Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 387

 

2017 оны 06 сарын 28 өдөр      Дугаар 156/ШШ2017/00387                Хэнтий аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

156/2017/00390/И

        Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, 40 айлын 46 тоотод оршин суух, Жарваатан овогт Аюушийн Оюун /РД:СЗ8404100/-ы нэхэмжлэлтэй

        “садан төрлийн холбоо тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул оролцов.

      

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.Оюун нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1984 онд төрсөн. Чулууны Аюушийн 6 дахь охин болж мэндэлсэн. Миний өвөг эцэг Чимидийн Дугар нь 1938 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 6 дугаар тогтоолоор 43, 44, 45 зүйлээр ялын дээд хэмжээгээр цаазлуулсан юм. Миний эмээ Дугарын Чимид нь 1907 онд төрсөн ба 1938 оны хүн амын бүртгэлээр 31 настай (Гэмаа) гэж өөрийн авгайлсан нэрээр бүртгүүлсэн. Үүнийг өөрийн паспортны төрсөн он 1907 гэх 1938 онд 31 настай эмэгтэй гэх мөн 3 гэрчийн мэдүүлэг зэргээс харж энэ хүн Дугарын Чимид мөн гэдгийг баталж өгч тусална уу. Мөн миний аав Чулууны Аюуш нь Дугарын Чимидийн хүү мөн. Би Аюушийн охин Оюун мөн гэдгийг 1985 оны хүн амын бүртгэлээр гарсан. Иймд биднийг садан төрлийн холбоотой болохыг баталж миний өвөг эцэг Чимидийн Дугарын үр удам гэдгийг тогтоож өгнө үү. Миний аав Ч.Аюуш нь өөрийн өвөөгөө цагаатгуулаад (2005 онд) садан төрлийн холбоо тогтоолгож чадалгүй 2007 онд нас барсан. Нас барахдаа надад өвөг эцгийнхээ холбоог тогтоолгож үр удмынхаа нэрийг цагаатгуулаарай гэж захисан. Иймд та бүгд миний бүрдүүлсэн бичиг баримт 3 гэрчийн мэдүүлгийг харгалзан үзэж садан төрлийн холбоо тогтоолгож өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/ 

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад    

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Жарваатан овогт Аюушийн Оюун нь “садан төрлийн холбоо тогтоолгох”-оор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

          Шүүх нэхэмжлэгч А.Оюуны “садан төрлийн холбоо тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

           Нэхэмжлэгч А. Оюун нь 1938 оны 02 дугаар сарын 21-ний өдөр П. Гэндэн,          Г. Дэмид нарын хувьсгалын эсэргүү бүлэгт оролцсон, бусдыг элсүүлсэн, цуурхсан, хорлон сүйтгэсэн, бослогод бэлтгэсэн гэх улс төрийн хилс хэрэгт гүтгэгдэж, ялын дээд хэмжээгээр шийтгэгдсэн Хэнтий аймгийн Хэнтий сумын харъяат Чимэдийн Дугарын зээ /зээнцэр/ охин мөн болох нь түүний шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2005 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн иргэний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 8х/, нэхэмжлэгчийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 12х/, Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн Хэнтий аймгийн Гурванбаян сумын 1985 оны хүн амын бүртгэлийн талаар павлагаа өгсөн 2005 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 221 дугаартай архивын лавлагааны хуулбар /хх-ийн 9х/ зэрэг  баримтуудаар тогтоогдож байна. 

    

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 133.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д зааснаар нэхэмжлэгч Жарваатан овогт Аюушийн Оюун /РД:СЗ8404100/-ыг 1938 оны 02 дугаар сарын 21-ний өдөр П. Гэндэн, Г. Дэмид нарын хувьсгалын эсэргүү бүлэгт оролцсон, бусдыг элсүүлсэн, цуурхсан, хорлон сүйтгэсэн, бослогод бэлтгэсэн гэх улс төрийн хилс хэрэгт гүтгэгдэж, ялын дээд хэмжээгээр шийтгэгдсэн Хэнтий аймгийн Хэнтий сумын харъяат хэлмэгдэгч Чимэдийн Дугарын зээ /зээнцэр/ охин мөн болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч А.Оюунаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг  улсын орлого болгосугай.

 

 3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      Ж.БОЛДБААТАР