| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэннадмидын Батсүрэн |
| Хэргийн индекс | 128/2019/0758/З |
| Дугаар | 42 |
| Огноо | 2020-01-16 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 42
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Гомдол гаргагч: Э.Г
Хариуцагч: О Ө Г Х-ын У Б Ч.Э
Нэхэмжлэлийн шаардлага: “О Ө Г Х-ын У Б Ч.Э-ийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 14.... дүгээр шийтгэлийн хуудас буюу эрх бүхий албан тушаалтны хууль бус актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Э.Г, гомдол гаргагчийн өмгөөлөгч Э.М, хариуцагч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Г болон түүний өмгөөлөгч Э.М нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Э.Г миний бие 2016 оноос 2018 онд Тайвань Улсад бизнес удирдлагын чиглэлээр мастерын зэрэг хамгаалан суралцаж төгсөж ирсэн. Би Тайвань Улсад суралцаж ирэхээсээ өмнө ******* сургалтын төвийг ажиллуулдаг байсан бөгөөд сургалтын төвөө ажиллуулах явцад Монголын хүүхэд залуучууд гадаад улсад тэр тусмаа Азийн улс орнуудад тэтгэлэгт хамрагдан сурч боловсрох сонирхолтой байдаг хандлага байгааг олж ажиглан, хүүхэд залуучуудыг хэрхэн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, тэтгэлэгт хамрагдан суралцахын тулд юу сурч мэдвэл зохистой байх талаар гарын авлага хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон.
Тиймээс би 2016 онд Тайваньд суралцахын давуу тал гэх гарын авлага номоо гаргасан. Үүний дараагаар залуучууд хөрш зэргэлдээ Хятад Улсад сурах сонирхол
давамгай байдгийг олж харан, интернетээр тэр бүр аялж мэдээлэл олж авах боломжгүй залуучууддаа зориулан Хятад Улсад тэтгэлэгтэй суралцах боломж гарын авлага гаргасан.
Миний хувьд өөрөө Тайвань Улсад сурч төгссөн учраас Хятад Улсын талаар тэр бүр нарийн мэдэхгүй тул China china гэх нэртэй фэйсбүүк найзын мэдээллээс жишээ аван өөрийн “Хятад Улсад тэтгэлэгтэй суралцах боломж" номонд зарим мэдээллээс нь оруулан ашигласан. Гэтэл http://i*******.com/ блогийг хөтлөгч Д.Т гэгч нь өөрийн блогийн мэдээллээс зохиогчийн эрх зөрчин хуулбарласан гэх гомдол О Ө Г-ын гаргасныг О Ө Г Х-ын У Б Ч.Э шалгасан. Ч.Э байцаагчийг шалгах явцад би өөрийн мэдээллийн эх үүсвэрээ өөрийн фэйсбүүкт хуулбарласан байсан фэйсбүүк хэрэглэгчийн мэдээллийг скрийншот хийн өгч, тухайн мэдээллийг 2016 оноос эхлэн цуглуулж байснаа үзүүлж нотлох баримтаар аваачиж өгсөн. Би Д.Т хөтөлдөг блогоос нэг ч мэдээ мэдээлэл аваагүй, гомдол гарсны дараа үзэхэд Д.Т нь тухайн блогийг 2017 оноос эхлэн ажиллуулж байсан гэдгийг мэдсэн. Миний мэдээлэл цуглуулж эхэлсэн он болон тухайн блогийг ажиллуулсан цаг хугацааны хувьд хоорондоо таарахгүй байгаа болон миний фэйсбүүк найз China China фейсбүүк хэрэглэгчийн постыг нотлох баримтаар гаргаж өгсөөр байтал надад шийтгэлийн хуудас ногдуулсан нь шударга бус гэж үзэж байна.
Тиймээс О Ө Г Х-ын У Б Ч.Э-ийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1...... дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.
Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “зохиогч" гэж өөрийн оюуны бүтээлч үйл ажиллагаагаар бүтээл туурвисан хувь хүнийг” гэж заасан байна. Э.Г-ын хувьд фейсбүүкийн пост мэдээллийг номонд оруулснаас биш хэн нэгний оюуны үнэт бүтээлийг авч, ашиглаагүй гэж үзэж байна. Түүнчлэн Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Дараахь бүтээлийг зохиогчийн эрхээр хамгаалахгүй”, 8.1.6-д “болсон үйл явдал, түүний үр дагавар болон тоо баримт бүхий сонордуулгын шинжтэй аливаа мэдээ, мэдээлэл”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Зохиогчийн эрхийн бүтээлд агуулга, зориулалт, үнэ цэнэ, ач холбогдол, илэрхийллийн аргаасаа үл шалтгаалан зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийг
тооцно” гэж тус тус заажээ.
Гэтэл улсын байцаагчаас хэн нэгэн этгээдийн гаргасан гомдлын дагуу
шалгаж, зохиогчийн эрхийг зөрчсөн гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Тиймээс уг шийтгэлийн хуудас нь хууль бус юм. Д.Т блогоо 2017 онд ажиллуулж эхэлсэн. Энэ баримтуудад үндэслэн Ч.Э байцаагч торгууль тавих үндэслэлгүй гэж үзэх боломжтой байсан. Гэтэл гомдлыг шийдвэрлэх байдлаар хандсанаас биш Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийг зөрчсөн эсэхэд судалгаа хийгээгүй гэж үзэж байна. Тухайн үед прокурорт гомдол гаргахад шалгах шаардлагатай гэсэн хариу өгсөн. Нэгэнт шийтгэлийн хуудас гардуулсан учраас шүүхэд хандсан. Зохиогчийн эрхийн бүтээл гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Нэхэмжлэлд өөрийн номонд авч ашигласан фейсбүүкийн пост мэдээлэл нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан зохиогчийн эрхээр хамгаалахгүй бүтээл буюу 8 дугаар зүйлийн 8.1.6-д “болсон үйл явдал, түүний үр дагавар болон тоо баримт бүхий сонордуулгын шинжтэй аливаа мэдээ, мэдээлэл”-д хамаарч байгаа тул зөрчлийн хэрэг үүсгэн шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй гэжээ.
Харин хэрэгт авагдсан нотлох баримт болох иргэн Э.Г-ын зохиосон “Хятад Улсад тэтгэлэгтэй суралцах боломж номын цахим хэлбэрийн хуулбар, China China фейсбүүк хуудас, http:/i*******.com/ блог дахь нийтлэл нь оюуны бүтээлч хөдөлмөрийн дүнд бий болсон мэдээ мэдээллийг ашиглан уншигчдад ойлгомжтой байдлаар найруулан бичсэн нийтлэл гэдэг нь тодорхой байна.
Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “үүсмэл бүтээл" гэж өмнө бүтээгдсэн бүтээлд тулгуурлаж түүнийг оюуны бүтээлч хөдөлмөрөөр засварлах, найруулах, орчуулах, хөрвүүлэх, хураангуйлах, эмхтгэх болон бусад хэлбэрээр өөрчилж, шинээр бий болгосон бүтээлийг хэлнэ” гэжээ. Өргөдөлд дурдагдсан бүтээл нь найруулах хэлбэрээр оюуны бүтээлч хөдөлмөрөөр бүтээсэн зүйл нь гэдэг нь тодорхой байна.
Нэхэмжлэгч О Ө Г Х-ын У Б Ч.Э гомдол гаргагч Д.Т-ын блогт тавигдсан мэдээлэл үү, Э.Г-ын өөрийн тайлбарт дурдсан фейсбүүк постоос ашигласан мэдээлэл эсэх талаар бодит нөхцөл байдлыг үнэлээгүй нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нэг үндэслэлтэй гэжээ.
Иргэн Э.Г-ын зохиосон “Хятад Улсад тэтгэлэгтэй суралцах боломж” номын цахим хэлбэрийн хуулбарыг China China фейсбүүк хуудас, http:/i*******.com/ блог дахь нийтлэлүүдтэй харьцуулж үзэхэд хэсэгчлэн хуулбарлан авсан нь тодорхой байна. Жишээ нь: China China фейсбүүк хуудас, http:/i*******.com/ блог дахь Хятад Улсад тэтгэлэгтэй суралцах боломж номын Зөрчлийн 1902000414 дугаартай хэргийн 79 дүгээр хуудсанд Хятадад суралцахы давуу тал гарчигийн дор бичигдсэн хэсэг China China фэйсбүүк хуудасны 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр, http://i*******.com/ блогын 2017 оны 05 дугаар сард оруулсан нийтлэлээс хэсэгчлэн хуулбарласан нь харагдаж байна.
Монгол Улс 1997 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Утга зохиол урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенцид нэгдэн орсон бөгөөд уг конвенцын 3 дугаар зүйлийн 1-д “энэхүү конвенцид заасан (a) хамгаалалтыг зохиогч нь холбооны гишүүн аль нэг орны харьяат бол түүний туурвисан бүтээл нийтийн хүртээл болсон эсэхээс үл хамаарч” эрхийг хамгаалах тухай заасан байна. Үүнээс үзэхэд иргэн Э.Г нь фейсбүүк хуудас болон блогоос эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй бүтээлийг хэсэгчлэн хуулбарлан авсан нь Утга зохиол урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенц, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийг зөрчсөн хууль бус үйлдэл болсон байна.
Иймд иргэн Э.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож зөрчлийг таслан зогсоож, хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э миний гаргасан 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1.... дугаар шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Маргаан бүхий О Ө Г Х-ын У Б Ч.Э-ийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 1.... дүгээр шийтгэлийн хуудсаар [1] иргэн Э.Г нь зохиогчийн эрхийн бүтээлийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй өөрийн номонд ашиглаж, зохиогчийн эрхийн зөрчил гаргасан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
Нэхэмжлэгч Э.Г нь дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар гомдол гаргасан байх бөгөөд гомдлынхоо үндэслэлээ “...фейсбүүкийн пост мэдээллээс мэдээлэл авч, номондоо оруулсан, ... бусдын оюуны үнэт бүтээлийг авч ашиглаагүй, ... Э.Г-ын номондоо оруулж ашигласан баримт нь мэдээллийн шинжтэй баримт ...” гэж, хариуцагч нь “...блог дахь нийтлэл нь оюуны бүтээлч хөдөлмөрийн үр дүнд бий болсон мэдээ, мэдээллийг ашиглан уншигчдад ойлгомжтой байдлаар найруулан бичсэн нийтлэл буюу үүсмэл бүтээл.
Э.Г нь эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй бүтээлийг хэсэгчлэн хуулбарлан авсан нь ... хуулийг зөрчсөн” гэж тодорхойлон маргасан.
Шүүх зөрчилд холбогдогчийн болон эрх бүхий албан тушаалтны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт өгч, дараах үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “зохиогч” гэж өөрийн оюуны бүтээлч үйл ажиллагаагаар бүтээл туурвисан хувь хүнийг хэлнэ” гэж , 3.1.9-д “үүсмэл бүтээл” гэж өмнө бүтээгдсэн бүтээлд тулгуурлаж, түүнийг оюуны бүтээлч хөдөлмөрөөр засварлах, найруулах, орчуулах, хөрвүүлэх, хураангуйлах, эмхтгэх болон бусад хэлбэрээр өөрчилж, шинээр бий болгосон бүтээлийг хэлнэ” гэж, 6 дугаар зүйлийн 6.1-д “Зохиогчийн эрхийн бүтээлд агуулга, зориулалт, үнэ цэнэ, ач холбогдол, илэрхийллийн аргаасаа үл шалтгаалан зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийг тооцно” гэж, 6.2-т “ Зохиогчийн эрхийн бүтээлийг нийтлэгдсэн эсэхээс үл шалтгаалан бичмэл, аман, зурмал болон бусад биет хэлбэрээр бүтээсэн байна” гэж, 7 дугаар зүйлийн 7.1-д “ Дараахь бүтээлийг зохиогчийн эрхээр хамгаална”, 7.1.10-д “ үүсмэл бүтээл” гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн заалтын агуулгаас үзэхэд зохиогчийн эрхийн бүтээл гэдэгт зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон бөгөөд бодит байдлаар хэлбэржсэн бүтээлийг ойлгох ба дээрх бүтээл нь зохиогчийн эрхээр хамгаалагдах хуулийн зохицуулалттай байна.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд иргэн Д.Т-ын “Хятадад сурах хөтөч” нэртэй блогт оруулсан /интернет хаяг нь http://i*******.com/ Хятадад суралцах давуу тал, Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хамрагддаг сургууль ба дэлхийн шилдэг сургуулийн нэрс, Хятадын шилдэг бизнесийн удирдлагын хөтөлбөрүүд, Хятад улсад хүрч очих нь, Сургуульдаа хүрч очих нь, Хятадад анхлан суралцагсад анхаарах зүйлс, Хятадын их сургуулиудад суралцахад шаардагдах хятад хэлний босго оноо, зэрэг мэдээллийг Э.Г нь “Хятад улсад тэтгэлэгтэй суралцах боломж” нэртэй номынхоо хоёр, гурав, дөрөвдүгээр бүлэгт эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй, иш таталгүйгээр, үг, үсэг, агуулгын өөрчлөлтгүйгээр хэсэгчлэн хуулбарлан оруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “... Э.Г-ын хувьд ... хэн нэгний оюуны үнэт бүтээлийг авч ашиглаагүй, ... мэдээллийн шинжтэй мэдээ, мэдээллийг номондоо авч ашигласан ... “ гэж тайлбарлан маргасан.
Маргааны үйл баримтаас үзэхэд иргэн Д.Т нь “Хятадад сурах хөтөч” нэртэй блогоо /интернэт хаяг нь http://i*******.com/ 2017 оноос эхлэн нээж ажиллуулсан байх ба уг блогт оруулсан /пост/ мэдээлэл түүний оюуны бүтээлч хөдөлмөрөөр найруулах, орчуулах, хураангуйлах, эмхэтгэх зэргээр шинээр бий болгосон зохиогчийн эрхийн бүтээл мөн байх бөгөөд энэхүү бүтээл нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.10 дахь хэсэгт зааснаар зохиогчийн эрхээр хамгаалагдах бүтээл гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг шүүх хүлээн авах хууль зүйн боломжгүй юм.
Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлд зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийг нэрлэн заасан байх бөгөөд мөн хуулийн 12.3 дахь хэсэгт зааснаар зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийг зөвхөн зохиогчийн зөвшөөрлөөр, гэрээний үндсэн дээр бусад этгээдэд шилжүүлэх ёстой.
Гэтэл зөрчилд холбогдогч Э.Г нь иргэн Д.Т-ын “Хятадад сурах хөтөч” нэртэй блогт оруулсан /интернэт хаяг нь http://i*******.com/ мэдээллийг “Хятад улсад тэтгэлтэй суралцах боломж” нэртэй номынхоо хоёр, гурав, дөрөвдүгээр бүлэгт эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, иш таталгүйгээр, хэсэгчлэн хуулбарлан оруулсан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байх тул эрх бүхий албан тушаалтан түүнийг Зөрчлийн тухай хуулийн 8.3 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Э.Г нь “...China China нэртэй фэйсбүүк хэрэглэгчийн мэдээллээс жишээ аван, ... өөрийн номондоо зарим мэдээллийг оруулсан” гэж тайлбарлан маргаж байх боловч эрх бүхий албан тушаалтан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх фэйсфүүк хуудсанд үзлэг хийхэд ашигласан гэх баримтууд нь фэйсбүүк хуудсанд илрээгүй, уг фэйсбүүк хаягыг 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр нээсэн постоос өөр мэдээлэл гарч ирээгүй, түүнчлэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад China China нэртэй фэйсбүүк хэрэглэгчийн хаягт үзлэг хийлгэх хүсэлт гаргаж, шүүх хүсэлтийн дагуу дээрх хэрэглэгчийн хаягт үзлэг хийсэн боловч энэ талаарх баримт, мэдээлэл гарч ирээгүй тул энэхүү үйл баримтыг холбогдох нотлох баримтаар тогтоогдохгүй
байна гэж үзсэн болно.
Иймд маргаан бүхий захиргааны акт нь холбогдох хуулийг зөрчөөгүй, актын улмаас гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1.10, 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Э.Г-ын “О Ө Г Х-ын У Б Ч.Э-ийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “ Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 1..... дүгээр шийтгэлийн хуудас нь хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгуулах” гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагч болон эрх бүхий албан тушаалтан, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН
[1] Хавтаст хэргийн 5 дугаар хуудсанд