х.Хайрат нь намайг ямар ч шалтгаангүй ажлаас чөлөөлөв. Ажил олгогчийн намайг багшийн үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаалыг дараах хууль зүйн үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1. Ажил олгогч Ж.Б намайг ажилд авахад анх Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулсан.

2. Ж.Б миний ажиллаж байгаа багшийн ажлын байрны орон тоо цомхотгогдоогүй, орон тоог цөөрүүлээгүй.

3. Захирал Х.Хайрат намайг ямар ч шалтгаангүй зөвхөн үзэл бодлоор хавчин гадуурхан ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Ж.Б би ажил олгогчийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 19 тоот тушаалыг хууль бус эрхийн акт гэж үзээд өөрийн зөрчигдсөн хөдөлмөрлөх эрхийг сэргээлгэхээр шүүхэд гомдол гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 1. Ажилтан Ж.Б нь гүйцэтгэж байгаа ажилдаа мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй болох нь Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 04-09-046/288 тоот албан шаардлага, Өлгий сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн аттестатчиллын комиссын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон.

2. Багш Ж.Бд гүйцэтгэж байгаа ажилдаа мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй болсон тул нэг сарын дараа ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэж Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу тушаал шийдвэрийг нь гардуулж өгч ажлаас нь чөлөөлсөн. Түүнд мэдэгдэх хуудсыг гардуулж өгөх гэсэн боловч хүлээн авахаас татгалзаж гарын үсэг зурахаас татгалзсан тул видео бичлэг хийж баталгаажуулж авсан. Ж.Быг ажлаас чөлөөлөхөөсөө өмнө 1 сараас доошгүй хугацаанд урьдчилан мэдэгдсэн гэдгээ тус сургуулийн багш ажилчид гэрчилж өгөх болно.

3. Ж.Быг орон тоо цөөрсөн, цомхотгогдсон гэснээр ажлаас халаагүй, түүний мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй болсон тул эрх бүхий байгууллагын шаардлага байснаас гадна Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажил олгогчийн санаачилгаар түүнтэй байгуулсан гэрээ цуцлах үндэслэл бий болсон. Өөрөөр хэлбэл мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тул ажлаас чөлөөлсөн Түүнээс биш үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхсан зүйл огт байхгүй.

4. Ж.Быг урьд нь мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлж байсан боловч 1 сараас доошгүй хугацаанд мэдэгдээгүй гэсэн үндэслэлээр шүүхээс эгүүлэн тогтоож байсан нь үнэн. Гэхдээ Ж.Бы ямар ч шалтгаангүй ажлаас чөлөөлсөн гэж байгаа нь үндэслэлгүй. Мэргэжлийн хувьд тэнцэхгүй байгаа хүнийг халахдаа хуульд заасан журмыг баримтлаагүй гэж шүүхээс эгүүлэн тогтоогдож байсан. Түүнээс биш ажил мэргэжилд тэнцэж байсан мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй. Ингэхдээ Ж.Бы төрсөн нагац ах нь болох давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нь нөлөөлж хууль бус шийдвэр гаргуулж байсан. Давж заалдах шатны шүүгч Д.Көбеш доод шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген таны шийдвэрийг шууд хянадаг албан тушаалтан тул та энэ хэргийг шударгаар шийдвэрлэнэ гэдэгт эргэлзээ төрж байна. Иймээс танаас татгалзах тухай хүсэлтийг шүүхэд жич гаргах болно.

5. Бауыржан нь нэхэмжлэлдээ 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн "Ажилд томилох тухай" 25 дугаар тушаалаар тус сургуулийн иргэний боловсролын багшаар томилогдсон гэж худал зүйл бичсэн байна. Тус сургуулийн 2013 оны 25 дугаар тушаал нь шал өөр “хөрөнгө зарцуулах тухай” тушаал байгаа нь түүний байнгын шүүхийг төөрөгдөлд оруулдаг гэдгээ харуулж байна. Түүнээс биш Ж.Б үндсэн багшаар ажиллаагүй чөлөөтэй багш нарын оронд түр зур цагийн багшаар ажилладаг байсан.

6. Ж.Б нь мэдлэг боловсролын хувьд маш дорой Боловсролын газраас авсан шалгалтаас маш муу дүн авдаг. Тухайлбал 100 онооноос 32 оноо авдаг, мэдлэг чадваргүй нэгэн юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШШ2018/00416 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Бы Бийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 19 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан иргэний боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 212/МА2018/00106 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШШ2018/00416 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Я.Сьезд нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШШ2018/00416 дугаартай шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 212/МА2018/00106 дугаартай магадлалыг тус тус эс зөвшөөрч, анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарласан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчин хууль зүйн үндэслэл муутай шийдвэрүүд гаргасан гэж үзсэн учраас энэхүү давж заалдах гомдол гаргав.

Ажил олгогч нь ажилтан Ж.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэлдээ Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 04-09-046/288 тоот “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагыг дурджээ. Гэтэл энэхүү албан шаардлага нь Ж.Бд хаягласан биш тухайн байгууллагын захиргаа, санхүүд хаягласан ерөнхий шинжтэй ба албан шаардлагын биелэлтийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гаргах үүргийг ажил олгогчид үүрэг болгожээ. Гэтэл ажил олгогч нь ажилтан Ж.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 19 тоот тушаалаар цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2-т “Сахилгын зөрчлийг гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэснийг ноцтой зөрчиж байна.

Ажил олгогч ажилтан Ж.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах нэг үндэслэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт, тус аймгийн БСУГ-ын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн багш нарын мэргэжлийн түвшин тогтоох шалгалтын дүнг дурдсан байна. Багш нарын мэргэжлийн түвшин тогтоох шалгалтанд тус сургуулийн нийт багш нарыг хамааруулсан гэх боловч зөвхөн багш Ж.Быг хангалтгүй дүн авсан гэж байгаа нь ихээхэн эргэлзээ төрүүлж байна. Тухайн шалгалтанд тус сургуулийн 80 багш хамрагдсан боловч 79 багшийг тэнцүүлж, зориуд Ж.Быг тэнцүүлэхгүй орхисон явдал түвшин тогтоох гэх шалгалтын цаад утга агуулга нь К.Бауыржанд өс хонзонтой, К.Хайрат захирлын түүнийг заавал ажлаас зайлуулах гэсэн башир аргыг хэрэгжүүлэх далд санааг гүйцэлдүүлэх ажиллагаа байсан гэдэг нь илт тодорхой байна. Шалгалт өгсөн материалд багш Ж.Б нь нэрээ бичээгүй байсан ба шалгалтын комиссынхан Ж.Бы шалгалт өгсөн жинхэнэ материалыг алга хийж зориуд өөр материал оруулсан гэж үзэж байна. Энэ тухай шүүх хуралдаанд гэрчээр оролцсон багш А.Жаныл мэдүүлэхдээ “Би нэг шалгалтын материалд Бауыржаны нэрийг бичсэн” гэж хэлснээр нотлогдож байгаа юм. Иймд уг шалгалтын дүн хууль ёсны эсэхэд эргэлзээ төрүүлж байна.

Багш нарын мэргэжлийн түвшин тогтоох шалгалтыг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр авсан мөртлөө Ж.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2-т заасныг мөн зөрчиж байна. Түүнчлэн ажил олгогч нь Ж.Б тухайн албан тушаалд тэнцэхгүй байна гэсэн дүгнэлт гаргасан гэх боловч ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д зааснаар ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх ёстой байтал 29 хоногийн өмнө мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн нь иргэний хэрэгт авагдсан мэдэгдэх хуудас, гэрч А.Жаныл, А.Хабдолда, Б.Кунсулу нарын мэдүүлгээр нотлогдож байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна.

Ажил олгогчоос ажилтан Ж.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалд хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтуудыг шууд үндэслэл болгоогүй нь тушаал хууль ёсны эсэхэд эргэлзээ төрүүлж байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна. Шүүх хуралдаанд хариуцагч талаас гаргаж өгсөн Сиди бичлэг нь нэг талыг барьсан зориуд намайг унагаах зорилгоор хийсэн нотлох баримт гэж үзэж байна. Уг Сиди бичлэгт нэхэмжлэгч Ж.Б нь хууль бус асуудал хийгээгүй, би хуулийн дагуу ажилдаа эргэн орно гэж хэлж байсныг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна.

Ажил олгогчийн ажилтан Ж.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцалсан асуудал нь тус сургуулийн захирал К.Хайратын түүнтэй хувийн өс хонзонгын асуудалтай шууд холбоотой гэж үзэж байна. Ер нь К.Хайрат нь тус сургуулийн захирлын ажилд томилогдсон цагаас хойш Ж.Быг хавчин гадуурхаж, үүрэгт ажлаас хууль бусаар чөлөөлөх, сахилгын арга хэмжээ тооцох, цалин хөлсийг хасах зэрэг маш их хууль бус асуудал гаргаж ирсэн нь нууц биш юм. Энэ нь иргэний хэрэгт авагдсан Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 128 дугаартай шийдвэр, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 693 дугаартай шийдвэр, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 768 дугаартай шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 212/МА2018/00012, 212/МА2018/00013 дугаартай магадлалууд, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2018/00113 дугаартай шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалаар нотлогдож байгаа юм. Өөрөөр хэлбэл К.Хайратын ажилтан Ж-Бауыржаныг ажлаас хууль бусаар халсан, сахилгын зөрчил тооцсон, цалин хөлсийг буруу олгосон асуудал нь шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдсон явдалд өширхөж эцсийн эцэст захиалгат шалгалт оруулж Ж.Быг үүрэгт ажлаас чөлөөлж байгаа нь хэрхэвч шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШШ2018/416 дугаартай шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 212/МА2018/00106 тоот магадлал өөрчлөлт оруулан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, Ж.Бы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

Ж.Б нь Бьд холбогдуулан иргэний боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоолгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаар Ж.Б нь 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд иргэний боловсролын багшаар ажилласан, Сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Багшийн мэргэжил, ур чадварын түвшин тогтоох аттестатчиллын комисс байгуулах тухай” 95 дугаар тушаал гарч, тус сургуулийн нийт багш нар мэргэжил, ур чадвартаа тэнцэж байгаа эсэхийг тогтоох зорилгоор 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шалгалт авахад Ж.Б нь 32 оноо авсан, улмаар түүнийг ажил мэргэжлийн хувьд тэнцэхгүй гэж үзэн, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг өгч, Сургуулийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 19 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримт тогтоогджээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсний үндсэн дээр ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, хуулиар олгогдсон эрхийн хүрээнд дүгнэлт хийсний улмаас шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцжээ.

Ажил олгогч 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нийт багш, ажилчдад аттестатчилал явуулж, шалгалтын дүн гарсны дараа буюу 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Ж.Бд мэдэгдэл гардуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасныг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан, шүүх хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул “...ажилтанд хариуцлага тооцох хуульд заасан хугацааг зөрчсөн, нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй...” гэх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШШ2018/00416 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 212/МА2018/00106 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар тус нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.УНДРАХ 

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД