Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 390

 

2017 оны 06 сарын 29 өдөр      Дугаар 156/ШШ2017/00390               Хэнтий аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

156/2017/00361/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

           Нэхэмжлэгч: “Хадгаламж банк ХХК”-дахь эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Өндөрхаан мах бэлтгэлийн хашаанд оршин суух, Боржигон овогт Равжирын Хишигдэлгэр /РД:СО81021508/-т холбогдох

            “зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн 5 097 27834 /таван сая ерэн долоон мянга хоёр зуун далан найман мянга/ төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

     Нэхэмжлэгч “Хадгаламж банк ХХК”-дахь эрх хүлээн авагч Ч.Аварзэд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Р.Хишигдэлгэр нь Хадгаламж банктай 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 314 дугаартай “цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г байгуулан 5 500 000 төгрөгийг жилийн 30.0 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар, 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ЦЗ-2 дугаартай “цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г байгуулан 2 000 000 төгрөгийг жилийн 28.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар тус тус авсан. Зээлийн гэрээний 2.1.2-д зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн Хадгаламж банк дахь 25000013736 тоот төгрөгийн дансанд олгохоор тохиролцсон ба Хадгаламж банкнаас 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр тус дансанд 5 500 000 төгрөг, 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тус дансанд 2 000 000 төгрөгийг тус тус шилжүүлж мемориалын баримтад Р.Хишигдэлгэр гарын үсэг зурсан. Тухайн үед Р.Хишигдэлгэр нь Хадгаламж банкинд зээл олгох хүсэлт гаргахдаа буюу цалингийн зээлийн өргөдлийн маягтад өөрийгөө Мах-Экспорт ХХК-д нормчин ажил эрхэлдэг гэж бичин уг мэдээллийн үнэн зөв болохыг баталж гарын үсэг зурж байсан. Мөн тус байгууллагын дарга Б.Чулуунтогтох, ерөнхий нягтлан бодогч Д.Эрдэнэнавч нарын Р.Хишигдэлгэр нь тус компанид 738,000 төгрөгийн үндсэн цалинтай нормчин ажилтай зээлийг цалинтай адилтгах орлогоороо төлж барагдуулах чадвартайг тодорхойлсон гарын үсэг компанийн тэмдэг бүхий тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргийг ирүүлсэн. Гэвч Мах-Экспорт ХХК-д ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Эрдэнэнавч гэгч нь түүний банкинд гаргаж өгсөн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг хуурамчаар үйлдэж өгснийг Р.Хишигдэлгэр ашиглаж банкнаас зээл авсан байсан. Хадгаламж банкны эрх хүлээн авагч Төрийн банкны хооронд 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 187/2014БЭХА/365 дугаартай гэрээг байгуулж гэрээгээр Төрийн банк нь Хадгаламж банкны эрх хүлээн авагчийн тэнцэл дэх гэрээний хавсралтад заасан активыг /чанаргүй зээлүүдийг/ өөрийн орон нутаг дахь салбаруудаар дамжуулан төлүүлэх ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. Иймд Төрийн банкны Хэнтий аймаг дахь салбараас тус гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хүсэлт гаргаснаар Хэнтий аймгийн цагдаагийн газраас 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн эрүүгийн 201323000348 дугаартай хэргийг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Мах-Экспорт ХХК-ийн Р.Хишигдэлгэр нь тус компанид ажилладаг гэх тодорхойлолтод зурсан захирал Б.Чулуунтогтохын гарын үсэг болон нийгмийн даатгалын дэвтэрт дарсан дардсууд нь хуурамчаар үйлдэгдсэн болох нь криминалистикийн шинжилгээгээр тогтоогдсон. Р.Хишигдэлгэр нь мөрдөн байцаалтын явцад гэрчээр мэдүүлэг өгөхдөө Д.Эрдэнэнавчийн хуурамчаар хийж өгсөн материалуудыг авч Хадгаламж банкинд өөрийн биеэр ирж гарын үсгээ зуран зээлийн 7 500 000 төгрөгийг авсан талаар мэдүүлсэн байдаг. Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5/177 дугаартай “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор Дагва овогтой Эрдэнэнавчид холбогдох эрүүгийн 201323000348 дугаартай хэргийг 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байсан тул нэхэмжлэгчээс энэхүү нэхэмжлэлийг урьд нь иргэний журмаар гаргах боломжгүй байсан ба прокурорын тогтоолоор дээрх эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул иргэний журмаар нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч нь зээл авсан өдрөөс хойш 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлээс 4 577 977.65 төгрөг, зээлийн хүүнд 3 157 701.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 248 415.42 төгрөг, нийт 7 984 094.98 төгрөг төлсөн. Зээлдэгчийн зээлийн гэрээний үлдэгдэл 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 2 922 02235 төгрөг, зээлийн хүүг 1 828 13217 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 347 12382 төгрөг, нийт 5 097 27834 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1-4х/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Од нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Р.Хишигдэлгэрийн оршин суух хаяг нь тодорхой бус, оршин суух хаягаасаа нүүсэн гэх тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн тул хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэв. 

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

“Хадгаламж банк ХХК”-дахь эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Од нь Боржигон овогт Равжирын Хишигдэлгэрийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна. 

Хариуцагч Р.Хишигдэлгэр нь Хадгаламж банкнаас 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 5 500 000 төгрөгийн зээл, 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 2 00 000 төгрөгийн зээл авсан болох нь 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 314 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар, 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ЦЗ-2 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 15-25х/ зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 3х/

Мөн хариуцагч Боржигон овогт Равжирын Хишигдэлгэр нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Өндөрхаан мах бэлтгэлийн хашаанд оршин суудаггүй болох нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн Засаг дарга Г.Бадамцэцэгийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-ийн 39-40х/ 

Иймд Боржигон овогт Равжирын Хишигдэлгэрийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн гэж шүүх дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон                                                                                                                       

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар “Хадгаламж банк ХХК”-дахь эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Равжирын Хишигдэлгэр /РД:СО81021508/-ийг эрэн сурвалжилсугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн  155.4-т зааснаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Р.Хишигдэлгэрийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг нь олж тогтоох, шүүхэд авчрах ажиллагааг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 

3. Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Р.Хишигдэлгэртэй холбоотой иргэний хавтаст хэрэгт байгаа баримтыг хуулбарлаж, шүүхийн шийдвэрийн хамт Хэнтий аймгийн Цагдаагийн газарт хүргэхийг шүүгчийн туслах О.Дүүриймаад үүрэг болгосугай. 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай. 

   5. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР