| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямаагийн Баярхүү |
| Хэргийн индекс | 179/2018/0173/Э/ |
| Дугаар | 00036 |
| Огноо | 2018-09-12 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Л.О |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 00036
2018 09 12 2018/ДШМ/36
Т.Пд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Т.Ганбат, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,
Прокурор: Л.Отгончимэг,
Шүүгдэгч: Т.П,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баасанбаяр,
Нарийн бичгийн дарга: Б.Манлайбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 203 дугаар шийтгэх тогтоолтой Т.Пд холбогдох 1838001140170 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Шарнууд овогт Т-ийн П, …. оны 8 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, …... настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: ................./.
Шүүгдэгч Т.П нь 2018 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг Хөх толгойн 18-20 тоотод оршин суух иргэн Б.Эын байшинд нэвтэрч эд хөрөнгө хулгайлж 239.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 203 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Пг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгч Т.Пд оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Т.Пгийн цагдан хоригдсон 8 /найм/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Пд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.П давж заалдах гомдолдоо: Намайг бусдын орон байранд нэвтэрч хулгай хийсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж 1 жил 1 сарын хорих ялаар шийтгэлээ. Би уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь айлын гражаас 1 сая 300 мянган төгрөгийн үнэтэй хятад мотоцикль хулгайлсан хүнийг орон байранд нэвтэрсэн гэж үзэлгүйгээр хорихоос өөр төрлийн ял оногдуулсан байхад хүн байнга оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй байшингийн дээврийн хөндий буюу чардакаас 239 мянга 500 төгрөгийн үнэтэй эд зүйл авахад хорих ял оногдуулж байгааг ойлгохгүй байна. Иймд надад оногдуулсан зүйл ангийг өөрчилж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэжээ.
Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Т.П нь 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг Хөх толгойн 18-20 тоотод оршин суух иргэн Б.Эын байшинд нэвтэрч түлхүүр багажны ком, хөрөө, ямааны цул мах зэргийг хулгайлж 239 500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Э, гэрч Х.Баянмөнх, Б.Нямдаваа, нарын мэдүүлгүүд, хөрөнгө үнэлсэн тайлан зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч Т.Пд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн шалгах болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Анхан шатны шүүхээс Т.Пг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.
Шүүгдэгч Т.П нь “...айлын гражаас 1 300 000 мянган төгрөгийн үнэтэй хятад мотоцикль хулгайлсан хүнийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэж үзэхгүйгээр хорихоос өөр төрлийн ял оногдуулсан байх мөртлөө хүн байнга оршин суудаггүй үйл ажиллагаа явуулдаггүй дээврийн хөндий буюу чардакаас 239 500 төгрөгийн үнэтэй эд зүйл авахад хорих ял оноож байгааг ойлгохгүй байна. Иймд миний зүйл ангийг өөрчилж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэх давж заалдах гомдол гаргажээ.
2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ял нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр хуульчилсан бөгөөд үүнээс өөр сонгох санкцгүй байна. Анхан шатны шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх гэсэн хуулийн зүйл заалтыг хэрэглэн 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуульд нийцсэн байна. Нөгөөтэйгүүр хүн байнга амьдрах зориулалттай орон байрны дээврийн хэсгээс эд зүйл хулгайлсан үйлдлийг орон байр биш гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл орон байрны бүрдэл хэсэгт дээврийн хэсэг нь хамаарах тул шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Пгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Т.ГАНБАТ
Н.БАЯРХҮҮ